Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00978/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** / регистрийн дугаар***, утас ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/ нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагч ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...***миний бие нь 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ганц гишүүнтэй 1,000,000 төгрөгнийн дүрмийн сантай Элитхөгжил ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Манай компани нь 2009 онд Дархан-Уул аймагт анх удаагаа хот доторхи нийтийн тээвэрт том аварын автобусны үйлчилгээ явуулж туршиж үзсэн. 2013 оны эхээр ***, ***нар нь манай компанид хөрөнгө оруулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх талаар цаашид хамтарч ажиллахаар тохирсон.

2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр миний бие ***, ***нартай хувьцаа бэлэглэх гэрээ байгуулж уг гэрээгээр Элит хөгжил ХХК-ий хувьцааны 33,3 хувь буюу 333,000 төгрөгний хувьцааг тус тус бэлэглэсэн. Ийнхүү хувьцаа бэлэглэснээр ***, ***нар нь тус бүрдээ компаний 33,3 хувийн хувьцаа эзэмшигч болж 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Элит хөгжил ХХК-ий дүрмийг шинэчлэн баталсан.

Компани 3 гишүүнтэй болсноор тус компаний өмнө нь явуулж байсан том оврын автобусны үйлчилгээг сэргээхээр ярилцаж тохирон намайг гүйцэтгэх захирлаар томилсон. 2013 оны 09 дүгээр сард би үнийн 50 хувийг төлж үндсэн мөнгийг дараа төлөхөөр том оврын автобусны гражийг худалдан авсан. 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 12 ширхэг автобус зээлээр Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500,000,000 төгрөгийн зээл компанидаа авсан. Граж анх худалдан авах засахаас эхлээд миний бие компаний үйл ажиллагааг хөл дээр нь зогсоохын тулд нойр хоолгүй цалин мөнгө ч байхгүй өнөөдрийг хүртэл зүтгэж ирсний хүчинд манай компани хэдийгээр санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч гэсэн үйл ажиллагаа тогтворжсон.

...Иймд ***, ***нарт Элит хөгжил ХХК-ийхаа хувьцааг бэлэглэхээр байгуулсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь компанид хөрөнгө оруулахаар тохиролцсон хэлцлийг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 д хүчин төгөлдөр бус хэлцэл, 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх тул уг бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ***тай байгуулсан Элит хөгжил ХХК-ий хувьцааны 33,3 хувь буюу 333,000 төгрөгний хувьцааг Хувьцаа бэлэглэх гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр *** байгуулсан Элит хөгжил ХХК-ий хувьцааны 33,3 хувь буюу 333,000 төгрөгний хувьцааг бэлэглэсэн Хувьцаа бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэв.

 

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5 дах хэсгийн 5.3, мөн зүйлийн 5.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарлагдан хэрэглэгддэг байна.

Харин ноцтой төөрөгдсөн болон хууран мэхлэж хийсэн талаарх асуудлыг мэргэжлийн хуульч болон өмгөөлөгчийн туслалцаа авах байдлаар дэлгэрэнгүй хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгөх нь зүйн хэрэг гэж үзэж байна.

Ер нь бол ***төөрөгдөх хүн биш, мөн *** болон ***нар өөрсдийн хөрөнгөө түүнд өгч мөн өөрийн хөрөнгөө барьцаанд тавьж банкнаас их хэмжээний зээл авч уг хөрөнгөөр өнөөдрийн яриад байгаа нийтийн тээврийн үйлчилгээг явуулж байгаа байдал нь ***ыг хуурсан мэхэлсэн байдал хэр зэрэг үнэнд нийцэх вэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***нь 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ***, ***нартай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

***, *** нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах компани байгуулахаар ярилцаж тохиролцон ***ын үүсгэн байгуулсан Элит хөгжил ХХК-ий хувьцааг хувь тэнцүүлэн бэлэглэх замаар гурван гишүүнтэй компани болгон тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохиролцон 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Элит хөгжил ХХК-ий хувьцаа бэлэглэх гэрээгээр 33,3 хувийн хувьцааг тус тус ***, ***нарт ***бэлэглэсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Элит хөгжил ХХК-ний хувьцаа бэлэглэх гэрээ /хх-4-5/, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийдвэр /хх-6-8/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолд ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно...

Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино... гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч тал ...***, *** нарын хооронд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гэрээ хийх ёстой байхад 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Энэхүү бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Халхачлуулж буй хэлцэл нь хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах гэрээ юм гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байх боловч 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ***аас *** нарт тус бүр Элит хөгжил ХХК-ний 33,3 хувийн хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг үндэслэн хариуцагч ****** нарыг улсын бүртгэлд Элит хөгжил ХХК-ний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэн, компаний дүрмийг өөрчлөн, хувьцаа эзэмшигч гишүүдийн хуралд хариуцагч нар нь саналын эрхтэйгээр оролцож, тус компаний үйл ажиллагаанд оролцож байсан болох нь хэрэгт авагдсан Элит хөгжил ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Үүсгэн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хх-24/, 2013 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн Элит хөгжил ХХК-ний дүрэм /хх-36-30/, Элит хөгжил ХХК-ний бүх гишүүдийн хурлын 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Үйл ажиллагааний чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-37/, Элит хөгжил ХХК-ний захирлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзах, хурал зарлахыг түдгэлзүүлэх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл ***, ***нарын хооронд, ****** нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус байгуулагдсан Элит хөгжил ХХК-ний хувьцааг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээнүүдийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэлд компаний хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт оруулж, компаний дүрмийг шинээр батлан, хариуцагч ***, *** нар нь хувьцаа эзэмшигчийн хувьд тус компаний үйл ажиллагаанд нь оролцож байсан байх тул нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн ..тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг... гэсэн шинжийг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүд агуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч ...нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоочихгүй явуулахын тулд миний бие бусдаас түлш шатахуун бэлэн мөнгө зээлэх гэх мэтээр урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх зарчмаар хувиараа өр тавьж явсаар өөрийн нэр дээр их хэмжээний өртэй болсон. Харин манай нөгөө хоёр хамтрагчийн хувьд *** нь компаний үйл ажиллагаанд нэг ч удаа биечлэн оролцож байгаагүй, ***нь граж засахад оролцож байгаад сүүлдээ бүр ирэхээ байсан. Хариуцагч нар нь анх тохиролцож ярилцсан шиг ээ, компани үйл ажиллагаанд идэвхитэй оролцохгүй байгаа, компани ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь мөн үүнтэй холбоотой учраас Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар би дээрх байдлын талаар ноцтой төөрөгдөж бэлэглэлийн гэрээ байгуулсан байна... гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан болно.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн бол ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр заасан байна.

Төөрөгдөл гэдэг нь тухайн хэлцлийн хувьд үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох эрх, үүрэг, тэдгээрийн үр дагаварын талаар хэлцлийн аль нэг тал, хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг ойлгоно. Тухайн хэлцлийн талуудын тэрүү төөрөгдөл нь өөртөө ноцтой шинжийг агуулсан байх ёстой бөгөөд энд олох ёстой байсан ашгийн хэмжээнд хүрч байгаа эсэхийг хамааруулж болохгүй болно.

Иймд нэхэмжлэгч ***нь дээрх бэлэглэлийн гэрээгээр Элит Хөгжил ХХК-ний хувьцааг бэлэглэснээр хариуцагч ***, ***нар нь Элит хөгжил ХХК-ний хувьцаа эзэмшигчид болох, хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг үүсэх талаар хэлцэл хийгч талууд төөрөгдсөн зүйл байхгүй ба нэхэмжлэгч ***ын гаргасан хариуцагч нарыг компаний үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно гэж бодсон боловч хариуцагч нар нь компаний үйл ажиллагаанд оролцохгүй үүнээс үүдэн компаний үйл ажиллагаа ашигтай ажиллаж чадаагүй, энэ байдал дээр төөрөгдсөн гэсэн үндэслэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т заасан ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч ...***нь компанид 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч 48 сая төгрөгийг буцаан авч компанид 18 сая төгрөгийн өглөг үүсгэж, хэлэлцэн тохиролцсноосоо буцсан учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэл гаргасан.

Хариуцагч ***шүүх хуралдаан дээр ...би өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаалж 48 сая төгрөгийн зээл авч 30 сая төгрөгийг компанидаа хөрөнгө оруулалт хийсэн. ***нь компаний нэр дээр Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гээд миний нэр дээр авсан 48 сая төгрөгийн зээлийг хааж, барьцаа хөрөнгийг нь чөлөөлж авч, Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьсан. Надад хууран мэхэлсэн зүйл байхгүй... гэж маргажээ.

Хэлцлийн аль нэг тал нь нөгөө талдаа тухайн хэлцэлтэй холбоотой эрх үүрэг болон түүнээс үүсэн гарах үр дагаварын талаар зориуд санаатайгаар буруу төсөөлөл бий болгохыг хууран мэхлэх гэж ойлгох бөгөөд хариуцагч ***нь нэхэмжлэгч ***ыг хууран мэхэлж 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бэлэглэлийн гэрээг байгуулсан гэх хууль зүйн үндэслэл, үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан ...***компаний хувьцаа эзэмшигч болсны дараа компанид 30 сая төгрөг өгч, 48 сая төгрөгийг компаниас буцааж авсан гэх үндэслэл нь дээрх бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Иймд нэхэмжлэгч ***ын гаргасан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ***, ***нартай байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хавтас хэргийн 47 дугаар хуудсанд Элит хөгжил ХХК-ний захирлын 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт ...Компаний хувьцааг ***, ***нарт шилжүүлсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул эдгээр асуудлыг шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл тус компаний улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байж, урьдчилсан тэмдэглэл хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг улсын бүртгэлийн газар хүлээн авсан байх тул Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ***ын гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ***, ***нар тус компаний хувьцаа эзэмшигч мөн эсэх талаарх маргаан хянан шийдвэрлэгдтэл компаний гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, шинээр гүйцэтгэх захирал томилох болон бусад аливаа асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахыг шаардах, хурлаар хэлэлцэх, шийдвэр гаргах зэрэг үйлдэл хийхгүй байхыг ***, ***нарт даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар нэхэмжлэгч ***нь шүүхээс гаргах шийдвэрийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргах эрхтэй боловч нэхэмжлэгч талаас хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш тул гомдол гаргахгүй, шүүх хуралдааны үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.1, 59 дугаар зүйлийн 59.1, 59.2-т зааснаар нэхэмжлэгч ***ын хариуцагч ***, ***нарт холбогдуулан гаргасан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 20534 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 49,666 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА