| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00184/И |
| Дугаар | 135/ШШ2015/00374 |
| Огноо | 2015-04-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2015/00374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00184/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ... дүгээр багт оршин суух .... овгийн Б.Б /РД:........., Утас: ....... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг ... тоотод оршин суух ...... овгийн Б.Д /РД:........, Утас: ......../-д холбогдох
“14 038 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 онд нутагтаа очсон байх үеэр Д эгч залгаж бараандаа явах гэсэн юм, хүүтэй мөнгө олж өгөөч гэсэн. Надад мөнгө байхгүй тул цуг явж байсан хүргэн ах Б.Б-д ...Найдвартай хүн байгаа юм, сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж байна, сар болгон хүүгээ өгч байна, банкинд байлгаж байхаар таньд ч ашигтай .. гэж санал болгосон. Ингээд 3 000 000 төгрөгийг зээлж 3 300 000 болгож өгсөн. Дараа нь дахиж мөнгө зээлэхээр болж 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 07 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 11 дүгээр сард 4 000 000 төгрөг зээлсэн. Нийтдээ 10 000 000 төгрөг зээлсэн бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөөд дуусгачихна, сар бүр хүүд нь 1 000 000 төгрөг төлж байна гэсэн. Сүүлд шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг банкнаас зээлж аван, шилжүүлсэн. Гэтэл мөнгөө төлөөгүй бөгөөд төлнөө гэж байснаа утсаа авахгүй, авахаар уурлаж та нарын мөнгө болохоор мөнгө байдаг, миний мөнгө мөнгө биш юм уу гэдэг болсон. Хугацаандаа төлөөгүйгээс бид их хохирч байгаа, сүүлд тохирсон сарын 8 хувиар тооцсон бол 27-28 сая төгрөг болчихсон байх ёстой. Ахыг би сүүлдээ ятгаж амьдрал нь хэцүү, мөнгө төлөх чадваргүй болчихлоо, үндсэн мөнгөө авъя гэсэн шийдэлд хүрсэн боловч төлөөгүй байгаа тул зээлдүүлсэн 10 000 000 төгрөг, энэ мөнгийг банкинд хадгалуулж байсан буюу мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул тохирсон хүү болох хадгаламжийн жилийн 15.1 хувийн хүүгээр тооцож 1 510 000 төгрөг, Д-г гуйхад нь банкнаас мөнгө зээлж авсан тул түүний хүү 1 328 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 200 000 төгрөг нийт 14 038 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Б-ын нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Б-с 2013 оны 7-24,25-нд 6 000 000 төгрөг, 11 сард 3 872 000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн. Буцааж данс руу мөнгө хийж байсан, нэмэлт тайлбар гаргана, нэхэмжлээд байгаа 14 038 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Д-гаас 14 038 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Д-д 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 3 872 000 төгрөгийг .... банк ..... / ....../ тоот данснаас Б.Д-гийн ... банк ....... тоот данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн ..... банк депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3 000 000, 3 000 000, 4 000 000 төгрөг шижлүүлсэн, эргэн төлөлт хийгдээгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч Б.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар … шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх … үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар ... Б нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Б 2013 оны 7-24,25-нд 6 000 000 төгрөг, 11 сард 3 872 000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн. Буцааж данс руу мөнгө хийж байсан, нэмэлт тайлбар гаргана, нэхэмжлээд байгаа 14 038 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна .. гэж татгалзсан тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 14 038 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн ..... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад ... Б.Д-гийн ..... банк .... тоот дансанд Б.Б ..... банк данснаас ..... / ...... / тоот данс руу 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 800 000 төгрөг, 10 дугаар сарын 24-ны өдөр 600 000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 800 000 төгрөг , 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 800 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг шилжүүлэгээр орсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар талууд ….зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ … гэсэн шаардлагыг хангаагүй тул хүү авах эрхээ алдана гэсэн хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа дурьдсанаар сарын 10 хувь, сард 1 000 000 төгрөгийн хүү төлөхийг 8 хувь болгон өөрчилсөн гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч Б.Д-гийн нэхэмжлэгч Б.Б данс руу шилжүүлсэн 3 600 000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон хасах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шилжүүлсэн 3 872 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ 13/146 тоот гэрээний зүйл болсон 4 000 000 төгрөгийг банкнаас шимтгэл тооцсон дүнгээр 3 872 000 төгрөгийг тухайн өдөртөө Б.Д-гийн данс руу шилжүүлсэн тул зээлийн хэмжээгээр буюу 4 000 000 төгрөгөөр тооцно гэж байгаа болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч Б.Б ..... банкны дансаар шилжүүлсэн 9 872 000 төгрөгөөс хариуцагч Б.Д-гийн дансаар шилжүүлсэн 3 600 000 төгрөгийг хасаж тооцон 6 272 000 төгрөгийг хариуцагч Б.Д-гаас гаруулан нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б ... 10 000 000 төгрөгийг банкинд хадгалуулсан бол 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 03 дугаар сар гээд 1 жилээр банкны хадгаламжийн жилийн 15.1 хувийн хүүгээр бодоход 1 510 000 төгрөг болж байна. Үүнийг би Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар нэхэмжилж байна ... гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар …зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй... бөгөөд нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б.Д-д мөнгө зээлдүүлэхдээ хүү тохироогүй ч хариуцагч Б.Д Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй боловч Б.Д-гийн гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт тохирсон хүүг яаж тооцож байгаа нь тодорхойгүй, жилийн 15.1 хувь гэх талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б ... Д-г гуйгаагүй бол би банкнаас мөнгө авах шаардлагагүй байсан, банкны хүү 1 328 000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байгаа, ..... банкнаас зээлсэн 4 000 000 төгрөгийг би хүүгийн хамт төлж байна гэж 1 328 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэх гэх бөгөөд зээлдэгч Б.Д-гийн мөнгө зээлэх тухай саналыг хүлээн авах эсэх нь зээлдүүлэгч Б.Б байсан, маргааны зүйл болж байгаа 4 000 000 төгрөгийг ..... банкны “.....“ тооцооны төвтэй 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ ...... тоот гэрээ байгуулан, мал худалдан авах зориулалтаар 24 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн графикийн дагуу төлөлтийг дуусгахад 13 328 786 төгрөгийг хүүд төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ .... тоот гэрээний хугацаа зээлдэгч буюу нэхэмжлэгч Б.Б шалтгаалан цуцлагдсан буюу гэрээний хугацаа дууссан эсэх, Б.Б зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу зээл, хүүг хэвийн төлж байгаа эсэх талаархи нотлох баримтгүй буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар … зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б ... Д үүргээ биелүүлсэн бол би цагдаа, шүүх гэж явж зардал гарахгүй байсан. Өмгөөлөгчийн хөлс 1 2000 000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна ... гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2–т зааснаар өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч Б.Б нь 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай“ гэрээг итгэмжлэгдсөн төлөөлөгч М.О-тай байгуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгч оролцуулах, хуульд заасан эрхээ хэрэгжүүлж эрх зүйн туслалцаа авах эрхээ хэргжүүлэх эсэх нь өөрийх нь хүсэл зоригийн асуудал бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохигчдод үүрэг болгоогүй байна.
Хариуцагч Б.Д 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр болох шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх талуудын талуудын мэтгэлзэх зарчимыг хангах үүднээс шүүх хуралдааныг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09-30 хүртэл хойшлогдсон талаар, шүүх хуралдаан тарсаны дараа өөрөө биечлэн мэдсэн болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2–т зааснаар шүүх хуралдаанд дуудсан тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэсний дагуу шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр утсаар дахин мэдэгдэхэд .. мэдэж байгаа, очиж уулзана ... гэж хариу хэлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдсэн хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үед нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар ..хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ...гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн оролцоогүйгээр явуулсан бөгөөд түүний шүүхэд гаргасан ... Б нэхэмжлэлтэй уншин танилцлаа. Б 2013 оны 7-24,25-нд 6 000 000 төгрөг, 11 сард 3 872 000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн. Буцааж данс руу мөнгө хийж байсан, нэмэлт тайлбар гаргана, нэхэмжлээд байгаа 14 038 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна .. гэсэн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулсан 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Х нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Б.Д-гаас 6 272 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож 7 766 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ХХ- Банк 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...... тоот төрийн дансанд тушаасан 228 140 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжыг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс тэмдэгтийн хураамж 115 301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд, хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ