| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01522/И |
| Дугаар | 274 |
| Огноо | 2016-02-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/01522/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ***-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ***-р Цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч 8-р цэцэрлэгийн эрхлэгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 8 дугаар сард ******* ***-р багт шинээр баригдсан ***жижүүрээр ажилд орсон. Ажилд ороод ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч *** 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр таныг ажлаас халсан, өргөдлөө бичээд ир гэж хэлсэн. Ямар үндэслэлээр ажлаас халсан тухай эрхлэгчээс асуухад та ажлын байран дээр архи уусан гэх тайлбар хэлсэн. Миний бие ажлын байран дээр архи уусан зүйл байхгүй. 2015.10.25-ны өдөр би гэртээ амарч байхад тухайн өдөр гарч байсан жижүүр *** нь эрхлэгч дуудаж байна нүүрсэнд явъя гэхээр нь яваад очсон. Гэтэл *** согтуу байсан ба эрхлэгч *** надад хандаж өчигдөр танайхаас нүүрс авах гэсэн боловч та утсаа авахгүй байсан гэж хэлээд гараад явсан. Эрхлэгч гараад явсны дараа хөргөгчний араас тал шил архи гаргаж ирээд надад хийж өгөхөд би ёслож амсаад ажлын байранд, ээлжтэй байх үедээ архи ууж болохгүй шүү гэж хэлээд цэцэрлэгээс гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа ирэхэд өргөдлөө бичээд өг, ажлаас хална, ажлын байран дээр архи уусан байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би архи уусан ***ыг халаагүй байж гэртээ амарч байгаад дуудагдаж ирсэн намайг яагаад халж байгаа юм бэ, би архи уугаагүй гэхэд ***тай битгий барьцаад бай, би энэ архичинг 3 гараа гаргаад хална, хөдөөнөөс оронд нь орох хүн ирэхийг хүлээгээд байна гэж эрхлэгч *** өөрөө нэг өргөдөл, нягтлангаар нэг өргөдөл бичүүлээд гарын үсэг зур гэж хүчээр дарамталж загнаж байгаад надаар гарын үсэг зуруулсан. Би тэр бичсэн өргөдөлтэй нь ч танилцаагүй, шахалтанд орж гарын үсэг зурсан. Би тэр бичсэн өргөдөлтэй нь ч танилцаагүй, шахалтанд орж гарын үсэг зурсан. Тэр өдрөөс хойш би ажлаагүй ба ажлаас халсан тушаалаа авъя гэж удаа дараа шаардсан боловч надад тушаалыг минь гардуулж өгөхгүй байсаар 2015.12.09-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай 2015.11.02-ны өдрийн *** дугаар тушаалыг гардаж аваад ийнхүү шүүхэд хандаж байна. Уг тушаал нь намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж Хөдөлмөрийн хуулийн 37.1.1, 38.1.1 дэх заалтыг үндэслэж гарсан тушаал байна. миний хувьд өөрийн хүсэлт гаргасан зүйл байхгүй. Энэ ажилд анх орохдоо би Тэспетролиум ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан ба тухайн ажлаасаа гараад уг ажилд орсон. Энэ ажлаасаа би хүсэлтээрээ халагдах ямар ч шаардлага шалтгаан надад байхгүй. Энэ тухайгаа эрхлэгч ***д хэлэхэд би архи уусан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал давхар гаргасан байгаа, шаардлагатай бол тэр тушаалыг чинь өгье, та нар адгийн зарга 10 хоног гэж шүүхээр яваад юу ч олж чадахгүй гэх зэрэг ойлгомжгүй зүйл хэлсэн. Манай цэцэрлэгийн ажилчид ***ыг ажлаас халсан нь үндэслэлгүй тул ажилд нь эгүүлэн авъя гэж өргөдөл бичиж ажилчдын гарын үсэг зуруулаад эрхлэгч *** дээр орсон боловч би ажлаа мэдэж байна, та нар битгий дэмий зүйл хий гэж хэлээд гаргасан байсан. Мөн 2015.10.05-ны өдөр ажилдаа очиход эрхлэгч *** надтай уулзаж та надад ерөөсөө таалагдахгүй байна, байгаа байдал, өмссөн хувцас чинь таалагдахгүй байна гэж хэлж байсан. Иймд хууль бус үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг минь зөрчсөн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч *** 2015.11.01-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч ***, хариуцагчийн өмгөөлөгч *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай цэцэрлэг нь 2015-2016 оны хичээлийн жилд улсын төсвөөр баригдан шинээр ашиглалтанд орж 2015.09.15-ны өдрөөс эхлэн 2-6 хүртэлх насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа эхэлсэн. Манаач ***ыг 2015.08.30-ны өдрийн *** тоот тушаалаар хөдөлмөрийн түр гэрээтэй буюу 9 сарын хугацаатайгаар ажилд авсан. ***ыг Хөдөлмөрийн хуулийн 37.1.1, 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 9.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр хулгай хийсэн, ажил дээр ирж архи уусан ноцтой алдаа гаргасан, худлаа хэлдэг, ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар ажлаас халсан. ***ыг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг шийдэж 2015.11.01-ний өдөр №*** тоот тушаал гаргасан. Үүнийг *** өөрөө мэдэж байсан. 2015.12.09-ний өдөр *** надтай ирж уулзаад би өөр газар ажилд орох боллоо, та энэ тушаалаа өөрчилж ёс зүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэдэг үгийг хасаад тушаал гаргаж өгөөч гэснийх нь дагуу түүнийг бодоод би *** тоот тушаалын зарим үгийг өөрчилж өөрийн хүсэлтээр болгоод өгөөд явуулсан. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар *** нь ажлаас халагдсанаа мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч энэ хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *** нь ******* *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай тушаалаар манаачийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4, 21/
Нэхэмжлэгч *** ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гардан авсан гэж, хариуцагч *** тус өдөр гардуулсан гэж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч *** нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч нь ***ыг Хөдөлмөрийн хуулийн 37.1.1, 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 9.1 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр хулгай хийсэн, ажил дээр ирж архи уусан ноцтой алдаа гаргасан, худлаа хэлдэг, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч *** нь 2015 оны 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ архи уусан болох нь хэрэгт авагдсан гэрч *** нарын мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 4.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 19-20, 23-31/
Хариуцагч ******* *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ***ыг ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай тушаалд ...Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 11.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4.1, Байгууллагын дотоод журмын 9.1-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй боловч амралтын өдөр буюу ням гаригт тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Мөн хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар ***ыг ажлаас чөлөөлөхдөө өөрийн хүсэлтээр болон Хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын зөрчил гаргасан гэсэн 2 үндэслэлээр 2 өөр тушаалыг нэг өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ажилтан санаачилсан, ажил олгогч санаачилсан гэсний аль нэг үндэслэлээр цуцлах хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч ***ыг ******* *** дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 380041 х 3 сар = 1140123 төгрөг, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон журмын дагуу 1 цагийн хөдөлмөрийн хөлс 1142,86 төгрөгөөр тооцож 1 өдөр буюу 8 цагийн х1142,86=9143 төгрөг, 3 хоног х 9143= 27429 төгрөг нийт 1167552 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ***ыг ******* *** дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 1167552 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч ******* *** дугаар цэцэрлэгт ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 32571 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА