Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 122/2017/0009/З |
Дугаар | 221/MA2017/0534 |
Огноо | 2017-07-26 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 221/MA2017/0534
2017 оны 7 сарын 26 өдөр Дугаар 221/МА2017/0534 Улаанбаатар хот
А.*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, А.*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.*******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.*******, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.*******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалган шийдвэрлэж,
2 дахь заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.572.506 (гурван сая таван зуун далан хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч А.*******ад олгохоос урьд олгосон тэтгэлэг 2.201.589 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес/ төгрөгийг хасч үлдэгдэл 1.370.917 (нэг сая гурван зуун далан мянга есөн зуун арван долоо) төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “... Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.*******, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Түндэвжамцын *******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.*******ыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай” гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д тус тус заасны дагуу иргэн А.******* нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны A/14, А/25 дугаар тушаалуудыг хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар, тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.
Гэтэл шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны A/14, А/25 дугаар эрх зүйн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг тус тус зөрчжээ.
Иймд уг хэргийг бүхэлд нь хянаж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай
шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг баталж, мөн өдрийн А/10 дугаар тушаалаар тус Тамгын газрын албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тухайн үед нэхэмжлэгч А.******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Гэтэл Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь түүнийг дээрх А/10 дугаар тушаалаар тус албан тушаалаас нь чөлөөлж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Т.Мөнхтулгыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаал, Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарь шинэчлэн батлагдсан боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн даргын албан тушаалын нэр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга болж өөрчлөгдсөн ч хэрэгжүүлэх чиг үүрэг нь хасагдаагүй буюу өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр зөвхөн дотоод аудитын чиг үүрэг нэмэгдэж, бусад чиг үүргүүд нь хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй байжээ.
Хариуцагчаас А.*******ыг “байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа “...нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 дахь заалтуудыг зөрчиж улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан учраас ажлаас чөлөөлсөн” гэж өөр үндэслэл заан маргаж буй нь үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч “шүүх урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба түүнд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзнэ.
Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг зөвтгөж, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчимд нийцээгүй байгааг залруулсан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А.*******ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/14 дүгээр тушаалын 1 дүгээр заалтын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.*******д, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.*******д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, А.*******ыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд тогтоосугай” гэж, 2 дахь заалтын “... хариуцагчид ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт ...” гэж, 3 дахь заалтын “... хариуцагчаас ...” гэснийг “...Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас...” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН