Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Т.Цэвэлмаа,

шүүгдэгч Н.Энхсайхан, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Бумбатан овогт Нарангэрэлийн Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012525 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт:  

Бумбатан овогт Нарангэрэлийн Энхсайхан, Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 8-237 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ЧА78091817, урьд гурван удаа ял шийтгүүлсэн.

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2. дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Н.Энхсайхан нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн, нэвтрэн орж 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Н.Энхсайхан нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16:00-17:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд байх иргэн Т.Цэвэлмаагийн эзэмшлийн амбаарын цоожийг эвдэн, нэвтрэн орж 30 ширхэг хэв хашмал төмрийг машин механизм ашиглан хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Цэвэлмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 3-27 тоотоос 30 ширхэг төмөр хулгайд алдсан. Шүүгдэгч буцаад 19 төмөр авчирч өгсөн. Мөн бэлнээр 110.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 Мөн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3-27 тоотод байх хашаа байшинг манай төрсөн эгч Оюунцэцэг нь Дэчмаа гэх хүнээс 2016 оны 7 дугаар сард худалдан авсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын эхээр нөгөө хуучин айлаа гаргаж худалдан авсан байшингийнхаа дээврийг засах гэж манай гэрийг тэр хашаандаа аваачиж буулгасан. Тухайн хулгайд алдагдсан сапуд төмөр нь манай нөхөр Галбадрахынх байсан. Тэр төмрөөр дээвэр янзлахад хамгаалалт хийнэ гэж авсан байсан юм. Сапуд төмрийг хэн нэгэнд хариуцуулж өгөөгүй, амбаарт хийгээд дугуй цагаан хятад цоожоор цоожлоод явсан. Түүнээс хойш долоо хоногийн дараа очсон чинь амбаарын цоожийг эвдээд хэв хашмал төмрийг аваад явсан байсан. Тэгээд хажуу айлын хүнээс асуусан чинь урьд нь энэ хашаанд байсан Дэчмаа гэдэг хүний хүү нь аваад гарсныг харсан гэж хэлсэн. Үүнээс хойш долоо хоногийн дараа Дэчмаа гэдэг хүнтэй уулзаад “танай хүү манай барилын сапуд төмрийг аваад явсан юм байна, та олж өгөөрэй” гэж хэлсэн чинь долоо хоногийн дараа байх Дэчмаа гэдэг хүн 19 ширхэг сапуд төмөр авч ирээд амбаарт буцаагаад тавьчихаад явсан байсан.  Хэрэг болох үед 30 ширхэг хэв хашмал төмөр аваачиж хураасан байсан дээрх төмрийг манай нөхөр 2016 оны 6 дугаар сарын хавьцаа худалдан авсан. Хохирлоо барагдуулсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

Гэрч Ч.Дэчмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-27 тоотод байх хашаа байшингаа 20.000.000 төгрөгөөр Энхтөр гэдэг хүнд зарсан ба хашаа байшингийн мөнгөнөөс 5.000.000 төгрөг дутуу аваад нүүгээд явсан. Хэд хоногийн дараа мөнгөө нэхэх гээд мөн хашаагаа эргэх гээд очсон чинь манай хашаанд хүн байгаагүй. Манай гэрийг нүүх үед хашаа байшин худалдаж авсан хүний дүү нь манай хашаанд гэр бариад мөн хашаанд байх амбаарт юм зөөгөөд хийгээд байсан. Намайг хашаагаа эргэх гээд ирэхэд нүүрсний амбаарт байсан төмөр нь байхгүй, хоёр ширдэг ч бил үү, бүтээлэг ч бил үү дээшээ сөхөгдсөн байхаар нь хойд гудамжинд байдаг дүүд нь “амбаарт байсан төмөр алга болсон байна” гэж би дүүд нь хэлсэн юм. Тэгсэн дүү нь намайг загнаад байсан ба би “юу яриад байгаа юм, наад төмрөө надад хүлээлгэж өгсөн биш, мөн харж бай гэж хэлсэн биш, яаж мэдэх юм бэ” гээд маргалдаж байгаад явсан. Тэгээд би энэн талаар өөрийн хүү Энхсайханаас асуусан чинь “ээжээ би аваад хүнд хэрэглүүлэх гээд өгчихсөн байгаа” гэж хэлэхээр нь би “чи тэрийг аваад ир, хичнээн ширхэг төмөр байсан юм, хэнд өгсөн юм” гэхэд би 19 ширхэг төмөр авсан” гэж хэлээд хаанаас ч юм аваад ирэхээр нь би байшиндаа хийгээд цоожилсон юм. Тэгээд дараа нь хашаа байшин худалдаж авсан хүнээсээ үлдэгдэл мөнгөө авах гэтэл “сапуд төмөр алга болсон, танай хүү авсан, дутуу авчирсан болохоор 220.000 төгрөг суутгана” гэж хэлээд байхаар нь би “дундаа хийнэ” гээд 110.000 төгрөг өгч тооцоо дууссан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 х/,

 

Гэрч Т.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн эгч Оюунцэцэг нь 2016 оны 7 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3-27а тоот хашаа байшинг худалдан авсан ба өөрөө тэр хашаа байшиндаа байхгүй Дорноговь аймагт ажиллаж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн үед эгчийн хашааг эргэж тойроод явж байгаад хашаанд байх амбаарыг онгойлгоод харахад дотор нь байсан 30 ширхэг барилгын сапуд төмөр алга болсон байсан. Оюунцэцэг эгчийн хашаанд байсан сапуд төмөр нь манай төрсөн дүү Цэвэлмаагийн төмөр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/,

 

Гэрч Э.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө барилгын ажилд хэрэглэхээр барилга дээр хамт ажиллаж байсан Туяа гэх инженерээс хуучин хэрэглэж байсан 30 ширхэг барилгын сапуд төмөр нэг ширхэгийг нь 20.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ингээд тэр төмрийг эхнэрийн төрсөн эгч Оюунцэцэгийн худалдан авсан хашаанд байх амбаарт хураагаад жижиг цагаан өнгийн цоожоор цоожилсон байсан. Гэтэл сүүлд сонссон чинь хуучин тэр хашаанд амьдарч байсан хүний хүүхэд нь хулгайлж аваад зарсан гэсэн сураг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 х/,

 

Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг хашааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ч.Дэчмаа гэдэг хүнээс 20.000.000 төгрөгөөр гэрээ хийж худалдаж авсан. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр байх манай дүү Цэвэлмаа барилга барих зориулалтаар хадгалж байсан төмрөө манай хашаанд нүүж ирэхдээ хамт авч ирээд амбаарт хураасан байсан. Уг төмрүүд нь манай дүү Цэвэлмаагийн эзэмшлийн төмрүүд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 х/,

 

Гэрч Ж.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Энхсайхан гэх залуу надад 20 хүрэхгүй, одоо санаж байгаагаар 18-19 ширхэг байсан санагдаж байна сапуд төмөр авч ирээд “мөнгө хэрэгтэй байна, энэ төмрүүдийг барьцаанд үлдээе, 30.000 төгрөг өгөөч гэхээр нь би “30.000 байхгүй” гээд 25.000 өгч явуулсан. Энхсайхан эхлээд төмөргүй ирээд удалгүй амьжиргаа цагаан гээд жижиг тэвштэй машинаар “өөрийнхөө хашаанаас авч ирлээ” гээд авчирч өгсөн. Тэгээд хоёр хоногийн дараа өөрөө над дээр ирээд надаас авсан мөнгөө буцааж өгөөд сапуд төмрөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 х/,

 

Шүүгдэгч Н.Энхсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хангай захаас жижиг амьжиргаа цагаан гэдэг машин хөлсөөр аваад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 3-27 тоотод байх өөрийн хуучин амьдарч байсан хашаандаа очсон. Тэгээд би архи уух гээд мөнгөний барьцаанд тавих гэж нүүрсний амбаарт байсан барилгын сапуд төмрөөс 19 ширхэгийг ачиж авч яваад Хангай зах дээр ирээд тэнд нэг газар буулгаж Хангай зах дээр чингэлэг ажиллуулдаг хүнд 25.000 төгрөгний барьцаанд тавьж архи уусан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа манай ээж над руу яриад “чи тэр хуучин хашааны амбаарт байсан барилгын төмөр авсан юм уу, хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь “би байгаа, Хангай зах дээр байгаа” гэж хэлээд буцаагаад хоёр хоногийн дараа авчирч хуучин байшиндаа хийж цоожилсон юм. Би тэр сапуд төмрийг хэн нэгэнтэй хамт явж аваагүй, хөлсний машинтай явж ганцаараа авсан. авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43, 45 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Н.Энхсайхан нь “...сапуд төмрөөс 19 ширхэгийг авсан, 30 ширхэгийг аваагүй” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч гэрч нарын зөрүүгүй өгсөн “30 ширхэг сапуд төмөр буулгасан байсныг бүгдийг аваад явсан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөн  хэргийн газарт үзлэг хийх явцад фото зурагаар бэхжүүлсэн баримт зэргээр үгүйсгэгдсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.Энхсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Энхсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54) болон ял шийтгүүлсэн тогтоолууд, суллагдсан баримт (хх-ийн 74-84)-аар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Н.Энхсайхан нь:

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 558 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2. дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дахь зүйлийн 145.2. дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 229 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2. дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байна. 

Дээрх байдлыг дүгнэж үзэхэд Н.Энхсайханы ялгүйд тооцох хугацаа нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх бөгөөд тэрбээр энэ хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул анх удаа гэж үзнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Т.Цэвэлмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Н.Энхсайхан нь хохирогчид 19 ширхэг сапуд төмрийг буцаан өгч, харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд нийт 110.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Т.Цэвэлмаа, 32 дугаар хуудсанд авагдсан гэрч Ч.Дэчмаа нарын мэдүүлэг, 71 дүгээр хуудсанд авагдсан “сапуд төмрийг хулгайлагдсан хэрэгт цаашид ямар нэг гомдол санал нэхэмжлэлгүй болно” гэх хүсэлт зэргээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Иймд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Энхсайханы анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх  шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч Т.Цэвэлмаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Бумбатан овогт Нарангэрэлийн Энхсайханыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Энхсайханд эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхсайханы эдлэх 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  

 

4. Н.Энхсайханд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Энхсайханд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 (нэг) жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ