Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 214

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2016/00054/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, Б*** овогт Д*** О*** /регистрийн дугаар АА***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** тоотод оршин суух, Б*** овогт Д*** Б*** /регистрийн дугаар ЧГ*** , утас ***/-д холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О***нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О***, хариуцагч Д.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...миний бие Д.Б***тай Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг, *** дугаар хороолол, П*** хотхоны *** дугаар байрны *** давхарт байрлах 43,38 мкв талбай бүхий өрөө тасалгааг түрээслэхээр тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулахдаа сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож эхний 6 сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг Д.Б***гийн банкны данс руу шилжүүлсэн. Түрээсийн гэрээний хугацааг бүтэн жилээр тооцох саналыг Д.Б***д тавьсан боловч зөвшөөрөөгүй. Уг гэрээг зөрчин өөр хүнд түрээсэлсэн болно. Д.Б*** ажлын байрныхаа түлхүүрээ буцааж авсан. Инээд бид түрээслэхээр тохиролцсон өрөөг ашиглаж чадаагүй бөгөөд түрээсийн төлбөрт өгсөн мөнгөө удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг ярьж хэл амаар доромжилсоор өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд түрээсийн төлбөрт урьдчилан өгсөн 3,000,000 төгрөгийг Д.Б***гаас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Д.Б*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Парк таун хотхон дахь ажлын байраа эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэхээр иргэн Л.М*** /Д.О***ийн нөхөр/ 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тохиролцсон. Тухайн үед Л.М*** нь эмийн сан ажиллуулах тусгай зөвшөөрөлгүй байсан тул би түүнд тусгай зөвшөөрлөө гарсны дараа ирж түрээсийн гэрээ хийхийг удаа дараа сануулан хэлсэн. Гэтэл намайг шамдуулсаар байгаад 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр О*** нь гэрээ хийсэн. Тэгтэл 2 сарын дараа Л.*** нь түрээслэхээ больчихлоо гээд өөрийн биеэр ирж түлхүүр авчирч өгсөн. Учир нь Л.М*** нь манайхтай зэрэгцээ орших ажлын байрыг худалдан авсан байсан ба түүн дээрээ эмийн сан ажиллуулахаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндийн тусгай зөвшөөрлийн комисст хүсэлт өгсөн байдаг ба 2015 оны 11 дүгээр сард төсөл нь шалгарч өөрийн байрандаа эмийн сан ажиллуулах боломжтой болмогц түрээслэхээ болилоо гэдгээ хэлсэн. Энэ байдлаас үзэхэд Л.М*** нь намайг эмийн сангийн зориулалтаар ажлын байраа түрээслүүлэхээр өөр хүмүүстэй гэрээ хийхээс сэргийлж өөрийн бизнестээ өрсөлдөгчгүй болгох санаатайгаар хуурамч дүр эсгэсэн гэрээ хийсэн гэж үзэж байна.

...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Д.Б*** нь нэхэмжлэгч Д.О***т Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дүгээр баг *** дугаар хороолол *** хотхоны *** дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 43,38 мкв талбай бүхий Эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий өрөө /тасалгаа/-г 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд, сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх 3-4/

Нэхэмжлэгч Д.О*** нь 6 сарын түрээсийн төлбөрт 3000,000 төгрөгийг хариуцагч Д.Б***д өгсөн. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.О*** нь ...Б.Б*** нь түрээсийн гэрээг урт хугацаагаар хийхгүй, 6 сараар хийсэн учраас бид түрээслэхээс татгалзсан. Иймд түрээсийн төлбөрт өгсөн 3000,000 төгрөгийг хариуцагч Д.Б***гаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг гаргасан ба хариуцагч Д.Б*** нь ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Д.О***ийн гаргасан энэ байдал нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эмийн сангийн зориулалтаар ашиглахад саад учруулсан... гэсэн тайлбарыг гаргасан болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т  Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т   Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан боловч зохигчид нь дээрх байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр мөн эсэх, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.О*** нь дээрх үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан боловч түрээслээгүй учир өгсөн мөнгөө буцаан авна... гэсэн тайлбарыг, хариуцагч Б.Б*** нь энэ хүмүүс анхнаасаа түрээслэхгүй, гэрээ хийхгүй байсан бол би бусдад түрээслэх боломжтой байсан. ...би 10 сарын 20-нд бусадтай түрээсийн гэрээ байгуулсан... гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр тус тус гаргасан болно.

Иймд хариуцагч Б.Б*** нь бусдад сарын дараа түрээсэлсэн тухай тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3000,000 төгрөгөөс 1 сарын түрээсийн төлбөрийг хасаж, үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 324 дүгээр зүйлийн 324.1-т зааснаар хариуцагч Д.Б***гаас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О***т олгож, нэхэмжлэлийн үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б***гаас улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА