| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2015/01390/и |
| Дугаар | 232 |
| Огноо | 2016-01-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/01390/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* *** дугаар баг, *** дугаар хороолол, *** айлын байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /Рд: ***/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сум, *** дүгээр баг,*** холбогдох,
"2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож сэтгэл санааны хохирол гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** 2012 оны 07 дугаар сарын 01-нээс нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллах явцад миний хийсэн баримт материалыг өөрчлөх явдал 1 бус удаа гарсан. Өндөр настан хүнийг ажлаас халахад өгдөг мэдэгдлийг өгөх гэх мэт удаа дараа ажлаас халах талаар оролдлого хийдэг байсан. 2014 онд санхүүгийн хэлтсийг шинээр зохион байгуулж байгаатай холбоотой ажлаас халах талаар мессеж өгч байсан. Шилэн дансны тухай хуулийн анхны албан мэдэгдэл ирэх үед шилэн дансанд мэдээ оруулах талаар мэдээгүй байсан. Би лавлахад зайлшгүй мэдээлэл оруулах ёстой байгууллагын нэрсийн жагсаалтад манай байгууллага байгаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 21-нд Аудитын газраас ирсэн мэдэгдэл нь манайд холбоогүй байсан. Манай байгууллагын хувьд сар бүрийн 15-ны дотор бүх мэдээлэл базагдаж гардаг тул Шилэн дансны тухай хуульд заасан сар бүрийн 8-ны дотор мэдээллээ оруулах байгууллагад бус сар бүрийн 15-ны дотор оруулах байгууллагад хамрагдана. Иймээс би 2015 оны 06 дугаар сарын мэдээллийг 07 сарын 24-ний өдөр, 7 дугаар сарын мэдээллийг 8 сарын 03-ны өдрөөр, 8 дугаар сарын мэдээллийг 09 сарын 07-ны өдрөөр, 9 дүгээр сарын мэдээллийг 10 дугаар сарын 10-ны өдрөөр, 10 дугаар сарын мэдээллийг 11 сарын 10-ны өдрөөр тус тус байршуулсан байсан. Гэтэл сар бүрийн 8-ны дотор оруулах шаардлагатай мэдээг оруулаагүй гээд 2015 оны 7 дугаар сарын 10-ны *** тоот албан бичгийг үндэслээд надад сануулах арга хэмжээ авсан.
FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Emt naran Ariuntuya [1].doc
Миний бие нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.5-д зааснаар нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор байршуулна гэсэн заалтын дагуу сар бүрийн 10-ны дотор мэдээлж ирсэн.
Аудитын газар нь Шилэн дансны хуулиар албан ёсны биш, сайн дурын хяналтыг тавьдаг бөгөөд тус газраас ирүүлсэн үндэслэлгүй албан тоотуудыг үндэслэж ажлаас халсан. Шилэн дансны тухай хуулиа судлаад, мэдээлэл оруулсан эсэхийг шалгаж үзээд ажлаас халах шаардлагатай байсан. Хөдөлмөрийн хэлтэст ажлаас халагдсан тухай тушаалаа аваад очиход итгэл эвдсэн гэдэг үндэслэлээр халагдсан тул өөр байгууллагад ажилд орох боломжгүй болсон. Иймээс би ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн төлүүлэх, байгууллагадаа зээл авч өгсөнөөс болоод сүүлд нь үнэтэй орон сууц авсан тул зөрүү мөнгө болон сэтгэл санааны хохиролд нийт 36 сарын цалинтай тэнцэх мөнгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь манай компанийн нягтлан бодогчоор 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон. Би тухайн үед цалингийн зээлтэй, зээл авах боломжгүй байсан тул бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны 10 дугаар сард ***гаар зээл авахуулсан. 2013 оны 09 сард ***гийн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан. 2013 онд ажлаас хална гэсэн зүйл яригдаагүй. 2014 оны 12 сард ажлаас хална гэж мессеж өгсөн тал дээр бол аймгаас санхүүгийн ажилтнууд байгууллагуудаар явж ажиллах тул нягтлан бодогчдоо 1 сарын хугацаагаар түр ажлаас нь чөлөөлөөд, буцаагаад ав гэсэн бичиг ирсэн. Үүний дагуу мессеж өгсөн боловч сүүлд нь би нягтлантайгаа ярилцаж орон нутгийн өмчит газар хамаагүй юм байна гэдгийг хэлсэн. Монгол Улс даяар Шилэн дансны тухай хууль 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн сургалтад би нягтлантайгаа хамт суусан тул хэдний дотор мэдээллээ оруулах талаар нягтлан мэдэж байсан. Танай байгууллага хугацаандаа мэдээллээ байршуулаагүй байна холбогдох албан тушаалтанд арга хэмжээ ав гэсэн албан бичиг удаа дараа ирсэн. Нягтландаа арга хэмжээ аваагүй, удаа дараа мэдээлэл хоцорч оруулсан гээд надад хүртэл арга хэмжээ авсан. Мэдээллээ байршуулаарай гэхээр байршуулж байгаа гээд л яваад байдаг. Ажилдаа Дарханаас явдаг, ажилд ирэх нь ховор, ажилтнууд хүртэл манай нягтлан ажилдаа ирэхгүй байна гэж ярьдаг. Нягтландаа арга хэмжээ ав гэж албан даалгавар ирсний үндсэн дээр би сахилгын арга хэмжээ авсан. Удаа дараа зөрчил гаргасан тул ажлаас чөлөөл гэсэн албан даалгавар ирсний үндсэн дээр ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын итгэлийг алдаж, удаа дараа мэдээллээ хугацаанд нь байршуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн зөрчлийг удаа дараа гаргасан, 40.1.5 дахь итгэл эвдсэн зэрэг заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь үндэслэлтэй байна. Хариуцагч байгууллага нь Шилэн дансны тухай хуулийн 3.1.1-д заасан байгууллагад хамрагдаж байх тул тус хуулийн 6.1.2-д заасан хугацаанд буюу сар бүрийн 8-ны дотор мэдээллээ оруулсан байх ёстой. Хуульд заасан хугацаанд оруулаагүй талаар өөрөө нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Хяналт тавих эрхтэй байгууллагын хяналт хийсний үндсэн дээр мэдэгдлүүд ирсэн байдаг. Монгол улс даяар хуулийг дагаж мөрдөх учиртай. ***г алдаа гаргах бүрд нь арга хэмжээ авалгүйгээр сануулж, хугацаандаа мэдээллээ оруулна гэдэгт нь итгэл хүлээлгээд явж байсан боловч дахин дахин ажил үүргээ биелүүлэхгүй, хууль хэрэгжүүлэхгүй байсан. Үүнтэй холбоотойгоор хяналт тавих эрх бүхий байгууллагаас удаа дараа ирсэн албан бичгүүдээр итгэл эвдсэн гэдэг нь нотлогдож байна. Эдгээр нь ажлаас халах тушаал үндэслэлтэй гэдгийг нотолж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан, тус газрын даргын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай *** дугаар тушаалыг эс зөвшөөрч, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, сэтгэл санааны хохиролд тооцож 36 сарын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч *** нь *** нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын тушаалаар 2015 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн ***тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан болох нь хэрэгт авагдсан *** 2015 оны 11 сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай *** дугаар тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч *** нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шилэн дансны тухай хуулийг зөрчин сар улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг дараа сарын 08-ны дотор мэдээлнэ гэсэн заалтын дагуу мэдээллээ байршуулаагүй гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан *** даргын 2015 оны 07 сарын 22-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай *** дугаар тушаалаар нотлогдож байна.
Хариуцагч **** дарга ***г ажлаас чөлөөх тухай *** дугаар тушаалыг гаргахдаа Шилэн дансны тухай хуулийг зөрчин байгууллагын төсвийн сар, улирлын болон өмнөх оны гүйцэтгэл, тайланг удаа дараа шилэн дансны цахим хуудсанд хоцроож мэдээллэж байсан зөрчлийг гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг үндэслэл болгожээ.
Хөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан байна.
Хариуцагчийн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...2015 оны 01 сарын 01-ний өдрөөс Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ талаар сургалт явагдаж, энэ сургалтанд *** бид хоёр хамрагдсан тул мэдээлэл тавих талаар мэдэж байсан. Тус хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий байгууллагаас удаа дараа шилэн дансны мэдээлэл тавигдаагүй талаар албан бичиг ирж байсан бөгөөд тухай бүрт нь ***д анхааруулж байсан боловч хуулийн хугацаанд мэдээлэл тавигдахгүй байсан. Иймээс 2015 оны 07 сарын 22-ны өдөр сануулах сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл 2015 оны 8, 11 саруудад Аймгийн Аудитын газраас дээрх зөрчил гарч байгаа талаар албан шаардлага ирсэн тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгч нь зөрчлийг давтан гаргасан, мөн ирүүлсэн албан шаардлага бүрийг түүнд танилцуулж, итгэл хүлээлгэн ажиллуулсан боловч зөрчлөө дахин гаргасан учир ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан тул тушаал үндэслэлтэй... гэж тайлбарладаг болно.
Хэрэгт авагдсан баримтыг судалж үзвэл *** Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй, зөрчиж байгаа талаар Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 03 сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны 03 сарын 10, 16-ны өдрүүдэд шалгахад тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн байгууллагуудын нэрсийг Аймгийн Засаг даргад хүргүүлж, хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа дарга, нягтлан бодогч нарт хуулийг хэрэгжүүлэх талаар ажил зохион байгуулж хариу ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд энэхүү албан бичгийн хавсралтын 25-д *** гэсэн байгаа, Хот суурины ус хангамж, ариутгах татуургийн ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2015 оны 04 сарын 06-ны өдрийн *** дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасны дагуу цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллээр хангах үүргээ биелүүлэхгүй үйл ажиллагааныхаа тайлан мэдээг ирүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг хариуцагч байгууллагад даалгасан, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 04 сарын 15-ны өдрийн *** дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай албан бичгээр тус газраас явуулсан 2015 оны 04 сарын 10-ны өдрийн шалгалтаар Эмтнаран орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь сайтад 2015 оны 03 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээг байршуулаагүй нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг зөрчиж байгаа тул нягтлан бодогч ***д Шилэн дансны тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг, 2015 оны 07 сарын 10-ны өдрийн *** дугаар албан бичгээр 2015 оны 07 сарын 09-ний өдрийн шалгалтаар хуульд заасан мэдээллийг байршуулаагүй *** дарга, нягтлан бодогч нарт хариуцлага тооцож хариу ирүүлэхийг даалгаж, Хонгор сумын Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэл, Хонгор сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар дээрх албан бичигт заасан шаардлагын дагуу *** дарга ***д Шилэн дансны тухай хуулийг зөрчиж сар, улирлын төсвийн гүйцэтгэлийн мэдээг дараа сарын 08-ны дотор мэдээлээгүй гэсэн үндэслэлээр тус газрын дарга ***д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгээр тус газраас 2015 оны 08 сарын 20-ны өдрийн шалгалтаар Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан хугацаанд хагас жилийн тайлангийн талаарх мэдээллийг байршуулаагүй нягтлан бодогч ***д хариуцлага тооцохыг *** дарга ***д даалгасан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/83 дугаар Аудитын газрын албан шаардлагаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шалгалтаар *** нь 2015 оны 10 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээг байршуулаагүй хуулийн заалтыг зөрчсөн тул нягтлан бодогч ***г сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг *** дарга ***д даалгасан баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч *** нь шүүх хуралдаанд Дархан-Уул аймгийн Аудитын газар нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд сайн дурын хяналт тавих боломжтой болохоос албан ёсны хяналтыг тавьж, дээрх албан шаардлагуудыг өгөх эрхгүй, мөн манай байгууллагын ажлын онцлогтой холбоотойгоор Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан хугацаанд төсвийн гүйцэтгэлийн мэдээлэх боломжгүй, хуулийн зохицуулалт нь шинээр хэрэгжиж байгаа учир дутагдалтай зүйл байгааг эрх бүхий албан тушаалтанд нь мэдэгдэж байсан. Иймд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарладаг болно.
Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т: төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 3.1.2-т: Төрийн өмчит үйлдвэрийн газар нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т: хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан тогтмол мэдээлэхээр тус тус заажээ.
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан шилэн дансны мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэх үүрэгтэй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд мөн хуулийн 20.1.3-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах албан тушаалтан нь нягтлан бодогч байхаар хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл шилэн дансны мэдээллийг нягтлан бодогч *** хуульд заасан хугацаанд мэдээлэх үүрэгтэй байх бөгөөд Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар энэхүү хуулийн хэрэгжилтэнд хөндлөнгийн хяналтыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал, иргэдийн Нийтийн хурал, төрийн аудитын байгууллага, дотоод хяналтыг төсвийн Ерөнхийлөн захирагч хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т: Төрийн аудитын байгууллага нь өөрийн санаачилгаар шилэн дансны мэдээлэлд аудит хийж болно, 8.4-т: байгууллага, албан тушаалтны ажлын тайланг дүгнэх, дээд шатны байгууллагаас хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн хэрэгжилтийг гол үзүүлэлт болгоно гэж тус тус заасны дагуу Дархан-Уул аймгийн Аудитын газар нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сар тутам хянаж, зөрчлийг арилгах талаар *** удаа дараа албан шаардлага, албан бичиг хүргүүлж байсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү албан шаардлага, мэдэгдэл өгч байсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шилэн дансны тухай хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр *** дарга *** 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар нягтлан бодогч ***д сануулах сахилгын арга хэмжээ авсан бөгөөд энэхүү шийдвэрт *** нь гомдол гаргаагүй, тушаал хүчинтэй байна.
Ийнхүү арга хэмжээ авагдсанаас хойш нэхэмжлэгч *** нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан хугацаанд төсвийн гүйцэтгэлийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй болох нь Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 08 сарын 25-ны өдрийн 479 дугаар албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар Аудитын газрын албан шаардлага, нэхэмжлэгч ***гийн шүүхэд гаргасан ...2015 оны 06 дугаар сарын мэдээллийг 07 сарын 24-ний өдөр, 7 дугаар сарын мэдээллийг 8 сарын 03-ны өдрөөр, 8 дугаар сарын мэдээллийг 09 сарын 07-ны өдрөөр, 9 дүгээр сарын мэдээллийг 10 дугаар сарын 10-ны өдрөөр, 10 дугаар сарын мэдээллийг 11 сарын 10-ны өдрөөр тус тус байршуулсан байсан. Миний бие нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.5-д зааснаар нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор байршуулна гэсэн заалтын дагуу сар бүрийн 10-ны дотор мэдээлж ирсэн гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүний тайлбарт дурдагдсан Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.5-д заасан хугацаа нь тус хуульд зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамааралтай байна.
Иймд нэхэмжлэгч ***гийн Шилэн дансны тухай хуулийн зохицуулалт нь манай байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирохгүй байгаа, Дархан-Уул аймгийн Аудитын газар нь энэ хуулийн хэрэгжилтэнд албан ёсны хяналт тавих үүрэггүй учир албан шаардлага өгөх ёсгүй гэсэн тайлбарууд нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг аливаа иргэн, албан тушаалтан дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй.
*** нь *** даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээснээс хойш нэг жилийн хугацаанд дахин дээр дурьдсан зөрчлүүдийг гаргасан байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, *** даргын 2015 оны 11 сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай *** дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч *** нь ажиллаж байх хугацаандаа байгууллагадаа банкнаас зээл авч өгсөнөөс тухайн үедээ байр худалдан авч чадаагүй, байрны үнэ өссөн үед үнэтэй байр авсны зөрүү болон ажлаас халснаас сэтгэл санааны хохирол учирсан гэж үзэж нийт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулах шаардлага гаргасан боловч эдгээр шаардлагын үндэслэл болох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч ***гийн ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *** нэхэмжлэгч ***г хуулийн заалтыг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ***гийн *** нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
З.ТУНГАЛАГМАА