Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 178

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01434/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймгийн ****** сумын *** дугаар баг, Н*** тоотод оршин суух А*** овогт Г*** А*** /РД: ИС***/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ****** аймгийн ******* сумын *** дугаар баг, Э*** байрны *** тоотод оршин суух Б*** овогт Д*** А*** /РД: МЗ***/-д холбогдох,

 "Гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол болон эд хөрөнгөд учруулсан хохиролд нийт 3,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А***, хариуцагч Д.А***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр би шуурхай зар сонинд блокны машин зарна гэсэн зар өгсөний дагуу Д.А*** ирж үзсэн. Дараа нь эхнэртэйгээ ирээд сарын хугацаатай зээлчих би боломжтой, ажил төрөлтэй сарын дотор мөнгийг нь гаргаад өгье гэхээр нь би 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр блокны машин зуурагч, тэргэнцэр тоосгоны хэв, 50 ширхэг поддон буюу блок тавьдаг мод, тог гаргадаг тракторын мотор генератор, портер машин, зэргийг нийт 9,500,000 төгрөгөөр үнэлж өгч явуулсан. Мөнгөө төлөх хугацаа болоод ярихгүй болохоор нь би Д.А*** утас уруу ярихад мөнгө бүтсэнгүй, 2015 оны 9 дүгээр сарын 15-нд өгнө гээд итгэлцлийн гэрээ хийж гарын үсэг зурж өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш утас нь холбогдохгүй болсон. Би гэрт нь очиход гэртээ байхгүй ажил дээрээ байсан. Гэтэл эхнэр нь би Д.А*** энэ асуудлаас чинь болоод салах гэж байгаа, одоо надад хамаагүй гэж хэлсэн. Д.А*** хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрт нь очоод өгсөн бүх зүйлээ буцаагаад авсан. Гэтэл портерын консны дээд давхраа эвдэрсэн, жолооч талын зүүн талын толь хагарсан, тосны шингэн хийдэг сав хагарсан, савны гадна талын таг байхгүй, баруун гар талын гадна дотно талын бариул хугархай, кундакторын түлхүүрийг хугалсан, хаалганы цоож эвдэрсэн, хойд талын дугуй нь хагарсан, портерын зүүн талын хойд нум хугарсан, урд тэнхлэгийн 2 тайга, тэнцүүлэгч нь тасарсан, баруун талын тэнхлэгийн гар хугарсан, портерын хропны арьс хагарсан, моторын блок цуурсан байсан бөгөөд блокны машины дээд талын мотор шатаад өөр мотор тавьсан байсан нь ажиллахгүй байгаа. Мөн сэгсрэгч эвдэрсэн, тог гаргадаг генератор эвдэрсэн байсныг би засуулж, шинээр сольж тавиад нийт 3,770,000 төгрөг болсон. Мөн машинд шатахуун 60,000 төгрөгөөр хийж, тоног төхөөрөмжөө хүн хөлсөлж ачуулсны зардал 160,000 төгрөг, нийлээд 3,990,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 Хариуцагч Д.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарын сониноос энэ зарыг хараад 7 сарын эхээр бид уулзаад машин, тоног төхөөрөмжийг авч, өгөлцөхөөр тохиролцоод салсан. Улсын баяр өнгөрөөд 2015 оны 7 дугаар сарын 19-нд Г.А*** нь надруу залгаад сонирхоод байсан авах юм уу гэхээр нь би мөнгө төгрөг муу байна гэсэн чинь ирж уулз гэсний дагуу 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр очиж уулзаад, хүүхэд хүргэнтэйгээ хамт очиж ажиллуулж үзэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бүгдийг нь портер машин дээр 2 хувааж ачиж явсан. Нийт 9,500,000 төгрөгөөр тохирч 9 дүгээр сарын 1-ний дотор өгнө гэж тохиролцоод авч явсан.Гэтэл би хугацаандаа өгч чадаагүй, 2015 оны 9 дүгээр сарын 5-нд ирээд юмаа авч явлаа гэхээр нь би зохицуулаад өгье гэж хэлээд хэлцэл хийсэн. Дараа нь утсаар ярилцаад яаж ийж байгаад өгнө гэсэн боловч 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүмүүстэй ирээд бүх юмаа ачаад явсан байсан. Тэр үед бүгдийг нь портер дээр нэг удаа ачиж явсан байсан. Би 2 удаа ачиж ирсэн.Тухайн үед эвдэлсэн байх магадлалтай, толь хагарсан, гэрэл дохио, консны аппарат, зүүн талын хойд амартизатор, түлхүүр хугалсан, хаалганы дотно гадна бариул эвдэрсэн зэрэг нь над дээр ирээд эвдэрсэн. консны дээд талын аппарат сольсны 25,000 төгрөг, зүүн толины 25,000 төгрөг, шингэний тагтай сав 35,000 төгрөг, машины хаалганы гадна талын бариул 10,000 төгрөг, хаалганы цоож хосоор нь сольсон 30,000 төгрөг, 1 ширхэг дугуй 40,000 төгрөг, кундактор 40,000 төгрөг, амартизатор 25,000 төгрөг, блокны машины ремен гүйдэг төмөр /шкив/ 25,000 төгрөг, кабель утас 130,000 төгрөг, консны доод аппарат 20,000 төгрөг, консны аппарат солиулсны 20,000 төгрөг, нийт 425,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд би мөнгөө өгөөгүй удсанаас ийм асуудал үүссэн гэж үзээд нийт 500,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Бусад зүйл надаас авахад эвдрэл гэмтэл байгаагүй, Г.А*** нь тухайн эд зүйлийг авч явахдаа надтай уулзаагүй. Хэрэв намайг байхад албан ёсоор хүлээж авсан бол одоо бид ийм асуудал ярихгүй байсан шүү дээ. Мөн бид 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлалд дуудахдаа надаас хүүний мөнгө нэхэж байсан. Тэрнээс хойш 2 сарын дараа ийм асуудал гаргах нь зохимжгүй энэ хугацаанд юу хийж хаашаа явсныг хэн ч мэдэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Г.А*** нь хариуцагч Д.А*** худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгөнд учруулсан болон гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нийт 3,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 *******, Д.А*** нар нь 2015 оны 07 сарын 23-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийж, *** улсын дугаартай, Портер маркийн автомашиныг 4,000,000 төгрөг, блокны машин 3,000,000 төгрөг, цахилгаан үүсгүүр пад мотор 1,500,000 төгрөг, тоосгоны хэв 50 ширхэг поддоны хамт 1,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч Г.А*** хариуцагч Д.А*** худалдан авч, дээрх эд хөрөнгүүдийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан итгэлцлийн гэрээ, 2015 оны 07 сарын 24-ний өдрийн иргэд хоорондын худалдан авах эд хөрөнгийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 Хариуцагч Д.А*** нь шилжүүлэн авсан эд зүйлийн үнийг 2015 оны 08 сарын 25-ны өдрийн дотор өгөхөөр тохирсон боловч хариуцагч мөнгийг хугацаандаа өгөх боломжгүйгээс талууд үнэ төлөх хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болгон хойшлуулсан, энэ хугацаандаа хариуцагч үнийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ хариуцагч Д.А*** биелүүлээгүй байна.

 Нэхэмжлэгч Г.А*** нь хариуцагч Д.А*** үнэ төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчид шилжүүлэн өгсөн хөрөнгө болох *** улсын дугаартай, Портер маркийн автомашин, блокны машин, цахилгаан үүсгүүр пад мотор, тоосгоны хэв, 50 ширхэг поддон зэргийг буцаан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ... Д.А*** уулзахад хугацаандаа өгнө гэсэн боловч мөнгөө өгөхгүй болохоор нь 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрт нь очоод өгсөн бүх зүйлээ буцаагаад авсан ..., хариуцагч Д.А*** шүүх хуралдаанд гаргасан: ... 2015 оны 9 дүгээр сарын 5-нд ирээд надтай уулзахдаа юмаа буцааж авна гэхээр нь би зохицуулаад мөнгийг төлье, нэгэнт наймаа хийсэн юм гээд хэлцэл хийсэн. Дараа нь утсаар яриад яаж ийж байгаад өгнө гэсэн. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүмүүстэй ирээд намайг эзгүйд бүх юмаа ачаад явсан байсан гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Энэхүү үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.А*** нь хариуцагч Д.А*** байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д: Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 Нэхэмжлэгч Г.А*** нь эд зүйлээ буцаан авахад эвдэрсэн байсныг засуулахад нийт 3,770,000 төгрөгийн зардал гарсан, өгсөн эд зүйлээ буцаан авч ирэхэд гарсан зардал болох бензиний үнэ 60,000 төгрөг, ачиж буулгах ажлын хөлс 160,000 төгрөг нийт 220,000 төгрөг, бүгд 3,990,000 төгрөгийг гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Д.А*** эд зүйлийн мөнгийг нь буцаан өгнө гэсэн байхад намайг эзгүй хойгуур ирж, бүх зүйлээ буцаан авч явсан, мөн тухайн эд зүйлүүдэд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний эвдрэл учраагүй, авч явсанаас нь хойш эвдэрсэн, тухайн үед намайг дуудаад байлгаж байгаад эд зүйлээ хүлээн авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалздаг.

 Харин шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас консны дээд талын аппарат сольсны 25,000 төгрөг, зүүн толины 25,000 төгрөг, шингэний тагтай сав 35,000 төгрөг, машины хаалганы гадна талын бариул 10,000 төгрөг, хаалганы цоож хосоор нь сольсон 30,000 төгрөг, 1 ширхэг дугуй 40,000 төгрөг, кундоктор 40,000 төгрөг, амартизатор 25,000 төгрөг, блокны машины ремен гүйдэг төмөр /шкив/ 25,000 төгрөг, кабель утас 130,000 төгрөг, консны доод аппарат 20,000 төгрөг, консны аппарат солиулсны 20,000 төгрөг, нийт 425,000 төгрөг өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд би мөнгөө өгөөгүй удсанаас ийм асуудал үүссэн гэж үзээд нийт 500,000 төгрөг нэхэмжлэгч Г.А*** өгөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан болно.

 Мөн хариуцагч Д.А*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Блокны машины мотор /2, 2-ын/ нь намайг хүлээн авснаас хойш шатсан бөгөөд би түүнийг нь солиод жижиг мотор тавьсан. Тэр нь ажиллаж байсан.. гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.А*** нэхэмжлэлийн шаардлагадаа тус моторыг жижиг мотороор сольсноос болоод ажиллахгүй болсон тул хуучинтай нь адилхан мотор 250,000 төгрөгөөр авч тавьсан. Иймээс энэ 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, жижиг мотороо энэ хүн өөрөө авна биз дээ гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зөвшөөрснөөс бусад эд зүйл хэзээ, хэний эзэмшилд байхдаа эвдэрсэн болох нь тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ нэхэмжлэгч Г.А*** биелүүлээгүй, хуулийн 38.6-д зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг бүрдүүлүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

 Хавтаст хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд машин, тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл худалдан авсан тухай зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч эдгээр баримтаар гэрээний зүйл болсон эд зүйл хэзээ, хэний эзэмшилд байхдаа эвдэрсэн эсэх, зайлшгүй шинээр солих шаардлага байсан эсэх талаарх байдлыг нотолж чадахгүй байна гэж үзлээ.

 Мөн 2015 оны 09 сарын 24-ний өдрийн шатахуун авсан нийт 60,000 төгрөгийн баримт, Д***, Б***, Д*** нарын тодорхойлолт гэсэн бичиг зэргийг нэхэжмлэгч шүүхэд гаргаж өгсөн боловч эдгээр баримтаар тухайн өдөр машин, эд зүйлээ авахад зарцуулсан болох нь нотлогдоогүй, тодорхойлолт нь хуульд заасан журмаар авагдаагүй баримт байгаа бөгөөд хариуцагч Д.А*** нь авто машинд 15 литр шатахуун байсан гэж тайлбарладаг үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй болно.

 Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс хариуцагч Д.А*** зөвшөөрсөн 500,000 төгрөг, мөн хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа блокны машины мотор /2, 2-ын/-ын үнэ болох 250,000 төгрөг нийт 750,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 3,240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.А*** 750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.А*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А*** улсын тэмдэгтийн хураамжид 22,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.А*** олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ