Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1697

 

 

 

 

 

 

 

 

 

“М.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02023 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Нд холбогдох,

 

58 319 567 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Нямсамбуу,

Хариуцагч: М.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот дахь компнаи “М.Э” ХХК-ийн захирлын 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45 тоот тушаалаар М.Н нь “Х.Э” ХХК-ийн захирлаар томилогдсон.

Тэрээр 2002 оноос хойш 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус салбарын захирлаар “М.Э” ХХК-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажиллаж байсан.

М.Н нь ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдсанаас болж “Х.Э” ХХК-д 42 005 609 төгрөгийн эм бараа дутагдуулсан. Үүнтэй холбоотой аудитын тайлан, шинжээчийн дүгнэлт гаргуулахад 10 300 000 төгрөг, бусад зардалд 1 833 616 төгрөг, өөр байгууллагаас авах авлага 4 180 442 төгрөг, нийт 58 319 567 төгрөгийн хохирлыг учруулсан байдаг.

Үүнтэй холбоотой Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж хэргийг шалгуулсан ба гэм буруутай болох нь аудитын болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Иймд М.Нээс хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу эм бараа дутагдуулсны төлбөр 42 00 609 төгрөг, бусад зардал 16 314 058 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Нийг “М.Э” ХХК-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар ажлаас халсан.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу гаргасан шүүхийн шинжээчийн дүгнэлтээр М.Н нь төлбөртэй байдаг нь тодорхойгүй талаар дүгнэлт гарсан.

Дээрх дутагдал гэх төлбөр нь хэзээ хэдий хугацаанд гарсан болох нь тодорхойгүй. М.Н нь 2-3 хүний ажлыг давхар хийж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар давхар ажил гүйцэтгэсэн гэрээ хийгээгүй, гэрээний нөхцөл тохироогүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй цалин хөлс олгоогүй.

Нэг ч тооллого хийгээгүй, нүүдэл дунд тооллого хийж эмх замбараагүй байдал үүсгэсэн, хугацаа дууссан эмийг авч явцгаасан. Эм барааны орлого зарлагын баримтыг нягтлан бодогч хүлээлгэж өгдөг байхад аудитын материалаа дутуу өгсөн, хэн нэгний буруу зөрүү шивсэн тоог үндэслэл болгосон дүгнэлт гаргасан. 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шинжээчийн дүгнэлт санхүүгийн анхан шатны баримт болох тооллогын баримтыг үндэслээгүй, 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Нээс 21 002 804,2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М.Э” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 316 762,7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 449 549 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нээс 262 964 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.Э” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй гэж үзэж 37 316 762.7 төгрөгийг хэрэгсэхгүй болгосноос 30 902 805 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

М.Н хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас аудитын дүгнэлт гаргуулахад нэхэмжлэгчээс төлсөн 9 900 000 төгрөгийг хохиролд тооцох байтал шүүх тухайн мөнгийг тус нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж үзэж хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хөндлөнгийн аудитын дүнэлт гаргуулахад төлсөн төлбөр хэрэгт авагдсан төлбөрийн баримтаас тодорхой харадаж байхад шүүх үүнийг эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч М.Н нь 42 005 608 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан “М О а” ХХК-ийн аудитын дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, мөрдөн байцаагч, прокурорын тогтоолууд. хариуцагч учруулсан хохиролоо нөхөн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бичгийн баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтаар хангалттай нотлогдож байхад зөвхөн “М О а” ХХК-ийн аудитын дүгнэлтийн зарим заалтыг хариуцагчид ашигтай байдлаар үнэлж учруулсан хохиролын хэмжээг 21 002 804 төгрөг болгон багасгасан нь үндэслэлгүй.

М.Нийг байгууллагад хохирол учруулсан болохыг тогтоосон болохоос өөр хэн нэгэн этгээдийн хохирол учруулсан буруутай үйлдлийг тогтоосон нотлох баримтууд биш. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн хохиролын хэмжээг багасгасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би “Х.Э” ХХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байх хугацаандаа давхар эд хариуцсан дефектираар ажиллаж байсан бөгөөд энэ ажлын байранд ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, ажлын байранд тодорхойлсон дүрэм журамгүй, цалин хөлс олгож байгаагүй.

Нэхэмжлэгч байгууллага нь агуулах ажиллуулахдаа нэг удаа тооллого хийж байгаагүй, агуулахад ирсэн барааг хүлээн аваад зарлагаа “Х.Э” ХХК-ийн орлого болгож авдаг. Бүх анхан шатны баримтуудыг гарын үсэг зурж хүлээлгэж өгсөн боловч одоо эдгээр баримтууд байхгүй болсон.

Шинжээчийн дүгнэлтэд чанарын менежер, нягтлан бодогч нар хариуцлагагүй ажилласанаас хохирол учрах нөхцөл бүрдсэн гэж бичсэн байхад шүүх дутагдлыг зөвхөн М.Н гаргасан мэтээр дүгнэсэн.

Хугацаа нь дууссан эмүүдийг нэхэмжлэгч байгууллага өөрсдөө хурааж авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “М.Э” ХХК нь хариуцагч М.Нд холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах явцдаа байгууллагад учруулсан хохиролд 58 319 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 21 002 804,3 төгрөгийг хариуцагч Б.Нээс гаргуулан шийдвэрлэхдээ “М О а” ХХК-ийн тайлан /1хх15-45, 152-182/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /1хх 46-48, 183-184/, “М.Э” ХХК-ийн ерөнхий захирлын “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” /1хх 50, 185/, “Ажил албан тушаал хавсран гүйцэтгүүлэх тухай” /1хх 51-186/ “Ажлаас чөлөөлөх тухай” /1хх 52-187/ тушаалуудыг үндэслэл болгосон боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй байна.

Дээрх баримтуудад Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газар “хуулбар үнэн” гэх тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийсэн тохиолдлыг зохицуулсан зохицуулалтад хамаарах юм.

Түүнээс гадна дээрх баримтууд нь уншигдахгүй, огноо тодорхойгүй, гаргацгүй, байгаа тохиолдолд анхан шатны шүүх тодруулах байжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02023 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 465 төгрөг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА