Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 406

 

Д.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 660 дугаар магадлалтай, 1808009610184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй,

-1999 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн ерөнхий 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар, 2010 оны 9 дүгээр сарын 3-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 27-нд эдлээгүй үлдсэн 8 cap 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Эмчийнхэн овогт Д.Г нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос Д.Г-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 болгон өөрчилж,

Д.Г-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар Д.Г-ыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж,

уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Д.Г-аас 2.046.750 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 429 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэд 2.046.750 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Д.Г нь хүний амь насыг хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд ах дүүсийн зүгээс хохирогчид тодорхой хэмжээний хохирол төлсөн. Тэрээр анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэглэж Д.Г-д оногдуулсан бүх насаар хорих ялыг хугацаатай хорих ял болгож хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Д.Г-ын үйлдсэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, түүнд хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Хорих ялыг хугацаатай хорих ялаар солих эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 39-39 тоотод хохирогч Б.Батсайханыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж 30 удаа хутгалж, олон тооны шарх, гавал тархины хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилго” тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Харин шүүх Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь буруу болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс гаргуулахаар тогтоосон гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүхээс Д.Г-д бүх насаар хорих ял оногдуулсныг хугацаатай хорих ял болгож хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Д.Бум-Аюушийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхээс Д.Г-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ял оногдуулсныг 20 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Д.Г-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар Д.Г-д 20 /хорь/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-д оногдуулсан 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 660 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ                                   Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН