Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/001447/И

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** байрны ** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ** дугаар багт байрлах, *** ХХК /утас **/-д холбогдох,

1,285,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Э***, хариуцагч Г.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *** ХХК-ий ******* ******* эмийн санд эрхлэгчээр ажилд орсон. 2015 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сард цалин өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар сард 250,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирсон. Ингээд нийт 5 сарын цалин 1,250,000 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 35,900 төгрөг нийт 1,285,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Г.С*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тус компаний *** сан нь ****** сумын 15 дугаар багийн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Нийгмийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг төвөөс зайдуу гэр хорооллын эмийн сан юм. ******* би эм зүйч А*** 2015 оны 04 дүгээр сард гэрээ хийлгүй 2 тал зөвшилцөн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эм зүйчээр ажиллахаар тохиролцсон. Тус сараас нийгмийн даатгалын шимтгэл бөглөж эхэлсэн боловч эм зүйч А*** нь ажлын байранд ирдэггүй байсан. Тус сард нийгмийн даатгалын улсын шалгалт ирэхэд А*** ажлын байранд байгаагүйгээс зөрчилтэй гарч улмаар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрхээ цуцлуулж 2015 оны 05-09 сарын хугацаанд нийгмийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үйлчилж чадаагүй нь эм зүйчийн хариуцлагаас болсон. Иймээс бид 4 сарын турш эмийн сангийн орлого байхгүй үйл ажиллагаа доголдож ажиллах боломжгүйн улмаас түр үйл ажиллагаагаа зогсоосон. Г.А*** эм зүйчийн болон бусад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. А*** эм зүйчийн сарын цалин 200,000 төгрөг гар дээр бэлэн өгөх бусад шимтгэл хүн амын орлогын албан татварыг компани хариуцахаар тохиролцсон юм. Сүүлд 2015 оны 09 дүгээр сард А*** шүүхэд өргөдөл өгөхөд ашиглахаар өөрийн хийсэн хөдөлмөрийн гэрээг авчран гарын үсэг зуруулсан ба уг гэрээнд цалингийн хэмжээг 250,000 болгон өөрчилсөн байсан. Үүнийг засна гэж хэлэхэд дараа засъя гэж хэлээд аваад явсан бид хоёрын дэргэд манай эм найруулагч байсан. Ажил олгогч миний зүгээс тавьсан үүрэг даалгаврыг биелүүлдэггүй улмаар Эрүүл мэндийн газрын шаардлагыг огт тоодгүй мөн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан сургалт семинарт оролцдоггүй би өөр эм зүйчээр сургалтаа хийлгэж байсан. А*** өдөр тутмын орлогынхоо боломжоор өгч байсан бэлэн мөнгө 550,500 төгрөг, эм тариа 230,550 төгрөг, нийт 786,050 төгрөг авсан байна. А*** нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Мэргэжлийн хяналтын шаардлагын дагуу давхар ажил хийдэг эм зүйч ажиллуулах боломжгүй болсон учир 10 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Манай байгууллага А*** 333,950 төгрөг өгөх боломжтой гэж үзэж байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А*** нь М*** ХХК-д холбогдуулан 5 сарын цалин 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.А*** М*** ХХК-ний Э*** эмийн сангийн эрхлэгчээр 6 сарын хугацаатай ажиллуулахаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохигчийн хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-4/

Ажил олгогч М*** ХХК нь эмийн сангийн эрхлэгчээр Б.А*** 2015 оны 5 сараас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллуулсан болох нь М*** ХХК-ний захирлын 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ажлаас чөлөөлсөн тухай тушаал, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Зохигч хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч Б.А*** нь 6 сар ажиллах хугацаанд 1,300,000 төгрөгийн цалин авахаар тусгасан байна.

Нэхэмжлэгч Б.А*** нь ...бэлнээр 300,000 төгрөг, эм, бүтээгдэхүүнээр 200,000 төгрөг, нийт 500,000 төгрөг авсан гэсэн тайлбарыг , хариуцагч Г.*** ...А*** өдөр тутмын орлогынхоо боломжоор өгч байсан бэлэн мөнгө 550,500 төгрөг, эм тариа 230,550 төгрөг, нийт 786,050 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Хариуцагч Г.С*** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу ...786,050 төгрөгийг өгсөн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч Б.А*** цалин 500,000 төгрөг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.А*** 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд авах ёстой цалин 1,210,687 төгрөг, үүнээс авсан цалин 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 710,687 төгрөгийг хариуцагч М*** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага 539,313 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д зааснаар хариуцагч М*** ХХК-иас 710,687 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А*** олгож, үлдэх 539,313 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон авч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг М*** ХХК-нд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс 35,900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 21,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-уул, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА