Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2016/00306

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00060/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ***-р баг, *** дугаар байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-р баг *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***, *** овогт *** холбогдох

 

22 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *** би 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ***д 15.000.000 төгрөг бэлнээр өгөхдөө 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тохирч гэрээ байгуулан өгсөн. Түүнээс хойш нэг сарын хүү 1500.000 төгрөг өгсөн. Шүүхэд анх ***гээс 18975000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 15.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 7500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***гаас 15000.000 төгрөгийн зээлийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгэхгүй бол 0.5 хувиар алданги тооцохоор зээлж авч гэрээ байгуулсан. Нэг сарын хүү 1500.000 төгрөг төлсөн. Би Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад мөнгийг нь өгөх байсан боловч миний зээл бүтээгүй. Надад хүнээс авах авлага ч бий, өглөг ч бий. Би үндсэн зээл 15.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алданги 7500.000 төгрөгийг төлөх чадваргүй тул зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан үндсэн зээл 15.000.000 төгрөг, алданги 7500.000 төгрөг нийт 22500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөгийг, нэг сарын хугацаатайгаар, 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэсэн хуулинд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна. / хх-ийн 4/

 

Хариуцагч *** нь гэрээнд заасны дагуу 1 сарын хүү 1500.000 төгрөг төлсөн гэж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч *** нь гэрээнд зааснаар нэг сарын хүү 1500.000 төгрөг өгсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул үндсэн зээл 15.000.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй зэрэг заалтыг үндэслэн алданги 7500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч ***гийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 15.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, алданги 7.500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүргээ биелүүлээгүй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ***гээс 22500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 270455 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***гээс 270455 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА