Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/866

 

                                         Э.Н-д  холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хорлоо,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/907 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Хорлоогийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.Н-д  холбогдох эрүүгийн 2106 00708 0455 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-н Н, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр .......... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

 Э.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” супермаркетаас нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 933.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Э.Н-д  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Д.Хорлоо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад хууль үйлчлэх цаг, хугацаа, хүрээг “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж тодорхойлжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Н нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байдаг. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заагаагүй.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулсан, урьд гэмт хэрэг үйлдэн өршөөлд хамрагдаж байгаагүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүхээс шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Э.Н-г гэм буруутайд тооцсон шийдвэрийн агуулгатай прокурор санал нэгдэж байгаа боловч шүүгдэгчид холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг болон 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Э.Н-г өршөөлд хамааруулах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-н өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч миний бие прокурорын эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Э.Н-н холбогдсон хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байгаа хэдий ч тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтад хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх тохиолдолд хорих ял оногдуулах шаардлагатай болох бөгөөд хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь тэнссэн шийдвэртэй харьцуулахад эрх зүйн байдал нь дордоно гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заагдсан байгаа тул тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу өршөөн хэрэгсэхгүй болгох эрүүгийн хэрэгт хамаарахгүй байна. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Э.Н-д  холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” супермаркетаас нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 933.986 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн төлөөлөгч Д.Одгэрэлийн “... Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Номин супермаркет сүлжээ дэлгүүрийн Зүүн дөрвөн зам дахь салбар хариуцсан эрхлэгчээр ажилладаг. Э.Н нь манай дэлгүүрээс 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 933.986 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хулгайлж, хохирол учруулсан. ...” /хх 67/,

Э.Н-н яллагдагчаар өгсөн ...Би 2021 оны 1 дүгээр сарын сүүлээс 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Номин супермаркетаас 5 удаагийн үйлдлээр эмэгтэй хүний гоо сайхны бараа хулгайлсан. ... Уг бараануудаа үндсэн үнээс 50 хувиар хямдруулаад фэйсбүүкт зар байрлуулж зардаг байсан. ...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Н-н үйлдлийг ямар үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулахгүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.2, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ял оногдуулсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг буюу “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”-оор заасан бөгөөд бусад тохиолдолд уг гэмт хэргийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлд хамааруулахгүй байхаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Э.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хорих ял оногдуулаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнссэн тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хорлоогийн бичсэн “... шүүгдэгч Э.Н-д  холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн ...” гэсэн утга агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/907 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Хорлоогийн бичсэн 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ  

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР