| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01518/И |
| Дугаар | 155 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01518/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Холбоо Толгой *** дугаар гудамж *** тоотод оршин суух Э*** Ж*** /РД: РЖ***, утас: ***/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Ө*** баг, *** дугаар байр ** тоотод оршин суух Б*** овгийн Т*** У*** /РД: ТЕ***, утас: ***/-т холбогдох
2,113,893 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ж***, хариуцагч Т.У***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.У*** 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй 39 хоногийн хугацаатай өдөрт 29 641 төгрөг төлөхөөр, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 45 хоногийн хугацаатай 12 хувийн хүүтэй өдөрт 39 333 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. 39 хоногийн хугацаатай зээлд 350 000 төгрөг төлж 806 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 45 хоногийн хугацаатай зээлд 40 000, 40 000 төгрөгөөр нийт 80 000 төгрөг төлөөд 1 690 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл Т.У*** гэрээнд заасан хугацаа болоход төлөлт хийгээгүй, Сандэй худалдааны төвд лангуу ажиллуулдаг байхдаа тэр бараанаасаа ав гэж байсан очихоор утсаа авахгүй, лангууны бараагаа аваад явчихсан байсан. Энэ хооронд утсаар ярьж, мессэж хүртэл бичиж байсан. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2 113 893 төгрөг болоод байгаа. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр үндсэн зээл 1 000 000 төгрөг, тохирсон хүү болох 156 000 төгрөг, нийт 1 156 000 төгрөг төлөх байснаас 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэнийг хасаж тооцсон. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр үндсэн зээл 1 500 000 төгрөг, тохирсон хүү 270 000 төгрөг, нийтдээ 1 770 000 төгрөг төлөх байснаас гэрээний хугацаанд 80 000 төгрөг төлж 1 690 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэрээний хугацаа дууссан. Төлөлт хийсэн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл гэрээний дагуу алданги нь 224 224 төгрөг болж, зээлийн үлдэгдэл 1 914 224 төгрөг болсон. 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгөөс 408 238 төгрөгийг өмнөх зээлийн үлдэгдэлд хааж 591 762 төгрөг төлж үлдэгдэл 1 322 462 төгрөг болсон. Зээлийн үлдэгдэлээс 2015 оны 12 дугаар сарын 14 хүртэлхи хугацааны алданги 661 231 төгрөг мөн өмнөх зээлийн үлдэгдэл 60 000 төгрөг, нийтдээ 2 043 693 төгрөг, үүнээс тахарын албаар эрэн сурвалжлуулсаны тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг нэмж 2 113 893 төгрөг болсон. Энэ хугацаанд ирж уулзаад үндсэн мөнгөө 08 дугаар сард багтаан төлөөч гээд гэрт нь учирсан нөхцөл байдлыг харгалзан хэлсэн. Гэхээ Т.У*** утсаа авахгүй мессэж бичихээр хариу өгөхгүй, холбогдох үедээ миний ажлын хаягаар л харьц гэрийн хаягаа хэлэхгүй гээд байсан. Дүүргийн шүүх дээр хурал болох үед утас нь холбогдоход тэгж хэлсэн. Энэ тухай шүүгчийн туслахад хэлэхэд гэрийн хаягаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэнэ, мөн гэрийн хаягаар өргөдөл хүлээн авна гэж байсан. Би мөнгөө төлөхгүй болохоор мөнгөө, хүү, алдангитай нь авна шүү гэж мессэж бичиж байсан, зээлдүүлсэн мөнгөө хүү, алдангитай нь тооцож, мөн гарсан зардалаа авна.
Иймд зээлийн гэрээний дагуу 2 113 893 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг 12 хувийн хүүтэйгээр 39 хоногийн хугацаатай, 1 500 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй 45 хоногийн хугацаатай авсан нь үнэн. 430 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Мөн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн. 1 000 000 төгрөгийн зээлийн хугацаа 2015 оны 06 дугаар сарын 27, 1 500 000 төгрөгийн зээлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 14-нд дууссан. Миний тооцоогоор хүүгийн хамт 2 930 000 төгрөг болсоноос 1 930 000 төгрөгийнг зээлийн хугацаанд нь барагдуулсан. Нөхөр маань 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэнэтийн ослоор нас барж, би өөрөө жирэмсэн, 3 хүүхдийн хамт үлдэж, удалгүй төрж гэртээ байснаас бараа татан авалт, худалдаа эрхэлж чадаагүйгээс мөнгийг төлөөгүй. Э.Ж*** эгчтэй утсаар ярихад үндсэн мөнгийг төлж баргадуулбал хүү, алданги тооцохоо болилоо гэж ойлгосон тул энэ тохиролцсоны дагуу 570 000 төгрөгийг төлнө. Мөн миний ар гэрийн байдал, хүү авахгүй гэж байсныг анхаарч харгалзан үзэж өгнө үү. Хэрэв хүү, алданги авна гэж байсан бол би юу гэж одоог хүртэл өндөр хүүтэй мөнгө төлөөд явж байхыг бодохов дээ. Утсаа авахгүй, мессэж бичихгүй, гэрийн хаягаа хэлэхгүй байсан нь ар гэрт гачигдал тохиолдож хадам ээжтэйгээ хамт байсан болохоор золгүй явдалын дараа дахин мөнгө төгрөгийн асуудал гэж сэтгэлийг нь зовоохгүй гэж бодсондоо, мөн би төрж нэг хэсэг утсаа унтраачихсан байснаас болсон. Төрсөний дараа утсаа нээхэд мессэж зөндөө л ирсэн байсан гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ж*** нь хариуцагч Т.У*** холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1 000 000 төгрөг, 12 хувийн хүүтэй өдөрт 29 641 төгрөг төлөх, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1 500 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй өдөрт 39 333 төгрөг төлөхөөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2 113 893 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй өдөрт 29 641 төгрөг төлөхөөр, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1 500 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй өдөрт 39 333 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ тус тус байгуулсан бөгөөд энэ талаар маргаангүй байна.
2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1 000 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй өдөрт 29 641 төгрөг төлөхөөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 39 хоног бөгөөд зээлдэгч Т.У*** үүргийг зохих ёсоор биелүүлэх хугацаа 2015 оны 06 дугаар сарын 26, 2015 оны 05 дугаар арын 29-ний өдрийн 1 500 000 төгрөгийг 12 хувийн хүүтэй өдөрт 39 333 төгрөг төлөхөөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 45 хоног бөгөөд зээлдэгч Т.У*** үүргийг зохих ёсоор биелүүлэх хугацаа 2015 оны 07 дугаар сарын 13ны өдөр байна.
Талуудын байгуулсан 2 удаагийн гэрээгээр зээлдүүлэгч Э.Ж*** нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд гэрээний зүйл болсон 1 000 000 төгрөг, 1 500 0000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд зээлдэгч Т.У*** шилжүүлэн авсан мөнгө болох 1 000 000 төгрөгийг 39 хоногт өдөрт 29 641 төгрөг төлөн үндсэн зээл 1 000 000 төгрөг, хүү 156 000 төгрөг, нийт 1 156 000 төгрөгийн хамт шилжүүлэх атал гэрээний туршид 350 000 төгрөг төлсөн, мөн шилжүүлэн авсан 1 500 000 төгрөгийг 45 хоногт өдрийн 39 333 төгрөг төлөн үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 270 000 төгрөг, нийт 1 770 000 төгрөгийн хамт шилжүүлэх атал гэрээний туршид 40 000, 40 000 төгрөг, нийт 80 000 төгрөг шижлүүлэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тохирсон хугацаанд зээл, хүүгийн хамт буцаан өгөх үүргээ зөрчсөн байна.
Зохигчид гэрээгээр буюу Иргэний хуулийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүүг 12 хувь гэж тогтоосон бөгөөд байгуулсан 2 удаагийн гэрээний хугацааг гэрээ байгуулсан анхны байдлаар сунгасан талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Т.У*** хүү, алданги төлөхгүй байхаар тохиролцсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 5-д гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6д зааснаар ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз болох алдангийг гэрээгээр тохиролцсон тул нэхэмжлэгч Э.Ж*** алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагч Т.У*** нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Э.Ж*** үндсэн зээл, хүүгийн хамт 1 156 000 төгрөг төлөхөөс төлсөн 350 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлгээр төлсөн 500 000 төгрөгийг хасаж тооцон энэ гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг нь 306 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Э.Ж*** үндсэн зээл, хүүгийн хамт 1 770 000 төгрөг төлөхөөс төлсөн 80 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг тус тус хасаж тооцон энэ гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг нь 690 000 төгрг байна.
Хариуцагчийн 2 удаагийн гэрээгээр хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болон үндсэн төлбөр 996 000 төгрөгт тооцох алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т зааснаар ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 498 000 төгрөгийг хариуцагч Т.У*** гаргуулан нэхэмжлэгч Э.Ж*** олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.Ж*** нь хариуцагч Т.У*** Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.У*** оршин суугаа газрын хаягийг тогтоолгох, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасанд төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байх тул энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Т.У*** үндсэн зээлийн үлдэгдэл 996 000 төгрөг, алданги 498 000 төгрөг нийт 1 494 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж*** олгон үлдэх хэсэг болох 619 893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Т.У*** 1 494 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж*** олгон, үлдэх хэсэг болох 619 893 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Ж*** 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ХХБанк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 48 773 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.У*** нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 1 494 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 38 853 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ж*** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ