Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/885

 

                                            Ц.Д-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/924 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Д-д холбогдох эрүүгийн 2106 01077 0818 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ц-н Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ................... сувилагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

 Ц.Д нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4, Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4-т заасныг тус тус зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... Төвийн лабораториос иргэн Г.С-д 2 ширхэг шинжилгээний сорьцын бэлдэц өгч, өөрөөр нь сорьц авахуулж, улмаар тухайн сорьцыг лабораторид өгч шинжилгээ хийлгэн, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Д-г “Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Ц.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь:

1. Ц.Д нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 тушаалын өөрт холбогдох заалтыг зөрчиж, шинжлүүлэгч иргэнд өөрт нь шинжилгээний ариун материал өгсөн нь буруу боловч өгөх болсон шалтгаан, зорилго нь иргэн Г.С-д Ковид-19 өвчний халдвартай эсэхийг илрүүлэх зорилго байсан нь нотлогдсон. Гэтэл “Халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн.

2. Халдвар тархах нөхцөл гэдэг нь халдвартай иргэнийг халдваргүй гэж зориуд үзэх, эерэг шинжилгээг нууж сөрөг болгох, халдвартай иргэнд тусгаарлалт, хөл хориог зөрчих боломж олгох гэх мэт бусад хүмүүст халдвар тархаж болзошгүй бодитой нөхцөл бий болгохыг ойлгох бөгөөд халдвартай гэдгийг мэдсэн боловч зориуд зөрчих зэрэг тохиолдол хамаарна. “Халдвар тархах нөхцөл” гэдэг нь дан ганц хууль зүйн ойлголт биш бөгөөд анагаах ухаан ялангуяа халдварт өвчин судлал, тархвар судлал, вирус судлалын тусгай мэдлэг шаардсан ойлголт, дүгнэлтэд үндэслэн тогтоох асуудал атал хууль тогтоомж зөрчсөн л бол шууд тархах нөхцөл бүрдүүлсэн гэж шүүх өөрөө дангаар дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3. Иргэн Г.С-н 2021 оны 3 дугаар сарын 17, 21, 24 /2 удаа/, 26-ны өдрүүдэд буюу нийт 5 удаа хийсэн PCR шинжилгээгээр Г.С нь “Сөрөг” буюу эрүүл, вирусгүй болох нь тогтоогджээ. Энэ нь Г.С-н 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжилгээний дээжид хийсэн PCR шинжилгээ алдаатай, эсхүл шинжилгээний хариуг гараар шивж “гэрэгэ систем”-д оруулахад бичилт, техникийн алдаа байсан байхыг үгүйсгэхгүй байдал тогтоогдож байх тул энэ асуудлаар дараах ажиллагаа хийх шаардлагатай. Үүнд: Г.С нь “Ковид-19” өвчнөөр өвчилсөн эсэх, энэ нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны PCR шинжилгээнээс өөр шинжилгээ, эмнэлзүйн шинж тархвар зүйн тандалт судалгаагаар тогтоогдсон эсэх, 2021 оны 3 дугаар сарын 16-ны шинжилгээ “эерэг” байснаас 2021 оны 3 дугаар сарын 17, 21, 24, 26-ны өдрүүдэд авсан дээжид PCR шинжилгээ хийхэд “сөрөг” гарсан нь ямар учир зүйн холбогдолтой байж болох, дээрх шинжилгээний сөрөг хариугаар Г.С нь “Ковид-19” өвчнөөр өвчлөөгүй гэж үзэх болох эсэх, хорт хавдар өвчинтэй хүнд PCR шинжилгээ хийхэд “эерэг” гарч болох эсэх  гэсэн асуулт тавьж, Эрүүл мэндийн яамны халдварт өвчин судлал, дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж, бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэсний эцэст хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

4. Иргэн Мөнхжаргал “Ковид-19” өвчний халдвар авсан эсэх, түүний хамраас авсан дээжид 2021 оны 3 дугаар сарын 17, 24 /2 удаа/, 26-ны өдрүүдэд нийт 4 удаа PCR шинжилгээгээр Мөнхжаргалыг уг өвчнөөр өвчилж, халдвар авсан хүн гэж үзэж болох уу, Мөнхжаргалд “Ковид-19” өвчний шинж тэмдэг, тархвар зүйн тандалт судалгаагаар “хавьтал” гэж үзэх үндэслэл тогтоогдсон уу, тогтоогдсон бол үндэслэлийг бичнэ үү гэсэн асуултаар шинжээчийг томилж, шинжилгээг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдварт өвчин судлалын болон дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.

5. Хавтаст хэрэгт Г.С-н охин Хишигжаргалаас дээж авч PCR шинжилгээ хийсэн талаарх лавлагаа, мэдээлэл авагдаагүй байх тул ...-өөс “гэрэгэ систем”-ээс авч нотлох баримтаар хавсаргах шаардлагатай байна. Ингэж хавсаргасны дараа Хишигжаргал нь “Ковид-19” өвчний халдвар авсан эсэх асуудлыг шинжээч томилж тогтоолгох шаардлагатай байсан.

6. Хавтаст хэрэгт иргэн Г.С, Б.Мөнхбаатар нарын PCR шинжилгээний хариу 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “эерэг” гарсны дараа аль эмнэлэг /эсхүл тусгаарлах байр/-т хэвтүүлж, тусгаарлалтад байх үеийн биеийн эрүүл мэндийн байдлыг хянах хуудас, хийгдсэн эмчилгээ, оношлогооны бичилт бүхий “өвчний түүх”-ийг нотлох баримтаар тооцож хавсаргаагүй байх тул хавсаргана уу. Энэ нь шинжээч нар дүгнэлт гаргахад чухал шаардлагатай тул хавсаргасны дараа “шинжээч томилж, шинжилгээ хийх” ажиллагааг хийх шаардлагатай байсан.

Гомдлын 3, 4, 5, 6 дахь үндэслэлийг тусгасан хүсэлтийг прокурорт гаргасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж хэлэлцсэн боловч шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хүлээж аваагүй, оролцогчийн эрхийг хязгаарласныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Учир нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Ковид-19” халдварыг олон нийтэд зарласан. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 тушаалын дагуу “Ковид-19 халдварын тандалт, сэргийлэлтийн түр заавар журмыг баталсан. Шүүгдэгч Ц.Д-н хувьд “Ковид-19” вирусын шинжилгээний сорьц авах, түүнийгээ лабораторид хүргүүлэхтэй холбоотой заавар, журмыг санаатайгаар зөрчсөн. Сорьцийн бэлдэцийг эрхгүй хүнд өгч өөрөөр нь шинжилгээ авахуулж, шинжилгээ өгсөн хүний нэр дээр өөр нэр бичих зэргээр халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Ц.Д-н энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь халдварт өвчин тархаасан заавал хэн нэгэнд халдаасан байхыг шаардахгүй. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай нийгэмд аюултай шинжийг бүрэн хангасан, санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн. Шүүгдэгч Ц.Д нь .............-ийн хандалт судалгааны багт ажиллаж байхдаа заавар журмуудыг мэдсээр байж хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 924 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ц.Д нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4, Хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4-т заасныг тус тус зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ....................... Төвийн лабораториос иргэн Г.С-д 2 ширхэг шинжилгээний сорьцын бэлдэц өгч, өөрөөр нь сорьц авахуулж, улмаар тухайн сорьцыг лабораторид өгч шинжилгээ хийлгэн, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 гэрч Г.С-н “... 3 дугаар сарын 15-ны өглөө Ц.Д эгч рүү ярихад “14 хоног ажил дээрээ байрлаад шинжилгээнд явж байгаа, өвчлөл ихэссэн, ачаалал ихтэй, эгч нь амжихгүй” гэсэн. Бие маань өвдөөд тэсэхгүй, 7 хоногийн дараа PCR өгөөд хариу нь гарсны дараа Хавдар судлалын үндэсний төвд үзүүлэх болохоор надад үнэхээр хэцүү байна, миний бие өвдөөд үхэх гээд байна, та шинжилгээний сав өгчихвөл би өөрөө аваад танд аваачаад өгье гээд уйлаад гуйгаад байсан. ... Тэгээд 3 сарын 15-ны өглөө 10-11 цагийн үед Ц.Д эгч гадагшаа шинжилгээнд явлаа гэж ярихаар нь ....-ийн урд хаалгаар гарч буй машинаас Ц.Д эгчээс охинтойгоо хоёулаа шинжилгээ өгнө гэж хоёр шинжилгээний сав авсан. Гэртээ ирээд шинжилгээ авах гэтэл охин маань урваганаад амаа ангайхгүй байсан. Бид хоёр хэн нь ч шинжилгээ өгөөгүй, өвчин гарснаас хойш анх удаа өгөх гэж байсан юм. Энэ үеэр манай нөхөр Замын-Үүдээс гараад Улаанбаатар луу дөхөж явсан үе юм. Охин маань “би шинжилгээ өгөхгүй, та аавыг ирэхээр нь хамт эмнэлэг явна шүү дээ” гэхээр нь нээрээ манай нөхөр шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн бодол орж ирсэн. Би охинтойгоо гэр зуур байдаг, гэрт хүн ирдэггүй учир бид хоёр халдваргүй, манай нөхөр Замын-Үүд ногоон бүсээс ирж байгаа болохоор эрсдэлгүй, түүнээс гадна Нэг өрх-нэг шинжилгээ аянаар өрхийн нэг гишүүний өгсөн шинжилгээний хариугаар бусад нь зорчиж байсан зэргийг үндэслээд өөрөөсөө дахин шинжилгээ авч, 2 дахь саванд хийж нөхрийнхөө нэр, хаягийг бичээд өгчихсөн юм. ... Ингээд бэлдчихсэн хүлээж байтал 12 цаг 36 минутын үед Ц.Д  эгч ажил руугаа дөхөж байна гэж ярихаар нь би ...........-ийн урд хаалган дээр очиход машин харагдахгүй орчихсон, Ц.Д  эгч битүү хувцастай хашааны хойноос “хурдлаач” гэж уурлаад байхаар би юм хэлж чадаагүй, урд хашааны хаалган дээр зогсож байсан 2 цагдаагийн дундуур хайрцагтай шинжилгээгээ өгөөд буцсан. ...” /1 хх 74-80/,

гэрч Б.М-ын “... Би тээвэрт яваад 3 сарын 14-ний орой Замын-Үүдээс гараад замд нэг хоноод 13 цагийн үед Улаанбаатарт ирсэн, ... ачаагаа буулгаад орой 22 цагийн үед гэртээ ирээд өглөө 9 цаг өнгөрч байхад машиндаа юм хийхээр явсан. Энэ хугацаанд шинжилгээ өгсөн талаар мэдээгүй байсан. Гэтэл үдийн хойно ...-ээс хүн ярьж Б.М гэдэг хүн мөн үү, шинжилгээний хариу эерэг гарлаа, хаана байгаа вэ гэж асуухаар нь “би шинжилгээ өгөөгүй” гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй эхнэр маань залгаж, би чиний өмнөөс шинжилгээ өгсөн чинь хоёулаа эерэг гарсан гээд орилоод байсан. Тэгэж байтал Ц.Д эгч залгаад “чи шинжилгээ өгөөгүй юм уу, юу болоод байгаа юм бэ” гээд уурлаад утсаа тасалсан. Тэгээд олон газраас залгаж асууж эхэлсэн. Би өөрөө шинжилгээ өгөөгүй гэж бүгдэд нь үнэнийг хэлсэн. ....” /1 хх 81-83/,

гэрч Г.Борын “... Манай эмнэлгийн зоноз бруцелёзийн тасгийн сувилагч Ц.Д нь 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл тандалт, хариу арга хэмжээний шинжилгээний багт ажиллаж байсан. Миний хувьд сувилагч нарыг хариуцдаг бөгөөд 3 дугаар сарын 17-ны өглөө байгууллагын удирдлагаас уг асуудлын талаар мэдсэн. Би сувилагч Ц.Д-тай гар утсаар холбогдож юу болсон талаар асуухад “манай бэр надаас гуйхдаа “хавдартай, гэртээ өвчтэй байдаг тул хавдар судлалд үзүүлэх гэтэл ковид шинжилгээний хариу нэхээд байна, надад шинжилгээний сорьц өгөөч” гэсэн. Би түүнд шинжилгээний хоёр сав өгөөд манай бэр өөрөө шинжилгээ аваад, надад буцааж ирүүлэн шинжилгээ өгсөн” гэж хэлсэн. ... Ц.Д сувилагчийн хувьд шинжилгээний савыг бусдад өгсөн нь буруу бөгөөд Эрүүл мэндийн сайдын А/29 дүгээр тушаалын 2.5.4-т заасан лабораторийн эмч, сувилагчийн үүргийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, өөрөө шинжилгээ аваагүй, бусдад өгч явуулсан нь дээрх тушаалыг зөрчсөн байна. ...” /1 хх 8, 100/,

гэрч Д.Б-н “... Коронавируст халдварын үед Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/29, 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/40 тушаалуудыг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Улсын Онцгой комиссын А-31 дугаар тушаал байдаг. А/29 дугаартай тушаалын 2.5.4 дэх заалтад лабораторийн эмч, сувилагчийн үүргийг тусгасан байдаг. ... Коронавируст халдварын шинжилгээг шуурхай арга хэмжээний багт ажиллаж байгаа сувилагч, лабораторийн эмч, лаборант авах ёстой. ...” /1 хх 102-103/,

гэрч Л.О-н “... хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа ажилчид 14 хоног байрлаж ажилладаг бөгөөд манай багт Ц.Д маа, Н, Б нар байдаг. ... Уг баг нь батлагдсан иргэний ойрын хавьтлын шинжилгээг байгаа газарт нь очиж авдаг бөгөөд ..........-ийн тандалт судалгааны албанаас гаргаж өгсөн нэрсийн дагуу очиж шинжилгээ авдаг. Тандалт судалгааны албанаас өгсөн нэрсийн дагуу явж шинжилгээгээ бүрэн авчихаад сорьцуудаа .........-ийн нян судлалын лабораторид хүлээлгэн өгдөг. Хүлээлгэн өгөхдөө пос машинаар уншуулсан цаасыг багцлаад нян судлалын лабораторийн лаборантуудад хүлээлгэн өгч бүртгэлийн дэвтэрт бүртгүүлдэг. ... 2021 оны 3 дугаар сарын 26-ны орой шинжилгээ авч дуусаад ажил руугаа явж байхад Ц.Д маа эгч хэлэхдээ “манай бэр хавдарт үзүүлье, шинжилгээ хийлгэе гээд гуйгаад байхаар нь би хоёр ширхэг шинжилгээний сав өгсөн. Тэгтэл бэр маань өөрөөсөө хоёр удаа шинжилгээ аваад нэг дээр нь нөхрийнхөө нэрийг бичээд шинжилгээ хийлгэсэн байна, хариу нь эерэг гарчихсан байна” гэж хэлж байсан. ...” /1 хх 107/,

гэрч Э.Б-н “... 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би буудлуудаар явж шинжилгээ аваад орой 20 цагийн үед ажил дээрээ очоод өрөөндөө байж байтал Ц.Д маа эгч болон О., Н нар араас орж ирсэн. Тэгээд Ц.Д маа эгч хэлэхдээ манай бэр надаас гуйгаад байхаар нь шинжилгээ өгүүлтэл өөрөөсөө 2 удаа шинжилгээ аваад нөхрийнхөө нэрийг бичээд гаргуулчихжээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан гэнэ гэж хэлсэн. Бид нар ажил ихтэй байдаг мөн шинжилгээнд цуг явдаггүй тус тусдаа явдаг учир надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. ...” /1 хх 110/ гэх мэдүүлгүүд,

....-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 14 хоног шинжилгээний багт ажиллах сувилагч, лабораторийн техникч нарын нэрс /1 хх 9/,

....-ийн Б.М, Г.С нарын “Ковид-19” молекул биологийн шинжилгээ өгсөн талаарх баримт /1 хх 35/,

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 дугаартай Түр заавар шинэчлэн батлах тухай тушаал, түүний нэгдүгээр хавсралт “Коронавируст халдварын тандалт, сэргийлэлтийн түр заавар”, хоёрдугаар хавсралт “Коронавируст халдварын үеийн хариу арга хэмжээний түр заавар” /1 хх 153-158/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Д-г бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ц.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Ц.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбатаас “... “Халдвар тархах нөхцөлийг бүрдүүлсэн” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хуулийг буруу ойлгож, тайлбарлаж хэрэглэсэн, Г.С нь “Ковид-19” өвчнөөр өвчилсөн эсэх, энэ нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны PCR шинжилгээнээс өөр шинжилгээ, эмнэлзүйн шинж тархвар зүйн тандалт судалгаагаар тогтоогдсон эсэх, бусад шинжилгээгээр “сөрөг” гарсан нь ямар учир зүйн холбогдолтой болох талаар, ...мөн М нь “Ковид-19” өвчний халдвар авсан эсэх, нийт 4 удаагийн PCR шинжилгээгээр түүнийг уг өвчнөөр өвчилж, халдвар авсан гэж үзэж болох эсэх талаар шинжээч томилж, шинжилгээг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Халдварт өвчин судлалын болон дархлаа судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулах, ... хэргийн нөхцөл байдлуудыг тогтоолгохоор прокурорт хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй, оролцогчийн эрхийг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4 дэх заалт “Сайн дурын шинжилгээ. Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээнд сайн дурын үндсэн дээр хамрагдах хүсэлтэй иргэнийг хурдавчилсан оношлогооны цэгээр дамжуулан сорьцыг цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулна” гэж сорьцыг цуглуулах, шинжилгээнд хэрхэн хамруулах талаар,

мөн тушаалын хоёрдугаар хавсралтаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үеийн хариу арга хэмжээний заавар”-ын 2.5.4.1 дэх заалт “Сэжигтэй магадлалтай тохиолдлоос сорьц авч холбогдох журмын дагуу хадгалж, тээвэрлэн ... эсвэл харьяалах вирус судлалын лабораторид хүргүүлнэ” гэж лабораторийн эмч, сувилагчийн үүргийн талаар зохицуулсан түр зааврыг шинэчлэн баталсан байна.   

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Д нь .......-ийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар шинжилгээний багт сувилагчаар ажиллаж байхдаа “Коронавируст халдвар /Ковид-19/-ын сорьцийн 2 ширхэг бэлдэцийг сорьц авах эрхгүй хүн буюу өөрийн бэр Г.С-д өгч явуулан улмаар Г.С нь өөрийн биеэс 2 удаа сорьц авч, нэг сорьцод өөрийн нэр хаягийг, нөгөө сорьцод өөрийн нөхөр Б.М-н нэр хаягийг бичиж, уг сорьцуудаа Ц.Д-д ....-ийн гадаа буцаан өгсөн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.   

 Эрүүл мэндийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А29 дүгээр тушаалын Нэгдүгээр хавсралтын “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тандалт, сэргийлэлтийн түр заавар”-ын 7.2.4, хоёрдугаар хавсралтын 2.5.4.1 дэх заалтуудыг зөрчсөн Ц.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.6 дугаар зүйлд заасан бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин халдаах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.

Сорьцийн 2 ширхэг бэлдэцийг сорьц авах эрхгүй хүнд өгөөд буцаан авч, хэнээс авсан, юуны сорьц болох нь тодорхойгүй сорьцыг цааш шинжлүүлэхээр өгч байгаа Ц.Д-н үйлдлийг Халдварт өвчин тархах нөхцөлийг бүрдүүлж буй нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ц.Д-н үйлдлийн улмаас бусдад халдварт өвчин тарсан эсэхээс үл хамаарч хэргийн зүйлчлэлийг тогтоох нь хуульд нийцэх тул “Б.М, С.Х нараас “Ковид-19” халдвар туссан эсэх талаар шинжилгээ авч, шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар тусгасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хэсэг үндэслэлгүй.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/924 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-н өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР