| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2018/0458/И |
| Дугаар | 213/МА2019/00013 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 213/МА2019/00013
******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Заг сумын ЗДТГазарт
холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2019/00224 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын нэмэгдсэн төсөв 209.994.168 төгрөгийн хөлс гаргуулахийг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Гын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, хариуцагч Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын тамгын газрын дарга Д.Г, нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай ******* ******* ******* ХХК нь 2008 онд байгуулагдсан. Сүүлийн 7 жилд барилга угсралт барилгын засвар, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь 2016 оны 8 дугаар сард Заг сумын Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөлийн ажлын тендерт оролцож тус ажлыг гүйцэтгэхээр Сумын Засаг даргатай 9 дүгээр сард гэрээ байгуулж 10 дугаар сард ажлыг эхэлж 14 хоног дээврийн буулгалт хийсэн. Хүйтний улирал эхэлж байсан боловч сумын удирдлагуудын зүгээс цас орхоос өмнө дээвэртэй болгох шаардлага тавигдаж яаралтайгаар хүн хүч, техникийн нэмэлт хүч гарган ажиллаж дотор гадар заслаас бусад ажлуудыг 12 дугаар сар гэхэд хийж гүйцэтгэлийн 68% хувьд хүргэсэн боловч тус барилгын ажил хүйтний улирал эхэлсэнээс шалтгаалан түр зогссон. Манай байгууллага нь тус сумын тамгын газрын барилгын өргөтгөлийн ажлыг 68 хувийн гүйцэтгээд байхад мөнгө нь хүрэхгүй өр зээл тавьж ажлаас явуулж байсан. Үүний дагуу дээрх эрх бүхий газрууд хуралдан мэргэжлийн газраар тус барилгын зураг төсөвд Магадлан /эксперт/ хийлгэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Хөрөнгө оруулагч, захиалагч тал болох Заг сумын Засаг даргын тамгын газраас Монгол улсын Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус барилгын зураг төсөвд магадлан хийлгэх хүсэлтийг гаргасан юм. Экспертийн магадлалаар тус барилгын төсвийн үнийн дүн 344.246.709 төгрөг байхаар магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. Гэтэл захиалагч байгуулагаас дээрх үнийн дүнгийн илэрхий зөрүү байсаар байхад зориудаар төсвийн тооцооллыг багасган тооцож, улмаар Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тендерийг 129.791.740 төгрөгөөр тооцон тендер зарласан гэдэг нь сүүлд мэдэгдэж манай байгууллагад их хэмжээний хохирол учирлаа. Энэ хохирлоос болж манай байгууллага их хэмжээний өрийн сүлжээнд өртөж улмаар цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Иймд Барилгын ажлын хохирол болох төсвийн үлдэгдэл үнэ 209.994.168 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай байгууллага нь 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Тендер зарлагдаж уг тендерт бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Тухайн үед цахим хэлбэрээр тендер зарладаг болоод удаагүй байсан юм. Ингээд 2016 оны 08 дугаар сард тендерт манай компани шалгарсан байсан. Манай компани тухайн барилгын ажлыг хийж эхэлсэнээс хойш 2016 онд нийтдээ 136.970.000 төгрөгний зардал орсон. Үүнээс материалын зардал 84.447.000 төгрөгийн зардал орсон. Ажлын хөлсөнд 26.000.000 төгрөгийн ажлын хөлс гарсан байсан. Манайх өр тавиад ажиллаж байна гэдэг талаар хэлсэн. Хууль зүйн хэлтэс дээр 5 газрын нийлсэн хурал болсон. Тухайн хурал дээр Д.Г дарга, ******* даргатай ярьсан байдаг. Тухайн хурал дээр энэ хэдэн төгрөгөнд баригдахаар барилга, зураг төсөл нь үнэн байна уу худлаа байна уу 124.000.000 төгрөгөнд багтахаар байна уу гэдэг талаар хүсэлт явуулахаар болж, Д.Г даргын хүсэлтээр хүсэлт явуулж уг дүгнэлтийн хариу ирсэн. Манай байгууллага холбогдох бүх хүнтэй уулзахад зөвшилцөлд хүрч чадахгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын тамгын газрын дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Заг сумын Засаг даргын тамгын газрын өргөтгөлийн ажлыг сонгон шалгаруулах тендер нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан. Үнэлгээний хорооны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Сумын засаг даргын тамгын газар гэрээ байгуулан ажлаа гүйцэтгэж эхэлсэн. Дээрх хугацаанд нийт санхүүжилт 124.252.541 төгрөг байснаас 120.600.000 төгрөгийг нь гүйцэтгэгч талд өгсөн байгаа , үлдэгдэл 36.525.41 төгрөг байна. Зураг төсөв тооцооллын хувьд санаатай илүү тооцсон зүйл байхгүй. ******* ******* ******* ХХК тендерт орохдоо өөрсдөө тооцооллоо нарийн хийж орох ёстой, хийж чадна гэж орж ажил авчихаад гүйцэтгэлгүй 2 жил гаруй манай байгууллагыг хохироож байна. Ажил гүйцэтгүүлэх талаар манай байгууллага шүүхэд хандан албадан гүйцэтгүүлэх шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 11-нд гаргуулсан. Тендерт шалгарч гэрээ байгуулсан тул 2018 оны 8 дугаар сард багтаан ажпаа гүйцэтгүүлэх шаардлагатай байна. Манай байгууллага өгөх ёстой мөнгөө өгсөн , нэмж төсөв мөнгө өгөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын тамгын газрын дарга Д.Г анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Заг сумын Засаг даргын тамгын газар нь ахмадын өрөөний өргөтгөл хийлгэхээр зураг төслийг хийлгэсэн. Энэ зураг төслийг Баянхонгор аймагт байдаг Цэсда гэдэг компаниар хийлгэсэн. Үүний дагуу Заг сумын тамгын газрын засвар, ахмадын өргөөний өргөтгөлийг бүрэн хийлгэх талаар Баянхонгор аймгаас мөнгийг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт тавьж байсан. Зураг төслийг үндэслээд Баянхонгор аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас энэ мөнгө нь гарч, шийдэгдсэн төсөв нь 129.000.000 төгрөг байсан. ******* ******* ******* ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 05 ны өдөр 124.000.000 төгрөгөөр тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж гэрээнд зааснаар ажлын гүйцэтгэлээс хамаарч 65, 25 хувиар тооцож олгоно. Ажил гүйцэтгэсний дараагаар 10 хувийг олгоно гэж заасан байдаг. Гэтэл манайх ажлын гүйцэтгэл 65 хувьтай байхад нь төсвийн 90 хувийг олгосон байсан.
Орон нутгийн хөгжлийн сангаас манайд 124.000.000 сая төгрөг өгсөн. Манай байгууллагаас 209.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэтэл манай тамгын газрын жилийн төсөв 200.000.000 гардаг төгрөг байдаг. Өөр орон нутгийн хөгжлийн сан ямар нэгэн сан байдаггүй. Уг компаниас манай төлсөн мөнгөнөөс илүү зардал мөнгө гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас Ажил гүйцэтгэх гэрээний дагуу, гүйцэтгэсэн ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой 209 994 168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.208.000 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1.208.000 төгрөг, шүүхийн зардал /шинжээчийн ажлын хөлс/ 2.860.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын тамгын газрын дарга Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Ийнхүү тендер сонгон шалгаруулалт зарлаж 1 компани санал ирүүлсэн бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн буюу маргаан бүхий Засаг даргын тамгын газрын барилгын өргөтгөлийн ажлыг 124.252.541 төгрөгт багтаан гүйцэтгэнэ гэсэн “******* ******* *******" ХХК-н ирүүлсэн саналыг хүлээн авч тухайн компанийг ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах үндэслэлтэй гэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн гэрээ байгуулсан юм.
Тендер сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой асуудал нь өөрөө захиргааны эрх зүйгээр зохицуулагддаг бол тендер сонгон шалгаруулах ажиллагаа зарлах, тухайн ажиллагаанд оролцох тухай сонирхогч этгээдийн санал ирүүлэх явц нь Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулагдах асуудалд хамаардаг. Нөгөө талаар Заг сумын Засаг даргын тамгын газраас үндэслэлгүй бага үнэ тогтоож тендер сонгон шалгаруулалт явуулсан гэж нэхэмжлэгч буруутгадаг боловч тендерийн санал ирүүлэхдээ ажлын цар хүрээ, үнэлгээг тооцоолж үзэх өөрсдийн үүргээ биелүүлэлгүй тендер сонгон шалгаруулалтаар тогтоож өгсөн үнээс 5.000.000 төгрөгөөр бага үнэ санал болгосон байдаг. Заг сумын Засаг даргын тамгын газраас “******* ******* *******” ХХК-г тус ажлыг заавал гүйцэтгэ гэж тулгаж шаардсан зүйл байхгүй бөгөөд талууд гэрээний чөлөөт байдлын зарчимд тулгуурлан гэрээ байгуулсан гэдгийн шүүх анхаарч үзэлгүй бүх бурууг Заг сумын Засаг даргын тамгын газарт хамааруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.
Хэрэв шүүх маргааныг гэрээний чөлөөт байдал талуудын харилцан тохиролцсон нь ажил гүйцэтгэгчид хохиролтой гэж үзсэн тохиолдолд дараах нөхцөлийг зайлшгүй харгалзан үзсэний үндсэн дээр хэргийн шийдвэрлэх бстой байсан байна. Маргаан бүхий барилгын гүйцэтгэлийн явц нь одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд уг 70 хувийн гүйцэтгэлийг 125.190.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба дээрх гүйцэтгэлийн дагуу үлдэгдэл 30 хувийн ажлыг 54 орчим сая төгрөгөөр гүйцэтгэх буюу нийт ажлыг 179 сая төгрөгт багтаан гүйцэтгэх боломжтой байна. Гэтэл шүүхийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш 2 жил дараа гаргасан дүгнэлтэд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Монгол Улсын Иргэний хуульд заасан шүүхийн шийдөэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй учир уг шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймаг дахь ******* ******* ******* ХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу төсвийн үлдэгдэл үнэ 209.994.168 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газар нь Засаг даргын тамгын газрын конторийн барилгыг өргөтгөх зорилгоор Ахмадын өргөөний өргөтгөл нэртэйгээр ******* ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. /хх-ийн 14-17, 66-69 дүгээр тал/
Нэг талаас буюу захиалагч талаас Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газар, нөгөө талаас буюу ажил гүйцэтгэгч талаас Баянхонгор аймаг дахь ******* ******* ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгууллагджээ.
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газар нь Ахмадын өргөөний өргөтгөл нэртэйгээр тамгын газрын конторын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлсэн, нэр нь өөр нэрээр гэрээ байгууллагдсан байгааг дурьдах нь зүйтэй байна.
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын конторын барилгын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 129.791.740 төгрөгөөр батлагдсан болох нь 2016 онд Барилгын зураг төсөвийн ЦЭСДА ЗБН-аас гаргасан тайлан, барилгын зураг схем зэргээр /хх-ийн 73-78, 183-201 дүгээр тал/ нотлогдож байна.
Ажил гүйцэтгэгч тал буюу ******* ******* ******* ХХК нь Засаг даргын тамгын газрын өргөтгөлийн ажлыг 68 хувьтай гүйцэтгэж байхад 170-180 орчим сая төгрөгийг тус барилгад зарцуулсан байгаагаас харахад тухайн конторын барилгын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэхэд нийт төсөвлөсөн мөнгө нь хүрэлцэхгүй болох нь барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад тогтоогджээ. Иймд ******* ******* ******* ХХК нь ажлаа зогсоосон бөгөөд талуудын хооронд маргаан үүссэн байна.
Ажил гүйцэтгүүлэгч тал буюу Заг сумын засаг даргын тамгын газар нь 125.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн гэж тайлбарладаг бол ажил гүйцэтгэгч тал буюу ******* ******* ******* ХХК нь манайх зарим ажлуудыг өр зээл тавьж байгаад хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгааг анхаарч үзэх үндэстэй байна.
Гүйцэтгэгч тал нь барилгын ажлын зураг төсөв буруу тооцоологдсон, хууль зөрчсөн, зураг төсөл баталгаажаагүй шалтгааны улмаас хөлс, санхүүжилтээ нэмүүлэх талаар 2017 оны 4 дүгээр сард тус сумын Засаг дарга, гэрээний нөгөө талтай уулзаж мэдэгдсэн байдаг бөгөө талууд уулзаж, ярилцан Барилга хот байгуулалтын яамд хүсэлт хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтож, улмаар захиалагч талын хүсэлтээр Барилга хот байгуулалтын яам Барилга хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн Магадлалын ерөнхий дүгнэлт 2017 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 975 дугаар дүгнэлт гарсан байна.
Захиалагч тал ч гэсэн төсөв нэмэгдсэн, анхны төсөв тооцоолол буруу хийгдсэн зэрэг нөхцөл байдлыг мэдсэн атлаа гэрээг цуцлах тухай асуудлыг хөндөөгүй байгаа боловч холбогдох байгууллагад төсвийн тооцоолол хийлгэх хүсэлт хүргүүлж дүгнэлт гаргуулсан зэрэг нь захиалагч тал төсөв нэмэгдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч ойлгож байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна.
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газраас Барилга хот байгуулалтын яам барилга хөгжлийн төвд гаргасан хүсэлтэндээ “…Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын ахмадын өргөөний өргөтгөлийн ажилд төсвийн зөрүү гарч байгаа тул төсвийн магадлал хийж өгнө үү..” гэсэн /хх-ийн 38 дугаар тал/ Заг сумын засаг даргын тамгын газрын дарга Д.Гын албан бичиг хүргүүлжээ.
Барилга хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтэнд “…Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын конторын барилга 24.0 м х 19.0 м хэмжээтэй 2 давхар, хуучин барилгын дээвэр хучилт буулгаж, 425 м2 фасад хийхэд барилгын ажлын нийт өртөг нь 36.022.690 төгрөг, 24.0 м х 19.0 м хэмжээтэй нэг давхар өргөтгөлийн барилга хийхэд нийт өртөг нь 308.224.019 төгрөг бөгөөд тухайн барилгын өргөтгөлийн нийт төсөвт өртөг нь 334.246.709 төгрөг байна..” гэж нийт төсөвт өртөгийг тооцоог гаргажээ.
Мөн мэргэшсэн төсөвчин Ц.Тээс 2017 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын конторын барилгын өргөтгөлийн тооцоог гаргахдаа /хх-ийн 148-180 дугаар тал/ нийт төсөвт өртөг нь 344.246.709 төгрөг байна гэж гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасаны дагуу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02794 дүгээр шүүгчийн захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон байна.
Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан Шинжээчдийн дүгнэлтэнд /2 дугаар хх-ийн 37-93 дугаар тал/ “… Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын өргөтгөлийн барилга, засварын ажлыг хийж гүйцэтгэхэд нийт хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай бэ гэсэн асуултанд хариулахдаа Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын өргөтгөлийн барилга, засварын ажлыг хийж гүйцэтгэхэд 337.635.282 төгрөгийн зардал гарна гэж хариулжээ. Мөн анх батлагдсан 129.791.740 төгрөгийн төсөв нь захиалагч тал тухайн жилийнхээ тавигдсан хөрөнгөнд захирагдаж хийсэн гэрээ байна. Энэ төсөв нь хүрэлцээтэй биш гэдэг нь тодорхой байна. Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зураг төслийн мадагдлалын ерөнхий дүгнэлтэнд 344.6 сая төгрөгийг төсөвт өртөгийн дүн гарсан нь үндэслэлтэй байна…” гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн шинжээчийн дүгнэлтэнд захиалагч тал буюу Заг сумын засаг даргын тамгын газар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-т заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх заалтыг зөрчиж, магадлал хийгээгүй зураг төслөөр барилгыг эхлүүлсэн, Барилгын ажил эхэлсэнээс хойш 1 жил гаруй хугацааны дараа дүгнэлт гаргуулсан зэргээр Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж, захиалагч тал үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн байгаа нь захиалагч тал хууль зөрчсөн, барилгын тухай хуульд заасан нөхцөлүүдийг хангах ёстой байтал хангаагүй, барилгын төсвийг тооцоолоогүй, мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгээгүй, анхнаасаа тооцоо үндэслэл муутай эхлүүлсэн болох нь тогтоогджээ.
Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын тамгын газрын өргөтгөлийн барилга, засварын ажлыг хийж гүйцэтгэхэд нийт төсөвт өртөг нь анх батлагдсан 129.791.740 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжгүй, харин нийт төсөвт өртөг нь 337.635.282 төгрөгөөр тухайн ажлыг хийж гүйцэтгэх үндэслэлтэй болох нь Барилга хот байгуулалтын яам Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч тал буюу Заг сумын засаг даргын тамгын газар нь шинжээчийн дүгнэлтээр гарсан нийт төсвийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүх Заг сумын засаг даргын тамгын газрын конторын барилгыг хийж гүйцэтгэх нийт төсөв нь 337.635.282 төгрөг гэж үзээд үүнээс захиалагч талд шилжүүлсэн 125.190.000 төгрөгийг хасаад зөрүү нь 212.445.282 төгрөгийг гаргуулах үндэстэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 209.994.168 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 131/ШЗ2017/00864 дүгээр захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталсан захирамж байх боловч тухайн захирамж нь энэ маргаантай холбоогүй тусдаа барилгын ажлыг хурдан хийж гүйцэтгүүлэх тал дээр талууд эвлэрсэн, барилгын төсөв, өртөг зардал дээр эвлэрээгүй, барилгын төсвийн талаар шийдвэрлээгүй байна.
Харин нэхэмжлэгч талаас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж 600.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд тушаасан нь буруу байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас гаргуулж төрийн сангийн дансанд оруулах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж Засаг даргын тамгын газрын дарга Д.Гын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2019/00224 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан..” гэсний дараа “…Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Голомт банк дахь 1405103051 тоот данснаас 600.000 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100030000957 тоот дансанд оруулж…” гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Г.УЛАМБАЯР