Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,  

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Иргэдийн төлөөлөгч Ж.Саранбадам,

Гэрч М.Дэлгэрмаа,

Насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаа, түүний хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэсувд,

Шүүгдэгч Ж.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарванчин овогт Жамбалдоржийн Мөнхбаатарт холбогдох 201726010465 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын арга зүйч мэргэжилтэй, Монфреш ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 56-7а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Нарванчин овогт Жамбалдоржийн Мөнхбаатар /РД:ИУ76082212/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 56-7а тоотод байх гэртээ “шороо тоос босгож хог шүүрдэж, шүүрээ шидсэн” гэх охин М.Мичидмаагийн үйлдэлд уурлаж, түүн рүү хутга шидэж бие махбодид нь хүн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатарын өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай хоёр найз гэрт ирээд бид гурав 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд манай хоёр найз явсан, би гэртээ унтаад үлдсэн. Би унтаж байгаад босч ирээд миний хүүхдүүд гэр орон бохир байна, гэр орноо цэвэрлэ гэж хэлсэн. Мичидмаа хог  хүчтэй, тоос босгоод шүүрдэж байхаар нь миний охин аяархан шүүрд тоос босоод байна, чадахгүй бол аав нь шүүрдье гэж хэлсэн. Тэгсэн Мичидмаа юм шидэх шиг болсон чинь шүүр шидсэн байсан. Би тухайн үед гал тогооны өрөөнд мах идэж байсан. Би мах идэж байсан хутгаа гарынхаа ар талаар хана руу шидсэн. Охин Мичидмааг оночихлоо гэж бодоогүй, очоод харахад цус гарч байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг ирсэн. Би хүүхдээ хутгалъя гэж хутга шидээгүй, хутгыг хана руу шидсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн өгсөн:  “...2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 20-21 цагийн үед гэрт ээжийн хамаатнууд ирээд хажуу талын айл руу орсон. Би тухайн айлд байж байгаад гэрт орж унтсан. Манай аав архи уусан үедээ бид нар луу ханддаггүй ээж рүү ханддаг. Тухайн үед аав хогоо шүүрд гэж хэлсэн. Аав архи уусан байсан болохоор миний уур хүрсэн. Би хог шүүрдэхдээ хүчтэй шүүрдсэн. Манай эгч зөөлөн шүүрд гэж хэлсэн. Би сонсоогүй дүр үзүүлсэн. Тэгсэн аав зөөлөн шүүрд чадахгүй бол би шүүрдэх юм уу гэж хэлэхээр нь өөрөө шүүрд гэж хэлээд шүүр шидсэн. Гэнэт таг гэх дуу гарсан. Тэгсэн эгч цус гараад байна гэж хэлсэн. Удалгүй ээж орж ирээд намайг аавтайгаа хэрэлдлээ гэж загнасан. Ээж цус гарсныг хараад намайг тэврээд авсан. Туршилт хийхэд би хаана зогсож байснаа сайн зааж өгч чадаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн хууль ёсны төлөөлөгч М.Эрдэнэсувдын өгсөн: “...Би нөхөртэйгээ цуг багшилдаг байсан. Багшийн цалин бага учир нөхөр минь ажлаасаа гарч өөр ажилд орсон. Миний цалин амьдралаа авч явах боломжгүй. Нөхөр минь гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, бусадтай эвсэг нөхөрсөг харьцдаг, найрсаг зантай. Үр хүүхэддээ муухай зан ааш гаргаж байгаагүй, манай охидууд надад хэлэхгүй зүйлээ аавдаа хэлдэг. Тухайн өдөр болсон үйл явдалд харамсаж байна. Би нөхрийгөө охин руугаа хутга шидсэн гэж бодохгүй байна. Би тухайн үед байгаагүй. Охин Мичидмаа эмнэлэгт хэвтээд 4 хоноод гарсан, дараа нь эход харуулахад зүгээр гэж гарсан. Миний охин Мичидмаа 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Төрснийх нь дараа би 2 сар болоод ажилдаа орсон. Манай нөхөр ажлаасаа чөлөө аваад охиноо өсгөсөн. Аавтайгаа илүү дотно харьцаатай” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Дэлгэрмаагийн өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би юм угаагаад, угаасан хувцсаа гаргах гэж байсан. Мичидмаа хог шүүрдэж байсан. Мичидмаад олон удаа хогоо аятайхан шүүрд гэж хэлсэн. Тэгээд маргаан болсон. Тэгсэн юм ойсон, би толь хагарчихлаа гэж бодоод зогсож байхад хутга Мичидмааг оносон байсан. Аав юу хийж байсныг би хараагүй. Аавыг болгоомжгүй хутга шидсэн гэж бодож байна. Манай аав бид нараас илүү дүү Мичидмаатай дотно байдаг. Санаатай ингээгүй гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

           Мөн хавтаст хэргээс:

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан М.Эрдэнэсувдын өргөдөл: “...охин Мичидмааг төрсөн эцэг  Ж.Мөнхбаатар нь  хутга шидэн  бөөрөн тус газар нь гэмтээсэн тул хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 9 дүгээр хуудас/

 

            Гомдол гаргагч М.Эрдэнэсувдын тайлбар: /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/

 

            Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... хэрэг болсон тухайн цаг хугацаанд Ж.Мөнхбаатар нь охин  М.Мичидмаагийн  байсан гэх зүг рүү зүүн хойшоо хагас байрлалтай зогсож байгаад хутгаа шидсэн гэх ба хутгыг Ж.Мөнхбаатараар нийт 20 удаа шидүүлж,  хутга унасан газар нь тэмдэг тавьж  фото зургаар бэхжүүлэв. Мичидмаа байсан гэх газар сандал байрлуулан “А” үсгээр тэмдэг тавьж Ж.Мөнхбаатараар 10 удаа хутга шидүүлэхэд 7 удаа шкаф онож  газар унасан, хутга шидэх бүр уг хутга  шкафны гадаргуу дээр ойж газар унахад 1 нь шидэлт нь хохирогчийн зогсож байсан гэх газартай ойр бусад нь 40-90 см-ийн зайнд байсан тухай”   /хх-ийн 14-20 дугаар хуудас/

 

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол:  хар өнгийн пиврон иштэй, нийт урт нь 29.5 см, ажлын хэсэг нь 19.5 см, бариул нь 10 см урттай бариул хэсгийн пиврон иш нь хагарч эмтэрсэн 1 ширхэг хутга /хх-ийн 22 дугаар хуудас/

           

            Насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай аав найзуудтайгаа архи уусан байсан. Тэгээд манай аав унтаж байсан. Манай анай /эгч/ Дэлгэрмаа хувцсаа угаах гээд хувцсаа ялгаж байсан. Би бас унтаж байгаад сэрээд галдаа нүүрсээ хийчихээд байж байсан чинь манай аав сэрээд намайг гэрээ цэвэрлэ, гэр орноо цэвэрлэхгүй нохой хороо шиг байна гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэхгүй өөрийнхөө унтаж байсан жижиг өрөөнөөс эхлэн хогоо шүүрдэж эхэлсэн. Тухайн үед би уурлаад хогоо их хүчтэй шүүрдсэн. Тэгсэн чинь аав зөөлөн шүүрдээч тоос босоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонсоогүй юм шиг ширүүн шүүрдээд байсан. Тэгсэн чинь аав уурлаад чи хог шүүрдэж чадахгүй бол би өөрөө шүүрдье гэсэн. Тухайн үед аав гал тогооны ширээн дээр өвчүү идээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэгвэл өөрөө шүүрдэхгүй юу гээд шүүрээ өөдөөс нь шидчихсэн. Тэгсэн чинь аав уурлаад над руу юм шидэх шиг болсон. Тэгээд тэр даруй миний зүүн талын бөөр рүү оносон. Тэгээд бүлээн оргиод цус гарч байгаа нь мэдэгдсэн. Тэгсэн чинь манай эгч Дэлгэрмаа цус гараад байна ш дээ гээд орилсон чинь манай ээж Эрдэнэсувд нөгөө өрөөнөөс гарч ирээд намайг тэврээд авсан. Тэгээд би гал тогооны шалан дээр сууж байсан чинь гаднаас манай үеэл Ариунболд орж ирсэн Тэгсэн чинь ээж дүү нараа дууд гэж хэлсэн. Манай хашаанд ээжийн төрсөн дүү Эрдэнэчимэг эгч нөхөр Наранбаатар болон 2 хүүхэдтэйгээ хамт байдаг. Тэр өдөр манай ээжийн ах, дүү нар ирчихсэн байсан. Тэгээд л нэг мэдсэн баахан хүмүүс ороод ирчихсэн. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд түргэний эмч ирээд намайг аваад явсан. Цагдаа нар аавыг аваад явсан. ...Аав гал тогооны ширээн дээр мах идэж байсан. Тэгээд нэг юм шидсэн тэр нь шкафан дээр ойгоод намайг оночихсон. Яг яаж шидсэнийг би хараагүй. Дараа нь харахад иш нь хагарчихсан, хар пиврон иштэй том хутга байсан. Энэ хутга манай хажуу айл болох Эрдэнэчимэг эгчийн хутга байсан ба мах шулах гээд оруулж ирсэн байсан. Тэгээд миний зүүн талын бөөрөн хэсэгт хутганы үзүүр орж зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

           

            Гэрч М.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбаатар бол миний төрсөн дүү. Манай аавын төрсөн дүү нь өргөж авсан, хамт өсөөгүй ч хоорондоо харилцаатай байдаг. Мөнхбаатар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Зан байдлын хувьд төлөв даруу, хааяа архи уудаг, архи уухаараа зан ааш нь хувирдаг гэж эхнэр Эрдэнэсувд нь хэлж байсан. Би бол ямар ааш гаргадаг талаар нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

 Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 21:05 цагт Сэлбэ-10 “Толгойтын 56-7а тоотод аав нь хүүхдээ хутгалсан байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн хошууч Оргилбаярын хамт очсон. Тэгээд гэрт нь ороход Мөнхбаатар цаад өрөөндөө сууж байсан. Мичидмаа нь наана гал тогооны өрөөндөө зүүн бөөрний хэсэгтээ хутгалуусан байдалтай хоёр эмэгтэй хүн түшчихсэн, шархан дээр нь алчуур тавиад дарчихсан сууж байсан. Тэгээд Мөнхбаатарыг гавалж машиндаа суулгачихаад Мичидмаагийн ээжтэй уулзаж болсон үйл явдлын талаар асуухад хүүхэд хутгалаад хаячихлаа гээд сандраад юм ярихгүй байсан. Тэгээд би Мөнхбаатар, Мичидмаа нарын овог нэр регистерийн дугаарыг авчихаад Сонгинохайрхан дүүргийн Толгойт дахь Цагдаагийн дэд хэсгийн байранд авчирч, удалгүй хэлтсээс эрүүлжүүлэхийн машин ирж Мөнхбаатарыг авч явсан. ...Иш нь хагарч цуурсан хар бариултай урт хутга гал тогооны өрөөнд газар байсан. Хутганы ажлын хэсэг хавиараа цус болсон байсан. ...Мөнхбаатар тухайн үед нилээн согтуу байсан. Өөрөө хэлэхдээ охинтойгоо хэрэлдээд уурандаа хутга авч шидсэн гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би Төв аймгийн Жаргалант сумаас өвөө Мятав-Очиртай хамт орой 19:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд ээж гэртээ байгаагүй, аав унтаж байсан. Дүү Мичидмаа жижиг өрөөнд хэвтэж байсан. Тэгээд байж байтал аав сэрсэн. Тэгээд би хувцсаа угаах гээд хувцсаа ялгаад зогсож байсан чинь аав дүү Мичидмааг гэр орноо цэвэрлээч ямар аймар заваан юм бэ, нохой хороо шиг гэсэн. Тухайн үед гэр угаасаа их заваан байсан. Тэгээд манай дүү Мичидмаа нилээн ууртай хогийн шүүр аваад хогоо их ширүүн шүүрдээд тоос босгоод байхаар нь би болиоч гэсэн, мөн аав ч бас болиоч, зөөлхөн шүүрд ямар аймар тоос босгодог юм гэсэн. Тэгсэн чинь Мичидмаа сонсоогүй юм шиг л ширүүн шүүрдээд байсан. Тэгэхээр нь аав чадахгүй бол би шүүрдье гэсэн чинь дүү Мичидмаа дуртай юм бол өөрөө шүүрд гээд хогийн шүүрээ өөдөөс нь шидэж байсан. Тэгсэн чинь аав уурлаад нэг юм шидэх шиг болоод шкафны хаалга онох шиг болсон.Тэгээд би эргээд харсан чинь Мичидмаагийн зүүн бөөрний хэсгээс цус гарч байсан. Тэгээд харсан чинь хажууд нь хагархай пиврон иштэй урт том хутга байсан. Тэгээд би айгаад ээжийг дуудсан. Тэгээд ээж ирээд Мичидмааг тэвэрч суулгаад цусыг даавуугаар дарсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлгийн түргэн ирээд түргэний эмч Мичидмааг, цагдаа нар аавыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би ах дүү нартайгаа гандан орж ном уншуулчихаад орой 21:00 цагийн үед гэртээ орж ирээд үүдний өрөөнд хувцсаа тайлаад байж байтал Мичидмаа аавтайгаа муудалцаад байх шиг байсан. Би тухайн үед анзаараа ч үгүй. Тэгээд удалгүй манай охин Мичидмаа ээжээ гээд орилсон. Тэгээд би гал тогооны өрөө рүү орох гээд явж байтал миний өөдөөс гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гээд тэврээд авсан чинь Мичидмаагийн эгч Дэлгэрмаа хутганд оногдчихлоо ш дээ гэсэн. Тэгээд би хартал хэвлийн зүүн талаас цус гарч байсан. Тэгээд би тухайн үед сандраад цагдаа, түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд охин Мичидмааг аваад би хамт явсан. Мөн цагдаа нар манай нөхөр Мөнхбаатарыг аваад явсан. Тэгээд манай охин Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/

 

Гэрч Н.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэсувд надад хэлэхдээ Мичидмаа аавынхаа өөдөөс хэрэлдэж яралзаж байгаад Мөнхбаатар уурандаа мах идэж байгаад хутга шидээд Мичидмаа оногдсон гэж хэлсэн. Мөнхбаатар  миний мэдэхээр  3 охин болон  эхнэртээ гар хүрч байгаагүй.  Хааяа нэг архи уусан гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3443 тоот дүгнэлтэд:

а/ Мичидмаагийн биед бүсэлхийн зүүн доод ар хэсгийн хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөр хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны шулуун булчингийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 48 дугаар хуудас/

 

 Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. /хутга, хайч... гэх мэт/ Мичидмаагийн биед үүссэн гэмтэл нь зүүн талд 12 дугаар хавирганы доод далан дунд шугамаар 8-9 см урттай хутгалагдсан шарх нь шууд 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хутга хатуу гадаргуутай биет дээр ойгоод биед онох үед үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хутга ойж дээрх гэмтлийг үүсэх боломж байхгүй. Үзлэгийн үед мэс заслын эмч боолт хийсэн байсан тул шарх үүсгэсэн хутганы чиглэл болон гүн зэргийг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Учир нь энэ шархыг томосгож мэс засал хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр манай 10 жилийн ангийнхан уулзалдаад сууж байна гэж над руу утсаар манай найз Азжаргал яриад бид нар манайд байна чи хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 23:00 цагийн үед гэрээсээ гараад Азжаргалын гэрт ирсэн. Тэгээд би тэр шөнө найз нартайгаа ууж байгаад маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16:00 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө найзынхаасаа гарахаас өмнө гурвуулаа 1 шил 0,5 граммын архи уусан байсан. Тухайн үед би гэртээ найз Шинээ, Мөнхөө хоёртой гэртээ ирээд манайд байсан. 0,5 граммын Соёрхол нэртэй архийг хувааж уучихаад манай хоёр найз гэр гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд эхнэр, 2 охин байсан. Тэгээд би гэртээ орж жаахан унтаж байгаад босоод хажуу айлдаа орсон. Манай хадам ах, дүү нар байсан. Тэгээд би тэр айлд жаахан сууж байгаад гэртээ орсон чинь гэр жаахан заваан байсан. Тэгэхээр нь охидуудаа гэр орноо цэвэрлээч гэж хэлсэн. Тэгээд Мичидмаа хог шүүрдсэн. Тухайн үед би гал тогтооны ширээн дээр байсан үхрийн өвчүүг идэж байсан чинь манай охин Мичидмаа уурлаад хогоо ширүүн шүүрдээд шороо босгоод байсан. Тэгэхээр нь би зөөлөн шүүрд гэсэн чинь охин амандаа үглээд байсан. Тэгэхээр нь чи чадахгүй бол би шүүрдье гэсэн чинь манай охин Мичидмаа амандаа үглээд над руу хогийн шүүрээ шидсэн. Тэгэхээр нь би цаашаа харчихсан мах идэж байсан хутгаа хана руу шидчихсэн чинь хувцасны шкаф онох шиг болсон. Тэгээд манай том охин Дэлгэрмаа дүүгээс цус гарч байна гэж хэлээд, тэгээд манай эхнэр очоод удалгүй гаднаас хадам дүү нар орж ирээд тэгээд цагдаа, түргэн болоод цагдаа эмнэлэг хоёр цуг ирээд намайг цагдаа нар аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71, 74-76 дугаар хуудас/

 

Захиргааны журмаар түр саатуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 116-119 дүгээр хуудас/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 261 тоот дүгнэлт:

            Ж.Мөнхбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Мөнхбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.Мөнхбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна.     Ж.Мөнхбаатар нь архинд донтох болон архинд хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/

            Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/

            Бакалаврын дипломны хуулбар /хх-ийн 111-112 дугаар хуудас/

            Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ: /хх-ийн- 98-105 дугаар хуудас/

            Шүүхийн өмнөх шатанд гаргаж өгсөн өмгөөлөгчийн хүсэлт /хх-ийн 142, 144 дүгээр хуудас/

            Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/

            2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг  хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүх, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж, үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 21:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын 56-7а тоот гэртээ охин М.Мичидмаад “шороо тоос босгож хог шүүрдэж, өөдөөс нь шүүрээ шидлээ” гэж уурлан хутга шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3443 тоот дүгнэлтэд:

а/ Мичидмаагийн биед бүсэлхийн зүүн доод ар хэсгийн хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөр хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны шулуун булчингийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. б/ Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.    в/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. г/ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 48 дугаар хуудас/

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. /хутга, хайч... гэх мэт/ Мичидмаагийн биед үүссэн зүүн талын 12 дугаар хавирганы доод далан дунд шугамаар 8-9 см урттай хутгалагдсан шарх нь шууд 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хутга хатуу гадаргуутай биет дээр ойгоод хүний биед онох үед үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хутга ойж дээрх гэмтлийг үүсгэх боломжгүй. Үзлэгийн үед мэс заслын эмч боолт хийсэн байсан тул шарх үүсгэсэн хутганы чиглэл болон гүн зэргийг нарийвчлан тодорхойлох боломжгүй. Учир нь энэ шархыг томосгож мэс засал хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/

 

            Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... хэрэг болсон тухайн цаг хугацаанд Ж.Мөнхбаатар нь охин  М.Мичидмаагийн  байсан гэх зүг рүү зүүн хойшоо хагас байрлалтай зогсож байгаад хутгаа шидсэн гэх ба хутгыг Ж.Мөнхбаатараар нийт 20 удаа шидүүлж,  хутга унасан газар нь тэмдэг тавьж  фото зургаар бэхжүүлэв. Мичидмаа байсан гэх газар сандал байрлуулан “А” үсгээр тэмдэг тавьж Ж.Мөнхбаатараар 10 удаа хутга шидүүлэхэд 7 удаа шкаф онож  газар унасан, хутга шидэх бүр уг хутга шкафны гадаргуу дээр ойж газар унахад 1 шидэлт нь хохирогчийн зогсож байсан гэх газартай ойр бусад нь 40-90 см-ийн зайнд байсан тухай”   /хх-ийн 14-20 дугаар хуудас/

 

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол:  хар өнгийн пиврон иштэй, нийт урт нь 29.5 см, ажлын хэсэг нь 19.5 см, бариул нь 10 см урттай бариул хэсгийн пиврон иш нь хагарч эмтэрсэн 1 ширхэг хутга /хх-ийн 22 дугаар хуудас/

           

            Насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай аав сэрээд намайг гэрээ цэвэрлэ, гэр орноо цэвэрлэхгүй нохой хороо шиг байна гэж гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлэхгүй уурлаад хогоо их хүчтэй шүүрдсэн. Тэгсэн чинь аав зөөлөн шүүрдээч тоос босоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонсоогүй юм шиг ширүүн шүүрдсэн чинь аав уурлаад чи хог шүүрдэж чадахгүй бол би өөрөө шүүрдье гэсэн. Тухайн үед аав гал тогооны ширээн дээр өвчүү идээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэгвэл өөрөө шүүрдэхгүй юу гээд шүүрээ өөдөөс нь шидчихсэн чинь аав уурлаад над руу юм шидэх шиг болсон. Тэгээд тэр даруй миний зүүн талын бөөр рүү оносон. Тэгээд бүлээн оргиод цус гарч байгаа нь мэдэгдсэн. Тэгсэн чинь манай эгч Дэлгэрмаа цус гараад байна ш дээ гээд орилсон чинь манай ээж Эрдэнэсувд нөгөө өрөөнөөс гарч ирээд намайг тэврээд авсан. Яг яаж шидсэнийг би хараагүй. Дараа нь харахад иш нь хагарчихсан, хар пиврон иштэй том хутга байсан. Тэгээд миний зүүн талын бөөрөн хэсэгт хутганы үзүүр орж зүсэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

           

             Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 21:05 цагт Сэлбэ-10 “Толгойтын 56-7а тоотод аав нь хүүхдээ хутгалсан байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн хошууч Оргилбаярын хамт очсон. Тэгээд гэрт нь ороход Мөнхбаатар цаад өрөөндөө сууж байсан. Мичидмаа нь наана гал тогооны өрөөндөө зүүн бөөрний хэсэгтээ хутгалуусан байдалтай хоёр эмэгтэй хүн түшчихсэн, шархан дээр нь алчуур тавиад дарчихсан сууж байсан. Тэгээд Мөнхбаатарыг гавалж машиндаа суулгачихаад Мичидмаагийн ээжтэй уулзаж болсон үйл явдлын талаар асуухад хүүхэд хутгалаад хаячихлаа гээд сандраад юм ярихгүй байсан. Иш нь хагарч цуурсан хар бариултай урт хутга гал тогооны өрөөнд газарт байсан ба хутганы ажлын хэсэг хавиараа цус болсон байсан. ...Мөнхбаатар тухайн үед нилээн согтуу байсан. Өөрөө хэлэхдээ охинтойгоо хэрэлдээд уурандаа хутга авч шидсэн гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав дүү Мичидмааг гэр орноо цэвэрлээч ямар аймар заваан юм бэ, нохой хороо шиг гэсэн. Тухайн үед гэр угаасаа их заваан байсан. Тэгээд манай дүү Мичидмаа нилээн ууртай хогийн шүүр аваад хогоо их ширүүн шүүрдээд тоос босгоод байхаар нь би болиоч гэсэн, мөн аав ч бас болиоч, зөөлхөн шүүрд ямар аймар тоос босгодог юм гэсэн. Мичидмаа сонсоогүй юм шиг л ширүүн шүүрдээд байсан. Тэгэхээр нь аав чадахгүй бол би шүүрдье гэсэн чинь дүү Мичидмаа дуртай юм бол өөрөө шүүрд гээд хогийн шүүрээ өөдөөс нь шидэж байсан. Тэгсэн чинь аав уурлаад нэг юм шидэх шиг болоод шкафны хаалга онох шиг болсон.Тэгээд би эргээд харсан чинь Мичидмаагийн зүүн бөөрний хэсгээс цус гарч байсан. Тэгээд харсан чинь хажууд нь хагархай пиврон иштэй урт том хутга байсан. Тэгээд би айгаад ээжийг дуудсан. Тэгээд ээж ирээд Мичидмааг тэвэрч суулгаад цусыг даавуугаар дарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 05-ны орой 21:00 цагийн үед гэртээ орж ирээд үүдний өрөөнд хувцсаа тайлаад байж байтал Мичидмаа аавтайгаа муудалцаад байх шиг байсан. Би тухайн үед анзаараа ч үгүй. Тэгээд удалгүй манай охин Мичидмаа ээжээ гээд орилсон. Тэгээд би гал тогооны өрөө рүү орох гээд явж байтал миний өөдөөс гүйгээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гээд тэврээд авсан чинь Мичидмаагийн эгч Дэлгэрмаа хутганд оногдчихлоо ш дээ гэсэн. Тэгээд би хартал хэвлийн зүүн талаас цус гарч байсан. Тэгээд би тухайн үед сандраад цагдаа, түргэн дуудсан. Тэгээд манай охин Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/

 

            Гэрч М.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбаатар архи уухаараа зан ааш нь  хувирдаг гэж эхнэр Эрдэнэсувд нь хэлж байсан. Би бол ямар ааш гаргадаг талаар нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Гэрч Н.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэсувд надад хэлэхдээ Мичидмаа аавынхаа өөдөөс хэрэлдэж яралзаж байгаад Мөнхбаатар уурандаа мах идэж байгаад хутга шидээд Мичидмаа оногдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Мичидмаа хог  хүчтэй, тоос босгоод шүүрдэж байхаар нь миний охин аяархан шүүрд тоос босоод байна, чадахгүй бол аав нь шүүрдье гэж хэлсэн. Тэгсэн Мичидмаа юм шидэх шиг болсон чинь шүүр шидсэн байсан. Би тухайн үед гал тогооны өрөөнд мах идэж байсан. Би мах идэж байсан хутгаа гарынхаа ар талаар хана руу шидсэн.  Охин Мичидмааг оночихлоо гэж бодоогүй, очоод харахад цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71, 74-76 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Захиргааны журмаар түр саатуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 116-119 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь өөрийн төрсөн охин М.Мичидмаадаа “гэрээ цэвэрлэ, яасан заваан суудаг юм” гэсэн зүй ёсны шаардлага тавьсныг түүний охин  М.Мичидмаа нь эсэргүүцэж, дургүйцсэн байдлаа илэрхийлж хогоо шүүрдэхдээ тоос богосон нь шүүгдэгч Ж.Мөнхбаатарын уур бурхимдлыг төрүүлсэн байх бөгөөд улмаар М.Мичидмаа нь аавынхаа өмнөөс буюу шүүгдэгч Ж.Мөнхбаатарын эсрэг маргалдах явцдаа өөдөөс нь шүүрээ шидсэн үйлдэл нь шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг насанд хүрээгүй хохирогч Мичидмаагийн эсрэг хутга шидэхэд хүргэсэн буюу шууд хүч үйлчилснээс хохирогчид гэмтэл учирсан байх тул тус хэргийг санаатай үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь “би Мичидмааг шүүр өөдөөс шидэхээр нь бухимдаад хутга хана руу шидсэн чинь хутга шкаф дээр оноод ойгоод охиныг гэмтээсэн, би санаатай хутга шидээгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт түүний охин болох насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаа, гэрч /охин/ М.Дэлгэрмаа, хууль ёсны төлөөлөгч /эхнэр/ М.Эрдэнэсувд нар нь “М.Мичидмаад учруулсан гэмтлийг болгоомжгүйгээр учруулсан” гэх мэтээр мэдүүлцгээсэн байдлаас дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлээс болж хохирогчид хүнд гэмтэл учирсныг хэн аль нь үгүйсгээгүй байх бөгөөд зөвхөн уг үйлдэл нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн мэтээр мэдүүлцгээсэн нь дараах нотлох баримтуудаар  үгүйсгэгдсэн болно. Үүнд:

“...Ж.Мөнхбаатарын хутгыг хана руу шидэхэд шкаф дээр оноод ойгоод охиныг гэмтээсэн” гэж мэдүүлсний дагуу туршилт хийхэд: “...түүний  шкаф руу шидсэн хутга нь хохирогч байсан гэх газарт очиж ойж унаагүй, тодорхой хэмжээний зайтай унаж байгааг харуулсан” тухай туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудаар, /хх-ийн 14-20 дугаар хуудас/

“М.Мичидмаагийн биед бүсэлхийн зүүн доод ар хэсгийн хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн бөөр хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны шулуун булчингийн зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл тогтоогдсон, уг гэмтлийг шууд хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, харин өөр зүйл руу буюу хана, шкаф руу чиглүүлэн шидсэн хутга ойгоод хохирогчид гэмтэл учруулах боломжгүй тухай  шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг” зэргээр, /хх-ийн 48, 54-55 дугаар хуудас/

            Мөн насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаа нь  мөрдөн байцаалтад өгсөн: “...би тэгвэл өөрөө шүүрдэхгүй юу гээд шүүрээ аавын өөдөөс нь шидчихсэн чинь аав уурлаад над руу юм шидэх шиг болсон. Тэгээд тэр даруй миний зүүн талын бөөр рүү оносон. Тэгээд бүлээн оргиод цус гарч байгаа нь мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

            гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...аав нь хүүхдээ хутгалсан байна” гэх дуудлагын дагуу очиход Мичидмаа нь ...зүүн бөөрний хэсэгтээ хутгалуусан байдалтай,  Мичидмаагийн ээжтэй уулзаж болсон үйл явдлын талаар асуухад хүүхэд хутгалаад хаячихлаа гээд сандарсан,  Мөнхбаатар нь нилээн согтуу, ...охинтойгоо хэрэлдээд уурандаа хутга авч шидсэн гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

            гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дүү Мичидмаа дуртай юм бол өөрөө шүүрд гээд хогийн шүүрээ аавын өөдөөс шидсэн чинь аав уурлаад нэг юм шидэх шиг болоод шкафны хаалга онох шиг болсон. Тэгээд би эргээд харсан чинь Мичидмаагийн зүүн бөөрний хэсгээс цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

             гэрч Н.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэсувд надад хэлэхдээ Мичидмаа аавынхаа өөдөөс хэрэлдэж яралзаж байгаад Мөнхбаатар уурандаа мах идэж байгаад хутга шидээд Мичидмаа оногдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/  зэргээр тус тус үгүйсгэгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ж.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.     

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын  газраас шүүгдэгч Ж.Мөнхбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар “бусдын биемаходид хүнд гэмтэл санаатай учруулсан бол... таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол ...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол ...таваас дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэнэ” гэж заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Мөнхбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  оногдуулах нь  түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй, энэ хэсэгт  зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд “зэвсэг хэрэглэсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн үзэж байгаагүй ч  оногдуулах ялын хувьд хорих ялын доод хэмжээ нь 5 жил байжээ. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.4 дэх заалтад зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлэн үзэхээр болж ял хариуцлагын хувьд 5-12 жил болж хорих ялын дээд хэмжээ нь ихэссэн байна. Иймд Ж.Мөнхбаатарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2-8 жилийн хооронд буюу хорих ялын доод хэмжээг багасгасан хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Ж.Мөнхбаатарын эрх зүйн байдлыг дордуулахааргүй байх тул шүүгдэгч Ж.Мөнхбаатарт холбогдох 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь үндэслэлтэй гэж үзэв. 

            Иймд шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

  

          Шүүгдэгч Ж.Мөнхбаатарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч Ж.Мөнхбаатарт ял оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх  удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Ж.Мөнхбаатарын хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Талууд, оролцогч нараас гаргасан гэм буруу, хүлээлгэх эрүүгийн харуцлага, нотлох баримтын талаарх зарим дүгнэлт, санал, хүсэлтэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчийн өмгөөлөгч дараах санал, хүсэлтийг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1.Ж.Мөнхбаатарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хийгдсэн туршилт хийх ажиллагаа нь шинэ хуулиар хасагдсан тул уг туршилт хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах гэсэн саналын тухайд:

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд  “ хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх  шаардлагатай бол туршилт хийж болно” гэж заасан байх бөгөөд Ж.Мөнхбаатарт холбогдох хэрэгт энэ хуулийн дагуу туршилтыг явуулж тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлжээ. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд  “мөрдөн шалгах туршилт явуулах” гэсэн зүйл нь өмнөх хуулийн “туршилт хийх” гэсэн зүйлтэй ижил утга, агуулгаар хэрэглэгдэхээр байх тул тус хэрэгт хийгдсэн туршилт хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна.

 

2.Мөн тус хэрэгт зэвсгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Ж.Мөнхбаатарын субьектив санаа зорилгыг тогтоох зорилгоор зэвсгийн мэргэжилтэнг шинжээчээр томилж, түүнээс  санаатай хутга шидэж гэмтэл учруулах боломжтой эсэх, эсхүл болгоомжгүй хутга шидсэн тохиолдолд хутга хаана очиж хохирогчийг гэмтээх боломжтой эсэхийг асууж тодруулах шаардлагатай. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шүүх эмнэлгийн шинжээч нь хутгыг санаатайгаар шидсэн эсэхийг дүгнэн хэлэх эрх бүхий этгээд биш юм гэсэн саналын тухайд:

Шүүх зэвсгийн мэргэжилтэнг шинжээчээр томилж дээрх асуудлыг тодруулах шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Түүнчлэн зэвсгийн мэргэжилтэн нь хэн нэгэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ямар санаа зорилго агуулсныг тогтоох эрх бүхий этгээд биш тул зэвсгийн мэргэжилтнийг шинжээчээр томилж Ж.Мөнхбаатарын санаатай эсхүл болгоомжгүй хутга шидсэн эсэх, дээрх гэм буруугийн аль хэлбэрээс болж хохирогчид гэмтэл учирсаныг асууж тодруулах нь зохимжгүй, үндэслэлгүй юм.

Харин шүүх эмнэлгийн шинжээчийн 3443 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн  эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь шууд хүч үйлчилнээс үүсэх боломжтой, түүнээс өөр биет рүү шидсэн хутга нь буцаж ойхдоо хурд саарах ба энэ тохиолдолд хохирогчийн биед үүссэн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтлийг учруулах боломжгүй талаар дүгнэж мэдүүлсэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь нотолгооны ач холбогдлоо алдсан, хууль зөрчиж авагдсан байдал тогтоогдоогүй тул уг  дүгнэлт, мэдүүлгийг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах үндэслэлгүй, боломжгүй юм. Тус шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг санаатай учруулсан талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            3.Шүүгдэгчийн өмгөөлөгч, оролцогч, иргэдийн төлөөлөгч нарын гаргасан “Ж.Мөнхбаатар өөрийн охин М.Мичидмаад болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан” тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар гэмт буруутайд тооцох гэсэн саналын тухайд:

            Насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаад учирсан хүнд гэмтэл нь шууд хүч үйлчилсний улмаас үүссэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хууль зүйн дүгнэлт хийгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  тул шүүгдэгч Ж.Мөнхбаатар тус хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэсэн болно.

 

Иймд Ж.Мөнхбаатарыг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд зааснаар гэмт буруутайд тооцох, энэ тухай дүгнэлт хийх нь боломжгүй, үндэслэлгүй, шударга ёсны заримд нийцэхгүй болно.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Ж.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь гэм буруу дээр маргаж байгаа тул түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

 

            Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудс /хх-ийн 93х/-аар тогтоогдлоо.

 

          Хохирол төлбөрийн тухайд:

          Насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаа нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” /хх-ийн 146х, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх тул Ж.Мөнхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 14 хоног цагдан хоригдсоныг  /хх-ийн 56, 60, 64х/  түүний эдлэх ялд оруулан  тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пиврон иштэй 29.5 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см, бариул нь 10 см-ийн урттай, бариулын пиврон иш нь хагарч эмтэрсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шинэчилэн найруулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Нарванчин овогт Жамбалдоржийн  Мөнхбаатарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Нарванчин овогт Жамбалдоржийн  Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбаатарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхбаатарын цагдан хоригдсон 14 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  Ж.Мөнхбаатарын иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн пиврон иштэй 29.5 см урттай, ажлын хэсэг нь 19.5 см, бариул нь 10 см-ийн урттай, бариулын пиврон иш нь хагарч эмтэрсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.Мөнхбаатарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Ж.Мөнхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОЮУНЧИМЭГ

 

 

                                               ШҮҮГЧИД                                Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                                    Б.БАТАА