| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/00163/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2016-01-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00163/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ***-р баг М*** ХХК-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ***-р баг, *** тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЙ***, Боржигин овогт С*** О*** холбогдох
Түрээсийн төлбөр 856800 төгрөг, алданги 276624 төгрөг, нийт 1133424 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М*** ХХК-ны гүйцэтгэх захирал Э.М***, итгэмтлэгдсэн төлөөлөгч Д.Н*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М*** ХХК-ны ******* Дархан ******* улсын худаалданы төвтэй иргэн С.О*** нь 2011.11.21-ний өдрөөс эхлэн Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээ байгуулан 36 мкв талбайг сарын 180.000 төгрөгийн төлбөртэйгээр түрээсэлж байсан. 2013.09.14-ний өдөр талууд гэрээг шинэчлэн байгуулсан ба сарын түрээсийн төлбөр 216000 төгрөг болж өөрчлөгдсөн. Түрээслэгч С.О*** нь 2013 оны 12 сард 208000 төгрөг, алданги 26100 төгрөг, 2014 оны 1 сард алданги 31320 төгрөг, 2014 оны 2 сард 216000 төгрөг алданги 59472 төгрөг, 2014 оны 3 сард 216000 төгрөг алданги 96120 төгрөг, 2014 оны 4 сард 216000 төгрөг алданги 63612 төгрөг нийт 1133414 төгрөгийг төлөөгүй. Түрээслэгч С.О*** байгуулсан Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээ-г 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цуцалж, төлөгдөөгүй түрээсийн төлбөр 856800 төгрөг, алданги 276624 төгрөг буюу нийт 1 133 424 төгрөг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй манай байгууллагад хохирол учруулж байх тул түрээслэгч С.О*** гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.О*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.О*** миний бие 2013.09.04-ний өдрөөс М*** ХХК-ны ******* улсын худалдааны төвийн тавилгын тасагт 36 м2 талбайг түрээслэн гэрээ хийсэн. Уг талбайн түрээсийг Дархан бизнес инкубатор төвөөс дэмжлэг үзүүлэн түрээсийг маань төлж байсан. Тэр байгууллага бизнесийн дэмжлэгээ 2 жилийн хугацаанд үзүүлдэг хэмээн сургалт хичээл дээрээ заасан. Уг талбайгаа тус төвд танилцуулан эхний дэмжлэгээ аван 9, 10, 11 сарын төлбөрөө төлсөн. 2014 оны 1 сарын төлбөрөө өөрөө төлөн эргэлтийн буйдан багатай тул буйдан маань зарагдахгүй тус байгууллагад хийсэн буйдангаа үзүүлэн дэмжлэгээ авах хооронд 2, 3, 12 сарын түрээсэнд миний 3 ком буйданг ******* Улс худалдааны төвийн захиргаа бүгдийг худалдан борлуулснаар би буйдан ч үгүй, талбай ч үгүй Дархан бизнес инкубатор төвөөс дэмжлэг авах боломжгүй болсон. Иймээс шүүхэд хандан 1 буйдангаа түрээсийн төлбөрт өгөөд үлдсэн 2 буйдангийнхаа мөнгийг нэхэмжлэн гаргуулах шүүхийн шийдвэр гарсан. Шинжээчийн дүгнэлтээр тус бүр 600.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Миний түрээсийн үлдэгдэл 2013-12 сар 216000 төгрөг, 2014-02 сар 216000 төгрөг, 2014-03 сар 216000 төгрөг нийт 648000 төгрөг. Барьцаа төлбөрийн 50 хувь болох 108000 төгрөг нийт 708000 төгрөг. Иймээс 2 буйдангийн үнэ болох 1200000 төгрөг буцаан олгох үндэстэй. Тус байгууллага гэрээний дагуу 6.1, 6.5 зэрэг заалтыг ноцтой зөрчсөн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*** ХХК нь хариуцагч С.О*** холбогдуулан түрээсийн төлбөр 856800 төгрөг, алданги 276624 төгрөг нийт 1 133 424 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.О*** нь би 3 буйдан үлдээснийг нэхэмжлэгч зарж борлуулсан байсан тул би 2 буйдангийн үнийг авахаар болсон. Нэг буйдангийн үнийг түрээсээс хасаж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч М*** ХХК нь хариуцагч С.О*** нар нь 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх гэрээгээр 36 м2 талбайг сарын 216000 төгрөгөөр, түрээсийг сар бүрийн 5-ны дотор төлж байхаар, түрээсийн гэрээнд заасан хугацаанд шалтгаангүйгээр төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5/
Түрээсийн гэрээний 3.2-т түрээслэгч нь эрсдлээс хамгаалах зорилгоор эзэмшиж байгаа талбай болон явуулж буй үйл ажиллагаанаас хамааран түрээслүүлэгчийн дансанд барьцаа хөрөнгийг байршуулах бөгөөд гэрээ дуусгавар болох үед 2 талын актыг үндэслэн, ямар нэгэн төлбөр тооцоогүй болсон тохиолдолд энэхүү барьцааг түрээслэгчид буцаан олгоно. Барьцаа төлбөр 216000 төгрөг гэж заасны дагуу хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр 216000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 7.4-д заасан түрээсийн төлбөрөө 2-3 удаа хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 4 сард түрээсийн гэрээг цуцалж, хариуцагч С.О*** өмчлөлийн 2 ком буйданг зарж борлуулсан байх бөгөөд С.О*** нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2 буйдангийн үнэ 1500.000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж 1200.000 төгрөгийг М*** ХХК-наас гаргуулахаар шийдвэрлэснийг зохигч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 19-24/
Нэхэмжлэгч нь 216000 төгрөгийг барьцаа болгож авсан болох нь тогтоогдож байх тул гэрээний 6.2.2-т гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг цуцлах буюу түрээсийн байрыг орхин явбал түрээслүүлэгчид барьцаа төлбөрийн 50%-тай тэнцэх торгууль төлнө гэж заасны дагуу 216.000 төгрөгийн 50 хувь буюу 108.000 төгрөгийг торгуульд тооцож үлдэх 108.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах,
мөн нэхэмжлэгчийн санаачлагаар талуудын хооронд байгуулсан гэрээ нь 2014 оны 4 сарын эхээр цуцлагдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 4 сарын түрээсийн төлбөр 216000 төгрөг, алданги 63612 төгрөг нийт 279612 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч С.О*** нэхэмжлэлийн шаардлагаас 1 133 424 -108 000 = 1025424 төгрөг, 1025424 279612= 745 812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага 1133424 төгрөгөнд улсын тэмдэгтийн хураамж 31752 төгрөг төлөх шаардлагатай байхад 50000 төгрөг төлсөн буюу 18248 төгрөгийг илүү төлсөн байх тул төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.О*** 745812 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 22449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч С.О*** 745812 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М*** ХХК-д олгож, 387612 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О*** 22449 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, төрийн сангийн орлогоос 18248 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА