| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/01137/И |
| Дугаар | 131 |
| Огноо | 2016-01-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01137/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум ******-р баг, ****** байр ****** тоотод оршин суух Б*** М***,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум ***-р баг, *** байр *** тоотод оршин суух Б*** А*** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Ш***, Г*** холбогдох,
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлсэн үйлдлийг хүчингүй болгуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай гомдлыг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б***, ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М***, Б.А***, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Б*** М*** миний бие нь 2011 оны 06 дугаар сард 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг барихдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч барилгын зургийг архитектор Ш.З*** зуруулж Барилгын мэргэжлийн улсын төсөвчин Ч.Р*** 454,601,309 төгрөгийн төсөвийг гаргуулан мэргэжлийн байгууллагаар баталгаажуулж улмаар өөрийн амьдарч байсан Дархан сумын ***-р багийн *** тоот байрны *** тоот дахь 3 өрөө орон сууцаа 30,0 сая төгрөгөөр заран барилгын суурийг болон 1-р давхарын ханын өрлөгийг хийсэн боловч хөрөнгө оруулалт дутагдсан. Ингээд ах дүү нараасаа 90,0 сая төгрөгийн зээл авч үйлчилгээний зориулалтын стандартаар 2,3 давхарын өрлөгийг бүрэн дуусгаж дээврийн хучилтын хавтанг тавьж цонх, хаалгануудыг хийн, шат болон цахилгаан сантехникийн монтажуудыг угсарч барилгын гаднах бохирын шугамыг сантай нь холбож дуусгасан боловч барилгын дотоод засал болон тохижилтын ажлыг хийхэд мөнгө дахин шаардлагатай болсон. ... ******* банкны итгэмжлэгдсэн эд хөрөнгийн үнэлгээчин ирж манай барилгыг 124,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь үнийн дүнгийн 40 хувиар буюу 50,000,000 төгрөгийн зээлийг олгосон нь төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэлд хангалтгүй байсан боловч бид Д*** ББСБ-аас 8,0 сая төгрөг, хувийн компани, хувь хүмүүсээс 80,0 сая төгрөг, өөрийн охин А.М*** найзаасаа 15,0 сая төгрөг эхнэр Б.А*** нь Хаан банкнаас цалингийн 20,0 сая төгрөгийн зээлийг тус тус зээлж авсан. Мөн Гаалийн Ерөнхий Газраас амьжиргааны дэмжлэг үзүүлж 22,0 сая төгрөг олгосноор энэхүү барилгыг стандартын дагуу бүрэн барьж дуусахад бүгд 315,0 сая төгрөг зарцуулсан. ******* банкнаас авсан зээлийг хуваарийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сар хүртэл тасралтгүй 2 жил төлсөн. Зээлийн үлдэгдэл 34,697,098.64 төгрөг байсан. ... ******* банк нь иргэний эрх ашгийг бүрэн орхигдуулж, манай 432 мкв талбай бүхий 432,0 сая төгрөгний зоогийн газар, зочид буудлын зориулалтын 3 давхар барилгыг /мэргэжлийн хяналтын болон бусад холбогдох байгууллагуудаас олгогдсон үйлчилгээний тусгай зөвшөөрлүүдтэй/ одоогийн зах зээлийн үнэтэй харгалзан дүйцүүлж үзэлгүйгээр үнэгүйдүүлж барилгын одоогийн өөрийн өртөг үнэлгээнээс нь хэт доогуур 1 мкв-ыг нь 115742 төгрөгөөр буюу 50,000,000 төгрөгөөр зарахыг завдаж нийтэд зарлал тавьсан байна.
Иргэн Б.М***, Б.А*** бид нар ******* банкинд үйлчилгээний зориулалттай 3 давхар барилгын гэрчилгээнээс гадна Газрын албанаас олгосон 1 га газрын гэрчилгээг давхар барьцаалсан байсан. Мөн зээлийг хуваарийн дагуу 2 жил тасралтгүй төлсөн байхад харгалзан үзээгүй. Зээлийн үлдэгдэл 34,697,098.64 төгрөг байсан. Үүн дээр зээл төлөгдөөгүй хугацааны хүү торгууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг нэмж ногдуулан 43,169,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба бидний цорын ганц өмч болох барилгыг хэт үнэгүйдүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7, 48.8 гэсэн зүйл заалтыг баримталсан нь банкны нэхэмжилсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, иргэний барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн 432,0 сая төгрөгийн үнэ хоёрын хоорондын 10 дахин их зөрүүг үл тооцож бидний хөрөнгийг банкны зээлийн өр буюу 43,169,000 төгрөгийн өрөнд тулгаж өмчлөгч бидний зөвшөөрөлгүйгээр ******* банкны өмчлөлд дур мэдэн шилжүүлсэнд өмчлөгч бид маш их гомдолтой байна. Үүнийг шийдвэрлэхдээ иргэнээс хуулийн заалтыг ойлгосон эсэхийг лавлаж иргэний хохирлыг хамгаалж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж болох байсныг хэрэгсээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2015.06.29-ний өдрөөр бидний өмчлөх эрхийг цуцалж ******* банкны нэр дээр шилжиж байгааг албан бичгээр болон амаар төлбөр төлөгч нарт мэдэгдэлгүйгээр хөрөнгийг төлбөр авагчийн мэдэлд шилжүүлсэнд гомдолтой байна.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дуудлага худалдаа явагдаагүй гэж үзэж байна. Учир нь төлбөр төлөгч нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцоогүй бөгөөд дуудлага худалдаа явагдсан эсэх, хэдэн хүн оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Эхний дуудлага худалдаа явагдсанаас хойш 2 дахь дуудлага худалдаа 15 хоногийн дараа зарлагдсан бөгөөд энэ нь дуудлага худалдааны талаар зарлал, мэдээллийг 14 хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Шүүхийн шийдвэрийн нэг хувь бидэн дээр ирээгүй тул 2015.10.01-ний өдөр Дархан сум дундын шүүх дээр Б.М*** миний бие өөрөө очиж авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ******* аймгийн ******* сумын Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт иргэн Б.М***, Б.А*** нарын нэр дээрх 70 хувийн гүйцэтгэлтэй 432 мкв талбайтай үйлчилгээний зориулалттын гэж тодорхой бичсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2011 оны тухайн үеийн гүйцэтгэлээр ******* банк 124,000,000 төгрөгөөр хэт доогуур үнэлж байсан манай барилгыг ******* банкны нэр дээр 100 хуваарь эрхийг шилжүүлэх албан тоотыг хийж өгсөн үйлдэл нь дэндүү нэг талыг баримталсан, бидний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. ... Олон зээлдүүлэгч нар маань хөрөнгө мөнгө, эдийн засгийн хохирол амсаж зээлдэгч миний бие дааж давшгүй өрөнд орох магадлалтай болж байгаа юм. Эдгээр хүмүүс надад итгэл үзүүлж одоогоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа болно. ... Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, албадан дуудлага худалдаа явагдаагүй байхад төлбөр төлөгч, өмчлөгч нарын хөрөнгийг ******* банкны өмчлөлд шилжүүлсэн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулан ******* аймгийн ******* сумын ***-р багийн У*** гүүрийн дээд тохойд 432 мкв талбай бүхий 3 давхар үйлчилгээний зориулалттай барилга, амралтын зориулалттай газрын өмчлөх, эзэмших эрхийг Б.М***, Б.А*** нарын нэр дээр сэргээж шилжүүлж өгнө үү. гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Б.М***аас 42,729,567 төгрөгийг гаргуулах буюу түүний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж ******* банкинд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгч Б.М***ыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа өгч 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот мэдэгдэл өгсөн бөгөөд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох ******* аймаг ******* сумын *** дугаар баг У*** гүүрний дээд тохойд орших 432 мкв талбайтай Ү-*** дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилга, ******* нэгж талбарын дугаартай 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 1.0 га газрын хамт 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот битүүмжлэх хураах актаар хураан авч мөн төлбөрийг төлөхийг мэдэгдсэн. Төлбөрийг удаа дараа төлөхийг мэдэгдсэн боловч сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйл болон Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч Б.М***аас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үнийн санал авахад 550,0 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдааны доод үнийг 385,0 сая төгрөгөөр зарласан боловч сонирхогч ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр доод үнийг 275,0 сая төгрөгөөр зарласан боловч дахин сонирхогч ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 43,139,567 төгрөгийн төлбөртөө тооцон авах хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар төлбөр төлөгч Б.М***т удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөр авагч ******* банкинд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгч гүйцэтгэх хуудас материалыг хаах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 104 тоот ахлах гүйцэтгэгчийн дуусгавар болох тогтоолоор дуусгавар болгосон болно. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд мөн төлбөр төлөгч Б.М***т удаа дараа төлбөрийг сайн дураар төлөх боломж бололцоог хангалттай өгсөөр байтал нэг ч төлбөр төлөөгүй байж шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Б.М***, Б.А*** нар нь манай банкнаас 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ЗГ*** тоот зээлийн гэрээ, БГ*** тоот ипотекийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн болон хүүгийн төлөлт хийгдэлгүй 42,359,818 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул сум дундын 7 дугаар шүүхэд шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1097 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гарсан билээ. Уг захирамжид Б.М*** нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор 20,000,000 төгрөгийг төлж үлдсэн төлбөрийг ЗГ*** тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу эргэн төлөлтийн графикаар төлж барагдуулна. Эвлэрлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгдээгүй тохиолдолд БГ*** тоот ипотекийн гэрээний дагуу барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулна гэж заасан байна. Б.М*** нь сум дундын 7 дугаар шүүхийн *** тоот шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу шат дараалласан арга хэмжээг авч 2 удаагийн албадан дуудлага худалдааг зарласан боловч сонирхогч этгээд гараагүй тул санал болгох хурал зарлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулан тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг ******* банкны нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Ийнхүү ******* банк нь Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн *** тоот Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж, *** тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, *** тоот Гүйцэтгэх хуудас болон Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шат дараалласан арга хэмжээг хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М***, Б.А*** нар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ******* банкны Дархан сарбарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлсэн үйлдлийг хүчингүй болгуулан, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай гомдол гаргажээ. Тодруулбал нэхэмжлэгч талаас ... албадан дуудлага худалдаа явагдаагүй байхад хууль зөрчиж ******* аймгийн ******* сумын ***-р багт байрлах 432.0 мкв талбайтай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 1 га газрыг 43,139,567 төгрөгийн төлбөрт тооцож төлбөр авагч ******* банкны өмчлөлд шилжүүлсэн хууль бус ажиллагааг хүчингүй болгуулах, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр сэргээн шилжүүлэх шаардлага гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан талаар тайлбартаа дурджээ.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай захирамжаар ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М***т холбогдох зээлийн гэрээний үүрэг 42,359,818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй учир 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *** дугаартай тогтоолоор барьцаа эд хөрөнгийг битүүмжилж мөн өдрийн тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс үзэхэд барьцаа хөрөнгө болох 432 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Б.М***, Б.А*** нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдож байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн шатанд өмчлөгч Б.А***ээс үнийн санал авалгүй зөвхөн Б.М*** болон төлбөр авагч ******* банкны үнийн саналд үндэслэж албадан дуудлага худалдааг зарласан тогтоол гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.
Мөн төлбөр төлөгч нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө болох 432 мкв талбайтай барилга, 1 га газрыг албадан дуудлага худалдаанд оруулахдаа үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнэлгээг гаргаагүй, албадан дуудлага худалдааг зарласан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хөрөнгийн анхны үнийг заагаагүй зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар албадан дуудлага худалдаа явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай заана гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хуулийн 48.14-т Албадан дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурна. Албадан дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж санал гаргах эрх эдэлнэ. гэж заасан. Гэтэл анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл хэрэгт байхгүй, дуудлага худалдаанд хэн хэн оролцсон, хэрхэн явагдсан нь тодорхой бус, дуудлага худалдаа явагдсныг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.
Анхны албадан дуудлага худалдаа товлогдсон өдрөөс хойш 15 хоногийн дараа хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан байх ба хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй, хариуцагч тал ийнхүү хууль зөрчиж явагдаагүй талаар өөрийн татгалзалыг баримтаар нотолж чадаагүй болно. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар эрхийнхээ дагуу оролцоогүй ... хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явагдсанаас хойш 15 хоногийн дараа зарласан боловч хэзээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан нь тодорхойгүй ... гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр санал болгох хурал болж уг хуралд төлбөр төлөгч Б.М***, Б.А*** нар оролцжээ. Дээрх хурлаар төлбөр төлөгч нарт төлбөр төлөх сүүлийн хугацааг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж тогтсон боловч 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрх шилжүүлэх шийдвэрийг гаргасан байх ба ийнхүү барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлж байгаа шийдвэрээ төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулж, мэдэгдээгүй, тэдний хуульд заасан эрхийг хангаагүй болох нь тогтоогдож байна.
Иймд хуульд заасан журмыг зөрчиж ******* аймгийн ******* сумын ***-р багт байрлах 432.0 мкв талбайтай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 30 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 1 га газрыг төлбөр авагч ******* банкны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр, ажиллагааг ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М***, Б.А*** нарын өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгч талаас өмчлөх эрхийг шилжүүлсэн үйлдэлд буруутай гэж үзэж энэ хэрэгт хамтран хариуцагчаар ******* банкны Дархан сарбарыг татсан боловч түүний нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт байгаа баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч ******* банкны Дархан сарбарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх тул ******* банкны Дархан сарбарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Б.М***, Б.А*** нар нь эхнэр, нөхөр бөгөөд Б.А***т шүүх хуралдааны товыг урьдчилан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э*** нарын саналыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 119, 120, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* сум, ***-р багийн У*** гүүрний дээд тохойд орших 432.0 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, 30 жилийн хугацаатай, амралтын газрын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1,0 га газрыг төлбөр авагч ******* банкны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, уг үл хөдлөх хөрөнгө, газрын өмчлөх, эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.М***, Б.А*** нарын нэр дээр сэргээн шилжүүлэхийг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгаж, ******* банкны Дархан сарбарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН