Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2015/00086

 

 

                                                                    

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2014/00458/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сум ****** баг ****** хороолол ****** байрны ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* / регистрийн дугаар *******, утас *******,*******/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймгийн ****** сумын ****** баг ******* ****** гудамжны ****** тоотод оршин суух, ******* ******* овогт ны  /регистрийн дугаар *******, утас /-д  холбогдох

2,624,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...*****тэй 2014 оны 02 дугаар сард лангуугаа түрээслэн ажиллуулахаар тохиролцсон болно. Түрээсэлж байх хугацаандаа түрээсээ цаг хугацаандаа төлөөгүй түрээсийн өрөнд оруулсан. Мөн анх лангууг түрээсэлж эхлэхдээ үлдэгдэл бараа буюу нийт 10,400,000 төгрөгийн бараа байсныг урд үнээр бодож 5,500,000 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон 4,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 3 дугаар сарын 8-ны өдөр өгнө гэж авсан боловч өгөөгүй удаа дараа нэхсэн боловч элдэв шалтаг ярьж удахгүй өгье гэх амлалтаар хойшлуулсаар өдийг хүрсэн. *****ээс лангууны түрээсийн төлбөр 1,124,000 төгрөг, барааны үлдэгдэл мөнгө 1,500,000 төгрөг, нийт 2,624,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа:

“...лангууны түрээсийн төлбөрийг ****** их дэлгүүрийн захиргаа нэхэмжлэх ёстой байх. Энэ лангуу түүний хувийн лангуу биш. ****** их дэлгүүрийн лангуу тул надаас түрээсийн төлбөрийг шаардах ёсгүй гэж үзэж байна. Түүнээс биш бидний хооронд лангуу түрээсэлсэн тухай гэрээ байхгүй, надад лангуугаа өгнө гэж бараа өгсөн. Харин миний ажиллуулж байх үеийн лангууны түрээсийн төлбөрийг би Дархан их дэлгүүрийн захиргаанд зарим хэсгийг төлсөн, тус дэлгүүрийн захиргаа надаас нэхэмжилсэн үед би үлдэгдэл төлбөрийг барагдуулах болно.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ****** их дэлгүүртэй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар түрээсийн гэрээ байгуулж, ****** их дэлгүүрийн 3 дугаар давхарт 3-25 хэсэгт 20 мкв талбайг бэлэн хувцас худалдаалах зориулалтаар түрээслэн ашигладаг болох нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч *****ийг 2013 оны 10 сард дээрх бэлэн хувцасны лангууны худалдагчаар авч ажиллуулсан бөгөөд хариуцагч ***** нь уг ажиллаж байсан лангууг түрээслэхээр болж 2014 оны 02 сараас эхлэн түрээсийн төлбөрийг төлж эхлэхээр зохигчид тохиролцож аман хэлцэл хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид нь “ нь өөрийн үлдэгдэл бараагаа худалдаж буй үнээс доогуур үнээр, өөрөөр хэлбэл худалдаж авсан үнээрээ *****д зарах, лангууны сарын түрээсийн төлбөр 360,000 төгрөг, төлбөрийг  сар бүрийн 20-ны дотор, хугацаа хэтрүүлэхгүйгээр Дархан их дэлгүүрийн дансанд хийж байхаар” амаар тохиролцжээ.

Хариуцагч ***** нь барааны үнэд 4000,000 төгрөгийг нэхэмжлэгч д өгсөн бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь “...миний үлдэгдэл бараа нийт 10,400,000 төгрөгийн бараа байсныг урд үнээр нь бодож 5,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 4000,000 төгрөг өгч үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар шаардлага гаргасан ба хариуцагч ***** нь “бид нар тодорхой үнийн дүн дээр тохиролцоогүй, эгчтэй утсаар ярихад ойролцоогоор 8 сая төгрөгийн бараа байгаа гэхээр нь 4 сая төгрөгийг өгсөн. Би хүний хуучин бараа авсан, нэмж өгөх мөнгө байхгүй, нэхэмжлэлийн шаардагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “*****д 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр үлдэгдэл бараагаа тоолж, 10,500,000 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн” гэж тайлбарлаж “Худалдагчийн өдрийн тайлан” гэсэн өөрийн бүртгэлийн дэвтрийг шүүх хуралдаан дээр гаргаж, үзлэг хийлгүүлсэн ба уг дэвтэрт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн барааны /кодоор/ жагсаалт байгаа бөгөөд *****д хүлээлгэн өгсөн үлдэгдэл барааны тооцоо баримт гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймээс зохигчид нь хэдэн төгрөгний үнэтэй бараа өгч авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар үйлдсэн баримт байхгүй байх тул нэхэмжилсэн  үлдэгдэл барааны үнэ 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь лангууг ***** нь түрээслэн ажиллаж байх хугацаа буюу 2014 оны 02 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,124,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан “ түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Харин талууд хүсэл зоригоо илэрхийлэн “,,, сар бүр ***** нь 360,000 төгрөгийг төлөх”-өөр тохиролцож аман гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч *****ийн ашиглалтанд эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч ***** нь нэхэмжлэгч лангууг 2014 оны 02 дугаар сараас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллуулсан бөгөөд түрээсийн төлбөрт нийт 3000,000 / (8сар х360,000)+(10 хоног х 12,000 /1 хоногт/)=3000.000/ төгрөг төлөх ёстой байснаас хариуцагч нь 2,110,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл төлбөр 890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч Г.Сувд-Эрдэний нэхэмжилсэн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 234,000 төгрөг, үлдэгдэл барааны үнэ 1,500,000 төгрөг, нийт 1,734,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.2, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *****ээс 890,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,734,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,935 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс улсын тэмдэгтийн хураамж 25,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА