Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00075/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* ***-р хороо ***-р хороолол *** айл ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Орхон сум ***-р баг ***-р байр *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох

 

3000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 8 дугаар сарын 1-нд ***зээлийн гэрээг бичгээр хийж, 2000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 1 хүртэл хугацааг сунгаж, сар бүр хүүг төлж байгаад үүнээс хойш үндсэн мөнгө, хүүгээ ч төлөхгүй өдий хүрлээ. Миний бие нь *** гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар ярьж, 3 удаа гэрийн хаягаар нь буюу Дархан руу биечлэн очиж шаардсан боловч элдэв шалтаг, зовлон тоочин үүргээ биелүүлэхгүй байгаа тул 3000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ***шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ***гаас 2013 оны 8 дугаар сарын 01-нд 2500.000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр үйлдэж 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэж авсан. 2013 оны 10 дугаар сарын 21-ний байдлаар үндсэн зээлээс 500000 төгрөг, зээлийн хүүд 275000 төгрөгийг төлсөн. 2013, 2014 онд зээлийн үлдэгдэл 2000000 төгрөгийн хүүг төлж байгаад 2015 оноос сар бүрийн хүүг төлж чадаагүй. Энэ хугацаанд ээж маань хүндээр өвчилж 2014 оны 11, 2015 оны 5 дугаар сард мэс засалд орж одоогоор тэргэнцэртэй байнгын асаргаанд байх болсон. Иргэн *** зээлийн гэрээний үүргийн дагуу зээлээ төлөхийн тулд тэтгэврийн тэтгэмжээ авахаар өөрийн байгууллагын 2014 оны 6 дугаар сарын төсвийн төсөөлөлд оруулсан нь одоог хүртэл олгогдоогүй. 2015 оны 01, 05, 08, 12-р сард олгохоор төсөвт суугдсан боловч улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан олгогдоогүй байгааг 2016 оны 05 сард багтаан олгохоор төсөвт тодорхойлогдон ирсэн тул зээлийн үлдэгдэл 2 сая төгрөгийг хүү, алдангийн хамт төлж барагдуулах юм. Мөн тэтгэмжийн мөнгийг 2016 оны 01 сард багтаан олгож өгөх тухай хүсэлтийг Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газрын захиргаа, санхүүд хүргүүлсэн болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2000.000 төгрөг, алданги 1000.000 төгрөг нийт 3000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 2500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-5/

 

Хариуцагч ***нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 275000 төгрөг төлсөн гэж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .....шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар хариуцагч *** үндсэн зээлийн үлдэгдэл 2000.000 төгрөг, алданги 1000.000 төгрөг нийт 3000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч *** шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *** 3000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 83750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** 83750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА