| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/01514/ |
| Дугаар | 179 |
| Огноо | 2016-01-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01514/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа нарын бүрэлдхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, *** дүгээр баг *** тоотод оршин суух Ө*** овгийн Ц*** З*** /РД: МК***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум *** дугаар баг А*** хэсэг С*** гэдэг газарт оршин суух М*** овгийн Ш*** А*** /РД: ТК***, утас: ***/-д холбогдох
Гэм хорын хохирол 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.З***, хариуцагч Ш.А***, иргэдийн төлөөлөгч С.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Ш.А*** эгч манай хоёрых саахалт айл. Манайх энэ намар 4 портер задгай өвс, мөн 4 машин бүрэн ургаагүй будаатайгаа тариа худалдан авч хашаандаа буулгасан байсан. Манайх 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өвөлжөөндөө өвөлжихөөр ирсэн. Гэрээ барьж амжаагүй, өвөлжөөндөө хонохоор болсон. Гэтэл Ш.А*** эгчийн 20-иод үхэр өвсний хашаанд орж ирэн өвсийг идэж талхлан, гишгэлснээс болж бэлдсэн өвсийг ашиглах боломжгүй болсон. Мөн өвсний хашааны зэрэгцээ өвөлжөөний дээвэр дээр дамжин гарсанаас болж дээвэр цөмрөн нурсан. Гаргах гээд дийлэхгүй байсан тул хүүхэд Х*** нь эхэлж хэлээд, Ш.А*** эгчийнд очиход босоогүй, мөн хүүхдэд нь хэлэхэд уурлаад байсан. Тэгээд би буцаж гэртээ ирэн, дахиад танай нэг үхэр сарвчнаас унасан татаж дийлэхгүй нь гэж худлаа хэлэн дагуулж ирээд үхрүүдээ туугаад авсан. Портер өвсийг 85 000 төгрөгөөр авсан 340 000 төгрөг, хүнээр ачуулсаны хөлс 100 000 төгрөг, солярка хийхэд төлсөн мөнгө гээд 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Эдний үхэр орж ирэн идсэнээс гадна, дээр нь гишгэлэн, шээх, бааснаас болж норон үхэр тэр өвсийг дахиж идэхгүй юм билээ. Манай хашаа намхан нь намхан гэхдээ, бүрэн бүтэн гэжээ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.З*** бол манай дүү, бид олон жил нэг өвөлжөөнд өвөлжиж байгаа. 2015 оны 10 дугаар сард танай үхэр манай өвсөнд орж идлээ гэж хэлж ирсэн. Манай хүүхэд очиж 1-2 үхрээ авсан нь үнэн. Гэхдээ тийм их өвс идэхгүй. Зурган дээр байгаа үхэр манай үхэр мөн байна. Эднийх өөрөө хашаа хороогоо бүрэн бүтэн байлгах, хамгаалах ёстой. Нэг машин өвс 60.0, 70.0 гээд янз бүр л байсан. Би төлбөрийн чадваргүй, олон хүүхэдтэй хүн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.З*** нь хариуцагч Ш.А*** холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний шөнө өвсний хашаанд үхэр орж өвс идэж, гишгэлэн, гэмтээснээс ашиглах боломжгүй болсоны хохиролд 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.З*** нь ******* сумын нутагт байрлах өвөлжөөндөө 8 машин задгай өвс болон тэжээл бэлтгэж хураасан ба өвсний хашаанд Ш.А*** үхэр орж бэлтгэсэн өвсийг идэж, гишгэлснээс цаашид ашиглах боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагчийн тайлбар, гэрч Б.Б*** ... 8 удаа портер машинаар өвс татаж хашаанд нь хураасан ... гэсэн, гэрч Ц.Э*** ... Портер машинаар 8 удаа өвс татаж хурааж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны үед Э***,З*** нар нүүсэн. Би нүүлгэж өвөлжөөнд нь очиход хашаанд нь үхэр орж өвсийг нь идэж байсан. Тэр нүүлгэж очсон шөнө хоносон, шөнө айлын үхэр 2-3 удаа ирж өвс идэх гэхэд нь хөөж байсан ... гэсэн мэдүүлэг зэргээр мөн шүүх хуралдаанд гэрч Ханбатбекийн ... манайхыг босоогүй байхад З*** ирж үхэр өвс идчихлээ гэж хэрүүл маргаан болсон. Ээжийх рүү хэлэхээр очих үед мөн тэнд хэрүүл болгосон байсан. Манай дүү Б*** 1-2 үхрээ тэдний хашаанаас тууж авчирсан гэсэн мэдүүлэг, мөн хариуцагч Ш.А*** шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэгдсэн нэхэмжлэгч Ц.З*** өвсний хашаанд үхэр орсоныг гэрчлэх гэрэл зурагт харагдаж байгаа үхрийн зургийн талаар тайлбарлахдаа ... Манай хүүхэд очиж 1-2 үхрээ авсан нь үнэн. Гэхдээ тийм их өвс идэхгүй. Зурган дээр байгаа үхэр манай үхэр мөн байна.... гэсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Ш.А*** нь өвсний хашаанд 1-2 үхэр орсныг авсан, эднийх өөрөө хашаа хороогоо бүрэн бүтэн байлгах, хамгаалах ёстой. Нэг машин өвс 60.0, 70.0 гээд янз бүр л байсан гэж маргаж байгаа боловч гэрэл зурагт түүнээс олон үхэр орж өвс идэж байгаа байдалтай 1 машин бэлтгэсэн өвс хэдэн төгрөг болох талаархи татгалзалаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ц.З*** өвөлжөөнд бэлтгэсэн өвсийг хариуцагч Ш.А*** үхэр орж идэж, гишгэлсэнээс дахин цаашид ашиглах боломжгүй болсонд нэхэмжлэгч Ц.З*** өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ бусдын халдлага болон малаас хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байдал нөлөөлсөн, хариуцагч Ш.А*** нь малаа нэгдсэн хариулагатай байлгах, эсхүл малыг өөрийн биеэр хариулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй малаа сул задгай байлгасанаас бусдын эзмшил газар буюу өвс бэлтгэсэн хашаанд үхэр орон бусдад гэм хор учруулсан буруутай үйлдэл байна гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хор учрахад талуудын үйлдэл зохих ёсоор нөлөөлсөн гэж үзэн хохирлын хэмжээг тал хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.З*** өөрт учирсан хохирол буюу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох үүднээс 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ш.А*** нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд ирүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул 500 000 төгрөгийн 50 хувь болох 250 000 төгрөг Ш.А*** гаргуулан Ц.З*** олгон 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар 250 000 төгрөгийг хариуцагч Ш.А*** гаргуулан нэхэмжлэгч Ц.З*** олгон, 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.З*** 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.А*** нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 250 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 8 149 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.З*** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ
З.ТУНГАЛАГМАА