Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 14

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Үд

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2019/00261 дүгээр шийдвэртэй

 

 Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Ц.Үд холбогдох

 

 Зээлийн гэрээний үүргийн 5.194.133 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбарт холбогдох цахим үйлчилгээний ерөнхий гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Үгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Ц.Үгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхүү, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Ц.Ү нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр Төрийн банкны Гялс банкны үйлчилгээнд бүртгүүлж, интернэтээр гүйлгээ хийх, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрх нээлгэсэн. Тус харилцагч нь Төрийн банк дахь өөрийн хүүхдүүд /Б, Б/-ийн хүүхдийн хадгаламжийн хамтран эзэмшигч бөгөөд уг хадгаламжуудаа барьцаалан онлайн хадгаламж барьцаалсан зээл авсан. Зээл авч байх үед Бгийн дансны үлдэгдэл 1.006.839,85 төгрөг, Бын дансны үлдэгдэл 263.518,78 төгрөг байсан. Хадгаламж барьцаалсан зээлийн журмаар харилцагч хадгаламжийн 90 хүртэл хувьд хадгаламж барьцаалсан онлайн зээл авах боломжтой байдаг.

Онлайнаар зээл авч байх хугацаанд тухайн харилцагчийн онлайн бүртгэлд программын алдаа гарч нийт 6.860.000 төгрөгийн онлайн хадгаламж барьцаалсан зээл авсан бөгөөд хадгаламжийн дүнгээс 5.716.678,7 төгрөгийн илүү дүнгээр зээл олгогдсон нь 2016 оны 08 сард банкны программын шалгалтаар илэрсэн бөгөөд тухайн үед хариуцагчийг дуудаж уг илүү олгогдсон зээлийн талаар мэдэгдэхэд илүү авсан зээлээ яг одоо төлөх боломж байхгүй байна. Зээлийн төлбөрийн хугацаа болмогц зээлүүдээ төлөөд явна гэсэн хариу өгсөн. Тухайн илүү олгогдсон зээлийн мөнгийг хариуцагч Ц.Ү өөрөө бүрэн зарцуулсан нь харилцах дансны хуулгаар нь харагдана.

Ц.Ү нь 2017 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 2.702.960,77 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2017 оны 08 сараас хойш зээлийн төлбөрт ямар нэгэн төлбөр хийгээгүй бөгөөд машинаа зарж төлнө, ажил хийж төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд тооцоо хийхэд 2017 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.157.039,23 төгрөг, зээлийн хүүний өр 960.095,03 төгрөг, торгуулийн хүүний өр 76.998,75 төгрөг, нийт 5.194.133 төгрөг төлөөгүй. Иймд төлөгдөөгүй байгаа 5.194.133 төгрөгийн зээл, зээлийн хүү, торгуулийн хүүний төлбөрийг иргэн Ц.Үгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ү шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн Төрийн банктай 2015 оны 11 сарын 19-ний өдөр Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ /1511192300/9747 тоот/-г байгуулж, цахим үйлчилгээ авах эрх нээлгэсэн. Үүний дагуу хадгаламж барьцаалсан зээл авч байсан ба зээлийн зээлжих эрх нэмэгдэхэд теллерээс асуухад таны зээлжих эрх нэмэгдэж байгаа юм байна гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч намайг илүү зээл авсан гэж хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр уг зээл нь системийн алдаанаас олгогдсон гэж дүгнэсэн. Гэтэл дээрх ерөнхий гэрээг зээлийн гэрээ хийсэнтэй дүйцүүлж үзэж хүү, алданги төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэхүү Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ нь хуульд заасан шаардлага зөрчсөн буюу санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон, өөрийн хэт болгоомжгүй үйлдлээс учирсан хохирлыг хариуцахыг үгүйсгэсэн буюу хязгаарласан гэрээ байгаа тул Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбартай байгуулсан Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгончимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

Төрийн банк болон хариуцагч Ц.Ү нарын хооронд 2015 оны 11 сарын 19-ний өдөр Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс буюу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Хариуцагч талаас талуудын хооронд байгуулсан Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг хэт нэг талыг барьсан гэрээ хэмээн хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэрээний аль заалт, ямар зохицуулалт нь хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн болон банкинд ашигтай зохицуулалт гэж үзэн тус гэрээг нэг талыг барьсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлүүдэд нэг талыг барьсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалт байхгүй болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Ү анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би нууц кодоороо нэвтрээд 2 хүүхдийнхээ дансруу орсон мөнгөнөөс авсан болохоос өөр хүний данснаас мөнгө аваагүй. Би хэд хэдэн удаа зээл авсан. Гэхдээ 6.800.000 төгрөг хүртэл зээл авсан гэдгээ мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлт дээр программын алдаа гарч илүү зээл олгогдсон нь Төрийн банкны буруутай үйлдэл байна гэсэн байсан. Төрийн банк энэ зээлийг сар бүр шалгаж байх ёстой байтал энэ шалгах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Төрийн банкны зүгээс надад 2 хүүхдийнхээ хадгаламж руу нууц кодоо хийж нэвтрээд зээл авч болно гэж эрхийг нь өгсөн. Программ, системийн алдаа гараагүй байсан бол миний дансанд илүү, сул мөнгө орж ирэхгүй байсан. Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Ц.Үгээс 3.425.317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.768.816 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар Төрийн банк ХХК-тай 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ /№1511192300/9747/-г хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ц.Үгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Үгээс улсын тэмдэгтийн хураамжид 69.755 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Ц.Ү нь сөрөг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие Ц.Ү 2015 онд Төрийн банкны “Гялс” банкны үйлчилгээнд бүртгүүлэн интернетээр зээл авах эрх нээлгэсэн. Гэтэл 2016 оны 3 сард дэвтрээрээ зээл авсан 6 сараас нь онлайнаар зээл авсан. Төрийн банкнаас намайг дуудаж таны 4 сараас 7 сар хүртэл авсан зээлийн програмд алдаа гарч таны 2 хүүхдийн данс руу 6.860.000 төгрөг илүү орсон байна гэж хэлсэн. Ингээд 2017 оны 10 сараас хойш 4 удаа шүүх хурал хийж 2019 оны 3 дугаар сарын 27-нд хамгийн сүүлийн шүүх хуралдаанаар энэ хэрэг миний буруу болж 3.425.000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Би энэ шийдвэрт гомдолтой байна. Хэрэв програмын алдаа гараагүй байсан бол өдийд би ингэж хохирохгүй байсан.

Шүүхээс шинжээч томилж 2018 оны 6 сард Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү энэ хэргийг явуулсан. Хариу нь 2018 оны 11 дүгээр сард ирсэн, тэр хариугаар бол компьютерт гарсан програмын алдааг Төрийн банк ХХК бүрэн хариуцна. Тийм учир ямар ч албан байгууллагад компьютерийг янзалдаг програмист гэж хүн байх ёстой тэгвэл ажлын хариуцлага алдсан тэр хүмүүс буруутай байх гэж бодож байна. Би тэр мөнгийг эхний хэдэн удаа авснаа бол мэдэж байгаа, гэхдээ 6.860.000 хүртэл авснаа мэдэхгүй байна.

Баянхонгор аймгийн Төрийн банкны эрхлэгч, эдийн засагч нар сар болгон зээлээ хэвийн байна уу үгүй байна уу гэдгийг хянах ёстой гэж банкны хуулин дээрээ байна лээ. Ийм учир энэ хүмүүс дээр хариуцлага тооцож энэ шийдвэрийг дахин нэг шалгаж өгнө үү. Мөн шүүх хурал дээр хэргийн нотлох баримтыг огт шинжилж үзээгүй зөвхөн нэхэмжлэгчийг тооцоо хийлгэсээр байгаад шүүх хурлыг дуусгасан. Үүнийг би шүүхийн шийдвэрээ гаргахдаа нэг талын эрх ашгийг илүү хамгаалсан гэж үзэж байна.

Миний энэ байдлыг харгалзан үзэж Улаанбаатар хотын шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирсэн хариуг дахин сайн нягталж үзэн мөн тэр банкны хуулинд заасан “Гялс” банкны гэрээ болон журам, дүрэм, банкны хуулийг дахин хянан үзэж манай өмгөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хурал дээр гаргасан тайлбар болон эрх зүйн дүгнэлтүүдийг дахин нэг нягтлан үзэхийг хүсэж байна.

Тэгээд энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн ажлын хариуцлага алдсан банкны ажилтангуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас хариуцагч Ц.Үд холбогдуулж зээлийн гэрээний үүргийн 5.194.133 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төрийн банкны Баянхонгор салбарт холбогдох цахим үйлчилгээний ерөнхий гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг Ц.Ү тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Үгээс 3.425.317 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.768.816 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгож, цахим үйлчилгээний ерөнхий гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч Ц.Үгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ү нь Төрийн банкнаас Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулж, цахим үйлчилгээгээр зээл авахаар Төрийн банкинд анкет бөглөж, хүсэлт гаргасан болох нь /хх-ийн 6-7 дугаар тал/ хэрэгт авагдсан хариуцагчийн анкет болон хүсэлт маягт, гэрээний хавсралт зэргээр тогтоогдож байна.

Төрийн банк ХХК нь хариуцагч Ц.Үтэй 2015 оны 11 сарын 19-ний өдөр Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ /№1511192300/9747/-г байгуулж, хариуцагч нь Төрийн банкны цахим үйлчилгээнд бүртгүүлснээр хадгаламж барьцаалан цахим /онлайн/-аар зээл авах эрхтэй болсон байна.

Энэ эрхээ ашиглан хариуцагч Ц.Ү нь 2016 оны 03 сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 сарын 20-ны өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр 7.074.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авсан байх бөгөөд үүнээс үндсэн зээлд 2.684.996 төгрөг, зээлийн хүүнд 731.722 төгрөгийг буцаан төлсөн, одоо үндсэн зээл 4.157.039 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Ү нь Шинжээчийн дүгнэлтэд программын алдаа гарч илүү зээл олгогдсон нь Төрийн банкны буруутай үйлдэл байна гэсэн. Төрийн банк энэ зээлийг сар бүр шалгаж байх ёстой байтал энэ шалгах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Программд системийн алдаа гараагүй байсан бол миний дансанд илүү, сул мөнгө орж ирэхгүй байсан. Иймд Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, би хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Төрийн банк ХХК болон хариуцагч Ц.Ү нарын хооронд 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ /№1511192300/9747/-ний 1.1-д: Энэхүү гэрээний зорилго нь харилцагч нэгж дээр ирж эсхүл онлайнаар хүсэлт илгээж банкинд данс эзэмших, мөнгө байршуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх, дансан дахь мөнгөн хөрөнгийг хамтран эзэмших, өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх, банкны бүх төрлийн үйлчилгээ /банкны карт ба цахим үйлчилгээ авах г.м/, ашиглахтай холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино, гэрээний 1.3-д: Цахим үйлчилгээ гэж Гялс банк үйлчилгээг ойлгоно гэж заажээ.

Хариуцагч Ц.Ү нь программд алдаа гарсанаас болоод илүү зээл авсан тухайгаа хүлээн зөвшөөрч илүү авсан мөнгөө төлж барагдуулах талаар Төрийн банкинд хүсэлт өргөдөл, тайлбар гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 10-12 дугаар тал/ нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төрийн банк ХХК болон хариуцагч Ц.Ү нарын хооронд 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан Цахим үйлчилгээний ерөнхий гэрээ /№1511192300/9747/ нь хадгаламжийн барьцааны дүн болох 1.143.322 төгрөгт хүртэлх хэмжээнд буюу зээл авах эрхийн хэмжээндээ Цахим үйлчилгээний гэрээ нь хүчинтэй, харин зээл авах эрхтэй үнийн дүнгээсээ хэтэрч байгаа тохиолдолд зээлийн гэрээ буюу Цахим үйлчилгээний гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШЗ2018/02135 дугаар шүүгчийн захирамжаар Улаанбаатар хотын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар явуулжээ.

Улаанбаатар хотын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас шүүхэд шүүхэд гаргасан дүгнэлтэндээ /2 дугаар хх-ийн 48-65 дугаар тал/ “…харилцагч Ц.Ү нь нийт 24 удаагийн үйлдлээр 7.074.000 төгрөгийн зээл авчээ, энэ нь хадгаламжийн барьцааны дүн болох 1.143.322 төгрөгнөөс илүү 5.930.677 төгрөгийн зээлийг барьцаа төлбөргүйгээр зээлжээ. Харилцагч Ц.Ү нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар нийт 3.957.050 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хэрэв илүү зээлд хүү төлөх ёстой гэж үзвэл 1.154.431 төгрөгийн үндсэн хүү, 119.280 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөх тооцоотой байна..” гэж дүгнэлт гаргажээ.

Харин анхан шатны шүүх зээлийн тооцоог гаргахдаа нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн хариуцагч Ц.Үгээс нэхэмжилж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 4.157.039 төгрөгнөөс хариуцагчийн Төрийн банкинд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 731.722 төгрөгийг хасч, 3.425.317 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.768.816 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагч Ц.Үгийн Төрийн банкнаас илүү авсан зээл нь Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах гэсэн хуулийн зохицуулалтанд хамаарч байхад анхан шатны шүүх Төрийн банк болон хариуцагч Ц.Ү нарын хооронд илүү авсан зээлийн харилцааг Иргэний хуулийн Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаа гэж үзэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц.Ү нь давж заалдсан гомдолдоо “…Төрийн банкны эрхлэгч, эдийн засагч нар сар болгон зээлээ хэвийн байна уу үгүй байна уу гэдгийг хянах ёстой гэж банкны хуулин дээрээ байгаа, компьютерт гарсан програмын алдааг Төрийн банк ХХК бүрэн хариуцах ёстой тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргаж байгаа боловч Иргэний хуульд заасан хуулиар хүлээлгэсэн үүрэгт “…бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс эрх бүхий этгээд эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй..” гэж заасны дагуу илүү авсан мөнгийг хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд компьютерт гарсан програмын алдааг нэн даруй илрүүлж засаагүй Төрийн банк ХХК-ийн буруутай эс үйлдэл байгаа хэдий ч энэ нь хариуцагчийн үндэслэлгүйгээр авсан мөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ц.Үгийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 131/ШШ2019/00261 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “…Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан..” гэснийг “…Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан..” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ц.Ү нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

                                       ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                     Л.НЯМДОРЖ