Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2015/01273/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дүгээр хороо, Ч***, Ч*** банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух Б*** овогт Б*** А*** /РД: ТЗ***/

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух И*** овогт Д*** М*** /РД: *******/ нарт холбогдох,

 

Үндсэн зээлийн төлбөр 39,500,000 төгрөг, зээлийн хүү 11,692,314.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 980,887.88 төгрөг, нийт 52,173,202 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц***, Ж.Б***, хариуцагч Б.А*** өмгөөлөгч И.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч*** банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч*** банк нь Б.А***, Д.М*** нартай 2014 оны 01-р сарын 28-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ байгуулж, 40,000,000,00 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харуцагч Б.А*** нь 2014 оны 01-р сарын 28-ны өдрийн *** тоот Барьцааны гэрээний дагуу Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сум, ***-р баг ***-р хороолол, ***-р байр, *** тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2014 оны 01-р сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн.

Хариуцагч нар зээлийн төлбөрийн хуваарийн дагуу 2014 оны 5-р сарын 22-ны өдрөөс эхлэн сар бүр, хэсэгчлэн төлөх үүрэгтэй боловч 2014 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000,00 төгрөг төлсөн, үүнээс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Талууд Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд Зөрчил үүссэн өдрөөс эхлэн зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд Зээлдэгч нь төлөгдөөгүй зээлийн үндсэн дүнд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүнд нийт 26,603,84 төгрөг төлсөн.

Мөн хариуцагч нар нь зээлийн хүүг төлбөрийн хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэг хүлээсний дагуу эхний 5 сард хэвийн төлж байснаа 6 дахь сараас эхлэн төлбөрийн хуваарийг зөрчсөн ба зээлийн хүүний төлбөрт нийт 4,126,628,35 төгрөгийг төлсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээл, хүүний төлбөрийг төлбөрийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүйн улмаас 2016 оны 01 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 39,500,000,00 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 11,692,314.12 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 980,887.88 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөр болох 52,173,202 төгрөгийг хариуцагч Б.А***, Д.М*** нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.А*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч*** банкнаас гаргасан нийт 52,173,202 төгрөг гаргуулахийг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 2014 оны 01 сарын 28-ны өдөр бизнесийн зориулалтаар 40,000,000 төгрөгийг 1 сарын 1,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, үүнээс үндсэн зээлэнд 500,000 төгрөг, зээлийн хүүнд 4,126,628 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,603 төгрөг тус тус төлсөн. Санхүүгийн хямралаас болж зээл, зээлийн хүүгээ төлөх орлогогүй болсон юм. Банктай байгуулсан гэрээний дагуу миний төлөх ёстой зээлийн үлдэгдэл 39,500,000 төгрөг, түүнд ногдох хүү 11,692,314 төгрөг байна. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буруугаа ойлгож байгаа боловч бодитоор тулгараад байгаа санхүүгийн хямрал нь үнэхээр хүнд тусч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 980,887 төгрөг, алданги 1,867,735 төгрөгийг хасч өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.А*** өмгөөлөгч И.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөөч гэсэн хүсэлттэй байгаа. Шүүх хурал хойшилсон гэсэн шалтгаанаар хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасгаж өгөхийг шүүхээс хүсч байна. Хүү жилийн 20,4 хувь байгаа бөгөөд энэ нь хэт өндөр хүү юм. Үндсэн зээлийн хувьд маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч*** банк нь хариуцагч Б.А***, Д.М*** нараас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 39,500,000 төгрөг, үндсэн хүү 11,692,314.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 980,887.88 төгрөг, нийт 52,173,202 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ч*** банк нь хариуцагч Б.А***, Д.М*** нартай 2014 оны 01 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай байгуулсан, мөн өдрөө Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоот, Ү-*** дугаарт бүртгэгдсэн, *** дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 29,0 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Б.А***, Д.М*** нар нь зээлийн гэрээний үүргээ 2014 оны 10 дугаар сар хүртэл биелүүлж, үндсэн зээлийн төлбөрт 500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нийт 4,126,628.35 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 оны 11 дүгээр сараас гэрээний үүргээ зөрчин 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц*** шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нар нь 2014 оны 11 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн... гэсэн, хариуцагч Б.А*** шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргээ зөрчсөн буруугаа ойлгож байгаа боловч бодитоор тулгараад байгаа санхүүгийн хямрал нь үнэхээр хүнд байна... гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээнд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар заагаагүй боловч нэхэмжлэгч Ч*** банк нь хариуцагч нар гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, банкны зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасныг хариуцагч Б.А*** өмгөөлөгч И.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний хугацаа дуусаагүй тул үүргээ биелүүлэх боломжоор хангаж, энэ асуудлыг шийдвэрлэхээ хойшлуулах нь зөв гэж тайлбарладаг болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т: талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагч Б.А***, Д.М*** нар нь 2014 оны 11 дүгээр сараас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Чингис хаан банкны зүгээс хариуцагч нарт гэрээний үүргээ биелүүлэх талаар 2015 оны 05 сарын 26, 2015 оны 06 сарын 18-ны өдрүүдэд тус тус мэдэгдэл, мөн 2015 оны 08 сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгийг худалдах тухай мэдэгдэл өгч байсан зэрэг нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай мэдэгдэл, барьцааны зүйл худалдах тухай мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт мэдэгдэл өгч байсан боловч мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байгаа нь хуульд заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу Ч*** банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

Хариуцагч Б.А*** нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 39,500,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,692,314.12 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын талаар маргаагүй боловч нэмэгдүүлсэн хүү, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу шүүх хуралдаан хойшилсон хугацаанд нэмэгдүүлэн гаргасан 1,867,735.28 төгрөгийн шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Энэхүү татгалзлын үндэслэлээ эдийн засгийн хямралтай байдал нөлөөлж, гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан гэж тайлбарлажээ.

 

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 20,4 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 4-т зээлдэгч нь гэрээнд заасан зөрчил үүссэн тохиолдолд зөрчил үүссэн өдрөөс, зөрчлийг арилгах хүртэл зээлдэгч нь гэрээнд заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул хариуцагч Б.А*** зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзсан татгалзал үндэслэлгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй байна.

 

Хариуцагч Д.М*** нь нэхэмжлэлийн хувийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн хариуцагч Д.М*** нь шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Ч*** банк, хариуцагч Б.А***, Д.М*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөр 39,500,000 төгрөг, зээлийн хүү 11,692,314.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 980,887.88 төгрөг, нийт 52,173,202 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингис хаан банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.А***, Б.М*** нар нь шүүх хуралдаанд ирэх боломжгүй тул байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц***, хариуцагчийн өмгөөлөгч И.А*** нар нь шүүх хуралдаанд мөн адил хүсэлтийг гаргасан тул хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т тус тус заасныг баримтлан Чингис хаан банк, Б.А***, Д.М*** нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.А***, Д.М*** нараас зээлийн үндсэн төлбөр 39,500,000 төгрөг, зээлийн хүү 11,692,314.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 980,887.88 төгрөг, нийт 52,173,202 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч*** банкинд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, ***-р байрны *** тоот, 29,0 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,317 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч*** банкнаас илүү төлсөн 35,501 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.А***, Д.М*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 418,816 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч*** банкинд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

 

Б*** овогт Д*** А*** /РД: ТК***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, *** тоотод оршин суух, С*** овогт Б*** М*** /РД: ОГ***/-т холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 60,000,000 төгрөг гаргуулах, Б.М*** Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М*** 2012 оны 11 дүгээр сарын 27-нд 25.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй, жилийн хугацаатай өгсөн. Дараа нь 2013 оны 11 сарын 01-нд 5.000.000 төгрөг нэмж өгсөн. Нийт 30.000.000 төгрөгийг 2013 оны 12 сарын 27-нд авах ёстой байсан боловч өгөөгүй. 2014 оны 02 сарын 26-нд М*** нь надад 15.000.000 төгрөг өгч үндсэн зээлээс 16.000.000 төгрөг үлдсэн. М*** нэмж мөнгө өгөөч гээд гуйгаад байхаар нь 2014 оны 05 сарын 03-нд 13.100.000 төгрөгийг өгөөд үндсэн зээл нь 29.100.000 төгрөг болсон. 2014 оны 07 сарын 18-нд 1.000.000 төгрөг, 2014 оны 08 сарын 01-нд 1.000.000 төгрөг М*** нэмж өгсөн. 2014 оны 08 сарын 03-нд 1.400.000 төгрөгийг М*** буцаан авсан. 2014 оны 08 сарын 10-нд нөхөр Б*** нь 1000.000 төгрөг өгсөн. С*** надад өгөх ёстой 300.000 төгрөгийг М*** нь аваад надад өгөөгүй. 2015 оны 04 сарын 21-нд би тэтгэврийн зээл авч 2.000.000 төгрөгийг М*** өгсөн. Мөн би М*** өмнөөс Хас банкны зээлийн төлбөрт 20.637.200 төлсөн. Үндсэн зээл 53.637.200 төгрөг, хүү 7.048.000 төгрөгийг хөнгөлж үзээд 6.362.800 төгрөг нийт 60.000.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Миний нэр дээр байсан байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гуйсаар байгаад 2 сар дотор эргүүлж өгнө гээд 2015 оны 02 дугаар сарын 15-нд байрны гэрчилгээнд өөрийн нэрээ нэмж, байрыг маань барьцаанд тавьсан. М*** нь зээлээ төлөөгүйгээс болж байрыг маань банк авах гээд байхаар нь нөхрийн цалингийн зээл авч хаасан. Банкнаас М*** зээлээ чөлөөлж байна та бушуухан ирж гэрчилгээгээ ав гэхээр нь аваад нэрийг нь хасуулах гээд залгатал хотод явж байна гээд ирээгүй. Удалгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс байрыг чинь битүүмжилж байна гэхээр нь очиж уулзтал М*** өрөнд байрыг маань авахаар болсон байсан. Иймээс М*** өмчлөгч биш гэдгийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулах шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Б.М*** шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.А*** авсан 25,000,000 төгрөг, Хас банкны хугацаа хэтэрсэн зээлийн 6,000,000 төгрөг, мөн зээл төлөлтөд зориулан 15,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг залилан хуран мэхлэх аргаар аваагүй болно. Уг авсан зээлээ 2016 оны 06 дугаар сард багтаан төлөхөөр хариу тайлбар гаргаж байна. Мөн нэмэлтээр нэхэмжилсэн Хонгор сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс өөрийн хүсэлтээр хамтран өмчлөгчөөс татгалзаж, нэрээ хасуулах гэрээг нотариатаар орж, хийж өгсөн болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А*** нь хариуцагч Б.М*** зээлийн төлбөр, хүү нийт 60,000,000 төгрөг гаргуулах, Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.А*** нь хариуцагч Б.М*** 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 25.000.000 төгрөгийг зээлүүлсэн, 2015 оны 06 дугаар сарын 9-ний өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 21,000,000 сая төгрөгийг зээлүүлж, Б.М*** Хас банкны зээлийн төлбөрийг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан Б.М***, А.Б*** нарын Дорж овогтой А*** 2015 оны 06 сарын байдлаар 45,433,000 төгрөг төлөх нь үнэн болно гэсэн баталгаа нэртэй баримт, Хас банкны 2015 оны 06 сарын 09, 15-ны өдрийн орлогын маягт, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай албан бичиг, хариуцагч Б.М*** шүүхэд өгсөн ... Би иргэн Д.А*** 25,000,000 төгрөг, Хас банкин дахь хугацаа хэтэрсэн зээлийн 6,000,000 төгрөг, зээл төлөхөд зориулсан 15,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан... гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Д.А*** нь 2012 оны 11 сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, банкны хадгаламжийн хүүгээр тооцож хүү авахаар тохирсон, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг нэмж өгсөн бөгөөд нийт 30,000,000 төгрөг болгож, 1 жилийн хугацаатайгаар сарын 2 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Үүний дараа мөнгө хэрэгтэй байна гэж гуйхаар нь тэтгэврийн зээл авч 2,000,000 төгрөг, 2 удаа тус тус 1,000,000 төгрөг, банкны зээлийн өр төлбөрт 21,000,000 төгрөг зээлүүлсэн гээд нийт 53,637,200 төгрөгийг Б.М*** зээлүүлсэн бөгөөд түүний хүү 6,362,800 төгрөгөөр тооцож, нийт 60,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарладаг болно.

Хэрэгт авагдсан Б.М***, А.Б*** нарын зээлийн төлбөрийн талаар баталгаа болгож бичсэн 2015 оны 06 сарын байдлаар 45,433,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А*** төлөх нь үнэн гэсэн баримт, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нийт 46,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.А***, хариуцагч Б.М*** зээлүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд үлдэх 7,637,200 төгрөгийг зээлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б.М*** нь зээлийн төлбөр болох нийт 46,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөн нэхэмжлэгч сарын 2 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа боловч хүү тогтоосон талаарх бичгээр хийсэн гэрээ, тохиролцоо хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т: зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч Д.А*** нь дээрх хуульд заасны дагуу хүү нэхэмжлэх эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.А*** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.М*** нь миний эгчийн хүүгийн эхнэр бөгөөд мөнгө хэрэгтэй байна, бизнес хийгээд удахгүй мөнгө орж ирнэ гэж гуйсан учир түүнд итгээд гэрээ ч бичгээр хийлгүй, анх хүүдээ хуримтлуулж байсан 25,000,000 сая төгрөгийг авч өгсөн, би өөрөө тэтгэврийн зээл авч 2,000,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг 2 удаа, 5,000,000 төгрөг зэргээр цувуулан Б.М*** өгсөн, мөн өөрийн байраа хүртэл Б.А*** нэрийг хамтран өмчлөгчөөр нэмүүлж байгаад түүний зээлийн барьцаанд тавиулсан, түүнээс болоод байр маань хураагдах дээрээ тулсан тул би маш их сандарч нөхрийн нэр дээр 14 сая төгрөгийн зээл авахуулж, Б.М*** хугацаа хэтэрсэн зээл, үлдэгдэл зээлийн төлбөрийг нь төлж байж өөрийн байраа барьцаанаас суллаж авсан. Би маш их хохирч байна. Өөрийн тэтгэврийн зээл, нөхрөөр авахуулсан зээл бүгд хүүтэй бөгөөд тэр хүү болгоныг би өөрөө төлсөн шүү дээ. Б.М*** хариу тайлбартаа надаас авсан бүх мөнгөө бичээгүй байна. Би худлаа хэлэхгүй. Иймээс надад ийм их хохирол учруулсан учраас түүнээс хүү авах хүсэлтэй байна. Бичгээр хүү тохироогүй гэсэн үндэслэлээр би хохирох ёсгүй гэсэн тайлбарын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага болох хэтрүүлсэн хугацааны хүү нэхэмжилж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд анх 25,000,000 төгрөгийг 2012 оны 11 сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул дээрх хуульд заасны дагуу хугацаа хэтрүүлсний хүүнд нэхэмжилсэн 6,362,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд дүгнэж үзвэл нэхэмжлэгч Д.А*** шүүх хуралдаан дээр гаргасан: ... тус байр нь миний нэр дээр байдаг манай гэр бүлийн өмч бөгөөд Б.М*** зээл авах гээд барьцаа хөрөнгө хэрэгтэй байна, танай байрны өмчлөгчөөр нэрээ нэмүүлээд банкинд барьцаанд тавиад буцаагаад өгнө гэсний дагуу 2015 оны 01 сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөлд нэмж оруулах хэлцэл хийж, өмчлөгчөөр Б.М*** нэмэгдсэн... гэсэн тайлбар, хариуцагч Б.М*** шүүхэд гаргасан: Хонгор сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс хамтран өмчлөгчөөс татгалзаж, нэрээ хасуулах гэрээг нотариатаар орж хийсэн өгсөн болно гэсэн тайлбар, Хас банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар Зээлдэгч Б.М*** нь манай банктай 2015 оны 01 сарын 28-ны өдөр 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн нэмэлт барьцаанд иргэн А*** хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** байрны *** тоот, 33 мкв талбай бүхий Ү-*** дугаар бүхий орон сууцыг 15,000,000 төгрөгөөр барьцаалсан гэсэн албан бичиг, 2015 оны 01 сарын 15-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл зэргээс үзэхэд хариуцагч Д.М*** нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 33,0 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд зээл авах зорилгоор тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т: Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т: Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж тус тус заасан бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М*** нь тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээнд заасны дагуу шударгаар олж авсан, өмчлөх эрхтэй этгээд биш байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Б. М*** нь шүүхэд гаргасан хариу тайлбараараа энэхүү байдлыг хүлээн зөвшөөрсөн байх тул Д.А*** Б.М*** дээрх орон сууцны хамтран өмчлөгч биш болохыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөс хасуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.М*** нийт 52,362,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгож, хариуцагч Б.М*** Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, 3 өрөө Ү-*** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч биш болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Б.М*** нэрийг хасаж, зохих өөрчлөлт хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Б.М*** шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М*** 52,362,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 7,637,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М*** /РД: ОГ***/-ыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр баг, *** дугаар байрны *** тоот, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны өмчлөгч биш болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Ү-*** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Б*** М*** /РД: ОГ***/-ыг өмчлөгчөөс хасч, эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.А*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М*** улсын тэмдэгтийн хураамжид 489,964 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А*** олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ