| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01408/ |
| Дугаар | 117 |
| Огноо | 2016-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01408/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, Б*** овогт Д*** А*** /РД: ТК***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, *** тоотод оршин суух, С*** овогт Б*** М*** /РД: ОГ***/-т холбогдох,
"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 60,000,000 төгрөг гаргуулах, Б.М*** Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М*** 2012 оны 11 дүгээр сарын 27-нд 25.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, жилийн хугацаатай өгсөн. Дараа нь 2013 оны 11 сарын 01-нд 5.000.000 төгрөг нэмж өгсөн. Нийт 30.000.000 төгрөгийг 2013 оны 12 сарын 27-нд авах ёстой байсан боловч өгөөгүй. 2014 оны 02 сарын 26-нд М*** нь надад 15.000.000 төгрөг өгч үндсэн зээлээс 16.000.000 төгрөг үлдсэн. М*** нэмж мөнгө өгөөч гээд гуйгаад байхаар нь 2014 оны 05 сарын 03-нд 13.100.000 төгрөгийг өгөөд үндсэн зээл нь 29.100.000 төгрөг болсон. 2014 оны 07 сарын 18-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 08 сарын 01-нд 1.000.000 төгрөг М*** нэмж өгсөн. 2014 оны 08 сарын 03-нд 1.400.000 төгрөгийг М*** буцаан авсан. 2014 оны 08 сарын 10-нд нөхөр Б*** нь 1000.000 төгрөг өгсөн. С*** надад өгөх ёстой 300.000 төгрөгийг М*** нь аваад надад өгөөгүй. 2015 оны 04 сарын 21-нд би тэтгэврийн зээл авч 2.000.000 төгрөгийг М*** өгсөн. Мөн би М*** өмнөөс Хас банкны зээлийн төлбөрт 20.637.200 төлсөн. Үндсэн зээл 53.637.200 төгрөг, хүү 7.048.000 төгрөгийг хөнгөлж үзээд 6.362.800 төгрөг нийт 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Миний нэр дээр байсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гуйсаар байгаад 2 сар дотор эргүүлж өгнө гээд 2015 оны 02 дугаар сарын 15-нд байрны гэрчилгээнд өөрийн нэрээ нэмж, байрыг маань барьцаанд тавьсан. М*** нь зээлээ төлөөгүйгээс болж байрыг маань банк авах гээд байхаар нь нөхрийн цалингийн зээл авч хаасан. Банкнаас М*** зээлээ чөлөөлж байна та бушуухан ирж гэрчилгээгээ ав гэхээр нь аваад нэрийг нь хасуулах гээд залгатал хотод явж байна гээд ирээгүй. Удалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс байрыг чинь битүүмжилж байна гэхээр нь очиж уулзтал М*** өрөнд байрыг маань авахаар болсон байсан. Иймээс М*** өмчлөгч биш гэдгийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулах шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Б.М*** шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.А*** авсан 25,000,000 төгрөг, Хас банкны хугацаа хэтэрсэн зээлийн 6,000,000 төгрөг, мөн зээл төлөлтөд зориулан 15,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг залилан хуран мэхлэх аргаар аваагүй болно. Уг авсан зээлээ 2016 оны 06 дугаар сард багтаан төлөхөөр хариу тайлбар гаргаж байна. Мөн нэмэлтээр нэхэмжилсэн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрийн хүсэлтээр хамтран өмчлөгчөөс татгалзаж, нэрээ хасуулах гэрээг нотариатаар орж, хийж өгсөн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А*** нь хариуцагч Б.М*** зээлийн төлбөр, хүү нийт 60,000,000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.А*** нь хариуцагч Б.М*** 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 25.000.000 төгрөгийг зээлүүлсэн, 2015 оны 06 дугаар сарын 9-ний өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 21,000,000 сая төгрөгийг зээлүүлж, Б.М*** Хас банкны зээлийн төлбөрийг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан Б.М***, А.Б*** нарын Дорж овогтой А*** 2015 оны 06 сарын байдлаар 45,433,000 төгрөг төлөх нь үнэн болно гэсэн баталгаа нэртэй баримт, Хас банкны 2015 оны 06 сарын 09, 15-ны өдрийн орлогын маягт, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай албан бичиг, хариуцагч Б.М*** шүүхэд өгсөн ... Би иргэн Д.А*** 25,000,000 төгрөг, Хас банкин дахь хугацаа хэтэрсэн зээлийн 6,000,000 төгрөг, зээл төлөхөд зориулсан 15,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан... гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч Д.А*** нь 2012 оны 11 сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, банкны хадгаламжийн хүүгээр тооцож хүү авахаар тохирсон, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг нэмж өгсөн бөгөөд нийт 30,000,000 төгрөг болгож, 1 жилийн хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Үүний дараа мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь тэтгэврийн зээл авч 2,000,000 төгрөг, 2 удаа тус тус 1,000,000 төгрөг, банкны зээлийн өр төлбөрт 21,000,000 төгрөг зээлүүлсэн гээд нийт 53,637,200 төгрөгийг Б.М*** зээлүүлсэн бөгөөд түүний хүү 6,362,800 төгрөгөөр тооцож, нийт 60,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг болно.
Хэрэгт авагдсан Б.М***, А.Б*** нарын зээлийн төлбөрийн талаар баталгаа болгож бичсэн 2015 оны 06 сарын байдлаар 45,433,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А*** төлөх нь үнэн гэсэн баримт, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нийт 46,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А***, хариуцагч Б.М*** зээлүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд үлдэх 7,637,200 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б.М*** нь зээлийн төлбөр болох нийт 46,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн нэхэмжлэгч сарын 2 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа боловч хүү тогтоосон талаарх бичгээр хийсэн гэрээ, тохиролцоо хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т: зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч Д.А*** нь дээрх хуульд заасны дагуу хүү нэхэмжлэх эрхгүй байна.
Нэхэмжлэгч Д.А*** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.М*** нь миний эгчийн хүүгийн эхнэр бөгөөд мөнгө хэрэгтэй байна, бизнес хийгээд удахгүй мөнгө орж ирнэ гэж гуйсан учир түүнд итгээд гэрээ ч бичгээр хийлгүй, анх хүүдээ хуримтлуулж байсан 25,000,000 сая төгрөгийг авч өгсөн, би өөрөө тэтгэврийн зээл авч 2,000,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг 2 удаа, 5,000,000 төгрөг зэргээр цувуулан Б.М*** өгсөн, мөн өөрийн байраа хүртэл Б.А*** нэрийг хамтран өмчлөгчөөр нэмүүлж байгаад түүний зээлийн барьцаанд тавиулсан, түүнээс болоод байр маань хураагдах дээрээ тулсан тул би маш их сандарч нөхрийн нэр дээр 14 сая төгрөгийн зээл авахуулж, Б.М*** хугацаа хэтэрсэн зээл, үлдэгдэл зээлийн төлбөрийг нь төлж байж өөрийн байраа барьцаанаас суллаж авсан. Би маш их хохирч байна. Өөрийн тэтгэврийн зээл, нөхрөөр авахуулсан зээл бүгд хүүтэй бөгөөд тэр хүү болгоныг би өөрөө төлсөн шүү дээ. Б.М*** хариу тайлбартаа надаас авсан бүх мөнгөө бичээгүй байна. Би худлаа хэлэхгүй. Иймээс надад ийм их хохирол учруулсан учраас түүнээс хүү авах хүсэлтэй байна. Бичгээр хүү тохироогүй гэсэн үндэслэлээр би хохирох ёсгүй гэсэн тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох хэтрүүлсэн хугацааны хүү нэхэмжилж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд анх 25,000,000 төгрөгийг 2012 оны 11 сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрх хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсний хүүнд нэхэмжилсэн 6,362,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.А*** шүүх хуралдаан дээр гаргасан: ... тус байр нь миний нэр дээр байдаг манай гэр бүлийн өмч бөгөөд Б.М*** зээл авах гээд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, танай байрны өмчлөгчөөр нэрээ нэмүүлээд банкинд барьцаанд тавиад буцаагаад өгнө гэсний дагуу 2015 оны 01 сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөлд нэмж оруулах хэлцэл хийж, өмчлөгчөөр Б.М*** нэмэгдсэн... гэсэн тайлбар, хариуцагч Б.М*** шүүхэд гаргасан: ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгчөөс татгалзаж, нэрээ хасуулах гэрээг нотариатаар орж хийсэн өгсөн болно гэсэн тайлбар, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Зээлдэгч Б.М*** нь манай банктай 2015 оны 01 сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн нэмэлт барьцаанд иргэн А*** хөрөнгө болох Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 33 мкв талбай бүхий Ү-*** дугаар бүхий орон сууцыг 15,000,000 төгрөгөөр барьцаалсан гэсэн албан бичиг, 2015 оны 01 сарын 15-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэргээс үзэхэд хариуцагч Д.М*** нь Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 33,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд зээл авах зорилгоор тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т: Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж тус тус заасан бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М*** нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу шударгаар олж авсан, өмчлөх эрхтэй этгээд биш байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч Б. М*** нь шүүхэд гаргасан хариу тайлбараараа энэхүү байдлыг хүлээн зөвшөөрсөн байх тул Д.А*** Б.М*** дээрх орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөс хасуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.М*** нийт 52,362,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгож, хариуцагч Б.М*** Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө Ү-*** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч биш болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасаж, зохих өөрчлөлт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч Б.М*** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М*** 52,362,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,637,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М*** /РД: ОГ***/-ыг Дархан-Уул аймгийн ******* сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны өмчлөгч биш болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Ү-*** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Б*** М*** /РД: ОГ***/-ыг өмчлөгчөөс хасч, эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.А*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*** улсын тэмдэгтийн хураамжид 489,964 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ