Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/973

 

 

О.Хд холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Хд холбогдох 2103001460207 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Оын Х, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч О.Х нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Жетро” худалдааны төвийн баруун замд “Тоёота Приүс” загварын -улсын дугаартай тээврийн хэрэглийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Б.Бийг мөргөж, түүний амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: О.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Оын Хг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Хгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сандагсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор ...” гэж нэмж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 6 дугаар сарын 12-ны 21 цаг 50 минутад хоёр талын санамсар болгоомжгүйгээс үүдэн авто осол гарч эрдэнэт хүний амь нас хохирсонд миний бие маш их гэмшиж, харуусаж байна. Талийгаачийн хууль ёсны асран хамгаалагч Б.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хоёр хүүхдийн хамт оролцуулах, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Хохирогч тал 10-аас доош насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүйгээр оролцуулахыг хориглоно гэснийг зөрчиж хөдөлгөөнд орсон. Хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хамгаалах хэрэгсэл “каск” мөн дугуйн гэрэл цацруулагч байхгүй. Үүнээс үүдэн осол болох шалтгаан 50 хувь нөлөөлж байна гэж үзнэ. Уг хүүхдийн аав зам дээр хүүхдээ орхиж явснаас болж хүүхэд гэнэт миний хажуугаас орж ирэн осол болсон. Миний бие хөдөлгөөн эхлэхийн өмнө толиндоо харж хөдлөхөд харагдах зүйлгүй, үзэгдэх орчин харанхуй байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь нийт 9.750.000 төгрөгийг тооцож нэхэмжилснээс миний бие гэм хорын хохирлын 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд миний бие бусдад төлөх төлбөргүй. Миний бие айлын том, доороо хоёр дүүтэй, байнгын эмчийн хяналтад байдаг өвөө, болон ээжтэйгээ амьдардаг. Иймд миний ар гэрийн байдал хүнд нөхцөл байдалд үлдэх учраас 1 жилийн ялыг, хөнгөн төрлийн ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. …” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүх О.Хд 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан үлдсэн нэг жилийн ялыг биеэр нь эдлүүлэх шийдвэр гаргахдаа О.Хгийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, бусдын амь нас хохирсонд маш ихээр гэмшиж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн замын хөдөлгөөнд оролцохдоо туйлын хайхрамж болгоомжгүй, бүрэн бус эвдрэл гэмтэлтэй дугуйгаар хөдөлгөөнд оролцож байсан хохирогчийн асран хамгаалагч замын хөдөлгөөнд оролцохдоо насанд хүрээгүй хүүхдээ зөнд нь орхиж явснаас осол гарах болсон шалтгааныг авч үзээгүй хохирогчийн буруутай үйл ажиллагааг тогтоолд дурдаагүйд гомдолтой байна. О.Х нь ямар ч маргаангүйгээр өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн байдал, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол Техникийн үзлэгийн төвийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн техникийн оношлогооны дүгнэлтээр “Тоёота приүс 30” загварын -улсын дугаартай тээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна гэснийг 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ШШҮХ-ийн НШШГ-н ЗТОХХТасгийн шинжээч цагдаагийн ахмад Д.Батнасан нь жолооч О.Хгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар шалгаж үзэхэд 0.00 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохыг тогтоосон, мөн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1895 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Унадаг дугуй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна. Үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Урд тоормосны зүүн хавчгийн шоотка байхгүй, хойд тоормос байхгүй гэмтэл байна осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.”гэсэн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “унадаг дугуйны жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 25.3-д “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” 25.4-д “Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуй буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараах тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно,” а/ унадаг дугуй зам болон унадаг дугуй зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд/ 25.1-д “Унадаг дугуй тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнд оролцоход урд талдаа цагаан, ар талдаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай гэсэн заалтуудыг зөрчсөн зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” гэснийг, мөн прокурор 2 дахь саналаа гаргахдаа өмнө сонсгосон 3 жилийн хорих ялыг хоёр жил болгон бууруулсныг прокурорын саналыг хохирогчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч байсныг харгалзан үзсэнгүй. Шүүх, ял шийтгэл оноохдоо гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийг санаатай буюу болгоомжгүй үйлдсэн эсэх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, хохирол хэрхэн барагдуулсан байдал, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулах, эсхүл нийгмийн дунд хүмүүжүүлэх эсэхийн аль нь ашигтай вэ гэдэгт зөв шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэж байна. Иймд дээрх дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж О.Хд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон өөрчилж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж өгнө үү. …” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн аав Б.Б байна. Шүүгдэгч О.Х нь анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон. Санаатай, санамсаргүй ч энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Би асар их гомдолтой байна. 10.000.000 төгрөгийн зардал нь зөвхөн оршуулгын баримттай зардал бөгөөд сэтгэл санаа, гэм хорын зардал биш. Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болсны дараа шүүгдэгчийн ээж над руу утасдаж сэтгэл санаа руу дайрч, намайг дарамталсан. Утасны дугаарыг нь би өмгөөлөгчдөө өгсөн. Шүүгдэгчийн ээж О нь манай өмгөөлөгчтэй холбогдсон. Шүүгдэгчийн ээж над руу дайрч дарамталж болохгүй. Шүүгдэгч О.Х болон түүний ээж нар албан ёсоор надаас нэг ч удаа “...уучлаарай...” гэж уучлалт гуйгаагүй. Хүний хүүхдийг авч одчихоод ядаж хүн мөн юм бол надаас уучлаарай гэх ухаан, сэтгэл энэ хүмүүст огт байхгүй байна. Над руу дайрч, дарамталсанд асар их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Ч.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэл болон шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудтай танилцлаа. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс яагаад давж заалдах гомдол гаргасныг ойлгохгүй байна. Оршуулгын баримттай зардалд 10.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохоос энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилаагүй гэдгийг анхан шатны шүүхээс дүгнэсэн. Шүүгдэгч О.Х нь анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна. Иймд шүүгдэгч О.Х болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч О.Хд холбогдох хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас оршуулгын зардалд 10.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохоос биш, гэм хорын хор уршиг арилаагүй. Хүний амь нас хохирсон байхад ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Шүүгдэгч О.Х нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Жетро” худалдааны төвийн баруун замд “Тоёота Приүс” загварын -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Б.Бийг мөргөж, түүний амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад том хүү Б.Б болон дунд хүү Т нарын хамт цэцэрлэгт хүрээлэнд дугуй уначихаад Тийг өөрийн дугуйнд сундлаад манай том хүү тусдаа унадаг дугуйтай “Жетро” худалдааны төвийн баруун талаар зүүнээс баруун тийш явган хүний замаар явж байгаад автомашины гарцтай хэсэгт зам руу орж хар өнгийн “Тоёота Приүс-30” маркийн автомашины зүүн талаар явж өнгөрөөд удалгүй түс тас хийгээд явчхаар нь гүйгээд очиход манай хүү уг машины зүүн талын урд дугуйны арын хэсэгт доошоо харсан байдалтай цээжний хэсэг нь машин доогуур орсон хоёр хөл нь ил гарсан байдалтай байсан. ...”/1хх 70/,

            гэрч А.Тгийн “...2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 52 минут болж байсан байх, ... “Жетро” дэлгүүрийн зогсоол руу орох гээд зүүн гар тийш бага зэрэг дараад хөдөлсөн. ...Манай машины зүүн талаар урдаасаа хойшоо зүгт унадаг дугуйтай хүүхэд өнгөрсөн. Тэр дугуйтай хүүхдийг өнгөрөөгөөд араас нь хөдөлгөөн эхлэх үед манай машины зүүн талаар дахиад нэг дугуйтай хүүхэд ороод ирсэн. Тэр дугуйтай хүүхэд маш ойрхон явж байгаа харагдсан. Тэр үед би Хд “хөөе энд хүүхэд байна” гэж хэлэхэд Х сонсох шиг болсон. Нүдний зүүн талд жижиг унадаг дугуй харагдах шиг болоод алга болсон. ...” /1хх 89/,

            гэрч О.Тын “...Би ажлын байран дээрээ ... сууж байхад ... машины дугуйны чахрах чимээ гараад нэг юм мөргөөд, нэг юм зам дээр чирэгдэх чимээ гарсан. Тэгээд ... зүүн гар тийш харсан чинь анх ирээд зогссон хар өнгийн “Тоёота Приүс-30” маркийн машин ирж зогсож таарсан. Тэр үед цаанаас нэг эрэгтэй хүн “машинаа зогсоогооч ээ” гэж орилоод гүйж ирээд нөгөө “Тоёота Приүс-30” маркийн автомашины зүүн урд талаас машиныг өргөөд байсан. Тэр үед жолооч залуу ... гайхаад бууж ирсэн. Би ... машины зүүн гар талд очсон чинь нөгөө машин дугуйтай хүүхэд дайрчихсан байсан. ...” /1хх 92/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1153 дугаартай шинжээчийн “...Талийгаач Б.Бийн цогцост дагз ясны баруун талд цөмөрсөн турк эмээл, зүүн чамархай, баруун зулай яс руу салаалсан шугаман хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, 2 уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, дагз, дух, зүүн зулайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, нүүрний зүүн хажуу, зүүн эгэмд зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөг, 2 шилбэнд цус хуралт, нүүрний зүүн хажуу, зүүн эгэмд зулгаралт, баруун хацар, шуу, сарвуу, зүүн гуя, баруун өвдөг, 2 шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэггүй байна. Талийгаач нь дээрх гавал, тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. ...” /1хх 132-136/ гэсэн дүгнэлт,

            мөрдөгчийн магадалгаа /1хх 180-181/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 10-20/, хяналтын камерын бичлэг /1хх 35-36/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Х нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүх шүүгдэгч О.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Шүүхээс шүүгдэгч О.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

            Анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн гэж үзэв.

            Иймд шүүгдэгч О.Хгийн “...Талийгаачийн хууль ёсны асран хамгаалагч Б.Б нь замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хоёр хүүхдийн хамт оролцуулах, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Уг хүүхдийн аав зам дээр хүүхдээ орхиж явснаас болж хүүхэд гэнэт миний хажуугаас орж ирэн осол болсон. Миний бие гэм хорын хохирлын 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд миний бие бусдад төлөх төлбөргүй. Миний бие айлын том, доороо хоёр дүүтэй, байнгын эмчийн хяналтад байдаг өвөө, болон ээжтэйгээ амьдардаг. Иймд миний ар гэрийн байдал хүнд нөхцөл байдалд үлдэх учраас 1 жилийн ялыг, хөнгөн төрлийн ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. …”,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаярын “…О.Хд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон өөрчилж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж өгнө үү. …” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заажээ.

            Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Хд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэхдээ нэмэгдэл ялын хугацааг хэрхэн тоолохыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

            Иймд прокурорын бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/500 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Ж.Сандагсүрэнгийн бичсэн эсэргүүцлийн хүлээн авч, шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ