Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Б.Батхишиг,  

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуун овогт Ганбаатарын Лхагвасүрэнд холбогдох 201624000509 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт, ам бүл 3 эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт баруун дэнжийн 3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Алаг Адуун овогт Ганбаатарын Лхагвасүрэн /РД: ИЭ88012619/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, 22-н товчооны замд Ганбаатарын эзэмшлийн Ниссан Санни маркийн 99-30 УНЗ улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: үүнд а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгслийг жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн, улмаар  уг дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж Г.Нямдамирангийн жолоодож  явсан “Зетко” ХХК-ний эзэмшлийн Норд бенз маркийн 73-27 УНВ тээврийн хэрэгслийг мөргөж 1.028.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Идэрмаагийн биед  хүндэвтэр, хохирогч Б.Баасансүрэнгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 23:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, 22-н товчооны замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин А.Ганбаатарын эзэмшлийн Ниссан Санни маркийн 99-30 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явж, мөн дүрмийн  9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Нямдамирангийн жолоодож  явсан Зетко ХХК-ний эзэмшлийн Норд бенз маркийн 73-27 УНВ тээврийн хэрэгслийг мөргөж 1.028.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Идэрмаагийн биед  хүндэвтэр, хохирогч Б.Баасансүрэнгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

            Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9х/

 

            Хохирогч Н.Идэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 22:00 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр Нямдамирангийн хамт түүний ажлын газрын ачаа зөөх зориулалттай 73-27 УНВ улсын дугаартай автомашинтай нь Төв аймгийн Заамар суманд ачаа хүргэхээр 22-н товчооны тэнд байдаг ажлаас нь хөдөлсөн. Ингээд дөнгөж хөдлөөд хойд замын зорчих хэсэг рүү ороод зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас автомашины гэрэл харагдсан. Тэгэхээр нь би нөхөр Нямдамиранд автомашин ирж байна зогс гэж хэлэхэд Нямдамиран автомашинаа зогсоосон. Тэгтэл зүүн талаас ирж явсан автомашин ямар ч зогсох үйлдэл хийхгүй эрчээрээ орж ирээд ямар ч дарах, саад тойрч гарах үйлдэл хийлгүй шууд мөргөчихсөн. Энэ мөргөлтийн үед би толгойн духны зүүн урд тал, зүүн хөмсөгний дээд талаар юм мөргөөд ухаан алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7395 тоот дүгнэлт:

               а/ Н Идэрмаагийн биед ахар сүүлний хугарал, дух зулай, гуянд гэмтэл тогтоогдлоо.

               б/ Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна .

               г/ Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 38х/

              

  Иргэний нэхэмжлэгч Г.Нямдамирангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 26-ны орой 22:30 цагийн орчим 73-27 УНВ улсын дугаартай Норд бенз маркийн том оврын ачааны автомашинтай Төв аймгийн Заамар суманд ачаа хүргэхээр ажлаасаа гарсан. Би ажлын газрын хашаанаас гараад хуучин 22-н товчооны төв зам руу орохоор Зүүмлин ХХК-ны ертөнцийн зүгээр урд талын авто замын уулзвар луу орохоор очиход замын зорчих хэсгийн баруун талаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд хот тал руугаа явж байсан 2-3 автомашиныг өнгөрөөгөөд зам чөлөөтөй болхоор мөн баруун талаас ирж яваа буюу хотоос гарч яваад зүүнээс баруун чиглэлтэй замын зорчих хэсэг рүү харахад ямар ч автомашин байхгүй болхоор нь уулзвар нэвтрэхээр хөдөлгөөн үргэлжпүүлсэн. Тэгтэл миний хажууд сууж явсан найз эмэгтэй болох Идэрмаа нь хажуунаас машин гэхээр нь би шууд тоормоз гишгээд зогстол удалгүй урдуур нэг жижиг автомашин орж ирээд урд буфер хэсгээр мөргөөд миний зүүн гар тал буюу замын зорчих хэсэгт бүтэн эргээд миний жолоодож явсан автомашины өөдөөс хараад зогссон. Ингээд би буугаад хартал уг автомашины жолооч нь бууж чадахгүй хаалга нь гацсан юм шиг байхаар нь би очоод баруун урд талын хаалганы цонхыг нь хагалж байгаад жолоочийг арай гэж автомашинаас нь гаргаад замын хойд талд гаргаж суулгаад, цагдаа болон түргэн тусламжийн 102, 103 дугаарт дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32х/

 

Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр манай ажил дээр найз Лхагвасүрэн ирсэн. Уулзаагүй удсаных гээд голын эрэг дээр шил пиво уухаар болоод Яармагийн эцсийн буудлаас хойшоо яваад Туул голын эрэг дээр очоод замын дэлгүүрээс авсан 2,5 литрийн хэмжээтэй боргио нэртэй пиво авсан. Ингээд бид 2 голын эрэг дээр сууж байгаад авсан пивонуудаа ууж дуусгаад харанхуй шөнө болсон байсан. Лхагвасүрэнгийн гэр лүү явъя гээд түүний 99-30 УНЗ улсын дугаартай автомашинтай эмээлт рүү явсан. Уг автомашиныг Лхагвасүрэн өөрөө жолоодоод би жолоочийн хажуугийн суудалд /урд/ суугаад явсан. Би өөрөө архи пиво ууж чаддагүй болохоор би машинд суугаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд ГССҮТөвд ухаан орсон ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Эмчилгээний баримт гэхээр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80, 121х/

 

Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7451 дүгнэлт:

               а/ Баасансүрэнгийн биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний хараагүйдэл, баруун нүдний алимын эвэрлэгийн өнгөц шархнууд, хамар ясны хугарал, таславч мөгөөрсний хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хацар яс, 2 талын гайморовын хөндийн дотор болон урд ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, нүүрэнд олон тооны шарх зулгаралт, элхэгийн болон суурийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

               б/ Дээрх шарх, зулгаралт гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

               в/ Зүүн нүдний хараагүйдэл шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын хүснэгт 7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 34х/

 

               Иргэний хариуцагч А.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ниссан Санни маркийн 99-30 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч 1 жил гарангийн өмнө төрсөн хүү Г.Лхагвасүрэнд өгчихсөн. Тэр үедээ би хүүгийнхээ нэр дээр машинаа шилжүүлэх гэсэн боловч иргэний үнэмлэхээ гээчихсэн учраас шилжүүлж чадаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83х/

 

               УХЦГ-ын техникийн шинжээчийн №160 дүгнэлт:

            а/ Норд Бенз маркийн 73-27 УНВ улсын дугаартай автомашины жолооч Гантөмөрийн Нямдамиран нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

б/ Ниссан Санни маркийн 99-30 УНЗ улсын дугаартай автомашины жолооч Ганбаатарын Лхагвасүрэн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2.7.а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 181х/

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв тул шүүх хуралдаанд нэмж ярих зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

                   “...2016 оны 5 дугаар сарын 26-ны орой 19:00 цаг өнгөрч байхад найз Баасансүрэнтэй 5-н шарын автобусны буудлын хажуугийн дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй 2 сав Боргио нэртэй пиво аваад хойшоо Туул голын хөвөөнд очоод хашлагын хажууд би өөрөө унаж явсан 99-30 УНЗ улсын дугаартай автомашинаа орхиод голын эрэг дээр очиж суусан. Ингээд тэндээ авч очсон авч очсон хоёр сав Боргио пиво хувааж уугаад юм ярьж сууцгаасан. Тэндээсээ буцаж Яармагийн гудамж руу орж машин дотроо жаахан унтсан. Ингээд унтаж байгаад нэг сэрэхэд гэгээ арай тасраагүй, бүрэнхий болчихсон байсан. Тэгээд би автомашинаа асаагаад Эмээлт явъя гээд би өөрөө автомашинаа жолоодоод, Баасансүрэн миний хажууд буюу зүүн урд талын суудалд суугаад Яармагаас гараад Сонсголонгийн замаар урдаас хойшоо чиглэлтэй яваад 4-р цахилгаан станцын баруун талын 3 замын уулзвар нэвтрээд хойшоо яваад Монос эмийн үйлдвэрийн 3 замын уулзвараар зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргээд хуучин 22-н товчооны замаар ороод зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад хуучин 22-н товчоо, Сод Монгол ШТС өнгөрөөд явж байтал гэнэт эсрэг урсгалаас буцаж эргэх хэсэгт том оврын ачааны автомашин гараад ирсэн ба би тэр автомашиныг нилээн ойроос хараад зогсож чадалгүй уг автомашинтай мөргөлдсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд сэргэж ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 87х/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж болно.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Лхагвасүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 53/ тогтоогдов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж хохирогч Н.Идэрмаа 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Нямдамиран 1.000.000 төгрөг тус тус авсан цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 172, 173х/ Харин хохирогч Б.Баасансүрэн, иргэний нэхэмжлэгч А.Ганбаатар нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй /хх-ийн 84-85, 121х/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалттай группт байдаг/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байх тул эдгээр байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг Адуун овогт Ганбаатарын Лхагвасүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэнгийн эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Лхагвасүрэнд оногдуулсан 1 жилийн 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар Г.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Лхагвасүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                        Г.АЛТАНЦЭЦЭГ