Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

Б.Н, У.Б, Ц.О

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Г.А /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: Ц.О /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/417 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Н, У.Б, Ц.О нарт холбогдох, эрүүгийн 2019002360051 дугаартай, 2 хавтас, 428 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Г.А-н эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овогт Б-ийн Н,

 

Ш овогт У-ын Б,

 

О овогт Ц-ын О нарт холбогдуулан Дорноговь аймаг дахь прокурорын газрын хяналтын прокурор Г.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Н нь У.Б-тэй бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн Мандах сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч У.Б нь Б.Н-тэй бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55-VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн Мандах сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Н, У.Б нар нь бүлэглэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бага оврын Daewoo solar gold 55-v маркийн SLV55VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскаватор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч 1 ширхгийг ашиглан, Дорноговь аймгийн мандах сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Элстэй гэх газарт 5,4х3,3х1,25 метр, 10,8х1,1 метр, 2,8х0,8х0,9 метр, 6,3х4х0,8 метр, 18х12х2,6 метр харьцаатай 5 нүхийг ухаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427,737 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд урьдчилан амлаж, машин механизмаар хангаж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгч дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Яллагдагч Ш овогт Б-ийн Н, Ш овогт У-ын Б, О овогт Ц-ын О нарт холбогдох эрүүгийн 2019002360051 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн gold master-1000 металл хайгч 1 ширхгийг хэргийн хамт прокурорт шилжүүлж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Б.Н, У.Б, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.А эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газрын үзлэгийг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулан яллагдагч Б.Н-ээр тэдний хөндсөн газрыг өөрөөр нь заалган уг ажиллагааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргасан байна. Уг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ухсан 5 нүхний солбицол нь Байгал орчны мэргэжлийн байгууллага болох “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын талаарх 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/20 дугаартай шинжээчийн дүгнэлт дурдагдсан газар зүйн солбицолтой таарч байгаа юм. Мөн шүүх хуралдаанд шинжээч Т.О-ийн өгсөн “...бид шинжилгээ хийхдээ халдлагад өртсөн гэх газар очиж нүдээр харж шинжилгээ хийсэн ...тухайн газарт мөрдөгч А.У, шинжээчийн бүрэлдэхүүнд Т, А нарын хамт очсон...” талаар мэдүүлсэн нь мөрдөгч хэрэг учрал болсон гэх газарт шинжээчийн бүрэлдэхүүний хамт очиж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийг “Дорноговь аймгийн Мандах сум 3 дугаар баг” гэж зөв тодорхойлсон боловч тухайн халдлагад өртсөн гэх газар усны нэрийг ойролцоох газрын нэртэй андуурч, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо гэмт хэрэг үйлдэгдсэн газрын нэрийг буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж шууд үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шинжээчид шинжилгээ хийхдээ хэрэг учрал болсон газар биеэр очиж, бодитойгоор нүд үзэж, харсны дагуу шинжээчийн дүгнэлтээ гаргасан хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд тус аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.У-ыг оролцуулах замаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтойгоос гадна дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх өөрөө дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах боломжтой тул энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тус аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад А.У нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагч Ц.О-ээс эд зүйлс хураан авахдаа хөндлөнгийн гэрч М.У, Ц.М нарыг оролцуулан Gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч-1 ширхгийг хураан авч тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5/78 дугаартай тогтоолоор прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон байна.

Ингэхдээ “Gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч-1 ширхэг” гэж тус тус тусгасан байна. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус хураан авсан эд зүйлд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр мөрдөгч тогтоолдоо “Ашид билгүүн” ХХК-д даалгасан байх ба 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ/820/23 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4.1 дэх заалтад хөрөнгийн байдлын гэрэл зургийг харуулсан байх ба 2 дахь зургийн бариулын хэсэгт 3 өнгийн  утсыг гар аргаар боосон байдаг ба мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт буюу Gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч нь дээрх зурагтай нэгэн ижил байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хэрэгсэл мөн болох нь нотлогдож байсан гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Ц.О “...марк нь мөн боловч миний металл хайгч биш байна, би өөрийн эд хөрөнгийг танина, миний металл хайгч яг ийм маркийнх боловч шинэ, дуран нь өөр, цүнхтэй байгаа...” гэсэн ч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй ба яллагдагч нь үнэн зөв, мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй тул гагцхүү яллагдагчийн мэдүүлэг үндэслэн хураагдан ирсэн эд мөрийн баримтыг тухайн хэргийнх нь биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний 2021/ШЗ/417 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар цагдаагийн мөрдөгч А.У хэргийн газрын үзлэг хийгээд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагч Ц.О-ийг байлцуулж эд мөрийн баримтыг хураан авч, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд тусгасан байдаг. Яг тэр металл хайгч байхаас гадна уяатай байгаа 3 утас нь байгаа. Харин Мандах сумын хэсгийн төлөөлөгч У нь тэр хүнд хүлээлгэж өгсөн баримт бичиг байгааг мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Gold master-1000 маркийн металл хайгч нь цагдаагийн ахмад А.У гэдэг хүн хураагаагүй. Мандах суманд хэргийн газарт байж байхад очсон хэсгийн төлөөлөгч У гэдэг хүн цагдаатай очиж хурааж авсан. Хурааж авахдаа дагалдах хэрэгсэл буюу жижиг таваг, 220 тогны цэнэглэгч, 12 волтын тогны цэнэглэгч, 3 батерианы үүр, чихэвч, хар цүнхний хамт хурааж авсан. Цагдаагийн ахмад А.У гэдэг хүнд шилжүүлж өгөхдөө Gold master-1000 маркийн металл хайгч өгсөн байсан. Хайгч нь миний хураалгасан хайгч биш би өөрийнхөө металл хайгчийг танина. Мандахын хэсгийн төлөөлөгч 09 дүгээр сарын 01-ний өглөө Мандах сумын хэсгийн төлөөлөгч У, цагдаа, байгаль орчны байцаагч нар ирээд Gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч, дагалдах хэрэгсэлтэй нь хурааж аваад явсан. Сүүлд цагдаа надад танилцуулж байхад солигдсон гээд байгаа металл хайгчийг үзүүлсэн. Дагалдах хэрэгсэл байхгүй байсан. Хураагдсан Gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч нь шинэ байсан. Бид нарыг байхад шинжээч дагуулж ирээгүй. Хэргийн газрын үзлэг хийнэ гээд Б.Н шинжээч нарыг дагуулж очиж хэргийн газрын үзлэг хийсэн. Шинжээчийн дүгнэлт дээр хэргийн газрын үзлэгийн зураг дээр Үхэр чулуут гэдэг газрыг заасан байсан. Мандах сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны байцаагч, багийн засаг дарга нараас тодорхойлолт авсан байсан. Газрын гэрчилгээ нь Элстэй гэдэг газар. Үхэр чулуут нь нинжа нар ухаад эвдсэн газар, 2 өөр 5-6 метрийн зайтай байсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний 2021/ШЗ/417 тоот “ Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь: Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Г.А-ээс гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.Б, Ц.О, Б.Н нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Daewoo solar gold 55-v SLV55VG-20920 арлын дугаартай бичиг баримтгүй экскавотор, gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгч зэргийг ашиглан 5 тооны нүх ухаж уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, 0.0382 га талбайг эвдэлж, байгаль орчинд нийт 427.737 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үйл баримт болсон ба шүүгдэгч нарын эдгээр үйлдэлд прокуророос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийн газрын үзлэг /1-р хх-ийн 4-7/ болон мөрдөгчийн шинжээч томилсон тогтоол /1-р хх-29/,  байгаль орчны хохирлын үнэлгээ  гаргасан “С” ХХК-ийн  шинжээч нарын дүгнэлт /1-р хх-ийн 36-55/ зэрэгт хэрэг гарсан газрын нэрийг Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг, “Үхэр чулуут”, “Элстэй” гэх газар гэж 2 янзаар бичигдсэн болох нь тогтоогдож байгаа боловч хэргийн газрын үзлэгийг мөрдөгч хийхдээ шүүгдэгч Б.Н-г оролцуулж ухсан гэх 5 нүхийг өөрөөр нь заалгуулж, гэрэл зургаар бэхжүүлсэн ба шинжээч нар мөн газар дээр нь очиж үнэлгээг гаргасан, ингэхдээ мөрдөгчөөс хийсэн хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийг үнэлгээндээ баримталсан болох нь дүгнэлтээс харагдаж байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар анхан шатны шүүх “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж эсхүл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулж шийдвэрлэх боломжтой байсан.

 

Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар ... гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдснийг шүүх хуралдааны шатанд тогтоож болохоор заасан ба энэхүү ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй  байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрэглэсэн гэх gold master-1000 маркийн цэнхэр өнгийн металл хайгчийг шүүгдэгч Ц.О солигдсон гэснийг хэрэгт нэмэлт мөрдөн шалгалт явуулж тогтоолгох шаардлагагүй бөгөөд Ц.О талаарх гомдлоо жичдээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах эрхтэй.

 

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж,  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/417 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Г.Анх-Ирээдүйн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Н, У.Б, Ц.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                           

                                                                                                  А.САЙНТӨГС