| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01480/и |
| Дугаар | 208 |
| Огноо | 2016-01-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01480/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байрны *** тоотод оршин суух, С*** овогт М*** С*** /РД: МЮ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** ******* сургуульд холбогдох,
"2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас халагдахын өмнөх сар буюу 11 дүгээр сарын цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос ******* ******* сургуулийн сургалтын менежерээр ажилласан. Ажиллах хугацаандаа ажлаа чанартай сайн гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот албан бичгийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод 1 өдрийн сургалтанд хамрагдан, БСШУ-ны яамнаас ******* улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл Бага ангийн байгаль шинжлэл, дунд, ахлах ангийн байгалийн ухааны судлагдахууны боловсролын чанарыг сайжруулах нь сэдэвт сургалтанд хамрагдах 12 багшийн нэгээр сонгогдон ******* улсад сургалтанд хамрагдаад ирсэн. ******* улсруу явахаасаа өмнө тухайн үед захирлаар ажиллаж байсан Ж.М*** захиралд дээрх албан бичгийг танилцуулж, цалинтай чөлөө авах тухай өргөдлөө өгөөд явсан. Ажил үүргээ зохих хүмүүст нь хүлээлгэн өгсөн. ******* улсад суралцаж байхад захирал солигдож, Б.Г*** нь тус сургуулийн захирал болсон байсан. Сургалтаас 2015 оны 11 сарын 27-ны өдрийн баасан гарагт ирээд 2015 оны 11 сарын 30-ны өдөр ажилдаа ирэхэд намайг ажлаас хална, ажил тасалсан тул 11 дүгээр сарын цалинг олгохгүй гэсэн. Тэгээд өргөдөл бичиж өгвөл 11 дүгээр сарын цалинг нөхөн олгож болно гэсний дагуу би 2015 оны 11 сарын 04-ний өдрийн огноогоор цалинтай чөлөө олгох тухай өргөдөл нөхөн бичиж өгсөн. Гэтэл намайг 2015 оны 12 сарын 03-ны өдөр ажлаас халсан. Би өмнө нь арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан байсан. Манай сургууль дээр Аймгийн Засаг даргын захирамжаар комисс ирж шалгалт явуулсан бөгөөд тэр нь дандаа санхүүгийн зөрчил байсан бөгөөд энэ нь надтай ямар ч хамааралгүй юм. Гэтэл тэр шалгалтаар гарсан алдааг надад хамааруулж санхүүгийн зөрчил давтан гаргасан гэж, мөн ажлын цагийн гүйцэтгэлийг хуурамчаар бэлтгэсэн зэргээр тушаалд бичсэн байсан. Миний бие албан ёсны яамны түвшний сургалтанд аймгаа төлөөлж явсан байхад ажлаас халсныг зөвшөөрөхгүй байна. Мөн санхүүгийн зөрчил надад хамааралгүй бөгөөд ажлын цагийн гүйцэтгэлийн хувьд намайг явахаас өмнө Ж.*** захирал урьдчилаад ажлын цагийн тооцоо гаргаад өг гэсний дагуу хүснэгтээр гаргаж өгсөн бөгөөд түүнийг захирал албан ёсоор батлаад, дараа нь нягтлан бодогч баталгаажуулж байж цалин нь бодогддог болохоос миний гаргаж өгсөн хүснэгтээр шууд цалин мөнгө гараад байдаг зүйл байхгүй. Иймээс Б.Г*** захирлын гаргасан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг *** ******* сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулж өгнө үү. Мөн 11 дүгээр сарын цалинг надад олгоогүй тул тэр цалинг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан тайлбартаа: М.С*** нь БСШУЯамны 2015 оны 10 сарын 03-ны өдрийн *** тоот албан бичгийн дагуу ******* улсад сургалтанд суусан ч ажилдаа хариуцлагагүй хандаж, багш хамрагдах сургалтанд сургалтын менежер атлаа албан тушаалаа ашиглан өөрийн нэрээ илгээж ашиг сонирхлын зөрчил гаргасан. Сургуулийн дотоод журмын 4.10-т заалт зөрчин захирал чөлөө өгч тушаал гаргаагүй байхад дур мэдэн ажлаа орхин тасалж явсан. Гадаад оронд зохион байгуулагдах сургалтанд төрийн байгууллагын төлөөлөл оролцохдоо Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст сургуулийн захиргаа мэдэгдэх үүрэгтэй. Аймгийн Иргэдийн хурлаас ч 2013 онд бүх төрийн байгууллагын ажилтнуудад сануулж байсан. Б.Г*** миний бие 2015 оны 11 сарын 05-ны өдөр ******* ******* сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд энэ өдрөө сургалтын менежер М.С*** ярьж уулзах санал тавьсан боловч ирээгүй. Ажлаа хэнд хариуцуулж үлдээж байгаа эсэх, албан ёсоор чөлөө авсан эсэхийг утсаар болон цахимаар асууж сануулахад огт хариу өгөөгүй. Тухайн үед сургалтын менежерийн хийх ажил их байсан. Өрөөгөө цоожлоод, сургуулийн албан хэрэгцээний хаягаа хаагаад, нууц кодоо өгөөгүй, ажлаа хүлээлгэн өгөөгүй явсан. 2015 оны 11 сарын 30-ны өдөр сургуулийн захиргаандаа чөлөө хүссэн өргөдлөө 2015 оны 11 сарын 04-ний өдөр гэж хуурамчаар бичин нарийн бичигт бүртгүүлсэн байсан өргөдлийг бичиг хэргийн ажилтан Б.Н*** тайлбартай хамт хавсаргав. Хөдөлмөрийн гэрээний 4.1.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, ажлын цагийг 2 ба түүнээс дээш өдөр тасалсан. Аймгийн Засаг даргын 2015 оны *** тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан тус сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд менежер *** гэсэн анги үүсгэн цаг бичиж хариуцлагагүй ажиллаж байгаа нь тогтоогдсон Санхүүгийн хяналт шалгалтын дүгнэлтийг хавсаргав. 11 сард ажиллаагүй атлаа ажлын цагийн гүйцэтгэлд ажилласан өдрийг хуурамчаар бичиж гарын үсэг зурж, тэмдэг дарсан зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргасан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С*** нь хариуцагч Э*** ******* сургуульд холбогдуулан, тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас халагдахын өмнөх сар буюу 11 дүгээр сарын цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргажээ.
М.С*** нь Э*** ******* сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд тус сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 12 сарын 03-ны өдрийн *** тоот тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Дээрх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Бага, дундын боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны Б*** тоот захирамжийн шалгалтын дүн, Э*** ******* сургуулийн дүрмийн 4.1.1, Сургуулийн дотоод журмын 2.1.5, Хөдөлмөрийн гэрээний 4.1.3 дахь заалтын тус тус үндэслэл болгон хөдөлмөрийн сахилга зөрчиж, олон хоногоор ажил тасалсан, ажлын байранд санхүүгийн зөрчлийг давтан гаргасан, 2015 оны 11 дүгээр сарын ажлын цагийн гүйцэтгэлийг хуурамчаар бэлтгэн оруулж ирсэн зэрэг зөрчил гаргасан гэж М.С*** ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс тасалбар болгон цуцлахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б*** шүүхэд гаргасан тайлбартаа багш хамрагдах сургалтанд албан тушаалаа ашиглан өөрийн нэрээ явуулсан, сургуулийн дотоод журамд зааснаар захирал чөлөө олгож тушаал гаргаагүй байхад дур мэдэн ажлаа орхин тасалсан, гадаад улсад сургалтанд явах гэж байгаагаа Засаг даргын Тамгын газарт мэдэгдэх үүрэгтэй, ажлаа хүлээлгэн өгөөгүй явсан, ******* ******* сургуулийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын *** тоот захирамжаар шалгалт хийхэд хариуцлагагүй ажиллаж байгаа нь тогтоогдсон, *** гэдэг анги үүсгэн цаг бичиж байсан, 11 дүгээр сард ажиллаагүй байж ажлын цагийн гүйцэтгэлд ажилласан өдрийг хуурамчаар бичиж гарын үсэг зурж, тэмдэг дарсан зэрэг зөрчлүүд нь дээрх ажлаас халах шийдвэр гаргах үндэслэл болсон гэж тайлбарладаг болно.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот албан бичиг хүргүүлж, тус яамнаас ******* улсын Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хооронд 18 хоногийн хугацаагаар Бага ангийн байгаль шинжлэлийн боловсролын чанарыг сайжруулах нь сэдэвт сургалтанд нийслэл, аймгийн 12 багш хамруулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох арга хэмжээг авахыг даалгасан бөгөөд тус албан бичгийн хавсралтын 7 дугаарт нэхэмжлэгч М.С*** нэр байгаа, мөн яамны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** тоот албан бичгээр дээрх сургалтанд 2015 оны 11 сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хавсралтанд дурдсан 12 багш бүрэн хамрагдсан болохыг тодорхойлсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.С*** нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл ******* улсад төслийн сургалтанд хамрагдсан болох нь дээрх албан бичгүүд, 2015 оны 09 сарын 15-ны өдрийн цахим тасалбарын захиалга, 2015 оны 09 сарын 16-ны өдрийн *******ы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн оролцогчдын нислэгийн тасалбарын мэдээлэл, тус агентлагаас олгосон 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн сертификат, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.С*** нь Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газраас 2015 оны 07 сарын 23-ны өдөр түүнийг тодорхойлсны дагуу, БСШУЯамны шийдвэрээр дээрх сургалтанд оролцсон болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 01 дугаар албан бичиг, БСШУЯамны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгч Б.Г*** нэхэмжлэгчийг албан тушаалаа ашиглан багш биш байж багш оролцох ёстой сургалтанд явсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч М.С*** нь тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.М*** цалинтай чөлөө олгох тухай өргөдлөө өгсөн боловч захирал ажлаас халагдаад миний тушаалыг гаргаагүй байсан, сургалтаас ирэхэд шинээр томилогдсон захирал Б.Г*** чөлөө хүссэн өргөдлөө бичээд өгвөл 11 дүгээр сарын цалинг оруулах боломжтой гэсэн учраас сүүлд дахин өргөдөл бичиж өгсөн, түүнээс өргөдөл өгөлгүй, ажил тасалсан зүйл байхгүй, энэ сургалтын талаар Аймгийн боловсрол, соёлын газраас албан ёсоор сургуулийн захирлуудад мэдэгдсэн байгаа гэж тайлбарладаг.
Б.Г*** нь ******* ******* сургуулийн захирлаар 2015 оны 11 сарын 05-ны өдөр томилогдсон болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч *** 2015 оны 11 сарын 04-ний өдөр өмнө ажиллаж байсан захирал *** цалинтай чөлөө хүссэн өргөдлийг өгсөн, мөн шинээр томилогдсон захирал *** 2015 оны 11 сарын 30-ны өдөр цалинтай чөлөө олгох тухай хүсэлтийг нөхөн өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан *** нарт тус тус гаргаж байсан өргөдөл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч *** дээрх сургалтанд хамрагдаж байгаа гэдгийг захирал *** мэдэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан: ... *** нь БСШУЯамны 2015 оны 10 сарын 13-ны өдрийн *** тоот албан бичгийн дагуу ******* улсад сургалтанд суусан ч ажилдаа хариуцлагагүй хандаж, багш хамрагдах сургалтанд өөрийн нэрээ илгээж ашиг сонирхлын зөрчил гаргасан... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч*** уд солигдсоноос чөлөө олгох тухай тушаал гаргаагүйг үндэслэн ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй юм.
Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ажлын байранд санхүүгийн зөрчлийг давтан гаргасан, 2015 оны 11 дүгээр сарын ажлын цагийн гүйцэтгэлийг хуурамчаар бэлтгэн оруулж ирсэн нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан **** ******* сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байх бөгөөд уг шалгалтаар 2015 оноос 2016 оны хичээлийн жилд *** анги сураггүй, хичээллээгүй байхад багш нарт цагийн цалин хөлс олгосон зэрэг санхүүгийн зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг заалтуудыг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн гэсэн Дархан сумын ******* ******* сургуулийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулга, дүгнэлт хэрэгт авагдсан боловч энэхүү зөрчлүүд нь нэхэмжлэгч *** хамааралтай, түүний хариуцлагагүй, үйл ажиллагаанаас болсон гэх үндэслэл хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч *** 2015 оны 11 дүгээр сарын ажлын цагийн гүйцэтгэлийг хуурамчаар бэлтгэн оруулж ирсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн *** ******* сургуулийн удирдлагуудын 11 дүгээр сарын ажлын цагийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч *** гаргасан боловч тус баримтын дээд хэсэг дэх батлав, захирал *** гэсэн хэсэгт захирлын гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаж, баталгаажаагүй болох нь тус баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан ... энэ баримт нь захирал гарын үсэг зурж баталгаажуулсны дараа нягтлан бодогч хянасны дагуу цалин олгогддог, түүнээс энэ баримтаар цалин олгосон зүйл байхгүй... гэсэн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч талаас энэхүү баримтаас үүдэн тус байгууллагад хохирол учирсан, зөрчил үүссэн, *** нь дээрх баримтаар өөртөө цалин олгуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч *** ажлын цагийн гүйцэтгэлийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 1.3-т сургалтын менежерийн гүйцэтгэх үндсэн үүргийг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, бага дунд ахлах ангийн багш нарыг удирдан ажиллах, цалин хөлс тооцох, дотуур байранд хяналт тавих, үдийн цай, жижүүр үйлчлэгч нарт хяналт тавих, нэмэлт гүйцэтгэх ажилд цахим сургалт, статистик тайлан мэдээ хариуцах гэж заажээ.
Сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтоор бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ хийж, үнэлэх зэрэг үндсэн зорилтуудыг тодорхойлсон байна.
Дээрх хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар нэхэмжлэгч М.*** нь багш нарт цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй байхад түүнийг санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд М*** санхүүгийн зөрчил давтан гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд эдгээр зөрчил нь тус тусдаа тогтоогдсон байх нь хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтад нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр *** ******* сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүйд тооцож, *** тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Нэхэмжлэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын цалингаа аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалингаа 2015 оны 11 дүгээр сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нэхэмжилж байгаа бөгөөд ажлаас халах тухай шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарсан байх тул түүний ажилгүй байсан хугацааг 2015 оны 12 сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд ******* улсад сургалтанд хамрагдсан бөгөөд энэ хугацаанд чөлөөг цалинтай, эсхүл цалингүй олгох асуудал нь тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдэх асуудал юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т: Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна гэж заасан байх тул шүүх нэхэмжлэгч *** ажлаас халагдахаас өмнөх хугацааны аваагүй цалин хөлсийг нөхөн гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу *** ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 59,593 төгрөг / 1,670,010+1,196,238+977,487=3,843,735/3=1,281,245 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 1,281,245/21,5=59,593 төгрөг/ гэж тооцож, нийт 38 хоногийн хугацааны цалин 2,264,534 төгрөгийг хариуцагч *** ******* сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** ******* сургуульд нэхэмжлэгч *** нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээр дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын цалин аваагүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсан тул дээрх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хийх нь зүйтэй болохыг дурдаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч *** нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар *** ******* сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, *** тус сургуулийн сургалтын менежерийн ажилд эргүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч *** ******* сургуулиас 2,264,534 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлээс 2015 оны 11 дүгээр сарын цалин нөхөн гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* ******* сургуульд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *** тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 121,382 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ