Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

 

 

 

 

 

 

 

Ц /T/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Ерөнхий прокурор Д.Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Б /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц /T/-д холбогдох, эрүүгийн 2120000000088 дугаартай, 1 хавтас, 210 хуудас бүхий эрүүгийн хэргийг ерөнхий прокурор Д.Э-ын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Улаан хад аймгийн Байран баруун хошууны Даабан Балгасын Царстай гацаанд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах нарын хамт БНХАУ-ын Өвөр Монголын Улаан хад аймгийн Байран баруун хошууны Даабан Балгасын Царстай гацаанд оршин суух хаягтай боловч одоогоор Баянгол дүүргийн * дугаар хороо, Амины орон сууц **-* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц /T/-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц /T/ нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн зүүн талаар боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц /T/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц /T/-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц /T/ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ц /T/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул дээрээ browing гэх бичиглэл бүхий модон оруулгатай эвхэгддэг хутга 1 ширхэг, Baigish 8*30-09639 гэх бичиглэл бүхий нүдний дуран ширхэг, ногоон эрээн өнгө бүхий өнгөлөн далдлалтын хувцас /малгай, цамц, өмд, уут/ 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц /T/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ерөнхий прокурор Д.Э эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван есдүгээр бүлэгт заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг хуульчилсан ба Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үр дагавар, эрсдэлийг үнэлж, дүгнээгүй, Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах үйл ажиллагаанд сөрөг үр дагавар бий болох шийдвэр болжээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц /T/ нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхийг урьдаас төлөвлөж, тусгайлан бэлтгэсэн өнгөлөн далдлах хувцас өмсөж, хутга, нүдний дуран зэргийг бэлтгэж, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтууд болох эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч О.Б, Л.Т, Г.Т, О.П, Ө.А нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Гэтэл шүүгдэгч Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийлгүй, урьдаас төлөвлөж үйлдсэн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэсэн байна. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц /T/ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад оршин суух виз, зөвшөөрөлгүй, Монгол Улсад байнгын болон түр оршин суух тодорхой хаяг байхгүй, гадаад улсын иргэнийг нотлох болон албан ёсны бичиг баримтгүй байхад гэрч О.Б-ийн мэдүүлэгт үндэслэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь “... гэмт хэрэг үйлдсэн хүн... цээрлүүлэх... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл дээр Ц тодорхой оршин суух хаяггүй, гадаадын иргэн гэж байна. Баянгол дүүргийн 7 дугаар хороо амины орон сууц 39-01 тоотод О.Б-тай хамтран амьдардаг. О.Б-тай хамтран амьдарч байгаад нутаг яваад ковид гээд хил хаагдаад ирж амжаагүй байгаа. Миний хувьд прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 1, 3 дугаар зүйлд шударга ёсны зарчим гэж байдаг. Гэмт хэрэгт тооцож ял оногдуулахдаа арьсны өнгө, яс хүйс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаа, боловсролын  зэргийг ялгаварлан гадуурхахгүйгээр ял шийтгэл оногдуулахаар заасан байдаг. Монгол улс нь 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагад нэгдээд 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан бүх нийтээр дагаж мөрдөх хүний эрхийн түгээмэл тунхаглалд монгол улс нэгдэн орсон. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйлд хүн бүр төрхөөсөө эхлэн эрх чөлөө, нэр, төр эрхийн хувьд эрх тэгш байна гэж заасан. 2 дугаар заалт дээр арьсны өнгө, хүйс, улс төр, нийгмийн гарал, эд хөрөнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн заалт  байна. Мөн 7 дугаар хэсэг дээр хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрх эдлэх бөгөөд хуулиар хамгаалуулах эрхтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон орон бүр дагаж мөрдөх үүрэгтэй. 8, 10 дугаар зүйлүүдэд хүн бүр тулгасан аливаа эрүүгийн болон эрх үүргийн асуудлаар хараат бус нээлттэй шударгаар шүүлгэх хэрэгтэй. Прокурортой ял тохирсон байдал нь нийцэхгүй гэж байна. Прокурорын байгууллагын тухай хуульд 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрх, эрх чөлөө, бүх нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж заасан байдаг. Мөн прокурорын тухай хуульд хүний эрх, эрх чөлөө нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчилдөхөөс сэргийлсэн байна. Ц нь Өвөрмонгол хүн. Монгол хүнтэй адил монгол хэлээр сайн ярьдаг. Эрхийнхээ хүрээнд шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх журмаар шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хуулийн өмнө эрх тэгш байна гэж Эрүүгийн хуульд заасан учир оногдуулсан ял нь хуулиас гадуур ял оногдуулаагүй. Ц нь монгол улсын хилээр орж ирээд өөрөө хэргээ хүлээгээд очсон. Прокурор зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон. Шүүх үүнийг хууль зөрчөөгүй учраас үндэслэлтэй ял оногдуулсан гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүй шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны 2021/ШЦТ/74 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

            Учир нь: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Э-аас гаргасан эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн үндэслэлүүдэд хязгаарлагдалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал шүүгдэгч БНХАУ-ын иргэн T /Ц/ нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр буюу хилийн 811 дүгээр тэмдэгтийн зүүн талаар боомт бус газраар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн тул прокуророос түүнийг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

 

            Ингэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Э.Б-аас “ ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгосон, оногдуулж болох ялыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж хэргийг хурдан шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, Нийслэлийн Баянгол дүүргийн *-р хорооны засаг даргын “...О-ийн Б АОС-**-* тоотод түр оршин суудаг” гэсэн тодорхойлолтыг хавсаргаж өгсний дагуу прокуророос 2021 оны 10 дугаар сарын 05-ны 5/46 тоот  “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 158/ гаргаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, хоёр жил Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтайгаар Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

           Замын-Үүд дэх Сум дундын шүүх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээж аваад 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  шүүгдэгч БНХАУ-ын иргэн T / Ц /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хоёр жилийн хугацаагаар  хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.  Үүнд:                                        

          

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэг буюу яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “ ...яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тодорхой бичихээр заасан.

 

           Гэтэл прокурор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “...Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол” гэсэн шинжүүдийн аль үндэслэлээр яллах гэж байгаагаа “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” , “Яллах дүгнэлт” зэрэгт тус тус тодорхойлоогүй.

 

           Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар шүүгдэгчийг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэж үзсэн.

 

           Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйл буюу “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан буюу үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг.

 

Гэтэл прокурор уг зарчимд нийцээгүй буюу гадаад улсын иргэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн байхад түүнд хоёр жилийн хугацаанд Монгол Улсаас гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах буюу  хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохироогүй ялыг прокуророос санал болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

 

“Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг дан ганц гадаад улсын иргэн үйлдсэн байхыг ойлгохгүй ба Монгол улсын иргэн ч мөн үйлдэх боломжтой гэмт хэрэг.

 

            Шүүгдэгч T /Ц/ Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхээр зориуд урьдчилан бэлтгэж үйлдсэн нь болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ ...интернэтээс өнгөлөн далдлалтын хувцас захиалж авсан, ...Эрээний зээлээс 1 нүдний дуран худалдаж авсан,  ...өндөр барилга дээр гарч дурангаараа газар орны байдлыг харж, хаагуур гарвал боломжтой талаар судалсан. ...Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 19 цагийн орчимд Эрээнээс гарч ...шөнийн 2, 3 цагийн үед Хятадын хилийг давсан. ...өнгөлөн далдлалтын хувцсаа өмссөн,  ...ойролцоогоор 4-5 тор давсан, ...шөнийн 4-5 цагийн үед ядраад хээр унтсан, тэгээд тэр газраа өдөр өнгөртөл хэвтээд харанхуй болгосон, бүрэнхий болохоор нь босоод хойшоо зүглээд нэг торны доогуур шургаад гарсан.  ...тэгээд 09 дүгээр сарын 22-ны 10 цагийн үед өнгөлөн далдлалтын хувцсаа тайлсан  ...олон цэргүүд явж байхыг хараад намайг хайж байгаа юм байна гэдгийг мэдээд “Би та нарын хайж байгаа хүн байнаа“ гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлдэг ба эд мөрийн баримтууд, хилийн цэргийн алба хаагч О.П, Г.Т зэрэг гэрчүүдийн мэдүүлгүүдээр тус тус батлагдан тогтоогдсон байна.

 

            Гэтэл анхан шатны шүүх түүнийг  “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон” нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

 

            Мөн шүүгдэгчийн зүгээс О.Б гэх хүний оршин суугаа хаягийн тодорхойлолтыг прокурорын шатанд буюу хэргийг шүүхэд шилжүүлэх үед хүлээлгэн өгсөн баримтыг шүүх үнэлж “ ...шүүгдэгч T /Ц/ нь Монгол Улсын иргэн О-ийн Б-тай хамтран амьдарна гэх бөгөөд О.Б нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн *-р хороо, Амины орон сууц **-* тоотод оршин суудаг болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн *-р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд шүүх шүүгдэгчид ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчтай тохирсон ял болох ...зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь шүүхээс оногдуулсан ял нь Шударга ёсны зарчим болон Эрүүгийн хариуцлагын зорилго, ял оногдуулах нийтлэг зарчим, түүний үр нөлөө зэрэгт тус тус нийцээгүй байна.

 

           Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд бий болсон байна.

 

            Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Энхбаяраас гаргасан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, ерөнхий прокурор Д.Э-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц /T/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                           

                                                                                                  А.САЙНТӨГС