| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/01220/И |
| Дугаар | 132 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01220/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ******* сум, *** дүгээр баг, Б***, *** тоотод оршин суух Н*** Б*** /утас: ***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ******* сум, *** дүгээр баг, Б***, *** тоотод оршин суух Р*** М*** /утас: ***/-д холбогдох
Гэм хорын хохирол 13 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н***, хариуцагч Р.М*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т***, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г***, иргэдийн төлөөлөгч Н.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
2015 оны 6 дугаар сард миний бие нь 3 га газарт манжин тариалан 10 сарыг дуустал ургац хэвийн явагдаж, хурааж авахад бэлэн болсон байсан. Гэтэл иргэн Р.М*** малаа хариулаагүй, хашаагүй зэрэг хариуцлагагүй байдлаас болж 70 орчим үхэр 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд манай талбайн хашааны тор дайран эвдэж орж шар манжинг идэж тасдан, талбайг гишгэж талхалсанаас болж энэ жил 3 га газрын ургац бүрэн алдсан.
Энэ тухай сумын удирдлагуудад мэдэгдэж 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай ****** аймгийн ******* сумын Б*** багийн Засаг дарга, Газрын даамал, Хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн нар ургацын хохирлын хэмжээг сумын дундаж ургацаар тооцон шар манжин 1 га талбайгаас 6.4 тонн ургац авах боломжтой байсан болохыг тогтоосон. Үүнээс үзэхэд 1 кг манжин 700 төгрөг, 1 га талбай 6.4 тонн 4 480 000 төгрөг, 3 га талбай 13 440 000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж байна. Р.М*** энэ тухай удаа дараа мэдэгдэж хохирол төлбөрөө шаардсан боловч элдэв хэл амаар доромжилж сүүлдээ хэрүүл зодоондоо тулахад хүрсэн тул хохирол төлбөрийг шүүхээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Р.М*** гэм хорын хохирол 13 440 000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.М*** 5 дугаар сард нүүж ирсэн айл. Залуу хүмүүс мөн малтай болохоор би энэ хавьд ногоо тарьдаг, тэгэхээр малаа хариулгатай байлгаарай гэж хэлж байсан. 7 дугаар сараас хойш маргаан тасраагүй. Манайх 5.5 га газарт хүнсний ногоо тариалсан. Манай сумын тогтоосон журмаар бол тариалалтын үед малтай айлууд малаа байнгын хаших, хариулгатай байлгах, 04 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10 хүртэл отор нүүдэл хийж байх ёстой. Эхний хураалтаа хийгээд, 3 га газарт тариалсан манжин үлдсэн байсан. Манайх ер нь га-гаас 10-20 тонн ургац авдаг айл. Хашаандаа 2 гүний худагтай услалтын талаар асуудалгүй. Гэхдээ сумын дундаж гээд зохих газраас нь тогтоосон 6.4 тонн ургац алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн манжин тухайн үедээ газар дээрээ 1000с дээш төгрөгөөр зарагдаж байсан. Би хамгийн доод үнэ болох 700 төгрөгөөр тооцсон. Манайх өөрсдийн амьдардаг хашаа байшинтай зэрэгцээд л ургац тариалдаг талбайтай, тэр нь гэрэлтүүлэгтэй. Эдний үхэр шөнө орж ирсэн. Бид гаргах гээд хүчрээгүй. Шөнө зураг авсан, мөн үүрээр зураг аваад, гэр бүлийн хүн маань сумын төв рүү зохих хүмүүст мэдэгдэхээр явсан. Р.М*** 50-60 үхрээ өөрөө ирж тууж аваад явсан. Тэгээд сумаас хүн ирж талбайг хэмжиж үзсэн. Манай хашаа бол сумаас тогтоож өгсөн журмын дагуу хийсэн хашаа гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа :
Иргэн Д.Б*** нь 1 га орчим газар манжин тариалж түүнийгээ хурааж зарчихаад намайг 70-аад үхрээрээ манжин идүүлсэн гэж гүжирдэж байгаад гомдолтой байна. Манайх малын А дансаар 70 үхэргүй, эдний хашаа маш муу 3хан үе тортой зарим газраа 2-хон банзтай, хоорондын зай 6-7 м зэрэг нь Сумын ИТХ-ын журамд ногооны талбай 4-6 үе тортой хоорондын зайн хэмжээ 2-3 метр байх ёстой гэснийг зөрчсөн байгааг зургаар нотолсон болно. Иймд нэхэмжлэл ор үндэсгүй гүтгэлэг, арчаагүй, ажилгүй хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арга гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эдний нэхэмжлээд байгаа мөнгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 3 га газарт манжин тарьсан гэх юм. Эднийхийг огт тариагүй гэхгүй. Гэхдээ тарьсан манжингаа бүрэн хураагаад хот руу ачуулсан талаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. Эднийх өөрсдөө хашаагаа сайжруулж, ургацаа хамгаалах ёстой. Сумын ИТХ-аас тогтооосон журмаар малчид малаа хариулж, хашаалж байх, тариаланчид ногооны талбайг 4 үе тор татаж, хашаалах ёстой. Гэтэл эдний хашаа тун муу. Эдний хажуугаар манай сумын сайн ногоочид бий. Тэд нарын хашаа их сайн байдаг. Мал гаргахаар их хэцүү, байнга хаших болдог. 3 га газрын манжин идлээ гэхэд тал ногоо үлдэнэ биз дээ. Идээд дуусна гэж лав байхгүй, талхлагдсан, гишгэгдсэн хагас хугас нь үлдэх байх. Манай үхрийн хашаа блокооор өрсөн. Манай үхэр ороогүй. Манай үхэр гэдийг яаж мэдэж байгаа юм. Үхэр бүр гарал үүслийн гэрчилгээтэй, им тамгатай байгаа, малын эмч тодорхойлох ёстой. Ер нь манайхан амьдардаг Зөгийн дэнж бол мал ихтэй. Манайх 30-аад үхэртэй. Хашиж байж л саадаг, өглөөгүүр сүүгээ тушаадаг учир. Иймд хүлээн зөвшөөрөхгүй, сумын удирдлагууд тэр өдөр тодорхойлолт хийж өгсөн албан тушаалтнуудын буруу гэдгийг тогтоосон байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б*** нь хариуцагч Р.М*** холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны хооронд манжин тариалсан талбайд Р.М*** үхэр орж манжинг идэж, талбайг гишгэж талхалснаас 3 га газрын ургац алдсаны хохиролд 13 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б*** нь Дархан-Уул аймгийн ******* сумын Б*** багийн Зөгийн дэнж газарт хүнсний ногоо тариалснаас 3 га газарт тариалсан манжингийн талбайд хариуцагч Р.М*** үхэр орж, ургацыг идэж, гишгэн талхалсанаас ургац авах боломжгүй болж хохирол учирсан гэж, хариуцагч Р.М*** манайх 70 орчим үхэргүй, манжин тариалсан талбайд манай үхэр ороогүй, эдний хашаа зохих журмын дагуу баригдаагүй гэж маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б*** нь Дархан Уул аймгийн ******* сумын Зөгийн дэнж гэдэг газар тариалан эрхэлж 2015 оны намар ургац хураан авсан талаар мараангүй байна.
Нэхэмжлэгч Н.Б*** эзэмшлийн Зөгийн дэнжийн манжин тариалсан ургацын талбайд хариуцагч Р.М*** үхэр орж ургацыг идэж, гишгэлсэнээс 3 га газрын ургац хураан авах боломжгүй болсон байна.
Хариуцагч Р.М*** үхэр талбайд орж ирэн, ургац авах боломжгүй болсон талаар нэхэмжлэгч Н.Б*** гэр бүл Ё.Б*** ******* сумын захиргааны зохих албан тушаалтан болох газрын даамал Б.Т***, хөдөө аж ахуйн мэргэжилтэн С.Н*** нарт мэдэгдсэн бөгөөд эдгээр хүмүүс ирж танилцсан болох нь гэрч Ё.Б*** мэдүүлэг, гэрч Б.Т*** ... 2015 оны 10 дугаар сарын 23-ны үед өглөө хэмжилтэнд гарах гээд байж байтал Б*** эхнэр хөдөө аж ахуйн мэргэжилтэн С.Н*** талбайд мал ороод идчихлээ очиж үзэж өгөөч гэж хэлж байсныг хөндлөнгөөс сонссон, тэгээд би ажилдаа ирэхэд Н*** Б*** талбай дээр очоод үзээд ирлээ, манжингийн талбайд ургац алдуулсан байна, хохирлын хэмжээ сумын дундаж ургацаар тодорхойлоод ийм байна гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын 29-нд хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н***, байгаль хамгаалагч Т*** нарын хамт очиж хэмжилт хийн 3 га газарт манжингийн ургац алдсаныг хэмжиж тогтоосон, 828 дугаартай багийн засаг даргын тодохойлолтыг Б*** 3 га талбайн манжингийн ургац алдсан учраас дээрхи тодорхойлолтыг гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч С.Н ...2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 9 цаг өнгөрч байхад Б*** эхнэр ******* сумын тамгын газарт ирж хажуу айлын үхэр дандаа үүрээр орж манжин идэж байна, М*** байнга хэлсэн,ерөөсөө тоогоогүй, тэгээд та нарт ирж хэлж байна гэж амаар хэлсэн. Очоод үзүүлмээр байна гэсний дагуу би ганцаараа очиж үзсэн комиссын гишүүдийн зарим нь байхгүй, зарим нь гадуур ажилтай байсан тул би ганцаараа очсон. Талбайг бүтэн тойрч үзэхэд талбайн манжинг идэж гишгэж талхалсан байгаа зураг үзүүлсэн. Тухайн үед талбай руу үхэр орж ургац алдагдуулсан талаар тодорхойлолт гаргаж өгсөн, ажилд ороод удаагүй байсан болохоор өргөдөл, гомдол Засаг даргаар дамжигдаж цохогдох ёстой байсныг мэдээгүй, иргэний хүсэлтийн дагуу талбай дээр очиж үзэж харсны дагуу тодорхойлолт гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Р.М*** ******* сумын ЗДТГ-ын ажилтнуудыг иргэдийн өргөдөл гомдлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлээгүй, зөрчсөн гэж маргаж байгаа боловч иргэнээс зохих эрх бүхий байгууллагад гомдлоо гаргасан гэдэг нь тогтоогдсон, мөн захиргааны албан тушаалтан тэр үед газар дээр нь очиж үзэж, тодорхойлолт гаргасныг буруутгах боломжгүй, ажил үүргийн хувьд гаргасан зөрчлийх нь талаар хэлэлцэх эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээ болно.
Хариуцагч Р.М*** нэхэмжлэгч Н.Б*** 1 га газар тариад ургацаа хураан аваад борлуулсан энэ талаар гэрчүүд мэдүүлж байгаа гэж маргаж байгаа боловч гэрч Б.С*** ... Б*** 1 га газарт манжин тарьсан нь үнэн ... гэж, гэрч Л.А***... Н.Б*** жаахан газар гэхдээ хэмжээг сайн мэдэхгүй, ихэнхи нь зэрлэг ургасан багахан талбайд манжин тарьсан, ногоорсон юм байсан гэсэн, гэрч И.А*** .. 2015 оны 10 дугаар сард анхны цас орж байсан үе, Б*** эхнэртэй цуг 48 шуудай манжин ачиж ******* сумаас Улаанбаатар хот руу ачиж оруулсан ... гэсэн, гэрч Г.Ж*** .. 2015 оны 08 дугаар сарын дундуур 25 шуудай манжинг Улаанбаатар хот руу тээвэрлэж оруулсан ... гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Н.Б*** хэдэн га газарт ургац тариалсан талаар шууд нотлох эрх бүхий субьект биш, мөн Улаанбатар хот руу тээвэрлэн оруулсан гэх манжинг аль талбайгаас хураан авсаныг шууд нотлоогүй бөгөөд Дархан-Уул аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21 тоотод ... Тус багийн иргэн Н*** овогтой Б*** нь 2015 оны тариалалтын жилд 2 га лууван, 3 га шар манжин тариалсан мэдээ өгсөн болохыг тодорхойлов ... гэсэн байна.
Мөн хариуцагч Р.М*** нь нэхэмжлэгч Н.Б*** 1 га газарт манжин тарьж түүнийгээ хураан авч худалдан борлуулалт хийсэн, мөн га-гаас авах ургацын хэмжээ үнийн талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотолж чадахгүй байна.
Нэхэмжлэгч Н.Б*** эзэмшлийн Зөгийн дэнжийн манжин тариалсан ургацын талбайд хариуцагч Р.М*** үхэр орж ургацыг идэж, гишгэлсэнээс 3 га газрыг ургац хураан авах боломжгүй болсонд нэхэмжлэгч Н.Б*** Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6-д зааснаар өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байдал нөлөөлсөн, хариуцагч Р.М*** нь Дархан-Уул аймаг ******* сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** тоот тогтоолоор батлагдсан журмын 2.2-т заасан ... Хаврын тариалалтаас намрын хураалт дуустал хугацаа буюу 4 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд малаа нэгдсэн хариулагад өгөх, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08/02 тоот Сумын газрын харилцааны нийтлэг журам батлах тухай тогтоолын 3.2,9-д заасан ... малыг өөрийн биеэр хариулах ... гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй малаа сул задгай байлгаснаас бусдын эзэмшил газар буюу ургацын талбайд мал орон будад гэм хор учруулсан буруутай үйлдэл байна гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасны дагуу хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэж хохирлын хэмжээг тал хувиар бууруулан тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б*** өөрт учирсан хохирол буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүднээс 1 кг манжингийн үнийг 700 төгрөг гэж байгаа боловч ******* сумын ЗДТГ-ын эд зүйл үнэлэх комиссын хуралдааны тэмдэглэл, шийдвэрээр 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1 кг шар манжин 500-550 төгрөгөөр борлогдож байсан гэж тогтоосон мөн ******* сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн *** тоотод ... тус сумын 2015 онд 1 га талбайгаас хураан авах ургацын урьдчилсан балансаар шар манжин 1 га 6.5 тонн ... гэснийг үндэслэл болгон 3 гагаас авах ургац /6.4 тонн/ нэхэмжлэгчийн тодорхойлсон 19.2 тонн шар манжин буюу 10 560 000 төгрөгийн 50 хувь болох 5 280 000 төгрөг Р.М*** гаргуулан Н.Б*** олгон 8 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 5 280 000 төгрөгийг хариуцагч Р.М*** гаргуулан нэхэмжлэгч Н.Б*** олгон, 8 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Б*** 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 225 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Р.М*** нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 5 280 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 99 429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б*** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА