Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 245

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00999/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч- Дархан-Уул аймаг ******* ***-р баг ***-р хороолол, ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, Зээрд адуу овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол, ***-р байрны *** тоотод оршин суухрегистрийн дугаар ИЭ***, *** овогт  ***,

 

Хариуцагч - Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол, ***-р байрны *** тоотод оршин суухрегистрийн дугаар ***, *** овогт *** нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 754500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, хариуцагч ***хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, иргэдийн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байрны 4 давхарын 12 тоотод оршин суух *** 2015.3.11-ний өдрөөс хойш дээрээс байнга ус алдуулсан. Энэ айлд хэлэхээр ерөөсөө арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Манайх байрандаа 2015 оны 7 сард их засвар хийсэн. Гэтэл дээрээс ус алдаад ямар ч засвар хийсэн үр дүнгүй боллоо. Би 13,0 сая төгрөгөөр гэртээ засвар хийлгэсэн. Дулаан болон ус сувгийн мэргэжлийн хүмүүсийг дуудаад 12 тоот айлд оруулж үзүүлэхэд 00-ийн арын гармушка резинээр ус алдаж байна гэдгийг мэргэжлийн хүмүүс тогтоогоод яаралтай солиул гэдгийг уг айлд хэлсэн байгаа. Гэтэл одоо хүртэл солиулахгүй байна. Бохир ус алдаад байгаа болохоор маш хүндрэлтэй үнэр танар, хорхой шавьж үржээд маш бохир байна. Иймд 12 тоотод оршин суудаг Ариунболд гэдэг айлд гомдолтой байна. Маш бохир байгаа болохоор дахин гэртээ засвар хийлгэхээр засварын хүмүүстэй ярихад 754500 төгрөгийн засвар гарахаар байсан тул нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянагдаж байх явцад мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулахад 518000 төгрөгийг хохирол гарсан гэж ирсэн гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч *** нь худлаа зүйл бичсэн байна. Эхнэр бид 2-ыг 2014 оны 8 дугаар сард анх нүүж орсноос хойш нэг ч удаа ус алдаж байгаа талаар хэлж байгаагүй бөгөөд 2015 оны 7 дугаар сард намайг хөдөө ажилдаа явсан хойгуур гэрт *** хүү нь манай гэрт хүч түрэн орж ирж эхнэр *** биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж ус гоожоогүйг харчихаад юу ч хэлж чадалгүй гараад явсан байдаг. Мөн нэхэмжлэлдээ ...дулаан болон ус сувгийн мэргэжлийн хүмүүсийг дуудаад 12 тоот айлд оруулж үзүүлэхэд 00-н арын гармушка резинээрээ ус алдаж байна гэдгийг мэргэжлийн хүмүүс тогтоосон гэсэн нь огт худлаа үндэслэлгүй зүйл. Манайх анх 2014 оны 8 сард нүүж ороод 00-00 бүтнээр нь солиулсан бөгөөд тэр хэлээд байгаа 00-ын арын гармушка резинээрээ ус огт алдаж байгаагүй мөн манай яг доод давхрын айл гомдол гаргаад байгаад ямар санаа зорилготой нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байгаа тул *** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 00-ын арын гармошикаар ус алдсан зүйл байхгүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Хариуцагч нь 2014 оны 8 сард энэ байранд орсон. Нүүж орсноос хойш нэхэмжлэгч 1 ч удаа ус алдсан талаар хандаж байгаагүй. Слесарь дуудаж дуудлага өгсөн гэж нотлох баримт ирүүлсэн боловч энэ нь 2015.08.20, 21 нд байдаг. Хаанаас ус алдаж байгаа нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдал байдаг, тухайн үед ус алдаж байсныг мэдэгдэж байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** нарт холбогдуулан гэм хорын хохирол 754500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *** нар нь бид гэм буруугүй тул хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нарын хүсэлтээр Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг ***-р хороолол, ***-р байрны *** тоотоос ус алдаж байгаа эсэхийг тогтоолгохоор Дархан-Уул аймгийн Дархан-ус суваг ХК-ыг шинжээчээр томилсон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ус алдсан зүйлгүй хэвийн байна гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. /хх-ийн 57-59/

 

Капитал зууч ХХК-ны хохиролын үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтээр хохиролыг засварлахад шаардагдах материалын болон засварын ажлын хөлсний зардлын зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 518.000 төгрөг байна гэсэн дүгнэлтэд зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй байна. / хх-ийн 60-65/

 

Нэхэмжлэгч *** хүсэлтээр гэрчээр Дархан сумын ***-р баг ***-р хороолол ***-р байрны *** тоотод оршин суух *** нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байх бөгөөд гэрчүүд *** гэрээс ус алдаж байсныг мэдүүлж, нотлох баримтаар өөрийн орон сууцны зургийг ирүүлснийг нотлох баримтаар үнэлж хариуцагч нарын буруутай үйлдэл тогтоогдож байна гэж үзээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан ...бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч *** нараас гэм хорын хохирол гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *** нь 2014 оны 9 сараас байнга ус алдаж байгаа гэж мэдүүлж байх боловч тухай бүр нь холбогдох газарт мэдэгдэж байсан нь тодорхойгүй, хариуцагч нарт мэдэгдэж байсан нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорыг багасгаж болно гэж зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 518000 төгрөгийн 40 хувь буюу 207200 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр,төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх тул хариуцагч *** нараас шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 518000 төгрөгийн 60 хувь буюу 310800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** нараас 310800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, 443700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22657 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** нараас 9974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА

 

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

Д.ОЮУНДАРЬ