Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Даваахүү,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Н.Г, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нгийн Г, Дгийн Г нарт холбогдох эрүүгийн 2638000000023 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г овгийн овогт Нгийн Г,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Дгийн Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г, Н.Г нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын нутаг дэвсгэрт байх ***** баарны гадна ***** загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо унтаж байсан хохирогч Б.Ныг “машинаас буу пизда минь” гэж хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж, мөн уг автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо урд куперийг гэмтээж, хохирогч Б.Нд 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г, Н.Г нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн ***** сумын нутаг дэвсгэрт байх ***** баарны гадна ***** загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо унтаж байсан хохирогч Б.Ныг “машинаас буу пизда минь” гэж хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Шүүгдэгч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*** бааранд ороод 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво Г бид хоёр хувааж уусан. Тэгээд би тасарсан юм шиг байна лээ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Нэг машин ***** нэртэй баарны үүдэнд асаалттай байхаар нь хаалгыг нь онгойлготол нэг хүн унтаж байсан. Би тухайн хүнд  буу миний машин гэсэн машинаас буугаад явсан...Тэгэхээр нь би машины жолоодох хэсэг дээр суугаад хөдлөөд явсан...Г арын суудал дээр суугаад явсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх  мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр **** аймгийн **** сумын ***** баг ****** гэх газраас өөрийн гэрээсээ гараад Хөвсгөл аймгийн ***** суманд хүнтэй уулзах гэж 12 дугаар сарын 18-ны 20 цагийн үед ирсэн ирээд нөгөө хүнтэйгээ уулзаад ***** суманд үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй бааранд цуг орсон тэндээ найзтайгаа архи уугаад би согтоод байхаар нь машиндаа орж жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад унтсан. Унтаж байтал нэг залуу намайг сэрээгээд машинаас буу пиздаа минь гэсэн тэгтэл арын суудал дээрээс нэг залуу буугаач пиздаа минь гэж хэлсэн тэгэхээр нь би машинаасаа буусан тэгтэл тэр хоёр залуу миний машиныг бариад хөдлөөд явсан тэгээд би **** баар руу ороод хүний утас гуйж аваад цагдаа руу залгасан...Намайг машин дотор унтаж байхад орж ирээд миний машинд сууцан байсан юм шиг байгаа юм тэгээд намайг сэрээгээд буу пиздаа минь л гэж хэлсэн. Хоёр хүн байхаар нь айгаад намайг яах ч юм билээ гэж бодоод эсэргүүцэл үзүүлээгүй шууд буусан...Намайг зүгээр машин дотроо унтаж байхад миний машиныг дээрэмдэж аваад явсан... Миний хохирол гэж нэхэмжилсэн мөнгө төлбөр болох 250,000 төгрөгийг миний өөрийн эзэмшлийн Хаан банкны ****** тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр Г, Г нар шилжүүлж өгсөн...Одоо надад гаргах гомдол, санал байхгүй, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12, 15-16-р хуудас),

Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г, Г хоёр манай морины гэрт ганц хоёр пиво ууж байснаа орой 23 цагийн үед **** баар руу хүргээд өгөөч гэхээр нь би хүргэж өгсөн тэгээд шөнийн 02 цагийн үед очоод авах гэтэл баарнаас гарч ирэхгүй болохоор нь би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

***** ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 53 дугаартай: “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 250,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Г, Д.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Б.Нын эд хөрөнгөд 250,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Н нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас) өгсөн байх тул шүүгдэгч Н.Г, Д.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Г нь хүлээн зөвшөөрсөн хорих ял  оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял  оногдуулахгүйгээр шүүгдэгч Н-ийн Г-ыг 1 жил 4 сарын хугацаагаар, шүүгдэгч Д-н Д.Гыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Г, Д.Г нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Г, Д.Г нар нь тэнссэн хугацаанд үүргээ зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

Эрүүгийн 2638000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Г овогт Н-ийн Г, Х овогт Д-н Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг  оногдуулахгүйгээр шүүгдэгч Н-н Гыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар, шүүгдэгч Д-н Д.Г-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.Г, Д.Г нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  Н.Г, Д.Г нарт хяналт тавихыг тэдгээрийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Д.Г  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Эрүүгийн 2538003260427 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г, Д.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР