Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 775

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/01513/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Х Х ААЯ-ны ТЭ дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** баг **** байрлах, М ХХК-д холбогдох

 

18 654 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О , нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХХААЯ-ны ТЭ дэмжих сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М  ХХК нь 2009 оноос хойш ТЭДС-аас дэмжлэг аван одоог хүртэл хамтран ажиллаж байна.

Тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 12 436 600 төгрөг байна. Үүнд:

1.    Дизель түлш-152 тоот гэрээгээр 1 литр нь 1195 төгрөгийн үнэтэй 2600 литр уриншийн шатахууны төлбөр 3 107 000 төгрөгийг 2009.11.30-нд төлөхөөр,

2.    ******* тоот гэрээгээр 1 литр нь 1680 төгрөгнийн үнэтэй 2000 л хураалтын шатахууныг 1.008.000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 2 352 000 төгрөгийг 2011.11.25 нд төлөхөөр,

 3.    ******* тоот гэрээгээр 1 литр нь 1780 төгрөгийн үнэтэй 5600 л уринш боловсруулалтын шатахууныг 2 990 400 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 6 977 600 төгрөгийг 2011.11.25-нд төлөхөөр тус тус гэрээ байгуулан худалдан авсан.

Дээрхи гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход:

 1.Дизель түлш-152 тоот гэрээнд 1 553 500 төгрөг,

2. ******* тоот гэрээнд 1 176 000 төгрөг,

3. ******* тоот гэрээнд 3 488 800 төгрөг,

Нийт алданги 6 218 300 төгрөг, нэхэмжлэлийн нийт үнийн дүн 18 654 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч М  ХХК-ийн төлөөлөгч Н.Энхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О  нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1. 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 152 тоот гэрээний дагуу нэхэмжилж буй 3 107 000 төгрөг, түүний алданги болох 1 553 500 төгрөг нийт 4 660 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ТЭДС-аас уг төлбөртэй холбоотой асуудлаар манай компанид огт хандаагүй, энэ талаар ямар нэгэн мэдээ, мэдээллийг өгөөгүй болно.

Түүнчлэн тухайн гэрээ 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ нь Иргэний хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа манай компаниас нэхэмжилж байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн үндсэн төлбөр болон алданги болох 4 660 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. ТЭДС-ийн ******* тоот гэрээгээр 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой 2 352 000 төгрөг, мөн ТЭДС-ийн ******* тоот гэрээгээр төлөх ёстой 6 977 600 төгрөгийн шатахууны төлбөрийг төлөх ёстойг бид хүлээн зөвшөөрч байна.

Манай компанийн хувьд 2011 оны намрын тариа хураалтын үед буюу 9 дүгээр сарын 06-ны өдөр тариалалтын бүс нутагт их хэмжээний цас орж, үүний улмаас ургац алдаж, санхүүгийн алдагдалд орж зээлээ төлж чадахгүй байдалд орсон.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан тарианы газраа сум, орон нутагт хүлээлгэн өгч, өнөөдрийн байдлаар газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээгүй байна.

Улс орон даяар үргэлжилж буй эдийн засгийн хямрал компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн хувьд хүнд байдалд орж, дампуурлын ирмэгт тулаад байна.

Иймд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч М  ХХК-д холбогдуулан 18 654 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч М  ХХК-ны захирал Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан, хариуцагч М  ХХК нь харилцан тохиролцож 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийнДТ/152 дугаартай 2009 оны уринш боловсруулалтад дизель түлш зээлээр олгох гэрээ байгуулан 2600 л дизель түлшийг 1 литрийг нь 1195 төгрөгөөр тооцож 3 107 000 төгрөгийг, 2009 оны 11 дүгээр сарын 30-нд төлж дуусгахаар, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн

дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан, 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай 2011 оны ургац хураалтанд дизель түлш зээлээр олгох гэрээ байгуулан 2000 л дизель түлшийг 1 литрийг нь 1680 төгрөгөөр тооцож 3 360 000 төгрөгнөөс урьдчилгаа 1 008 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2 352 000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2011 оны уринш боловсруулалтанд дизель түлш олгох ******* дугаартай гэрээгээр 5600 литр түлшийг 1 литрийг нь 1780 төгрөгөөр тооцож 9 968 000 төгрөгнөөс 2 990 400 төгрөгийг урьчилгаанд авч үлдэгдэл 6 977 600 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны дотор авахаар, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. / хх-ийн 7-16/

 Нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч М  ХХК-аас 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ДТ/152 дугаартай гэрээний дагуу 3 107 000 төгрөг, алданги 1 553 500 төгрөг нийт 4 660 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх бөгөөд 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн тул нэхэмжлэлийг хангах шийдвэрлэх боломжгүй байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж байсан талаар нотлох баримт ирүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах нөхцөл үүссэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2009 оны гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Д.О ийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Дархан-Уул аймгийн Хонгор сумаас М  ХХК-д газар эзэмших гэрээний дагуу олгосон 810 га газрыг Газрын эрх шилжүүлэх гэрээгээр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших гэрээ байгуулан АЭГ ХХК-д шилжүүлсэн талаархи нотлох баримтыг ирүүлжээ. / хх-ийн 35-54/

 Хариуцагч М  ХХК нь 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай 2011 оны ургац хураалтанд дизель түлш зээлээр олгох гэрээний дагуу 2 352 000 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2011 оны уринш боловсруулалтанд дизель түлш олгох ******* дугаартай гэрээний дагуу 6 977 600 төгрөг нийт 9 329 600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч гэрээнд заасан алдангийг төлөхгүй, 2011 оны намрын тариа хураалтын үед буюу 9 дүгээр сарын 06-ны өдөр тариалалтын бүс нутагт их хэмжээний цас орж, үүний улмаас ургац алдаж, санхүүгийн алдагдалд орж зээлээ төлж чадахгүй байдалд орсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

 Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу хариуцагч М  ХХК-аас 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай 2011 оны ургац хураалтанд дизель түлш зээлээр олгох гэрээний дагуу 2 352 000 төгрөг, 2011 оны 6 дугаар

сарын 22-ны өдөр 2011 оны уринш боловсруулалтанд дизель түлш олгох ******* дугаартай гэрээний дагуу 6 977 600 төгрөг, алданги 4664800 төгрөг нийт 13 994 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХААЯ-ы ТЭ  дэмжих санд олгох нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч М  ХХК-аас 13 994 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХААЯ-ы ТЭ  дэмжих санд олгож, 4 660 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч М  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 227922 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА