Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 290

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00049/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, *** багт оршин суух, *** овогт *** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Мангиртын *** дугаар хэсэг, *** гудамжны *** тоотод оршин суух, *** овогт *** /РД: ***/-д холбогдох,

 

"1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***аас Rezzo маркийн *** улсын дугаартай суудлын автомашиныг 3,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2,300,000 төгрөгийг бэлнээр машины үнэд өгч, худалдан авсан. Үлдсэн мөнгийг дараа нь өгөхөөр тохирсон. 200,000 төгрөгийг машины үнээс хасч, миний бие машины үнийг цувуулж, нийт 3,600,000 төгрөг бүрэн өгсөн. Тэгээд машиныг унаж байхад 2015 оны 09 дүгээр сард ломбарднаас машиныг хураан авсан. Тэгээд миний бие 10 дугаар сарын сүүлээр ломбарднаас ***ы өр болох нийт 1,200,000 төгрөгийг төлж, машинаа авсан. Иймээс миний энэ хүмүүсийн өрөнд төлсөн 1,200,000 төгрөгийг ***аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** 2014 оны 12 дугаар сард Rezzo маркийн машиныг 3,600,000 төгрөгөөр зарахаар болсон. Энэ үед машины бичиг баримт 800,000 төгрөгийн өрөнд ломбарданд байсан.Тухайн үед 200,000 төгрөгөөр өвлийн дугуй тавина гээд хасч, 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 1,600,000 төгрөгийг 7 хоноод өгнө гэж тохирсон боловч өгөхгүй явсаар 500,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус цувуулж өгөөд нийт 2,800,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 800,000 төгрөгийг өгөөгүй байгаа юм. Машин ломбардны нэр дээр байсныг энэ хүн мэдэж байсан. 1,200,000 төгрөг төлж машинаа энэ хүн авсан нь үнэн. Ломбарднаас надруу яриад энэ хүнд шилжүүлэх үү гэж асуусны дагуу би зөвшөөрсөн. Тэгээд энэ хүнд өгсөн байсан. *** өөрөө мөнгөө хугацаандаа төлсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр машинаа энэ хүнд шилжүүлэн өгсөн бөгөөд ломбардны хүүг 2015 оны 04 дүгээр сар хүртэл би төлсөн. Түүнээс хойш төлөлт хийгээгүй учир 1,200,000 төгрөг болсон байсан. Энэ хүн хугацаандаа мөнгөө төлсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

FILENAME \p \* MERGEFORMAT C:\Users\yser\Desktop\Enhbayar Gerelchuluun.docx

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***аас худалдан авсан автомашин ломбарданд мөнгөний барьцаанд байсныг чөлөөлөхөд гарсан зардал болох 1,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

*** нь ***аас 2014 оны 12 дугаар сард Rezzo маркийн, *** улсын дугаартай, суудлын автомашиныг худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч *** нь ***аас гэрээний зүйл болох автомашин нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг Сэлэнгэ кредит ХХК-д хариуцагч ***ы авсан зээлийн барьцаанд байсныг зээлийн төлбөрийг төлж машинаа шилжүүлэн авсан тул ийнхүү гаргасан зардал болох 1,200,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч *** нь *** машины үнээс 800,000 төгрөг дутуу төлсөн байсан тул түүнийгээ төлөхгүй удсанаас ийм асуудал үүсэн тул дээрх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тус тус маргадаг болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-т: Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл худалдсан эд хөрөнгө болох автомашин нь гуравдагч этгээд болох *** ХХК-ийн барьцаанд байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь дээрх хуульд зааснаар эрхийн доголдолтой байсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч *** нь дээрх доголдлыг арилгахын тулд зээлийн төлбөрт нийт 1,200,000 төгрөгийг төлсөн, энэ үндсэн дээр тус автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 сарын 13-ны өдрийн Сэлэнгэ кредит ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...тус машин нь ломбардны барьцаанд байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сард ломбарднаас надруу яриад Энхбаяр гэх хүнд машины бичиг баримтыг шилжүүлэн өгөх үү гэж асуухад нь би зөвшөөрсөн .Тэгээд машин ***ын нэр дээр болсон. *** 1,200,000 төгрөг төлсөн нь үнэн... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2-т: энэ хуулийн 253.1-т зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т: худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цулах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу худалдан авсан автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөхөд гаргасан зардал болох 1,200,000 төгрөгийг хариуцагч ***аас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч *** машины үнэд 800,000 төгрөг дутуу төлснөөс ийм асуудал үүссэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь машины үнийн талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ***аас 1,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ***аас 1,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 33,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ***т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ