Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/01304/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн *** дугаар хороо, бага нарангийн *** тоотод оршин суух, Т*** овогт С*** /РД: ЦД***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байрны *** тоотод оршин суух, Ш*** овогт Б*** /РД: ТВ***/-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г***, хариуцагч Б.Н***, хариуцагчийн өмгөөлөгч Н.Т***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2014 оны 09 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан иргэн Б.Н*** нь С.Ц*** 3 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөхгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Б.Н*** нь нийт 1,640,000 төгрөгийг өгсөн талаар манай үйлчлүүлэгч надад мэдэгдсэн. Иймээс үүнийг нийт төлбөрөөс хасч, 3,460,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагаа багасгаж байна. 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 300,000 төгрөг, 2014 оны 11 сарын 22-ны өдрийн 300,000 төгрөг, нийт 600,000 төгрөг бол 2014 оны 10 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хүү юм. Энэхүү зээлийн асуудалд хамааралгүй юм. Гэтэл хариуцагч тал энэ гэрээний төлбөрөөс хасаад байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Ц***, Б.Н*** нар 2014 оны 10 сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, тэр мөнгийг нэхэмжлэгч өөр хүнээс авч өгч байсан бөгөөд тэр зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч Б.Н*** төлөөд дууссан учир энэ асуудалтай холбоогүй юм. Иймээс хариуцагчийн тайлбартай холбогдуулан хүү өгсөн гэх төлбөрүүдээс дээрх 600,000 төгрөгөөс гадна С.Ц*** дүүд өгсөн гэх 400,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ талаар нотлох баримт байхгүй тул хариуцагчаас гаргуулна. Банкаар шилжүүлсэн бусад төлбөрийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцохыг зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч Б.Н*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 09 сарын 10-ны өдөр С.Ц*** 3,000,000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан боловч надад 2,700,000 төгрөгийг бэлнээр өгч, 300,000 төгрөгийг хүү гэж авч үлдсэн. Түүнээс хойш би 2014 оны 10 сарын 24-ний өдрөөс 2015 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 2,500,000 төгрөг өгсөнөөс 2,100,000 төгрөгийг банкны дансаар нь, 400,000 төгрөгийг 2 хувааж түүний дүү Итгэлт гэх хүнд бэлнээр өгсөн. Иймд одоо төлөөгүй үлдэгдэл 470,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх бэлнээр 2,700,000 төгрөг авсан учир энэ мөнгөнөөс хүү тооцно. Гэрээнд хүү 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй гэж бичсэн байгаа бөгөөд 2 сарын хугацаанд л 10 хувийн хүүтэй гэж тохирсон байна. Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, 1 сарын хүү 270,000 төгрөг, алданги 235,000 төгрөг, нийт 705,000 төгрөгийг гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн дүүд бэлнээр өгсөн мөнгөний хувьд нэгэнт нотлох баримт байхгүй тул шүүх хуулийн дагуу шийдвэрлэх байх гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц*** итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** хариуцагч Б.Н*** зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 3,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч Б.Н*** нь шүүх хуралдаан дээр анх 2,700,000 төгрөг бэлнээр авсан бөгөөд нийт 2,500,000 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, гэрээнд хүүг 2 сарын хугацаанд 10 хувь гэж тохирсон тул зээлийн хүү 270,000 төгрөг, алданги 235,000 төгрөг, нийт 705,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргадаг болно.

 

Нэхэмжлэгч С.Ц***, хариуцагч Б.Н*** нарын хооронд 2014 оны 09 сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаж, 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээний талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч 3,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч 2,700,000 төгрөг хүлээн авсан гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч тал 3,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 3,000,000 төгрөг хүлээлгэн өгсөнөө нотолж чадаагүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ буюу 2,700,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байна гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх хуульд заасны дагуу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Иймд хариуцагчид шилжүүлэн өгсөн нь нотлогдож байгаа хэмжээ буюу 2,700,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу С.Ц***, хариуцагч Б.Н*** шилжүүлэн өгсөн байна.

Хариуцагч Б.Н*** нь нэхэмжлэгч С.Ц*** хаан банкин дахь *** тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2014 оны 10 сарын 24-ний өдөр 240,000 төгрөг, 60,000 төгрөг, 2014 оны 11 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 11 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2014 оны 12 сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2014 оны 12 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 01 сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2015 оны 02 сарын 07-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 02 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 04 сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Л.*** мэдүүлэг, Л***, нэхэмжлэгч С.Ц*** нарын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2016 оны 01 сарын 08-ны өдрийн *** дугаар албан бичиг, Хаан банкны орлогын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Н*** нь бэлнээр С*** ндүү н.И*** гэх хүнд 400,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч үүнийг 400,000 төгрөг аваагүй, зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т: үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, 211.2-т: үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Б.Н*** 400,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд буюу нэхэмжлэгчийн дүү гэх хүнд хүлээлгэн өгсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул 400,000 төгрөгийг С.Ц*** өгөөгүй гэж үзэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** 2014 оны 11 сарын 05, 22-ны өдрүүдэд төлсөн нийт 600,000 төгрөгийг өөр зээлийн гэрээний үүрэг байсан, энэ гэрээний үүрэгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т: Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд энэхүү үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байгаа тул түүний тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*** шүүхэд гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас Т.М*** гэх хүний гараар бичиж, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт гэсэн 1 хуудас баримтыг гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй тайлбар байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Иймд дээрх маргаж буй 600,000 төгрөгийг хариуцагч Б.Н*** нэхэмжлэгч С.Цэрэннадмидад зээлийн гэрээний үүрэг болгож шилжүүлсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Н*** болон түүний өмгөөлөгч Н.Т*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээнд хүүг 2 сарын хугацаанд 10 хувь гэж тогтоосон учир 1 сарын 5 хувь гэж ойлгоно гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 сарын 10 хувь гэж тохирсон гэж маргадаг болно.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т: Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т: гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заажээ.

Хариуцагч Б.Н*** шүүх хуралдаан дээр гаргасан: Гэрээнд 3,000,000 төгрөг зээлэхээр тохирсон боловч надад 2,700,000 төгрөгийг бэлнээр өгч, 300,000 төгрөгийг 1 сарын хүү гэж авч үлдсэн юм....., дараа нь С.Ц*** намайг хүүгээ шилжүүл гэхээр нь би дансаар хүү гэж 300,000 төгрөг шилжүүлсэн... гэсэн тайлбар, хэрэгт авагдсан С.Ц*** *** тоот дансанд 2015 оны 4 сарын 02-ны өдөр хариуцагч Б.Н*** хүү 300,000 төгрөг гэж шилжүүлсэн тус дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс дүгнэхэд талууд гэрээгээр 1 сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 сарын 10-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч Б.Н*** нь гэрээний хугацаанд нийт 640,000 төгрөг төлснөөс 540,000 төгрөгийг 2 сарын хугацааны хүүнд тооцож хасах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Б.Н*** нь гэрээний хугацаанд 100,000 төгрөг, 2014 оны 11 сарын 22-ны өдрөөс 2015 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 1,460,000 төгрөг, нийт 1,560,000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд үүнийг үндсэн зээлийн төлбөр 2,700,000 төгрөгөөс хасч, 1,140,000 төгрөгийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 232.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т: Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг 1,150,000 төгрөг гэж тооцож байгаа хэдий ч энэ нь дээрх хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 1,140,000 төгрөгийн 50 хувь болох 570,000 төгрөгийг алдангид тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Н*** үндсэн төлбөрт 1,140,000 төгрөг, алданги 570,000 төгрөг, нийт 1,710,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц*** олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3,390,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч Б.Н*** 1,710,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц*** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3,390,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц*** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 110,950 төгрөгөөс 96,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14,400 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Б.Н*** улсын тэмдэгтийн хураамжид 42,310 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Ц*** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ