| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0292/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2017-06-21 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Х.Дашням,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Т.Бэлгүүдэй, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Түмэндэлгэрийн Бэлгүүдэйд холбогдох 201726010704 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хотхоны 4-694 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Түмэндэлгэрийн Бэлгүүдэй /РД:ЕЙ96050505/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Бэлгүүдэй нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гаднах талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн А.Нямзаяаг автомашинаа хурдан холдуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, түүний эзэмшлийн 41-53 УНС улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь, зүүн хойд талын хаалга зэргийг өшиглөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Т.Бэлгүүдэй нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гаднах талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн А.Нямзаяаг автомашинаа хурдан холдуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, түүний эзэмшлийн 41-53 УНС улсын дугаартай Тоёота Витз маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь, зүүн хойд талын хаалга зэргийг өшиглөн гэмтэл учруулах зэргээр догшин авирлаж танхайрсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан А.Нямзаяагийн өргөдөл /хх-ийн 4 х/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10 х/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 11 х/
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 х/
Хохирогч А.Нямзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд өөдөөс Соната-7 маркийн машин ирээд тулаад зогссон байсан. Би машин руугаа явж байхад Соната-7 маркийн машинд байсан эмэгтэй нь “хурдан машинаа гаргаач авгай минь” гэж над руу орилсон. Миний машин гаднаасаа буруу талын хаалга нь онгойдог. Тэгээд би машины буруу талын хаалгыг нь онгойлгож дотроос нь жолооч талын буюу баруун талын хаалгаа онгойлгосон. Би машиндаа суугаад ухрах гэтэл Соната-7 маркийн машины эрэгтэй жолооч хуруугаа гозойлгохоор нь би сандраад асаалттай байсан машинаа унтраасан. Миний машин механик кроптой машин би сандраад консоо огцом авсан чинь машин унтарсан. Би машинаа дахин асаах гэтэл нөхөр нь буугаад цонхон дээр ирээд хурдан зайлаач авгай минь, зайлаач юу юу гэлээ элдвээр хэлж загнаад буцаж явсан. Тэгэхээр нь би “чи хүн ухрахын завдалгүй юундаа гар хуруугаа гозойлгоод байгаа юм” гэж би хэлсэн. Тэгээд тэр залууг машиндаа сууж амжаагүй байхад нь эхнэр нь гарч ирээд миний машины зүүн талын хаалгыг онгойлгоод “чи муу хурдан зайлаач, хүн яараад байна” гээд хөлөө оруулж ирээд миний зүүн мөр рүү тулж өшиглөсөн. Тэгээд тэр эмэгтэй хаалга тас саваад хаахаар нь би машинаасаа бууж очоод “хүн ухрахын хооронд чи хүн өшиглөөд яаж байгаа юм” гэж хэлэхэд өөдөөс түлхээд “хуцаад байлгүй хурдан зайл авгай минь” гэж хэлээд 2-3 удаа түлхснээ намайг заамдаад авсан. Намайг заамдаад чирэхээр нь буцаагаад заамдалцаад миний үснээс зулгаах гээд дайраад байсан. Тэгээд бид хоёр барьцалдаж авч явж байгаад машинуудын хооронд ороод тэр эмэгтэй намайг үсдээд авсан. Би зөрүүлээд үсдэлцээд хоёулаа тонгойж байсан чинь нөхөр нь ирээд дундуур орж ирээд намайг түлхэж унагасан. Нөхөр нь салгах гэж байгаа нь энэ гээд намайг түлхэж унагасан. Тэгтэл эхнэр нь намайг далимдуулаад үсдээд миний хөл гар луу өшиглөсөн. Би “та хоёр хүн нийлээд алах нь уу” гэж хэлсэн чинь нөхөр нь “чи эхлээд наад үсийг нь тавь” гэж хэлсэн. Би үсийг нь тавьтал тэр эрэгтэй эхнэрээ түлхэж холдуулсан. Эхнэр нь уурандаа миний машины хойд талын хаалгыг өшиглөөд тэгснээ дахиад зүүн талын урд талын толийг өшиглөж хугалаад цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь чи яагаад хүний машин өшиглөж байгаа юм гээд очиход нөхөр нь намайг барьж аваад цаашаа явуулаагүй. Миний машины толь хугархай байгаагүй, хэрэв хугархай байсан бол тэр эмэгтэй миний машины хаалгыг онгойлгоод намайг өшиглөөд дараа нь хаалгыг маш хүчтэй хаасан хэрэв хугархай байсан бол машины толь санжиганаад унана байлгүй. Миний машины толь зүгээр байсан. Тэр хүмүүсийг явсны дараа машины толио наалдан пад, хөөрөгний цавуу зэргээр наах гээд тогтохгүй болохоор нь скочдож тогтоосон. Би зодуулсныхаа дараа эм уусан, дусал хийлгэсэн, нотлох баримтуудаа гаргаж өгнө. Миний толгой ер нь дүйнгэ, янгинаад амархан өвддөг болсон байна лээ. Машинаа засуулахад гарах зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 х/
Гэрч Б.Бямбарагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2017 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гарч яваад машинаа асаагаад хөдөлсөн чинь яг замд баруун гар талд Приус-20 машин, зүүн гар талд Тоёота Витз машин зам таглаж зогссон байсан. Тэгж байтал Тоёота Витз машины эмэгтэй гарч ирсэн. Машиныхаа зүүн талаар толио янзалж тогтоогоод зүүн хаалгаараа орж жолооч талын хаалгаа онгойлгосон. Тэгээд буцаж гарч ирээд машиныхаа араар тойроод жолооныхоо ард суусан. Тэгээд хөдөлчих байх гэж бодоод би жоохон тулаад зогссон. Тэгтэл тэр эгч нүүрээ толиндоо янзлаад байсан. Би гараараа дохисон чинь тэр эгч амандаа үглээд байсан. Би машинаасаа бууж очоод “эгчээ хойшоо ухраад өгчихөөч ээ” гэж хэлсэн. Тэгээд би машин руугаа явтал манай эхнэр уурлаж гарч ирээд “та чинь ямар сонин юм бэ” гээд хаалгыг нь онгойлгоод хөлөөрөө жийж өшиглөж байгаа харагдсан, тэр эгч машинаасаа бууж ирээд тэр хоёр машины ард бие биенийгээ үсдэлцээд 2 машины голд орсон. Тэгээд би хоёуланг нь салгах гэж очоод дундуур нь орсон. Тэр хооронд тэр хоёр бие биенийгээ үсдэлцээд зэрэгцээд хөнгөн газар унасан. Тэгээд би салгаад эхнэрийгээ машиндаа суу гэж хэлээд явуулсан. Манай эхнэр Тоёота Витз машины зүүн хойд талын хаалгыг өшиглөсөн. Тэгээд би эхнэрийгээ “чи тэнэг юм уу” гээд цааш нь түлхсэн. Тэр хооронд манай эхнэр машин руу хий өшиглөсөн, Бэлгүүдэй ямар ч байсан эхлээд Тоёота Витз машины зүүн хойд хаалгыг өшиглөсөн, тэр хэсэгт нь жоохон хонхойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 х/
Автомашин техникийн эврэл, хохирлын үнэлгээний тайлан:
- Зүүн толь 50.000,
- Зүүн хойд хаалга 15.000, шууд зардал 65.000,
- Эд анги солих зардал 5.000, шууд бус зардал 5.000
- Урд гуфер өнгөлгөө 20.000 /хх-ийн 30, 34 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2387 тоот дүгнэлтэд:
а/ Шинжилгээнд ирүүлсэн 41-53 УНС улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашины:
- Урд бамбай 40х20см, 30х28см, баруун урд хаалга 92 см, хойд бамбай 20х18см хатуу зүйлтэй харилцан шүргэлцэх үед гарсан зурагдсан гэмтлүүд байна.
- Зүүн хойд хаалганд 10см хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан цуурсан гэмтэл байна.
- Баруун урд хаалга 7х2см, хойд бамбай 10х20см, зүүн хойд хаалга 12х20см, 40х5см хатуу зүйлтэй харилцан үйлчлэх гарсан хонхойсон гэмтлүүд байна.
- Хойд бамбай 35х15см, зүүн хойд хаалга 44х6см хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед будаг халцарч, хонхойсон хуучин гэмтлүүд байна.
- Хойд бамбайн 18х65см, зүүн хажуугийн толь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед гарсан цуурч хагарсан гэмтлүүд байна.
б/ Шинжилгээнд ирүүлсэн 41-53 УНС улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин зүүн хажуугийн толь, зүүн хаалганд гарсан гэмтлүүд нь автомашины гэмтэлд орно.
в/ Шинжилгээнд ирүүлсэн 41-53 УНС улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин зүүн хажуугийн толь, зүүн хагалгаанд гарсан гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2017.3.29-ний өдөр гарсан эсэхийг криминалистикийн шинжилгээний арга, аргачлалаар тогтоох боломжгүй. /хх-ийн 43 х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 53 тоот дүгнэлтэд:
а/ А.Нямзаяагийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. г/ Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 53 х/
Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх бичсэн зулгаралтаас бусад буюу биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл түүнээс үүссэн бүтэц, үйл ажиллагааны алдагдал нь эрүүл мэндийг түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар сарниулахыг хэлнэ. Тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, унах, ойчих болон үснээс зулгаах гэх мэт үйлчлэлээр үүсгэгдэж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55х/
Шүүгдэгч Т.Бэлгүүдэйгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 29-ний 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хотхоны авто зогсоол дээр 16-88 УНП улсын дугаартай Соната-7 маркийн нөхрийнхөө автомашинд суух гэтэл нөхрийн машины урд хоёр жижиг суудлын тэрэг таглаж зогссон байсан. Тоёота Витз, Приус-20 маркийн автомашинууд байсан. Приус-20 маркийн автомашины дугаар луу залгаж “машинаа холдуулаач ээ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Витз машины жолооч гарч ирсэн. Машиныхаа цонхыг онгойлгоод “эгчээ машинаа холдуулаач” гэж хэлсэн тэр эгч тоохгүй жолоочийн эсрэг талын толин дээр очоод унжсан байсан толио тэлж янзалсан. Жолоочийн эсрэг талын хаалган дээр очиж жолоочийн хаалганы түгжээг тайлсан буцаж гараад суусан. Тэр эгч машиндаа суугаад толиндоо үсээ янзалж олон юм амандаа үглэсэн. Манай нөхөр машинаасаа бууж очоод “машинаа холдуулаач ээ” гэсэн чинь тоогоогүй. Би машинаасаа бууж очоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож тэр эгчийн зүүн талын гаран дээр хөлөөрөө цохисон. Тэр эгч машинаасаа бууж ирээд намайг үсдсэн. Би бас адилхан үсдэлцсэн. Тухайн үед би унаад босч ирэхэд тэр эгч намайг дахиад үсдэх үед манай нөхөр намайг салгасан. Гэтэл манай нөхрийн фудболкийг урж хаясан. Энэ үедээ миний шилбэ , гуя хэсэгт тэр эмэгтэй хоёр удаа өшиглөсөн. Тэгээд зодоон салсан би жолоочийн эсрэг талын арын хаалганд нэг удаа өшиглөсөн. Манай нөхөр намайг болиоч ээ гээд түлхсэн. Үүний дараа нөхөр бид хоёр машиндаа суухад тэр эмэгтэй манай машиныг хоёр удаа өшиглөсөн. Чам шиг үнэтэй гичий гэж байхгүй, хар гичий минь, янхан минь гээд хэл амаар доромжилсон. Тэгээд нөхөр бид хоёр яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66, 67, 68-69 х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Бэлгүүдэйгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж болно.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бэлгүүдэйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Бэлгүүдэйг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч Т.Бэлгүүдэй нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 х/-аар тогтоогдож байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч А.Нямзаяа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эмчилгээний зардал гэж 490.850 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн /хх-ийн 21 х/ байх боловч зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Гэвч шүүгдэгч Т.Бэлгүүдэй нь хохирогчид 525.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь мөнгө хүлээлгэн өгсөн, авсан баримт /хх-ийн 102 х/-аар тогтоогдсон төдийгүй талууд хохирлын талаар ямар нэгэн маргаангүй байх тул Т.Бэлгүүдэйг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Бэлгүүдэй нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал /4 настай, 8 сартай 2 хүүхэдтэй/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бэлгүүдэйгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Түмэндэлгэрийн Бэлгүүдэйг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэлгүүдэйг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бэлгүүдэйгийн эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Т.Бэлгүүдэйд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Бэлгүүдэйд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бэлгүүдэйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ