Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/01477

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дугаар хороо, *******дын гудамж, Г-*** тоотод оршин суух Б*** цэнд овогт Ч*** Б*** /РД: ИА***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******* сум, *** дүгээр баг, Б***, *******ы *** дугаар гудамж, *** тоотод оршин суух Ч*** овогт Г*** Г*** /Рд: ТЛ***/-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 7,522,950 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б***, хариуцагч Г.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Г*** гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй байх хариуцагч Г.Г*** үндсэн зээл 4,300,000 төгрөг, түүний хүү 2,064,000 төгрөг, алданги 1,032,000 төгрөг, нийт 7,396,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 04 сарын 08-нд 4,300,000 төгрөгийг сарын 8 хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Анх 5,000,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулсан боловч тухайн үед надад бэлэн 4,300,000 төгрөг байсан болохоор би түүнийгээ бэлнээр хүлээлгэн өгсөн. Үлдсэн мөнгийг нэмж өгч чадаагүй юм. 2015 оны 11 дүгээр сараас хойш мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Бидний хооронд рапс тарих асуудал байхгүй. Надаас мөнгө зээлээд гэрээгээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Иймд үндсэн зээл 4,300,000 төгрөг, хүү 2,064,000 төгрөгийг нэхэмжилж байна. Алданги 1,032,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч байна. гэв.

 

Хариуцагч Г.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 4,300,000 төгрөг Ч.Б*** авсан нь үнэн. Мөнгөний хүү тохирсон зүйл байхгүй. Намайг рапс тариад өг, мөнгөө өсгөмөөр байна гэж гуйсны дагуу би энэ мөнгийг авсан. Гэтэл би ургац алдаж, мөнгө олж чадаагүй. Түүнээс би Ч.Б*** мөнгө зээлж авсан зүйл байхгүй. Иймээс хүү, алдангийг зөвшөөрөхгүй, үндсэн мөнгийг өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б*** нь хариуцагч Г.Г*** зээлийн үндсэн төлбөр 4,300,000 төгрөг, хүү 2,064,000 төгрөг, алданги 1,032,000 төгрөг, нийт 7,396,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр алданги 1,032,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

Нэхэмжлэгч Ч.Б***, хариуцагч Г.Г*** нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ хийж, нэхэмжлэгч Ч.Б*** хариуцагч Г.Г*** бэлнээр 4,300,000 төгрөгийг мөн өдрөө хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 04 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Б*** шаардлага гаргах эрхтэй байна.

Хариуцагч Г.Г*** нь мөнгө зээлэх зорилгоор зээлийн гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн гуйснаар мөнгөөр нь тариа тарьж, мөнгийг өсгөж өгөх зорилготой байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд энэхүү үүргээ хариуцагч Г.Г*** биелүүлээгүй байгаа тул түүний тайлбар үндэслэлгүй юм.

 

Зээлийн гэрээгээр талууд хүү тогтоосон бөгөөд гэрээг бичгээр хийсэн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Ч.Б*** нь зээлийн гэрээний үүрэг болох 5,000,000 төгрөгөөс 4,300,000 төгрөгийг хариуцагч Г.Г*** хүлээлгэн өгсөн, хариуцагч Г.Г*** гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагч Г.Г*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан Миний бие нь Ч.Б*** 4,300,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгөө төлөхийг зөвшөөрч байна... гэсэн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Г.Г*** нь хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр хүүг сард 8 хувь, гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги төлөхөөр тус тус тохирсон байна.

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцсэн байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Б*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа алданги тооцохоос татгалзсан болно.

 

Иймд хариуцагч Г.Г*** үндсэн зээлийн төлбөр 4,300,000 төгрөг, 6 сарын хугацааны хүү 2,064,000 төгрөг, нийт 6,364,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*** олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1,032,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Г*** 6,364,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,032,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6,336 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б*** нөхөн гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Г.Г*** улсын тэмдэгтийн хураамжид 116,774 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Батдоржид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ