| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/01373/И |
| Дугаар | 182 |
| Огноо | 2016-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/01373/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум ***-р баг, *** хороолол, *** байр, ****** тоотод оршин суух ******* ******* овогт Ж*** М*** /ПЮ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн З*** холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, Н.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие боловсролын байгууллагад 31 жил үр бүтээлтэй, амжилттай ажиллаж ирсэн. 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Э*** цогцолбор сургуулийг албан ёсоор хүлээн авч тус сургуулийн захирлаар ажиллах болсон. Уг ажлыг ****** аймгийн З*** байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Үр дүнгийн гэрээ байгуулж уг гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж ирсэн. Э*** цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажлаа хүлээж авах үед тухайн сургууль нь сургалтын менежер, бичиг хэргийн ажилтан, няравгүй, зарим мэргэжил дээр багш илүүдэлтэй, заримд нь дутагдалтай хүний нөөцийн бодлого алдагдсан, 2012 оны санхүүгийн шалгалтаар их эрсдэлтэй гэж дүгнэгдэж, 8 төрлийн актаар 90 гаруй сая төгрөгийн өр төлбөр тавигдсан, тусгай сургалтын 2 ангитай боловч ердийн хүүхдүүдийнхээр хувьсах зардлаа авдаг, дотуур байр нь усанд орох газаргүй, хэрэглээний халуун усгүй, 00 угаалтуур нь цөөхөн хэрэгцээ хангахааргүй, интернетгүй, дотоод сүлжээнд холбогддоггүй, сурагчдын сургалтын чанар доголдсон, халаалт болон дээврийн засварын асуудалтай, сургуулийн байр анги танхим, спорт зал, цайны газар нь их засвар хийгдэх шаардлагатай зэрэг олон хүнд асуудалтай сургууль байсан. 2013 оноос сургуулийн дээрхи тулгамдсан асуудлууд дээр үндэслэн 2013-2017 онд сургуулийг хөгжүүлэх стратеги бодлого төлөвлөлтийг боловсруулж тулгамдсан асуудлуудыг тогтоон эрэмбэлэж 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр сантехникийн их засвар хийлгүүлсэн, багш хөгжлийн төвийг шинээр тохижуулж тоног төхөөрөмж авч, засвар хийж тохижуулсан, сургуулийн бүх ангиудыг компьютер интернеттэй болгож дотоод сүлжээнд холбосон, мэдээлэл зүйн кабинетийг 15 компьютерээр хангаж үйл ажиллагааг нь тогтмолжуулсан, дотуур байрны хүүхдүүдийг усанд орох өрөөтэй болгож 4 шүршүүр байрлуулж, хүүхдийн суултуур, угаалтуурын тоог нэмэгдүүлж 00 өрөөнүүдийг иж бүрэн засварлаж тохижуулсан, хэрэглээний халуун усны шугам тавиулж, хүүхдүүдийн уух усны хэрэгцээг хангах тоног төхөөрөмжийг суурилуулсан, анги бүрийг угаалтууртай болгож хүүхдийн гар угаах орчныг иж бүрэн шийдсэн, цайны газрыг иж бүрэн засварлаж шаардагдах тоног төхөөрөмжийг суурьлуулсан, номын санг склад болгосон байсныг чөлөөлж зориулалтын дагуу ашиглаж хэвийн үйл ажиллагаатай болгосон ... Санхүүгийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хийсэн шалгалтаар Санхүүгийн үйл ажиллагааны хяналтаар 2 удаа дунд болон бага эрсдэлтэй хэмээн дүгнэгдсэн, 2015 онд Хөдөлмөрийн болон Боловсролын үйл ажиллагааны хяналтаар бага эрсдэлтэй хэмээн 3 удаа дүгнэгдээд байна. Мөн Ц*** ХХК-ийн тус сургуулийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж зөрчилгүй хэмээн хүргүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор С.Ч*** баталгаажуулсан 2015.03.13-ны өдрийн *** дугаартай Аудитын гэрчилгээ-г олгосон байдаг. ... 2014 онд Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээ-г дүгнэхдээ 100 оноо авахаас 92 оноо авч Маш сайн гэсэн үнэлгээ авсан. ... Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга *** 2015.10.29-ний өдрийн **** дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, гэх үндэслэлээр ажлаас халсан ба уг хууль бус захирамжийн улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Уг захирамжийн 1 дүгээр заалтаар ... Аймгийн Засаг даргын 2015 оны *** захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар Ж.М*** нь ... холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсугай гэсэн байх ба миний бие 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын хооронд 10 удаагийн хяналт шалгалтаар шалгуулсан ба хамгийн сүүлд буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар байгуулагдсан тус сургуулийн удирдлагатай холбоотой гомдлыг шалгах ажлын хэсгээс, 2015.10.09-ний өдөр ажлын хэсгийн ахлагч Н.Ц*** баталсан ажлын чиглэлийн хүрээнд 2015.10.08-ны өдрөөс 2015.10.15-ны өдрүүдийн хооронд хийсэн шалгалтаар сургуулийн бүхий л үйл ажиллагааг нэг бүрчлэн шалгасан.
Уг шалгалтын дүгнэлт, үнэлгээг надад танилцуулж, хүлээлгэж өгөөгүй, яг ямар алдаа дутагдал илэрсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгож намайг ажлаас халах үндэслэл тогтоогдсон болохыг би огт мэдэхгүй байна. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь шалгалт эхлүүлсэнээс дуусах хүртэлх бүх хугацаанд Шалгалтын ажлын чиглэл, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж явагдсан бөгөөд ямар ч удирдамжгүй явагдсан, шалгуулагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагааг явуулсан ба энэ тухай санал хүсэлт, гомдлоо миний бие хуулийн дагуу тухай бүр нь гаргаж байсан.
Гэвч хуулиар олгогдсон шалгуулагчийн эрхийг хангаж, шалгалттай холбоотой гомдол саналыг барагдуулах ажиллагааг явуулаагүй, шалгалтын үнэлгээ дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэл зэргээ албан ёсоор танилцуулаагүй байж Засаг дарга 2015.10.29-ний өдөр *** дугаар захирамж гаргаж намайг ажлаас халсан нь зохих хууль дүрмийн дагуу явагдсан ажил гэхээсээ илүүтэйгээр Дархан-Уул аймагт үүсээд байгаа улс төрийн тогтворгүй нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ Засаг дарга томилогдож, ***-ын хэлтсийн дарга нар солигдсон нөхцөл байдалтай шууд холбоотой анхнаасаа зохион байгуулалттайгаар явагдсан хууль бус үйл ажиллагаа албан тушаалын наймаа гэж үзэж байна. Учир нь миний бие ажлаас халагдах захирамж гараагүй, ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байхад миний ажлыг авах хүн тодорхой болсон байсан. Засаг даргын *** дугаар захирамжийн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтаар намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй манай байгууллагад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуультай холбоотой зөрчил дутагдал гараагүй, хуульд заасан мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан нь байгууллагад өөр хүн байдаг гэж ойлгож байна. Энэ асуудлыг манай нярав, нягтлангууд хариуцаж харин би хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. ... Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ж.М*** миний биеийг Э*** цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү. гэв.
Хариуцагч ****** аймгийн Засаг дарга А.Э***, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Аймгийн *** нэр дээр Э*** цогцолбор сургуулийн захирал М*** талаар тус сургуулийн биеийн тамирын багш Д.А*** 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гарган ирүүлсэн. Өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар захирамжаар *** цогцолбор сургуулийн удирдлагатай холбоотой гомдлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хянан шалгах ажлын хэсгийг аймгийн ***-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулан 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Санхүү төрийн сангаас хэлтэс, Боловсрол соёлын газрын холбогдох мэргэжилтэн, улсын байцаагч нарыг хамруулсан. Ажлын хэсгээс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх захирамжийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган баталж 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх захирамжийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг гарган баталж 10 дугаар сарын 8-15-ны хооронд *** цогцолбор сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийж ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Н*** орж ажилласан ба 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар танилцуулгыг 10 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот албан бичгээр, Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч, аудитор Ц.О*** холбогдох дүгнэлтээ тус албаны даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн.
Ажлын хэсгийн дүгнэлт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарсан ба шалгалтаар 11 төрлийн зөрчлийг илрүүлсэн ба биеийн тамирын багш Д.А*** өргөдөлд дурдсан 21 асуудлаас 1 асуудлыг дүгнэх боломжгүй, 11 асуудал нь үндэслэлгүй, 9 асуудал нь үндэслэлтэй болохыг тогтоож дараах 5 дүгнэлтийг гаргасан. Үүнд:
1. Э*** цогцолбор сургуулийн захиргаа, санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтанд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэснийг, 16 дугаар зүйлийн 16.5.2 дахь заалт батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтанд нь хяналт тавих гэснийг, 16.5.5 дахь заалт батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтууд зөрчигдсөн байна.
2. Тус сургуулийн санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт Аж ахуй нэгж байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана гэснийг, 19 дүгээр зүйлийн 19.1.5 заалт эд хөрөнгө, өр төлбөрийн хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх гэсэн заалтууд зөрчигдсөн байна.
3. Анги дүүргэлтийн судалгааг бүлэг бүрээр гаргаж дүгнэлт хийхэд тусгай холимог бүлгийн анги дүүргэлт норм нормативын дагуу, ердийн ангийн бага, дунд, ахлах ангиудын анги дүүргэлтийн тоо БСШУ-ны сайд, НХХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны *** дугаар тушаалын 1.4-т заасан норм нормативыг хангахгүй байна.
4. Тус сургууль тусгай хэрэгцээт боловсрол олгож байгаа салбар бүлэгт суралцах хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс ажиллуулж нарийн мэргэжлийн эмч нарын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй-г тогтооно гэсэн заалтыг хэрэгжүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймгийн салбар комисс-той хамтарч ажиллаагүй байна.
5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх гэсэн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Ажлын хэсгийн даргаас захирал Ж.М*** ажлын хэсгийн дүгнэлтийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 11 минутад ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнийг байлцуулан Ж.М*** өгсөн. Захирал Ж.М*** нь өөрийг нь солих гэж байгаа талаар мэдээлэл би авсан надад танилцах ямар ч шаардлага байхгүй, би уншиж танилцахгүй, үлдээгээд яв гэж ажлын хэсэгт хэлсэн. Аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар *** цогцолбор сургуулийн захирал Ж.М*** шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн /Төрийн албаны тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Хөдөлмөрийн тухай, БСШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны *** дүгээр тушаалын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй/ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэн мөн өдрөөс үүрэгт ажлаас нь халсан. Ажил хүлээлцэх ажлын хэсэг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг 40 минутад захирлын ажлыг хүлээлцсэн. Иймд иргэн Ж.М*** тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно. гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ****** аймгийн *** холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
******* нь ****** аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай захирамжаар ****** аймгийн *** цогцолбор сургуулийн захирлаар томилогдон, аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Түүнийг ийнхүү ажиллаж байх хугацаанд тус сургуулийн биеийн тамирын багш Д.А*** аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан байх бөгөөд уг иргэний гомдлын дагуу аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай захирамжаар *** цогцолбор сургуулийн удирдлагатай холбоотой гомдлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хянан шалгах ажлын хэсгийг томилсон байна.
Ажлын хэсэг *** цогцолбор сургууль дээр 2015 оны 10 дугаар сарын 8-наас 15-ны өдрүүдэд хяналт, шалтгалт хийсэн байх ба ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлтээр Ж.М*** Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн, Хөдөлмөрийн тухай хуулиуд, БСШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны *** дугаар тушаалын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон гэж үзэж аймгийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар ажлаас халсан байна.
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч тал нэхэмжлэгч Ж.М*** ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4.1.5 дахь заалтыг баримтлажээ.
Тодруулбал түүнийг ийнхүү ажил олгогчийн санаачлагаар, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас халахдаа дээрх ажлын хэсгийн дүгнэлт, танилцуулгад үндэслэсэн байна.
Гэтэл *** 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь *** цогцолбор сургууль дээр 2015 оны 10 дугаар сарын 08-аас 15-ны өдрийн хооронд хяналт, шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.7-д заасан Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ., хуулийн 5.9 Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх ... , хуулийн 52.3 Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ. зэргийг зөрчиж шалгалтыг эрх бүхий албан тушаалтнаар батлуулсан удирдамжгүй, хяналтын хуудасгүйгээр явуулж, улсын байцаагч шалгалтын талаар тэмдэглэл хөтлөөгүй байна.
Мөн шалгалтын танилцуулга 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гарч мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Засаг даргын тамгын газарт ирсэн боловч хяналт шалгалт хийсэн талаар танилцуулгыг шалгуулсан байгууллага, албан тушаалтанд танилцуулж, хүргүүлсэн талаар баримт хэрэгт байхгүй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч ... Ажлын хэсгийн даргаас захирал *** ажлын хэсгийн дүгнэлтийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 11 минутад ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнийг байлцуулан өгсөн ... гэж тайлбарлажээ.
*** цогцолбор сургуулийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн санал хүсэлт хүргүүлэх тухай албан тоотоор аймгийн Засаг даргаас шалтгалтын танилцуулгыг ирүүлэхийг, мөн дээрх хяналтын шалтгалт хууль зөрчиж хийгдсэн тухай гомдлоо 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ****** аймгийн Мэргэжлийн хяналтын газарт, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Боловсролын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэст тус тус албан бичгээр хүргүүлж байжээ.
Гэтэл аймгийн Засаг дарга дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй уг шалгалтын танилцуулгыг үндэслэн тухайн байгууллагын захирал /Ж.М*** ажлаас халсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.18-д заасан Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд шалгуулагч этгээд хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд болон мэргэжлийн хяналтын төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй. гэснийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хяналт шалтгалт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан ... гэж тайлбарлаж байгаа ба хэдийгээр уг шалгалт нь иргэний гомдлын дагуу хийгдэж байгаа боловч ажлын хэсгийн шалгалтын үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хийгдэх шаардлагатай юм.
Нөгөө талаар хариуцагч ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэснийг үндэслэсэн ба Ж.М*** Хөдөлмөрийн гэрээний 4.1.5-д заасныг зөрчиж Төсвийн тухай, Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ.
Хуулийн дээрх хэсгийн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.
Хөдөлмөрийн гэрээнд Ж.М*** нь төрийн байгууллагыг өдөр тутмын шуурхай удирдлагаар ханган, төсвийн шууд захирагчийн үүргийг гүйцэтгэж ажиллахаар заасан бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг хуульд заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэсэн ойлголтод хамруулан ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайбар үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж, Ж.М*** урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 1,218,522 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 3,173,824 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас тэмдэгтийн хураамжид 65,731.18 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х*** ******* овогт Ж*** М*** ****** аймгийн *** цогцолбор сургуулийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Ж.М*** ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3,173,824 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн *** гаргуулж, нэхэмжлэгч Ж.М*** олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт зааснаар Ж.М*** ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн *** тэмдэгтийн хураамж 65,731.18 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН