Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 917

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2016/00400

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг ***  тоотод оршин суух, П.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, Б.П  холбогдох

 

19,865,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч Б.П гийн 7 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Б миний бие өөрийн эзэмшлийн *** ДГО улсын дугаартай ******* ******* маркийн авто машиныг чиргүүлийн хамт Б.П д 2015 оны 8-р сарын 19-ний өдрийн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нийт 16,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

******* нь гэрээний үүргийн дагуу 2,300,000 төгрөгийг өгч үлдэх 13,700,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөөгүй, цаашид сайн дураар төлөхгүй байх нөхцөл байдал бий болсон тул хуулийн дагуу шийдвэрлүүлж хариуцагчаас авто машины үлдэгдэл төлбөр 13,700,000 төгрөг, гэрээний 3.3-д заасны дагуу алданги / төлбөрийг барагдуулах эцсийн хугацаа 2015 оны 10-р сарын 19-ний өдрөөс хойш тооцов./ нийт 19,865,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

Уг тээврийн хэрэгслийг гэрээний дагуу Б.П д хүлээлгэн өгсөн болно гэв.

 

Нэхэмжлэгч П.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү  шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

П.Бээс Б.П д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелээгүйгээс үүссэн хохирол 19 865 000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүдэн гарч буй гэм хор буюу шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал, бусад зардал 200 000 төгрөгийг хариуцагч Б.П гээс нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 20 065 000 төгрөг болгож байна. Иргэний хуульд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирч буй хохирол тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.П  шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.П  надаас автомашины үнэ 19,865,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн П.Бийн нэхэмжлэлийн хувийг 2016.03.17-ны өдөр хүлээн авч танилцлаа.

П.Б нь 2015 оны 8 дугаар сард ******* ДГО улсын дугаартай ******* ******* маркийн авто машиныг чиргүүлийн хамт зээлээр худалдах, худалдан авах харилцан тохиролцсон ам хэлцэл ба гэрээний шаардлага тэдгээрийн хэрэгжилтийн эхний шатанд үүссэн бодит нөхцөл байдал, зардал чирэгдэл мөн гэрээнээс татгалзсан хүсэлтийг тооцохгүйгээр шууд алданги төлбөр нэхэмжилснийг буруу гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дор дурьдсан үндэслэлээр эс зөвшөөрч

дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Машиныг анх худалдан авах зорилгоор үзлэг хийхэд нилээд эвдрэл гэмтэл учирсан бүрэн бус техник байсан. Тухайлбал: Чиргүүлийн 12 ширхэг дугуй бүгд муудаж, үүнээс 6 ширхэг нь шаардлага хангахгүй болсон. Тормозны аппаратууд бүгд эвдэрсэн. Чиргүүл тормозгүй, хийн хоолойнууд гэмтсэн, гэрлэн дохио байхгүй, Уг машины консны дээд доод аппарат эвдэрсэн, араандаа ордоггүй, хурдны хайрцагны пирда диск буюу харьцах холбоо нь эвдэрсэн. Гэрлэн дохионууд ажилладаггүй, гэрлэн дохионы рычакнууд байхгүй гэх мэт.

2. Уг машины моторын эвдрэлийг бол хүлээн авахгүй. Харин мотор сайн бол бусад бүх төрлийн механик эвдрэлүүдийг Хятадаас шууд сэлбэг хэрэгсэл худалдан авч засварлах замаар ажиллагаанд оруулах боломжтой. Дээрх засвар үйлчилгээг худалдан авагч тал өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ гэж тохиролцсоны үндсэн дээр зээлээр худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 2 300 000 төгрөгийг төлж машиныг хүлээж авсан.

3. Тухайн үед П.Б нь машины мотор бол шаардлага хангахуйц, асуудалгүй үнэхээр сайн гэж надад итгүүлсэн. Миний машин худалдаж авах болсон хамгийн гол зорилго бол ******* аймагт бэлтгэсэн өвсөө Улаанбаатар хотруу тээвэрлэх явдал байсан. Тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хүний хамгийн наад захын мэдвэл зохих асуудлуудыг мэдэхгүй дүр эсгэж ажилд минь ихээхэн саад учруулсан. Одоо бодоход тэр намайг залилсан байна.

4. ******* хотоос шаардагдах бүх сэлбэгүүдийг шинээр худалдан авч, засварыг машин худалдах, худалдан авах ажиллагаа явагдсан. Дорноговь аймгийн ******* сумын төвд байрлах нэхэмжлэгч П.Бийн хашаан дотор засварчин хөлсөлж хийлгэснийг нэхэмжлэгч сайн мэднэ.

5. Машины зөвхөн толгойн хэсэгт гэрээ хийсэн. Харин чиргүүл нь П.Бийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан болохоор гэрээнд дурьдаагүй болно.

6. П.Б нь худалдах, худалдан авах гэрээний шаардлагын дагуу ямар ч доголдолгүй техник хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл моторт эвдрэл доголдол илэрч, гэрээний шаардлага зөрчигдсөн тул гэрээнээс татгалзаж байгаагаа би удаа дараа хэлж мэдэгдсэн.

Машинд эхний удаагийн засвар үйлчилгээ хийсний дараа ******* аймгийн чиглэлд 300 гаруй км яваад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ойролцоо ус нь халж тургиад явахаа больсон.

Тийм учраас 3 хоноод эзэнд нь энэ байдлыг хэлсэн.

Чи мотор зүгээр гэсэн чинь яасан бэ гэхэд намайг унаж байхад зүгээр байсан юм. Мэдэхгүй байна. Зүгээр байхаа л гээд байсан.  рүү ярьж хэлсэн. Өөрөөр хэлбэл машин худалдан авах мотороос бусад механик гэмтлүүдийг би хариуцна гээд тохирсон.

Харин ч мотор зүгээр гэж хэлсэн. Мотороо янзалж өг эсхүл машинаа буцааж ав гэсэн шаардлагыг тавихад тэр зөвшөөрөөгүй, би мэдэхгүй, та авсанаараа өөрөө янзал гэсэн.

Дулаан цаг байсан тул нэмж, моторыг нь хөргөж явсаар ******* аймагт ирсэн. *******од зохих үйлчилгээ хийж, ачаагаа ачаад гарсан. Зам дагуу явж байсан машины жолооч нараас асууж зөвлөгөө авч гавлын жийрэг зэрэг солих зэргээр боломжтой засварыг хийсээр 10 хоног явж Улаанбаатарт ирсэн. Эргэж буцаж нийт 2 удаа ******* орсон.

Улаанбаатарт ирээд 2 ширхэг гавал,.... жийрэг хийний аппарат, жийрэгнүүд порсунк, аппаратуудыг нь тохируулаад моторыг нь бүх агергатаар нь сольж мөн жийрэгнүүдийг сольсон. ******* шинээр авч тавьсан. Моторт нь бүрэн агергат засвар хийгээд засвар аваагүй.

9 дүгээр сарын 20-нд машинаа ав. 2,300,000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5,000,000 төгрөгөө авахгүй гэсэн санал тавихад нэхэмжлэгч бас л хүлээж аваагүй.

Мөн мотор ямар үнэтэй бэ. *******д аваачиж засуулахад ямар зардал гарах талаар *******эд оршин суудаг хүний хувьд судалж мэдээд өгөөч гэхэд харамсалтай ямар ч хариу өгөөгүй,

10 дугаар сарын 19-нд *******эд уулзах гэж очиход  аймаг явчихсан байсан. Хоёр хоног хүлээж байгаад ирэхэд нь уулзаж 2,300,000 төгрөгийг буцааж өг. Харин сэлбэг, засварт зарцуулсан 5,000,000 төгрөгөө авахгүй, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймаагаа дуусга гэсэн санал тавихад үгүй би шүүхэд хандана гэсэн.

Одоогийн байдлаар машин миний хадгалалт, хамгаалалтанд байна.

Миний хувьд хоёр санал байна.Үүнд:

1.    Сэлбэг засварт зарцуулсан 5,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8,700,000 төгрөгийг 6 сарын дотор төлье

2.    Машиныг биет байдлаар нь буцаан өгч, би бүх зардлаа нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Б.П  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн П.Б нь 2015 оны 8 сард ******* ДГО улсын дугаар бүхий *******-Бенз маркийн авто машиныг зээлээр худалдах, худалдан авах аман хэлцэл хийж надад өгсөн юм.

Машиныг анх би авахдаа 2 тал хамт байж үзэхэд нилээд эвдрэл гэмтэл учирсан, бүрэн бус техник байсан. Үүнд чиргүүл 12 ширхэг, дугуй бүгд муудсан нь шаардлага огт хангахгүй болсон. Тормосны аппаратууд бүгд эвдэрсэн, чиргүүл нь тоормозгүй, хийн хоолойнууд гэмтсэн. Гэрлэн дохио байхгүй, машины конс, дээд доод аппарат эвдэрсэн араандаа ордоггүй, хурдны хайрцагны пирда диск буюу харьцах холбоо эвдэрсэн, гэрлэн дохионууд ажиллагаагүй, мөн дохионы рычакнууд байхгүй зэрэг маш их эвдрэл гэмтэлтэй байсан юм. Үүнийг П.Б ч өөрөө мэдэж үзэж харсан. Би тухайн үед эд машины мотор эвдрэлтэй бол би хүлээж авахгүй, харин бусад дээрх засварыг хятадаас сэлбэг авч засварлан авч болох юм гэж хэлсэн.  машины мотор нь сайн зүгээр гэсээр байж надад өгсөн. Ингээд би машинд 2 сар шахам засвар хийж, өөрөө мөнгөөрөө хятадын эрээн хотоос сэлбэг авчирч ийн хашаанд засварлаад авч явсан. Гэтэл машин дөнгөж явуулж эхлээд л усаа тургиж халаад явахгүй болсон. Иймээс 3 хоноод эд энэ тухай хэлж хэлцэл гэрээгээ цуцлая машины мотор гэмтэлтэй байна гэхэд зүгээр байсан ш дээ гэхээр нь би УБ хотод ирж 2 ширхэг гавал... жийрэг хийн аппарат, порсунк зэргийг авч аппаратуудыг тохируулаад моторыг бүх агергатаар нь сольж жийрэгнүүдийг сольсон. Мөн Терместан шинээр авч тавьсан боловч засвар аваагүй.

Ингээд би 9-р сарын 20-нд машинаа ав 2,300,000 төгрөгөө буцааж авъя харин яахав засварт нь зарцуулсан 5,000,000 төгрөгөө авахгүй, эсхүл мотор авах мөнгийг хасаад наймаагаа дуусгая гэсэн санал тавихад шүүхээр явна гэсэн. Одоо энэ машин нь явахгүй байгаа, тэгээд ч нэр нь эзэн ээрээ байгаа,

Иймд би одоо ээс урьдчилгаанд өгсөн 2,300,000 төгрөг дээр нь машинд авч тавьсан сэлбэгийн үнэ мөн засвар хийлгэсэн засварчинд төлсөн мөнгө нийлээд 500,000 төгрөг бүгд 7,300,000 төгрөгийг ээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгч П.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү  нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.П  бид харилцан тохиролцож иргэний хуульд заасан нөхцөлийн дагуу гэрээг байгуулж, гэрээний үүргийн дагуу Б.П д тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Б.П нь Хаан банкин дахь 5034285854 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансанд 2016 оны 08-р сарын 26-ны 1,000,000 төгрөг, 2015 оны 09-р сарын 07-ны өдөр 800,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр дараагаар удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр хандсан болно.

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах 2015 оны 08-р сарын 19-ний өдрийн гэрээг байгуулсан дараагаар Б.П  нь тээврийн хэрэгслийг шилжүүлэн хүлээн авч явсан, энэ дараагаар тээврийн хэрэгслийг хүлээн авсан тодорхой үйлдлийг хийсэн нь дээрх байдлаар тогтоогддог бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгслийн үр шимийг хүртэж байгаа буюу Б.П гийн эзэмшил, ашиглалтанд байгаа болно.

П.Б миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгуулах, гэрээний дагуу гаргасан өөрийн нэхэмжлэлийн шаардагыг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү  нь шүүхэд гаргасан нэхэмжэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа:

П.Бээс Б.П д холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн хохирол 19 865 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүдэн гарч буй гэм хор буюу шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал бусад зардал 200 000 төгрөгийг хариуцагч Б.П гээс нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 20 065 000 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа бууруулж 120 000 төгрөг болгож байгаа тул нийт 19 985 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Б.П д холбогдуулан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөр 13 700 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 6 165 000 төгрөг, шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал бусад зардал 200 000 төгрөг нийт 20 065 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.П  нь тээврийн хэрэгслийг эргүүлэн өгч машины доголдлыг засварласны төлбөр 5 000 000 төгрөг, П.Бэд анх шилжүүлсэн 2300 000 төгрөг нийт 7 300 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Б.П  нар нь харилцан тохиролцож Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан *** улсын дугаартай, LBZ416 ВВ15А001090 тоот арлын дугаартай,   маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 3/

 

Дээрхи гэрээний дагуу хариуцагч Б.П  нь нэхэмжлэгч П.Бэд 2300 000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Б нь маргааны зүйл болох автомашиныг хариуцагч Б.П гийн эзэмшилд шилжүүлсэн боловч автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл маргааны зүйл болох автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй байх тул хариуцагч Б.П гийн өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа шүүх хуралд оролцоход гарч буй замын зардал буюу бусад зардал 200 000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 120 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд О.Ү  нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хувьд оролцож байгаа бөгөөд 25 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд гарсан зардлыг тооцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Хариуцагч Б.П  нь сөрөг нэхэмжлэлийн шаардагадаа тухайн автомашиныг худалдан авахад зарим эд ангиуд нь эвдрэлтэй байсан тул өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсны зардал 5 000 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч талууд тээврийн хэрэгсэлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахын өмнө буюу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, хяналтад оруулсан байх бөгөөд ямар нэгэн доголдол илрээгүй гэсэн дүгнэлт гарсан байна. / хх-ийн 54 /

 

Хариуцагч нь засвар хийсэн зардал, Хятад улсын ******* хотоос сэлбэг хэрэгсэл худалдан авсан баримтуудыг ирүүлжээ. / хх-ийн 19-25, 47 /

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар хариуцагч Б.П  нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.П  нь машин авахад доголдолтой байсныг нотолж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Ч.Баатарцогтын мэдүүлэг авахуулсан боловч хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтээр доголдолгүй байсан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн машины доголдлыг засварласны төлбөр 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Талууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байх тул мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.П гийн нэхэмжлэгч П.Бэд өгсөн автомашины урьдчилгаа төлбөр 2300 000 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар П.Бийн нэхэмжлэлтэй Б.П д холбогдох 20 065 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч П.Бээс 2300 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.П д олгож, 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Бийн нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 263925 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 131750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 51750 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА