| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01350/и |
| Дугаар | 125 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01350/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух Х*** овогт А*** О*** /РД: ТИ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух Х*** б*** овогт Л*** Б*** /РД:ХЙ***/-д холбогдох,
Гэм хор учруулсны хохирол 467,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О***, иргэдийн төлөөлөгч Б.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 07 сарын 03-ны өдөр Дархан зах Л.Б*** Iphone s 5 маркийн гар утас 350,000 төгрөгөөр зарж, 250,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 60,000 төгрөгийг дараа нь авахаар тохирсон. Тэгээд үлдэгдэл мөнгөө авахаар очиход намайг элдвээр дайрч доромжлон, газар чирч миний өмсөж явсан хувцсыг урсан. Мөн хоолой боосны улмаас дотор муухайрч, толгой эргэн улмаар эмнэлэгт очиж үзүүлэхэд шууд хэвтүүлсэн. Би хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг хүн. Тухайн үед нь цагдаад мэдэгдэж, шалгуулсан. Үүний улмаас би эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд гарсан төлбөр 300,000 төгрөг, тасалсан гинжний үнэ 60,000 төгрөг, цамц 27,000 төгрөг, өмд 35,000 төгрөг нийт 422,000 төгрөг нэхэмжилж байна. Би нэхэмжлэлдээ нийт дүнг 467,000 гэж буруу нэмсэн байна. Иймд Л.Б*** 422,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О*** нь хариуцагч Л.Б*** эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 300,000 төгрөг, тасалсан гинжний үнэ 60,000 төгрөг, урсан цамцны үнэ 27,000 төгрөг, өмдний үнэ 35,000 төгрөг нийт 467,000 төгрөг гэж тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжилж байгаа нийт үнийн дүнг тооцоход 422,000 болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг буруу нэмж тооцсон байсан болно.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тухайг мэдэгдсэн тэмдэглэлд: Дархан сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан зах дээр 2015 оны 07 сарын 03-ны өдөр А.О*** нь Л.Б*** маргалдан улмаар харилцан зодолдсон, шинжээчийн *** дугаартай дүгнэлтээр А.О*** биед өвдөгний үений зулгарсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлтээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна гэсэн, мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар: ... дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Өөрт учирсан хохирол болон эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардлаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх асуудал нээлттэй байна... гэсэн байх бөгөөд эдгээр баримтуудаар Л.Б***, А.О*** нар зодолдсоны улмаас нэхэмжлэгч А.О*** биед зөөлөн эдийн гэмтэл учирсан, үүний улмаас 2015 оны 07 сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 сарын 12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 9 хоног хэвтэж эмчлүүлж байсан зэрэг нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тухайг мэдэгдсэн тэмдэглэл, хариу мэдэгдэх хуудас, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан бичиг, эмчийн тодорхойлолт, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А.О*** нь хариуцагч Л.Б*** эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Л.Б*** нь нэхэмжлэлийн хувийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан бөгөөд хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй болно.
Хариуцагч Л.Б*** нь 2016 оны 01 сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очиж чадахгүй гэсэн байх боловч энэхүү хүсэлтэд заасан шалтгаанаа нотлох баримтаар нотлоогүй байх тул түүний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч А.О*** хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан болно.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т: .... Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар албан бичгээр А.О*** эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг гарсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд энэхүү эмчилгээний зардлыг хариуцагч Л.Б*** гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас гинжний 60,000 төгрөг, цамцны 27,000 төгрөг, өмдний 35,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд хариуцагч Л.Б*** 300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.О*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 167,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.А*** нь хариуцагч буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.Б*** 300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О*** олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 167,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.О*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,660 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б*** улсын тэмдэгтийн хураамжид 9,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.О*** олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА