Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 839

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2015/00208

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж,  тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн ... дугаар гудамж ... тоотод оршин суух .... овгийн О.Б /РД: ........, утас: ......../

     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг  Дархан сум ... дугаар баг ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух ...... овгийн Ц.О /РД: ........, утас: ......../ нарын нэхэмжлэлтэй 

     Хариуцагч:  Дархан-Уул аймаг Дархан сум  ... дугаар баг ... дугаар бракт оршин суух .....  овгийн  Б.Д /РД:........,  утас ....../-д холбогдох  

     “2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай”, “12,320,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Миний бие нь Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн ... дугаар гудамж .. тоотод байрлах 315мкв талбайтай хувийн сууцыг 40 000 000 төгрөгөөр Д –д зарах болж түүнээс 20 000 000 төгрөгөнд нь LEXUS 450 маркийн автомашин, бэлэн 5 сая төгрөг авч үлдэгдэл төлбөрийг 2013 оны 12-р сарын 15-ны өдөр Д надад төлж дуусгахаар тохиролцож 2013 оны 12-р сарын 15-ны өдөр арилжааны гэрээ хийсэн юм. Энэхүү арилжааны гэрээний дагуу би өөрийн байрны өмчлөх эрхийг Д-ийн нэр дээр шилжүүлж өгөөд түүнээс машиныг нь авсан юм.

Үлдэгдэл тооцоог Д нь 2013 оны 12-р сарын 25-ны өдөр хийх байсан ч өгч чадаагүй бөгөөд надаас гуйж байгаад үлдэгдэл төлбөрөө хийх хугацааг 1 жилээр сунгуулж үлдэгдэл  мөнгөндөө  /хүү тооцохгүйгээр/ зээлийн  гэрээг 2014  оны  01-р  сарын  10-ны  өдөр хийсэн. Д-г үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа би байраа суллаж өгөхөөр тохиролцсон байсан. Д нь тохирсон хугацаандаа мөнгийг минь төлөхгүй төлөх тал дээр санаа санаачлага гаргахгүй бүтэн жил намайг хүлээлгэж байгаа ба их хэмжээний өр зээлтэй гэдгийг нь би мэдэлгүй наймаа хийж хохирч явна. Тэрээр барьцаалан зээл авах үл хөдлөх хөрөнгөгүйгээс миний үл хөдөлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч банкинд барьцаалан зээл авсан байсан. Төлбөрийн чадваргүй болох нь илэрхий болсон тул би хийсэн наймаагаа буцааж, бидний хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж байна.

Иймд Дархан сумын ...-р баг Их сургуулийн ...-р гудамж ... тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө арилжсан арилжааны гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлтэй танилцахад энэ нэхэмжлэлд тусгагдсан зүйлс хууль ёсны бус маш худал зөрүүтэй бичигдсэн байна. Энэ нэхэмжлэлтэй холбоотой нэмэлт тайлбарыг шүүхэд бичиг баримтын хамт гаргаж өгөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Д-тай 2014 оны 09 сарын 05-ны өдөр зээлийн гэрээг барьцааны гэрээтэй байгуулан 8 сая төгрөгийг зээлдүүлж Б.Д-д шилжүүлсэн юм. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д зааснаар шилжүүлж үүргээ биелүүлсэн. Гэтэл Б.Д нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл болох 8 сая төгрөг 4 өдрийн 1 хувийн хүү 320,000 төгрөг, алданги хуульд зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүй тул 4 сая төгрөг нийт 12,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээ хийгдсэн учраас үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан 2014 оны 09 сарын 05-ны өдрийн Ү-........, Ү-........ дугаарт бүртгэлтэй Дархан сум ... дугаар баг Их сургуулийн ... дугаар гудамжны ... тоот орон сууц газраас хангуулах дуудлага худалдааг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд томилсон тухай шаардаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Хариуцагч Б.Д нь 2014 оны 05 дугаар сарын 20-нд 3.100.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-нд 3.000.000 төгрөг, нийт 6.100.000 төгрөгийг зээлж аваад энэ нь 2014.09.05-ны өдөр нийт хүүтэйгээ 9,115,000 төгрөг болохоос 8.000.000 дээр нь гэрээ шинээр хийж албан ёсоор барьцаа хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн. Д нь олон хүнийг хохироож би жил гаруйн хугацаанд мөнгө төгрөгөө түгжүүлж хохирсоор байна. Д шилжүүлсэн мөнгө нь иргэн миний гар дээр байвал тодорхой хэмжээгээр эргэлтэнд орж амьдрал ахуйд минь хэрэгтэй байх байсан. Д-аас болж би өр зээлэнд орж өөрөө хохирсоор байна. Д-тай хуулийн дагуу алданги хүүгээ бодож цаг хугацаанд нь гарын үсэг зуруулж явж байсан. Шүүгч та үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Оээс 3.100.000 төгрөг зээлсэн. Тэгээд дахин сар орчмын дараа 3000000 төгрөгийг нэмж зээлж авсан. Нийт 6.100.000 төгрөгийг хүүгийн хамт өгөхөд татгалзах зүйлгүй, бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 оны 09 дүгээр сарын  05-нд хийсэн зээлийн гэрээ нь урдах 2 зээлийн гэрээг халхалж хийсэн дүр эсгэсэн гэрээ болно. О бид хоёр аймгийн захиргааны нэг цонхон дээр байсан нотариат орж гэрээ хийе гэж очиход мөнгө өгч авсан яг тухайн үеийн байдлыг баталнаа түрүүн хийчихсэн гэрээг бид дахиж мөнгө нэмсэн дүнтэй хийх боломжгүй гэсэн. О Мөнгөн хөөсийн нотариат дээр ирж 8 000 000 төгрөгийн гэрээг хийлгэсэн. Нэмж авсан 3 000 000 төгрөгний баримтыг урдах зээлийн гэрээн дээрээ гараар бичүүлж авсан бөгөөд албан ёсоор зээлийн гэрээ хийгээгүй. Зээлийн хүү түүний алданги хэт өндөр байх тул багасгаж өгөхийг хүсье” гэжээ

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б  Б.Д-д холбогдуулан гаргасан 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Талуудын хооронд  2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  О.Б-ын өмчлөлд байсан Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг хариуцагч Б.Д-ийн өмчлөлд газрын хамт, Б.Д-гийн  өмчлөлд байсан ДАХ .... улсын дугаар бүхий LEXUS-450 маркийн автомашиныг О.Б-ын өмчлөлд, орон сууцны зөрүү 10 000 000 төгрөгийг өгөхөөр арилжааны гэрээ хийгдсэн байна.

Уг арилжааны гэрээний дагуу  Улсын бүртгэлийн Ү-.. дугаарт бүртгэлтэй 315 м.кв  амины орон сууцыг хариуцагч Б.Д-ийн өмчлөлд газрын хамт шилжсэн нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Уг арилжааны гэрээний дагуу Б.Д-ийн  өмчлөлд байсан ДАХ ... улсын дугаар бүхий LEXUS-450 маркийн автомашин  О.Б-д, О.Б-с “......“ ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 тоот шийдвэрээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Үл хөдлөх  хөрөнгө арилжих гэрээгээр өмчлөх эрхтэй болсон Б.Д Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг барьцаалан Ц.О-с зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөг зээлэн, зээлийн болон барьцааны гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байна.

2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээний зүйл болсон Б.Д-ийн өмчлөлд байсан ДАХ .... улсын дугаар бүхий LEXUS-450 маркийн автомашины талаар маргаан үүсэж, өмнөх өмчлөгч  нэхэмжлэгч Ц.Х хариуцагч Б.Д-д холбогдуулан ДАХ .... улсын дугаар бүхий LEXUS-450 маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гарган, Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 372 тоот шийдвэрээр ... Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,264.1, 205.1-д зааснаар хариуцагч Б.Д-аас Тоёота лексус-450 маркийн автомашин гаргуулж нэхэмжлэгч Ц.Х-д, Ц.Х-аас 2 000 000 төгрөг гаргуулан Б.Д-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээний зүйл болсон Б.Д-аас О.Б-д, О.Б-аас “......“ ХХК-д хэлцэлээр  шилжсэн  ДАХ ....улсын дугаар бүхий LEXUS-450 маркийн автомашин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмнөх өмчлөгч Ц.Х-д шилжсэн тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно.

Иймд 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээний зүйл болсон О.Б-аас Б.Д-д шилжүүлсэн Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг, газрын хамт  хариуцагч Б.Д-ийн өмчлөлөөс гаргуулан, түүнд олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... тоот, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ..... тоот гэрчилгээг хүчингүй болгон, О.Б-аас гэрээний дагуу  урьдчилан авсан 5 000 000 төгрөг, вакум цонхны үнэ 1 280 000 төгрөг, цахилгааны монтаж хийлгэсэний төлбөр 350 000 төгрөг нийт 6 630 000 төгрөгийг О.Б-аас гаргуулан Б.Д-д олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ц.О-ийн хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 12 320 000 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 8 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 08 хүртэл 4 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Б.Д-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум .. дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  Улсын .бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.

Талуудын байгуулсан  зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг зэлдэгч Б.Д зээлдүүлэгч Ц.О-д шилжүүлээгүй бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийсэн 3 100 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зэлдүүлэх гэрээний нэмэлт болгож, 2014 оны 05 дугаар сарын 28-наас 2014 оны 06 дугаар сарын 08 хүртэл 10 хоногийн хугацаанд 5 хувийн хүүтэйгээр нэмж мөнгө зээлсэн  байна.

Иймд 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй тул энэ гэрээний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардарх эрхгүй байна.

Харин 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, нэмэлт нөхцөлийн дагуу  /3 100 000 төгрөг 5 хувийн хүү 155 000 төгрөг, 3 000 000 төгрөг , 5 хувийн хүү 150 000 төгрөг/  нийт 6 405 000  төгрөг, гэрээний 2-т зааснаар алданги  3 202 000 төгрөг бүгд 9 607 000 төгрөг Б.Д-аас гаргуулан Ц.О-д олгох үндэслэлтэй байна.

2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө арилжих гэрээний зүйл болсон О.Б-аас Б.Д-д шилжүүлсэн Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг хариуцагч Б.Д-аас гаргуулан, түүний нэр дээр бичигдсэн  эд хөрөнгө болон  газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  Ц.О, Б.Д нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Б.Д  Ц.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 3533 дугаартай захирамжаар нэгтгэсэн тухай мэдэгдэж хурлын товыг дахин сануулж хэлэхэд “Баярсайханы нэхэмжлэлтэй хурлын товыг 2015.08.27-ны өдөр гэж мэдэгдсэн бөгөөд би Увс аймгийн Улаангом хотоос 8.25-ны өдөр гараад замд машин эвдрээд сэлбэг хүлээн буцаж аймгийн төв орж ирээд байна. Өөрийн биеэр шүүх хуралд оролцож амжихгүй болоод байгаа тул шүүх хурлыг надгүйгээр шийдвэрлэж, шүүх хуралд миний өмгөөлөгч оролцох бололцоогоор хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж түүний оролцоогүйгээр шүүх хурлыг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар   Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  Улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг, газрын хамт  хариуцагч Б.Дгийн өмчлөлөөс гаргуулан, О Б-д олгон, Б.Д   Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... тоот, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .... тоот гэрчилгээг хүчингүй болгон, О.Б-аас 6 630. 000 төгрөгийг гаргуулан Б.Д-д олгосугай.

2.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасанаар Б.Д-аас   9 607 000 төгрөг гаргуулан Ц.О-д олгон, 2,713,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан-Уул аймаг Дархан сум ... дугаар баг Их сургуулийн гудамж ... тоот хаягт байрлах 315 м.кв талбай бүхий  Улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй амины орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан үнийн дүнгээс  нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Нэхэмжлэгч О.Б .... банк 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 288 000 төгрөг, ... банк 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70200 төгрөг, Ц.О-ийн ... банк 2015 оны 05 дугаар сарын 27-ны  өдөр төлсөн  212 070 төгрөгийг тус тс төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Д-аас 358,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д, Б.Д-аас 160,022 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.  

6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ОЮУНДАРЬ