Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 126/ШШ2023/0116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны .... тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Ж

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Л.Д, түүний өмгөөлөгч Г.Т, иргэдийн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Ө.Ж намайг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэжээ.
    2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилохыг Ханх сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Нэхэмжлэгч Ө.Жыг байгууллага, хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь аудитын албан шаардлагаар тогтоогдсон гэж үзэн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Захирамжийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Хөвсгөл аймгийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан бөгөөд тус аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/913 тоот албан бичгээр хариу өгч, улмаар нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэгч Ө.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Сонсох ажиллагаа хйигээгүй талаар: Засаг даргын Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 45 минутад Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж надад сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 00 минутад хийхээр мэдэгдэл ирүүлсэн. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан бөгөөд сонсох ажиллагааг хойшлуулах, сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ эмнэлгийн магадлагааны хамт Ханх сумын Засаг даргад хүргүүлсэн. Үүнээс хойш надад сонсох ажиллагааг хойшлуулсан, дахин товлосон талаар дахин мэдэгдэл ирээгүй бөгөөд миний бие Хөвсгөл аймгийн “Жаргалан” эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн.

3.2. Гэтэл Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Баасансүрэн намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярьж “сонсох ажиллагааг утсаар зохион байгуулъя” гэхэд нь би “эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас утсаар сонсох ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдалд байна, сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн. Мөн энэ тухайгаа мэссэжээр давхар бичиж баталгаажуулсан байхад сонсох ажиллагааг хийсэн мэтээр тэмдэглэл үйлдэж, оролцогчоос тайлбар, санал авах ажиллагаа явуулалгүйгээр, хууль зөрчин, үндэслэлгүйгээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргасан.

3.3. Захиргааны акт Төрийн албаны тухай хууль зөрчсөн талаар: Ерөнхий боловсролын сургууль нь “Их сант хайрхан” ХХК-тай 2019 онд 190 машин мод нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж 120 машин түлээг авсан. 2018 онд түлээ бэлтгэх ажлыг маш сайн, хангалттай бэлтгэж ажилласан бөгөөд түлээний нөөц хүрэлцээтэй байсан учраас Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн бүтээлж ажлын төлөвлөгөөний дагуу спортын талбайг бүрэн тохижуулах ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эхлүүлэн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгаж, хүлээн авсан. Дээрх дурдагдсан үйл баримтыг зөрчил гэж үзэж байгаа бол зөрчил гарсан огноог талбайг дуусгаж, хүлээн авсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж үзэхээр байна.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Зөрчил гаргасан өдрөөс эхлэн хуульд заасан 12 сарыг тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар хуульчилсан байна. Гэтэл Засаг даргаас хуулийн дээрх заалтыг зөрчиж, зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн буюу 28 сарын хугацаа өнгөрсөн байхад Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн акт байна. Ханх сумын Ерөнхий боловсролын сургууль 2020 он, 2021 онд санхүүгийн аудитын тайлангаар ямар нэгэн зөрчилгүй үнэлэгдсэнийг дурдаж байна.

3.5. Боловсролын тухай хууль зөрчсөн талаар: Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын сургуулийн захирлыг чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал авахаар хуульчилсан байхад Засаг дарга санал авалгүй, өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.6. Хууль бус актыг үндэслэн гаргасан Засаг даргын захирамж үндэслэлгүй талаар: Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА дугаартай албан шаардлагыг үндэслэсэн байдаг. Гэтэл тус албан шаардлага нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан 12 сарын хугацааг хэтрүүлсэн буюу зөрчил гэх үйл баримтаас хойш 23 сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, үндэслэлгүй албан шаардлага байх тул тус албан шаардлагыг үндэслэсэн Засаг даргын захирамж мөн үндэслэлгүй байна.

3.7. Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар: Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу тухайн үед хуучин спортын талбай нь маш их эвдэрч хэмхэрсэн, сул шороо, хэмхэрсэн цемент, чулуу нь хөглөрч тоосжилт үүссэн, өнгө үзэмж, орчин маш муу, хүүхэд багачууд их гэмтдэг, ялангуяа дотуур байрын хажууд байрлах тул байрны хүүхдүүд байнга унаж, хөл гараа гэмтээдэг байв. Иймд энэ талбайг хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, өв тэгш хүмүүжил олгох, нийтийн биеийн тамир, спорт, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад Ханх сум нь орон нутгийн онцлогоор хилийн гарц нь боомт болж байгаатай холбогдуулан жуулчид ихээр ирэх үед Ханх сум нь чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, орчин байхгүй тул суманд чухал хэрэгтэй ажил хийх бүтээх зорилгоор спортын талбайг бүрэн тохижуулах 20.780.000 төгрөгийн ажлын үлдэгдэл 70 машин түлээ 13 300 000 төгрөгний оронд хийлгэсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан агуулгатай нийцэж байхад зөвхөн хэлбэрийн алдааг үндэслэж дүгнэсэн Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.8. Иймд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ө.Ж намайг Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүлтэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Ө.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

4.1. Миний бие Ө.Ж нь Хөвсгөл аймгийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг 2018 оны 01 дүгээр сараас хийж гүйцэтгэн ажиллах хугацаандаа идэвх санаачилгатай ажиллан хамт олноо зөв чиглүүлэн ажилласнаар сургуулийн багш ажилчдын амжилт өмнөх жилүүдээс эрс сайжирч олон амжилтуудыг гаргасан бөгөөд 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Орос хэлний хичээлээр 2 хүүхэд, Монгол хэлний хичээлээр 1 хүүхэд 800 оноо авч элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог 74,1 хувиар ахиулан 2021 оны Хөвсгөл аймгийн шилдэг гурван сургуулийн нэг болсон. Мөн Оросын Холбооны улсын сургууль болон Улсын тэргүүний 1 дүгээр сургуультай хамтран ажиллах болсон.

4.2. Харин 2020 оны орон нутгийн сонгуулиар Ханх сумын Засаг даргаар Л.Д гэдэг хүн томилогдож томилогдсон цагаасаа хойш чамтай хамтарч ажиллахгүй, чамайг хална гэж байнга шахаж дарамталж өндөр дуугаар загнадаг байсан. Засаг дарга болсон анхны хурал нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Даваа гарагт болсон байдаг. Би 2018 онд сургуулийн захирлын ажлыг авахдаа 74,4 хувьтай үнэлэгдэж байсан бол 2021 онд 90,8 хувь болж ахисан. Миний бие 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жаргалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсан тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өглөө намайг өрөөндөө дуудаад 10-12 цагийн хооронд бүтэн 2 цагийн чамайг ажлаас хална гэж дарамталж байсан. Ер нь Засаг даргын зөвлөлийн ямар ч хурал болсон сургууль болохгүй байна, би чамайг ажиллуулахгүй, чамтай хамт ажилламааргүй байна гэж үнэхээр сэтгэл зүйн дарамттай байсан.

4.3. Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг Ханх сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн утга нь: Ө.Ж би Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр ажлаас халсан актыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

4.4. Сахилгын арга хэмжээ зөрчилд тохироогүй талаар Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамж нь Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 32/А2270439/ ХӨА-2021/121-ШТА-ТА дугаартай албан шаардлагыг үндэслэн гаргасан. Энэ албан шаардлагын хоёр дахь хэсэгт ерөнхий боловсролын сургууль нь 190 машин түлээ худалдан авахаар гэрээ хийсэн боловч 120 машин түлээ хүлээн авсан бөгөөд 70 машин түлээний үнэ болох 13,300,000 төгрөгөөр сагсны талбай хийсэн байна. Гэвч санхүүгийн тайланд 190 машин түлээг орлогоор хүлээж авахыг зөвшөөрч зардал гаргасан бөгөөд сансны талбайг төсөвт тусгаагүй байна гэжээ. Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн гадаа спортын талбай нь маш их эвдэрч хэмхэрсэн, сул шороо, хэмхэрсэн цемент, чулуу нь хөглөрч тоосжилт үүссэн, өнгө үзэмж, орчин маш муу, хүүхэд багачууд их гэмтдэг, ялангуяа дотуур байрын хажууд байрлах тул байрын хүүхдүүд байнга унаж, хөл гараа гэмтээж байсныг дотуур байрын жижүүр, эцэг, эхчүүдээс санал ирж байсан. Энэхүү талбайг шинэчлэн засварлах зайлшгүй шаардлага бий болсон байсан. Гэвч талбай засварлах мөнгө сургуулийн төсөвт огт суугаагүй байсаар байна.

4.5. Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний дагуу спортын талбайг шинэчлэн засварлах ажлын өртөг 20,780,000 төгрөг байсан. Тухайн жилийн түлээний нөөц хангалттай байсан, түлээ бэлтгэн нийлүүлэгч компанитай 20,780,000 төгрөгийн ажлыг 13,300,000 төгрөгийн түлээний оронд буюу үлдэгдэл 70 машин түлээний оронд хийлгэхээр нягтлан, нярав, тухайн компанийн захирал нартай харилцан тохиролцож талбайг шинэчлэн засварлаж хүлээн авсан. Өөрөөр хэлбэл 7,480,000 төгрөгийн хэмнэлт гаргасан. Спортын талбайг хувьдаа завших боломжгүй ба зөрчил дутагдал гараагүй, Ханх сумын ерөнхий боловсролын сургууль нь 2020, 2021 онуудад санхүүгийн аудитын тайлангаар ямар нэгэн зөрчилгүй үнэлэгдсэн байна.

4.6. Түлээ бэлтгэн нийлүүлэх ажлын хөлсний үлдэгдэл 13,300,000 төгрөгийг сургуульд буцаан олгож спорт талбайг шинэчлэн засварлах мөн утгаар сургуулиас зарлагадаагүй хэлбэрийн төдий зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, нийт ажилчдад нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэх мэт сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгон хэрэглэж болохоор байсан. Гэтэл Л.Д нь зөрчлийн хор уршиг, үр дагаврыг бодитой үнэлж сахилгын шийтгэлээс тохирохыг сонгон хэрэглэхийн оронд хувийн ашиг сонирхолдоо хэт хөтлөгдөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.7. Сонсох ажиллагаа хийгээгүй талаар. Засаг даргын Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 45 минутад Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж надад сахилгын шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт хийхээр мэдэгдэл ирүүлсэн. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан тул сонсох ажиллагааг хойшлуулах, сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ эмнэлгийн магадалгааны хамт Ханх сумын Засаг даргад хүргүүлсэн. Үүнээс хойш надад сонсох ажиллагааг хойшлуулсан, эсвэл дахин товлосон талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирээгүй. Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалан эмнэлэгт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлсэн.

4.8. Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын Газрын дарга Б.Баасансүрэн намайг эмнэлэгт хэвтэж байхад буюу 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдөр утсаар ярьж “сонсох ажиллагааг утсаар зохион байгуулъя” гэхэд нь би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтэй байна гэдгээ мессеж бичиж явуулсан. Учир нь миний бие сонсох ажиллагаанд биечлэн оролцож нотлох баримттайгаар өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах шаардлагатай байсан. Гэтэл Засаг дарга сонсох ажиллагаа хийсэн мэтээр тэмдэглэл үйлдэж оролцогчоос тайлбар, санал авах ажиллагаа явуулахгүйгээр хууль зөрчин Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргасан. Сонсох ажиллагаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх хуулийн шаардлагатай. Миний бие ажлаас халах тушаал гарах үед эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул тайлбар, санал гаргах боломжгүй, хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай байсан.

4.9. Шүүх хуралдаан явуулахад эрүүл мэндийн шалтгаантай бол хурлыг хойшлуулж шийдвэрлэж байхад ажлаас халах тушаалыг сонсох ажиллагаа явуулахгүйгээр яаран гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэлд дурдсанаас үзэхэд ажлаас халах сахилгын шийтгэлийг гарцаагүй ногдуулах урьдаас төлөвлөгдсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн захирамжийн дугаараас харагддаг бөгөөд, тухайн захирамжийн огноо нь албажин гарсан ажлаас халах тухай захирамжийн огнооноос зөрүүтэй, сонсох ажиллагаанд оролцогчийн тайлбар, саналыг үл харгалзан сахилгын ажлаас халах шийтгэл ногдуулахаар төлөвлөгдсөн байгаа нь харагдаж байна.

4.10. Хөөн хэлэлцэх хугацааны тухай. Спортын талбайг бүрэн тохижуулах ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгаж хүлээн авсан. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан огноог талбай дуусгаж хүлээн авсан өдрөөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн бол зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр буюу зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн буюу бүхэл бүтэн 2 сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт энэ хуулийн 123.4, 123.5-т заасан хугацаанд ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит эрх бүхий бусад байгууллагаас шалгах явцад гарсан гэж сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан боловч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл байдал огт үүсээгүй байна.

4.11. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж хуульчилсан. Зөрчил гаргасан өдрөөс эхлэн хуульд заасан 12 сарыг тоолоход 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сахилгын шийтгэл ногдуулахгүй байхаар хуульчилсан байна. Хуулийн дээрх заалтыг зөрчиж зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн буюу бүхэл бүтэн 28 сарын хугацаа өнгөрсөн байхад Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамж гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн акт байна.

4.12. Боловсролын тухай хууль зөрчсөн талаар тайлбарлая. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал авахаар хуульчилсан байхад Ханх сумын Засаг дарга нь Боловсрол, шинжлэн ухааны газраас огт санал аваагүй. Засаг дарга Л.Д 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/20 дугаартай албан бичгээр Боловсрол соёлын газрын дарга н.Ганзоригт Ө.Жыг ажлаас халах болсныг мэдэгдээд зөвшилцөх саналыг хүргүүлж байна гэсэн албан бичиг хүргүүлсэн боловч санал авч зөвшилцөлгүйгээр халах шийдвэр гаргасан нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д заасныг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны газраас энэхүү даргын бичигт хариу болгон 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 70 тоот албан бичгээр Ханх ерөнхий боловсролын сургуульд ажиллах тусгай удирдамжийн дагуу ажиллана гэсэн хариу өгсөн. Үүнийг огт хэрэгсээгүй байна.

4.13. Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжид байгууллага хамт олныг манлайлж нэгдсэн удирдлагаар хангах үүргийг хангалтгүй биелүүлсэн гэжээ. Миний бие 2020 оны эхний хагас жилээр 84.2 хувьтай сайн, 2021 онд 90 хувьтай маш сайн гэж үнэлүүлсэн. Мөн Ханх сумын ерөнхий боловсролын сургууль нь 2021 оны шилдэг сургууль болсон, 2021 онд 3 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан зэрэг нь баримтуудаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох бүх нийтийн ерөнхий боловсрол олгох чиг үүргээ сайн биелүүлж санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргаагүй тул Засаг даргын захирамж үндэслэлгүй байна.

4.14. Аудитын албан шаардлага 2021 оны 10 дугаар сард гарсан гэж байгаа боловч тус шаардлагыг надад огт танилцуулаагүй. Ажлаас халах тушаал гарсны дараа тус албан шаардлагыг би мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэснийг зөрчиж байна. Иймд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилохыг Ханх сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Захирамжийн эх хувийг надад одоо болтол өгөөгүй байгаа. Надад гардуулж гарын үсэг зуруулах хуулийн заалттай байдаг. Ажилгүйдлийн тэтгэмжээ би хаанаас ч авч чадаагүй байгаа. Сумын нийгмийн даатгалын байцаагчид, аймгийн нийгмийн даатгалын газрын дарга, аймгийн Засаг дарга нарт хандсан боловч хариу өгөөгүй байна. Би одоо 14 сар ажилгүй хохирч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

5.1. Миний бие 2020 оны 12 сард Засаг даргын ажлыг авсан. Намайг ажил хүлээж авсан цагаас хойш сургуулийн талаар гомдол санал тасралтгүй ирсэн ба энэ талаар арга хэмжээ авч ажил сайжруулж өгөхийг иргэд маш ихээр  санал хүсэлтээ тавьж шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан. Энэ тухай захирлаар ажиллаж байсан Ө.Жд удаа дараа хэлж анхааруулж, бүр үүрэг даалгавар биелүүлж, ажлаа сайжруулж чадахгүй бол ажлаас чөлөөлөхийг нэг бус удаа хэлж анхааруулж байсан.

5.2. Миний бие сумын төвийн иргэд айл өрхүүдээр явж санал бодлыг нь сонссон ба 380 гаруй өрхүүдийн ихэнх нь сургууль нэг гэр бүлийнх боллоо, хичээл сургалт муу, дотуур байрны хүүхдийн орчин хоол унд муу, багш ажилчид нь архи их уудаг, сургууль хавтгай архидалттай болсон, ах дүү хамаатан садан хүмүүс учраас биенээ их өмөөрч хамгаалдаг, ах дүү л биш бол сургуульд ажилд орох боломжгүй яг л хувийн гэр бүлийн компани шиг болсон талаар шаардлага тавьж сургуулийн удирдлагыг сольж өгөхийг санал болгож байсан. Тэр ч бүү хэл сургуульд ажилд орохдоо 2 сая хүртэл мөнгө өгч ажилд ордог, мөнгөө өгөхгүй хүнийг 2, 3 хонуулаад буцаагаад халчихда, энэ талаар нөхөр Ихбаяр нь зуучилдаг  ба бүр УАЗ-469 машин хүртэл хүнээс авсан ба буцааж халчхаад машиныг нь өгөхгүй явдал чирэгдэл болсон байдаг.

5.3. Сургуульд сүүлийн жилүүдэд 50:100:200 саяын гурван удаагийн их засвар орсон боловч маш чанаргүй дутуу хийгдэж байхад өөрөө тохиролцоод хүлээж авч улсыг хохироосон, сургуулийн өмч хөрөнгө, санхүүг зориулалтын бус зарцуулдаг, нөхрөө намар самар жимсэнд найз нөхөд нь чөлөө өгч явуулаад олон сараар хуурамч баримт бүрдүүлж ажил хийдүүлж, сул цалин олгодог, нөхрөөрөө сургуулийн шинэ фургон машиныг тонуулж эвдүүлж, удаа дараа онхолдуулж хаяснаас одоо сургууль машингүй байна. ... Иймээс арга буюу энэ байдлыг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээг авахаас өөр аргаггүй учир уг сахилгын арга хэмжээг авсан.

5.4. Сонсох ажиллагааны талаар: Миний бие төсвийн ерөнхий захирагчийн хувьд үйл ажиллагаа нь доголдсон удаа дараа өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, баг хамт олны үйл ажиллагааг удирдаж нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа байгууллагын дарга нартаа сахилгын арга хэмжээ тооцох эрх хэмжээнийхээ хувьд сургуулийн захирал Ө.Жд сахилгын арга хэмжээ авч анхааруулга санамж өгөх зорилгоор 2022.02.18-ны өдрийн 17:00 цагт Засаг даргын Тамгын газрын байранд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” зарчмыг баримталж мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Уг мэдэгдлийг ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Баярчимэгээр 2022.02.18-ны өдрийн 12 цаг 48 минутад хүргүүлсэн боловч Ө.Ж нь “Би ийм мэдэгдэл хүлээж авахгүй, гарын үсэг зурахгүй” гэж хэлээд буцаасан байдаг. ... Ө.Ж нь өмнө гарын үсэг зурахгүй гээд байсан мэдэгдэл дээрээ 15 цаг 45 минутад гарын үсэг зурж өгсөн ба Засаг дарга миний нэр дээр “ Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар очих боломжгүй тул 2022.02.28-ны өдрийг хүртэл уг сонсох ажиллагааг хойшлуулж өгнө үү. Би биечлэн оролцох хүсэлттэй байна” гэж бичээд бичиг хэргийн ажилтанд өгсөн байсан. ... Би тухайн үед энд ирээд явсныг дуулаад хойшлуулах боломжгүй гэж хариу өгсөн ч Ө.Жын хүсэлтийн дагуу 2022.02.28-ны өдрийг хүртэл хойшлуулсан. 2022.03.01-ний өдрийн 10:00 цагт сонсох ажиллагаа хийхээр болж ... утсаар холбогдоод сонсох ажиллагааг утсаар хийхээр тохиролцсоны дараа Ө.Жаас мэссэж ирүүлж “ аймагт эмнэлэгт хэвтэн эмчүүлж байна. Биечлэн оролцон” гэж зурвас ирүүлсэн байсан.   ... Хожим сонсоход 3 сарын 01-ний өдөр Ө.Ж өөрийн хамаатан Баярсайханы амралт дээр байсан байна билээ. Цаашид төрийн ажил эзэнгүйдэж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж болзошгүй бөгөөд ийм аргаар яваад байвал хэдэн ч удаа хойшлуулж  ямар ч шалтаг тоочиж ажил сунжрах магадлалтай тул бид хуульд заасан дараагийн арга хэмжээг авахаар шийдвэрлсэн.

5.5. Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх заалтыг зөрчсөн гэх талаар: Тухайн зөрчил нь Хөвсгөл аймаг дахь төрий аудитын газрын төлөвлөгөөт шалгалтын явцад 2021.10.21-ны өдөр илэрч тус байгууллагын албан шаардлагаар Засаг дарга миний нэр дээр сахилгын шийтгэл оногдуулж хариу мэдэгдэхийг үүрэг болгосны дагуу арга хэмжээ тооцсон болно. Иймээс сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Боловсролын тухай хууль зөрчсөн талаар: Миний бие Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д заасны дагуу сургуулийн захирал Ө.Жыг ажлаас нь чөлөөлөх болсон тухайгаа 2022.02.18-ны өдрийн 1/20 дугаар тоотоор хүргүүлсэн. Тус албан тоотын хариуг 2022.02.24-ний өдрийн 70 дугаартай дарга Ц.Ганзоригийн  гарын үсэгтэй тоот ирсэн.

5.6. Ө.Ж нь өөрөө төсвийг буруу зарцуулж байгууллагаа хохироочхоод Төрийн аудитын албаны шаардлагыг хууль бус гэж үзэж байгаа нь ямар хуу алдаагаа ухамсарлаж  байгаа, ямар түвшний мэдлэг чадвартай удирдагч вэ гэдгээ өөрөө батлан харуулж байна. Энэ талаар би тайлбарлах хэрэггүй, харин ч өөрөөр нь төлүүлэх акт тавиагүйд дотроо залибрах хэрэгтэй. Аудит энэ хүнд акт тавилгүй хаацайлсан байна. Бид энэ талаар холбогдох хууль хяналтынханд хандаж шалгуулах болно. Зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, төсвийг хэмнэсэн гэх талаар: Сургууль түлшний модны нөөцөө бүрдүүлж чадаагүй улмаас өнгөрсөн хавар сургууль түлээгүй болж, гал алдаж нэгээс нөгөө рүү түлээ зөөж бүр ирэх оныхоо түлшнээс урьдчилж буулгуулж байж дулааны улиралтай золголоо. Сагсны талбайн шал цемент хагарч цуурснаас болж бэртэж гэмтсэн хүүхэд байхгүй дараах гомдол санал ирээгүй энэ бол зүгээр л түлш бэлтгэж буй компанитай хуйвалдаж мөн зувчуулсан арга юм. ... Иймээс миний зүгээс төрийн ажлыг сайжруулах үйл ажиллагааг нь иргэдэд  тэгш боломж олгох, сургалт хүмүүжлийн ажлыг чанаржуулах зорилгоор гаргасан шийдвэртээ бат зогсоно” гэжээ.

Зургаа: Хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

6.1. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Засаг даргын ажлыг авсан. Энэ ажлыг аваад сумын төвд ялангуяа сургуульд эмх замбараагүй байдал, архидан согтуурах нь замаа алдаж багш нар нь сургуулийн дотуур байрныхаа хүүхдүүдтэй архи уудаг байдал бий болсныг 1 жил 3 сарын хугацаанд энэ асуудлаа зас гэж үүрэг даалгавар өгч байсан. Үүрэг даалгавар өгч шаардлага тавихаар дарамталсан болдог. Ингэж болохгүй. 2022 онд Ханх суманд төлөвлөгөөт аудит хийгдсэн. Энэ бол ямар нэгэн дуудсан, захиалгаар хийгдсэн шалгалт биш. Төрийн аудитын байгууллага дүгнэлтээ гаргаад “энэ хүн буруутай үйл ажиллагаа явуулсан байна, Төсвийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Тийм учраас сахилгын арга хэмжээ тооцож 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу арга хэмжээ ав” гэсэн дүгнэлтийн эх хувь надад байна. Энд хэд хэдэн боломж байсан.

6.2. Аудитын дүгнэлт 11 дүгээр сарын 26, 27-ны үед гарсан байхад манайд 02 дугаар сард очиход Ө.Ж гэдэг хүнийг аудит харсан байж таараа. Энэ хүн надтай маргах биш аудитын албатай зарга хийх байсан. Сонсох ажиллагаа хийх мэдэгдэл очингуут эмнэлэг дээр гүйж очоод акт авчихсан. Тэгээд манай өрөөний хананы цаана байдаг нарийн бичиг дээр орж үүнийг хойшлуулж өгнө үү гэж бичиж байхынхаа оронд над дээр ороод сонсох ажиллагаагаа хийх ёстой. 3 дугаар сарын 08-ны өдрийг дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна гэсэн боловч үнэн хэрэгтээ 3 дугаар сарын 06, 07-ны орой Цагаан голын амралтын баазад Их хурлын гишүүнээс баахан алтан гадас одон аваад багш нарыгаа шагнаж байсан зураг нь хэрэгт авагдсан байгаа. Өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлээд байх нь ямар учиртай юм бэ.

6.3. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т саналыг үндэслэн чөлөөлөхөд зөвшилцөнө гэсэн байгаа. Энд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөвшилцөнө гэсэн үг байхгүй. Би 37, 38 жил удирдах албан тушаал эрхэлсэн учраас хүнд арга хэмжээ авах ялангуяа амьдралд нь өөрчлөлт оруулах асуудал дээр нухацтай хандахгүй бол болдоггүй. Тиймээс би өөрт нь боломж олгож удаа дараа хэлж анхааруулсан. Төрийн аудитын дүгнэлтийг үндэслэсэн. Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвшөөрөл авна гэж Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйл дээр заагаагүй. Боловсролын газарт ийм аудитын дүгнэлт гаргалаа, энэ хүн ингэж хууль зөрчиж байгууллагаа удирдаж чадахгүй байна гэсэн тоот явуулаад хариу нь бид нар удахгүй очиж шалгалт зохион байгуулна гэсэн. Тэгээд одоо болтол шалгалт нь очоогүй байгаа. Худлаа ийм бичиг явуулаад хаячихдаг. Боловсролын газар сургуулийн захирлуудаа үнэлэхдээ бүгдийг нь хангалттай 90 хувиас дээш үнэлсэн байгаа. 2021 онд аймгийн шилдэг сургууль болсон гэж байгаа боловч 2022 онд Хөвсгөл аймагт хамгийн муу сургалттай сургууль, хамгийн муу багштай, хамгийн муу хүүхэдтэй гээд сая боловсролын ерөнхий газраас зөвлөн туслах ажиллагаа 3, 4 дэх удаа явуулж байна. Яагаад хэдхэн сарын дотор шилдэг сургууль байснаа ийм болчхов оо. Өрөөндөө дуудаж дарамталсан загнасан гэдэг худлаа. Тамгын газрын хурлын тэмдэглэлээс ч харагдана. Шаардлага тавихаар энэ хүн огт биелүүлдэггүй. Би тийм асуудал тавихад яагаад биелүүлэхгүй байна гэхээр сургуулийн нийт 86 ажилтны тал нь эдний хамаатан байдаг. Ямар ч сайн багш очиж, сургууль дээр ямар ч арга хэмжээ болсон бай ах, дүүгээрээ дээрэлхдэг. Байрын багш нар нь бүгд хамаатан. Эмэгтэй хүмүүс байж байнга архи уудаг, хүүхдүүдтэйгээ нийлж архи уудаг, зугаалгад авч явж архи уудаг. Ийм асуудлыг хэлсэн. Баримт хэрэгтэй гэвэл 5 дугаар ангийн эмэгтэй хүүхэд архи уугаад гудамжинд уначихсан байхаар нь би тамгын даргатайгаа хамт аваачиж өгөөд захиралд анхааруулж байсан. Халх боломжууд аль дээр үед байсан ч төрийн аудит ирэх юм байна. Тэрний үндэслэл нь юу гэж гарахыг харж байгаад гээд дараа нь халсан байгаа.

6.4. Үүнээс гадна энэ хүний ах дүү нар нь тал байхаас гадна нягтлан, сургалтын менежер хоёртоо барьцаалагдаад юу ч хэлж чадахгүй болчихсон. Нягтлан нь олон жил ажилласан тэтгэвэртээ гарах гэж байгаа хүн. Яагаад гэвэл 200,000,000 төгрөгийн тендер зарлаад хийх ёстой юмыг нь хийхгүй, 2 уурын зуух гэж байхад нэгийг нь хийгээгүй, цонх, хаалга солино гэсэн байхад солиогүй ч байдаг юм уу, ийм байхад нөгөө тендер нь хүлээгээд авчихсан. Үүнээс болж сургууль дээр маш их маргаан байдаг. Мөн төсөв хэмнэсэн гэж байна. 20,000,000 төгрөгөөр хийх ёстой юмыг Төсвийн хууль зөрчиж 70 машин түлээний мөнгө 13,000,000 төгрөгийг зөвшилцөж авсан гэж байгаа. Гэтэл түлээ бэлдсэн компани, сургуулийн захирал, нярав гурав зөвшилцөөд 70 машин түлээний 13,000,000 төгрөгийг хувьдаа авчихсан юм. Тийм байж аудитын шалгалт очихоос өмнө намайг дөнгөж Засаг дарга болж очиход надад “би 70 машин түлээ хэмнээд сургуулийн 80 жилийн ойн ном хэвлүүлж байгаа” гэж хэлсэн. Тэгтэл аудитын дүгнэлт гарсан чинь цементэн талбай зассан болсон. Тэр талбай бол хуучин цементэн талбай байсан. Хүүхэд гэмтэж бэртсэн зүйл огт байхгүй. Тэр талбайг цементээр өнгөлөөд 20,000,000 төгрөгөөр хийх юмыг 13,000,000 төгрөгөөр хийсэн гээд нөгөө компаниасаа бичиг авч хуйвалдсан асуудал байгаа. Энэ бол төсвийн хэмнэлт биш, төсвийг буруу зарцуулсан. Шууд өөрөө хүсэлтээ өгч гарах ёстой байхад би төсвийн хэмнэлт хийсэн гээд зогсож байж болохгүй.

6.5. Сургуулийн менежер, нягтлан хоёр бүх зүйлээ мэддэг. Энэ хүний шаардлагыг авдаггүйгээс болж сургуулийн удирдлага гэж байхгүй болсон. Дотуур байр, хүүхдийн орчин, багш нарын байгаа байдал, багш нар нь хичээлээ заадаггүй. Хамаатан садан найз нөхөд нь архи уугаад сууж байдаг, хичээл нь цонхлоод цалингаа бүтэн аваад явж байдаг. Тэгсэн хэрнээ шаардлага тавьсан багш нарыг янз бүрээр хэлж байгаад явуулчихдаг. Манай сум 850 өрх айлтай. Би ажлаа аваад 600 гаруй өрх айлаар нь явахад хүмүүсийн тавьж байгаа хүсэлт сургуулийг сургууль шиг болгож өгөөч, энэ сургууль хувийн сургууль болчихлоо, Ө.Жын ах, дүүгээр дүүрсэн, гаднаас хүн оръё гэхээр мөнгө нэхдэг болсон учраас сургуулийн удирдлагыг сольж өг гэсэн. Тийм учраас аудитын дүгнэлт болон энэ олон удаагийн зөрчилд нь арга хэмжээ авсан. Түүнээс биш би Засаг дарга болчхоод хувийн эрх ашгаар хандаад байгаа юм байхгүй. Энэ хүнийг чөлөөлөх ямар ч эрх ашиг байхгүй. Хамгийн гол нь би төрийн байгууллагын гаргасан шийдвэрийн үндэслэн дээр өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Хэрвээ буруутай гэвэл аудит буруутай. Зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн байхад арга хэмжээ авсан гэж байна. Зөрчлийг илрүүлээд бичиг баримт нь ирсний дараа арга хэмжээ авна. Түүнээс биш ямар нэгэн зөрчил гаргачхаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд явж байж болохгүй. Энд арга хэмжээ авагдаад явах ёстой. Өөрөө боломжоо ашиглаагүй байж сүүлд нь янз бүрийн зарга үүсгээд хүний ажил удаад байгаа нь харамсалтай байна. Ямар нэгэн зүйл баримттай байх ёстой. Сая Ө.Жын хэлсэн шиг загнасан асуудал байвал баримт гаргаж ирэх ёстой. Миний зүгээс энэ шийдвэртээ итгэлтэй байгаа гэв.

Долоо: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

7.1. Нэхэмжлэгч сая төрийн аудитын газраас албан шаардлага гаргасан. Үүнийг надад танилцуулаагүй, тушаал гаргаснаас хойш би үүнтэй танилцуулсан гэдэг. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдах байх. Үүнийг гаргаагүй, танилцуулаагүй, мэдэгдээгүй гэдэг бол хариуцагчийн буруу биш. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ажиллагааг тухайн актыг гаргасан захиргааны байгууллага хариуцах ёстой. Сургуулийн гадна талбайг цементээр цутгасан, түлээний мөнгө зориулалтын бусаар ашигласан гэсэн сургуулийн төсөвтэй холбоотой маргаантай асуудал яригдаж байгаа боловч үүнтэй холбоотой төрийн аудитын газрын хийсэн шалгалтын тайлан гарсан. Үүнтэй нэхэмжлэгч тухайн үед маргаагүй. Тийм байж одоо би энэ төсвийг зориулалтын бусаар ашиглаж ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй харин төсвийг хэмнэсэн гэж байна. Хэмнэсэн юм бол төрийн аудитын газрын шалгалтын үйл ажиллагаатай холбоотой баримтуудтай ямар нэгэн байдлаар маргаагүй байдаг. Тийм байж одоо би энэ төсвийг хэмнэж ашигтай ажилласан гэж тайлбарлаад ач холбогдолгүй.

7.2.Төрийн аудитын тайлантай маргасан зүйл байхгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэдэг ойлголт байгаа. Төрийн аудитаас шалгалт ирээд шалгалтын үр дүнтэй холбоотой бичиг баримт надад огт ирээгүй гэж тайлбарлаад байгаа боловч төрийн аудитаас шалгалт хийсний дараа нэг сая хэдэн зуун мянган төгрөгийн акт тавихад, мөн албан шаардлагатай холбоотой сонсох ажиллагаа хийгээд нэхэмжлэгч өөрөө тэрэнтэй танилцаж албан шаардлагаа эргэж хараач, албан шаардлагаа эргэж тавилгүйгээр шийдвэрээ эргэж хараач гэсэн хүсэлт Төрийн аудитын газарт өгсөн байна лээ. Үүнээс харахад мэдээгүй, танилцаагүй гэх үндэслэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно нь надад арга хэмжээ авсан гэж байна.

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг нь нотлогдохгүй гэж тайлбарлаж байх шиг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Учир нь аудитын шалгалт хийгдэж байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжтой. Хэрэгт авагдсан төрийн аудитаас шалгалт хийгдсэн хугацаатай холбоотой бичиг баримтууд нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолно. Боловсрол шинжлэн ухааны газраас санал аваагүй гэж байна. Засаг даргын тухайд 2021 оны 02 дугаар сард Боловсролын газарт 1/20 дугаартай албан тоотоор санал авахаар явуулсан байдаг. Үүний хариу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирсэн байдаг. Үүнээс харахад Боловсролын тухай хууль зөрчсөн зүйл харагдахгүй байна гэж үзэж байна гэв.

Найм: Иргэдийн төлөөлөгч Ч.О дүгнэлтдээ:

8.1. Ханх сумын Засаг дарга Боловсролын газраас ажлаас нь халах шийдвэр гаргаагүй байхад ажлаас нь халсан юм шиг харагдаж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Мөн Ө.Ж гэдэг хүн өөрийн ажилдаа хариуцлага муутай хандсан учраас халагдсан байна гэж ойлголоо. Тийм учраас шийдвэрийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гээд дүгнэлтээ бичгээр гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий акт болох Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.3, 40.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг байгууллага, хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ хангалтгүй биелүүлсэн, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь аудитын албан шаардлагаар тогтоогдсон гэж дүгнэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
  3. Нэхэмжлэгчээс “...сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой сонсох ажиллагааг хийгээгүй .... зөрчил гэж тодорхойлж буй үйл явдал болсноос хойш 28 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан ... сургуулийн захирлыг чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал аваагүй” гэж, хариуцагчаас “...сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол тасралтгүй ирдэгтэй холбоотой ажлаа сайжруулах талаар үүрэг даалгаврыг нэхэмжлэгчид нэг бус удаа хэлж анхааруулж байсан ... сургуулийн өмч хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь аудитын албан шаардлагаар тогтоогдсон тул нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан байна.
  4. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “байгууллага, хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй нь иргэд, багш нараас гаргасан хүсэлтүүд болон Засаг даргын байгууллагын дарга нарын хурал дээр өгч байсан үүрэг даалгавар, алдаа дутагдлуудыг нь нэг бүрчлэн хэлж байсан талаар тэмдэглэлд тусгагдсан байгаагаар тогтоогдоно” гэжээ.
    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/35 тоот албан бичгээр хариуцагчид хариу тайлбарын үндэслэл болсон нотлох баримтуудаа гаргаж өгөх талаар албан бичгээр шаардсан боловч хариуцагчаас хариу тайлбартаа дурдаад байгаа баримтаа гаргаж өгөөгүй, тодруулбал, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын үндэслэл болсон баримтууд болох Засаг даргын байгууллагын дарга нарын хурал дээр өгч байсан үүрэг даалгавар, алдаа дутагдлуудыг нь нэг бүрчлэн хэлж байсан талаар тэмдэглэлээ шүүхэд гаргаж өгөөгүй болно.
    2. Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаан дээр Ханх сумын Засаг даргад 8 багшийн төлөөллөөс гаргасан гэх өргөдөл, нэр нь тодорхойгүй Ханх сумын иргэний гаргасан гэх өргөдлийг тус тус хэрэгт хавсаргуулахаар өгсөн бөгөөд эдгээр баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.
    3. Нөгөө талаас нэхэмжлэгч нь жил бүр хангалттай сайн дүгнүүлж, байгууллага хамт олныг манлайлж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 115 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ерөнхий боловсролын сургуулиудын 2019, 2020, 2021 онуудын ажлын үр дүнгийн үнэлгээний баримтуудаар (2 дугаар хавтаст хэргийн 122-141 дүгээр тал) тогтоогдож байх бөгөөд уг баримтуудыг няцааж, үгүйсгэсэн баримтуудыг хариуцагчаас гаргаж өгөөгүй болно.
    4. Эдгээрээс дүгнэвэл, маргаан бүхий захиргааны актад дурдаж буй эхний үндэслэл болох “байгууллага, хамт олныг манлайлж, нэгдсэн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй” гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна гэж үзлээ.
  5. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжид “...Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлагаар тогтоогдсон” гэсэн үндэслэлийг дурджээ.
    1. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэсэн “Ханх сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн” нь гүйцэтгэлийн аудитаар Ханх сумын Ерөнхий боловсролын сургуультай холбоотой зөрчлүүдийг илрүүлж Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА тоот албан шаардлагыг Ханх сумын Засаг даргад хүргүүлсэн байна.
    2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан тайлбартаа “аудитаар илрүүлсэн зөрчлийг гаргаагүй, эс зөвшөөрч өөрт нь гомдол гаргаж байсан” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас уг албан шаардлагатай холбоотой гомдлыг дээд шатны байгууллагад, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд уг албан шаардлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг уг захиргааны хэрэгт гаргаагүй тул шүүхээс аудитын илрүүлсэн зөрчилд дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
    3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь албан шаардлагаар тогтоосон зөрчилтэй холбогдуулан маргаагүй, уг албан шаардлага нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийг албан шаардлагаар тогтоосон зөрчлийг гаргасан гэж үзэж байна. Гэвч нэхэмжлэгчид уг зөрчилтэй холбогдуулан хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж үзлээ.
    4. Учир нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/31 тоот тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар тал ) нэхэмжлэгчийг Ханх сумын сургуулийн захирлаар томилсон байх бөгөөд тус албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал бус төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.
    5. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна”, Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т “төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, үнэлүүлж дүгнүүлэх тусгайлсан зохицуулалттай үүрэг хүлээсэн, төсвийн шууд захирагч боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүй болно.
    6. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж тус тус заажээ.
    7. Дээрх хуулийн заалтын дагуу төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний албан хаагч болохын хувьд уг маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ.
    8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагад уг аудитын шаардлага, тайланг хүргүүлсэн хугацаанаас тооцвол хугацаа хэтэрсэн байна.
    9. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаж буй Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 32/А2270439/ХӨА-2021/121-ШТА-ТА албан шаардлага гарсан өдрөөс хугацаа тооцвол 4 сар гаруйн дараа нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан “...илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэснийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан байна.
    10. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019, 2020, 2021 онуудад Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газраас зөрчилгүй санал дүгнэлт бүхий аудитын гэрчилгээнүүд авч байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/162 тоот (2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр тал), 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/328 тоот (2 дугаар хавтаст хэргийн 72 дугаар тал), 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/196 тоот (1 дүгээр хавтаст хэргийн 210 дугаар тал) албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.
  6. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хариуцагч нь хоёр удаагийн сонсох ажиллагаа зохион байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс өөрөө уг сонсох ажиллагаанд оролцохоос татгалзсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жд мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдэл” (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр тал), 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Жыг сонсох ажиллагаа зохион байгуулах тухай тэмдэглэлээр (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал) тогтоогдож байна.
  7. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “сонсох ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлж байсан” гэж тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрүүдийг заасан. Хариуцагчаас уг арга хэлбэрүүдээс нэхэмжлэгчид тохиромжтой аргыг сонгон хэрэгжүүлж, саналаа гаргах боломжийг олгосон болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь сонсох ажиллагааны товыг хүргэхтэй холбоотой асуудлаар маргаагүй болно.
  8. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...сургуулийн захирлыг чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал аваагүй” гэж тайлбарлажээ.
    1. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.10-т “өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, багш ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах” гэж Аймгийн боловсролын газрын эрх, үүргийг зохицуулсан, тухайн тохиолдолд мэргэжлийн ур чадвартай холбоотой маргаан үүсээгүй, харин тусгайлсан хууль буюу төсвийн зөрчил гаргасан эсэхтэй холбоотой маргаан үүссэн тул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал авах шаардлагагүй.
    2. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар Сумын Засаг дарга нь сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө аймгийн боловсролын газрын саналыг авах ажиллагаа нь тухайн албан тушаалтан үндсэн чиг үүргээ (боловсролын удирдлага, мэргэжлийн асуудлаар) хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд өгөх саналын тухай зохицуулалт байна.
  9. Уг нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч байгууллага нь зөрчил гаргасан гэх хангалттай нотлох баримтуудыг цуглуулалгүйгээр, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэгчийг ажлаас нь халсан нь хууль бус байна.
  10. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг тус тус зөрчсөн, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу ажлын 285 хоногийн нийт 20,166,315 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван тав/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 123 дугаар зүйлийн 123.4, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Жын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ханх сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ханх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа буюу ажлын 285 хоногийн нийт 20,166,315 /хорин сая нэг зуун жаран зургаан мянга гурван зуун арван тав/ төгрөгөөс холбогдох эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн гаргуулж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                       Б.БАТЧИМЭГ