| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01486/и |
| Дугаар | 116 |
| Огноо | 2016-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01486/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух, Ц*** овогт Г*** М*** /РД: ТИ***/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух, Н*** овогт Б*** Г*** /РД: АЕ***/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух, Ц*** Б*** /РД: ПИ***/-д холбогдох,
"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 2,280,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М***, Б.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Г.М***, Б.Г*** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хариуцагч Ц.Б*** 2015 оны 03 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 2015 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэй зээлүүлж, түүнд мөнгийг хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл нэг ч төгрөгийн зээл, хүү төлөөгүй өдийг хүрч байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө эвлэрүүлэн зуучлалд 30,000 төгрөг төлж орсон боловч бид эвлэрээгүй юм. Иймээс зээлийн үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, 5 сар, 15 хоногийн хүү660,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 90,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалаар орохдоо төлсөн 30,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М***, Б.Г*** нар нь Ц.Б*** үндсэн зээлийн төлбөр 1,500,000 төгрөг, хүү 660,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөг, нийт 2,280,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Б*** нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Б.Г***, Г.М*** нар нь Ц.Б*** 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар 1,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлж, 1,500,000 төгрөгийг хариуцагч Ц.Б*** шилжүүлэн өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, 2015 оны 03 сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, мөн өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нар болох Г.М***, Б.Г*** нар нь хуульд заасны дагуу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу мөнгийг хариуцагч болох Ц.Б*** шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлжээ.
Талууд зээлийн гэрээний 3-т зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Ц.Б*** зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээл, хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ц.Б*** нь нэхэмжлэлийн хувийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Ц.Б*** зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн Ц.Б*** нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.Б*** зээлийн төлбөр 1,500,000 төгрөг, зээлийн хүү 660,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М***, Б.Г*** нарт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандахдаа төлсөн 30,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх ажиллагаа учир түүнд хандах нь нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн асуудал, нөгөө талаас Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын эвлэрүүлэн зуучлалд төлсөн хураамж нь тухайн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан үйлчилгээний төлбөр тул түүнийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч Ц.Б*** 2,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М***, Б.Г*** нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 30,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.М*** улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 12 сарын 07-ны өдөр төлсөн 71,750 төгрөгөөс илүү төлсөн 20,320 төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгож,
үлдэх 51,430 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б*** улсын тэмдэгтийн хураамжид 50,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.М***, Б.Г*** нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ