Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 154/ШШ2015/00123

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сум дундын 26 дугаар шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган суманд 1983 оны 06 дугаар сарын 25-нд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ПЮ83062501 дугаар регистртэй, Ишгэн овогт Мөнхбаатарын Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ховд аймгийн Булган суманд 1975 онд төрсөн 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, ПБ75061507 дугаар регистртэй, Хотод овогт Цэвгээгийн Сонгуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах тухай иргэний хэргийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алхажан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ц.Сонгууль, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч  М.Энхцэцэг нь шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэлдээ: “Би 2005 онд Ховд их сургуулийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Булган сумын 12 жилийн 2-дугаар сургуульд 2005 оноос хойш технологийн багшаар, 2007 оноос хойш бага ангийн багшаар ажилласан. 2012 оноос тус сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан.  Ажилдаа чин сэтгэлээсээ хандан, өөрийгөө дайчлан хангалттай сайн ажиллаж ирсэн гэж үздэг. Гэтэл Минжит Булган цогцолбор сургуулийн захирал нь 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг монгол хэлний багшийн ажлаас чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Ажил олгогчоос надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэг байдлаар мэдэгдээгүй ба гарын үсэг зуруулаагүй юм. Би 2013 оны 05 сарын 06-ны өдөр Эмүжин нэртэй охин төрүүлсэн бөгөөд одоо охин маань 1 /нэг/ нас хүрээгүй байна. Ийм байхад намайг ажлаас халсан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байх тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч М.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”М.Энхцэцэг нь 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Ажлаас халсан тушаал нь үндэслэлээ тодорхой заагаагүй, баримталсан хуулийн зүйл заалт нь нийцээгүй, хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байтал бага дунд боловсролын тухай хуулийг давхар барьсан бөгөөд мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халсан гэсэн атлаа тушаалын удиртгал хэсэгт өөрийн хүсэлтээр гэсэн өгүүлбэр оруулсан байна. Тухайн ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг бариж тушаал гарах байсан. Тушаалд баримталсан хуулийн зүйл заалт нь ажлаас халсан үндэслэлтэйгээ нийцэхгүй байна. Мөн Ажил олгогч нь ажилтаныг ажлаас халах тохиолдолд энэ тухайгаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй ба хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчиж 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийг ажлаас халсан байна. Ийм нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Энхцэцэгийг Минжит Булган цогцолбор сургуулийн монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 3381300 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

            Хариуцагч Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захирал Ц.Сонгууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн багш М.Энхцэцэг нь Ховд аймгийн боловсролын газраас зохион байгуулсан мэргэжлийн шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан байдаг. Ховд аймгийн боловсролын газраас 2015 оны 02 сарын 06-ны 44 дугаар “мэргэжил, онол арга зүйн”-н шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан багш М.Энхцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай албан бичиг ирсэн.

Багш нарын боловсролын асуудал хурцаар тавигдаж байгаа. Манай аймаг, орон нутаг монгол хэлний элсэлтийн шалгалтын дүнгээр улсад маш доогуур ордог. Боловсролын газраас монгол хэлний багш нарыг аттестатчилах шалгалт явагдсан ба энэ шалгалтанд нийт 84 багш хамрагдсан ба үүнээс 7 багш 40-өөс доош хувийн үнэлгээ авсан. Энэ 7 багшийг цаашид ажиллах боломжгүй гэдгийг манай аймгийн боловсролын газрын дарга хэлсэн байгаа. Энэ тухай асуудлыг М.Энхцэцэг болон дээрх 7 багш бүгд сонсож мэдэж байсан. Тушаалын хувьд зохих байгууллагын дүгнэлт гарсан тул үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн М.Энхцэцэг нь өөрөө ажлаас халагдах хүсэлтээ бичиж өгсөн байдаг. Багшийн ёс зүйтэй холбоотой асуудал бас байсан. М.Энхцэцэг багш тухайн үед анги дааж ажиллаж байсан ба даасан ангийнхаа формын мөнгө 2000.000 төгрөгний өртэй байсан. Түүнээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг өөрөө бэлнээр хурааж авсан байдаг.”

“... Би өөрөө 2014 оны 02 сарын 25-нд Ховд аймагт ажилтай байсан тул тушаалыг нөхөж гаргасан...”, “... Багш М.Энхцэцэг өөрийн халагдах хүсэлтээ өгөөгүй бол би тушаал гаргахгүй байх байсан. Би М.Энхцэцэгийг дарамталж өргөдөл бичүүлсэн асуудал байхгүй...” гэв.

Гэрч Б.Бумзаяа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... Би Минжит Булган” цогцолбор сургуульд сургалтын менежерийн ажил эрхэлдэг. Сар өдрийг би сайн санахгүй байна. Захирал Ховд аймаг руу ажлаар явсан байсан. Багш М.Энхцэцэг надад ажлаас халагдах өргөдөлөө өгсөн. Манай өрөөнд орж ирээд надаас 2 ширхэг цаас авсан. Тэгээд бичиж өгсөн байх. Би сайн санахгүй байна. М.Энхцэцэгийн өргөдлийг аваад би захирал багшийг Ховд аймгаас ирэхээр нь өгсөн. Захирал өөрөө ирж тэр өргөдлийг авсан...” гэх мэдүүлэг

Гэрч Н.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “... Би тус сургуулийн бичиг хэргийн ажилтан. Сургуулийн захиргаанд ирж буй өргөдөл гомдол надаар дамжиж ирэх ёстой. Хавтаст хэрэгт байгаа өргөдөл хүсэлтийн хяналтын картыг би бүртгэсэн байна. Миний гарын үсэг мөн. Би тухайн өргөдлийг захирлаас хүлээж аваад бүртгэсэн даруйдаа өгсөн. Огноог нь би сайн санахгүй байна. Өргөдлийг захирал багш хүлээж аваад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Өдөр сарыг нь би сайн санахгүй байна. Уг тушаалыг би төлөвлөж өгсөн. Тэр үеэр захирал хэд хоног байхгүй байсан. Захирлыг хэд хоногоор яваад хэзээ ирснийг би санахгүй байна. 2014 оны 02 сарын 28-нд ирсэн байсан.  Тушаалыг хугацаанд нь буюу 3 хоногийн дотор би М.Энхцэцэгийн гэрт нь хүргэж өгсөн...” гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь шүүхэд Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн захиралын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус сургуулийн монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан М.Энхцэцэгийг ажил олгогч тус байгууллага нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байх ба уг тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаандаа буюу 2015 оны 03 сарын 26-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл хүлээн авсан хяналтын картаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзлээ. Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь Минжит Булган цогцолбор сургуульд ажиллаж байсан нь түүний шүүхэд гаргасан гомдол, сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 дугаартай Минжит Булган цогцолбор сургуулийн захиралын “М.Энхцэцэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус байгууллагад багшаар ажиллаж байсан М.Энхцэцэгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.

Уг “Минжит Булган” цогцолбор сургуулийн захиралын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 тоот тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн, үндэслэл муутай болжээ. Үүнд:

Тус сургуулийн захирал Ц.Сонгууль 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 тоот тушаалаар монгол хэлний багшаар ажиллаж байсан М.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийг хэрэглэсэн нь зөв боловч сарбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль буюу бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-г давхар баримталж тушаал гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Ажил олгогч нь М.Энхцэцэгийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан болох нь Ховд аймгийн боловсролын газрын монгол хэлний багш нарыг аттестатчилах комиссын дүгнэлт, түүний хавсралт, шалгалтын материал болон багш М.Энхцэцэгийн шалгалтын хуудас, үнэлгээ зэрэг баримтуудаар нотлогдож байх боловч тухайн үед нэхэмжлэгч нь 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан нь Батмөнх овогтой Эмүжингийн №0000886356 Г-104 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байх ба ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1..5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1/нэг/ сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/07 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж М.Энхцэцэгийг Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан буюу 2014 оны 02 сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3381300 төгрөгийг гаргуулан М.Энхцэцэгт олгож,  түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирал Ц.Сонгуульд даалгаж шийдвэрлэлээ.

Уг нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул 70200 төгрөг дээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3381300 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 69051 төгрөгийг нэмж нийтдээ 139251 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

             1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар М.Энхцэцэгийг Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн Монгол хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

             2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Минжит Булган цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 3381300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Энхцэцэгт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирал Ц.Сонгуульд даалгасугай.

             3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Минжит Булган цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 139251 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.ТҮВШИНЖАРГАЛ