Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2016/00043/и |
Дугаар | 215 |
Огноо | 2016-01-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/00043/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сумын *** дугаар баг, *** / утас ***, ***/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, Б*** овогт Ж*** А*** /регистрийн дугаар ВК***, утас***/,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, Б*** овогт Б*** *** /регистрийн дугаар ТЖ***, утас ***/ нарт холбогдох,
" Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 24,169,120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...Ж.А*** нь тус банкнаас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн *** дугаар гэрээгээр 24,000,000 төгрөгийн зээлийг Орон сууц худалдан авах зориулалтаар 180 сарын хугацаатай авсан.
Зээлдэгч Ж.А*** нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.
...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 22,026,453 төгрөг, хүү 1,776,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,275 төгрөг, хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 11,000 төгрөг нийт 24,169,120 төгрөгийг төлүүлэх зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү. гэв.
Хариуцагч Ж.А*** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
...Миний бие *** нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ мөнгөн дүнг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х*** нь хариуцагч Ж.А***, Б.Э*** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 22,026,453 төгрөг, хүү 1,776,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,275 төгрөг, хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 11,000 төгрөг, нийт 24,169,120 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Ж.А***, Б.Э*** нар нь Х*** Дархан салбараас 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 24,000,000 / хорин дөрвөн сая/ төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, 180 сарын хугацаатай, жилийн 18,62 хувийн хүүтэйгээр зээлж , зээлдэгч Ж.А***, Б.Э*** нар авсан болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зээлдүүлэгч банк, зээлдэгч Ж.А***, Б.Э*** нарын хооронд байгуулсан *** дугаартай барьцаат зээлийн гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *** 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шаардах хуудсаар хариуцагч нарыг зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан байна.
Хариуцагч Ж.А*** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч Б.Э*** нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж өгсөн бөгөөд түүнд нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож холбогдох хэргийг шүүх шийдвэрлэнэ... гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 100 дугаар зүйлтэй тус тус танилцуулсан боловч Б.Э*** нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул банк зээлийн гэрээний 3.3-т зааснаар зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй ба зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлийн 453.1-д зааснаар зээлдэгч төлөх үүрэгтэй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал -ыг хохиролд тооцно" гэж тус тус заасны дагуу хариуцагч Ж***, Б*** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 22,026,453 төгрөг, хүү 1,776,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,275 төгрөг, хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсны зардал 11,000 төгрөг нийт 24,169,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*** олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "*******ийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, ****** сумын *** дугаар баг *** дугаар хороолол *** тоот *** өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ж.А***, Б.Э***,Х*** нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан *** тоот барьцаат зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 22,026,453 төгрөг, хүү 1,776,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 355,275 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 24,169,120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-*** дугаартай, Дархан сумын *** дугаар баг *** дугаар хороолол *** тоот *** өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,796 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А***, Б.Э*** нараас улсын тэмдэгтийн хураамж 278,796 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА