Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00005/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар *** айлын байрны *** тоотод оршин суух, *** овогт *** /РД: ***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, *** дугаар баг, Дархан-Уул аймгийн *** холбогдох,

 

"Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсын нөөцийн газарт 2009 оноос хойш харуулаар ажилласан. ******* ***тай 2015 оны 11 дүгээр сарын 15-ны үед ажлаас болж маргалдсан. ******* *** нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэж уурлан янз бүрээр хэлж доромжилсон. Би тэгэхээр нь та дандаа хүн дарамталж уурлаж байдаг гээд урдаас нь муудалцсан.Түүнээс хойш бид нар ажил дээр тааралдаж байсан боловч ямар нэгэн байдлаар ярилцаагүй. 2015 оны 11 сарын 20-ны өдөр байгууллагын хурал болж, ажлын тайлан мэдээ баярын талаар ярилцсан. Хурал тарсны дараа намайг дарга дуудаж байна ороход дарга нярав та хоёрын хооронд юу болсноо ярь гэхэд *** надруу дайрахаар нь би таньд ч буруу байгаа, надад ч буруу байгаа гэж л хэлсэн. Өөр юм хэлэлгүй хурлаас гарч явсан. Тэгээд тэр хурлаас намайг халах болсон гэдгийг хүнээс дуулсан. Ажлаас халсан тушаалыг 2015 оны 11 сарын 22-ны үед л хүлээж авсан. Би ажлаас халагдах ямар нэгэн зөрчил гаргаагүй, нярав *** бид хоёрын маргаан гараад өнгөрсөн байхад асуудлыг авч хэлэлцэхгүй шууд ажлаас халсанд гомдолтой байна. Хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймгийн *** ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь Улсын нөөцийн салбарт харуулаар нийт 6 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, байгуулагын няравтай муудсанаас болж 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *** тоот Улсын нөөцийн газрын даргын тушаалаар ажлаас халсан. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байхад ажлаас халсан учир ажилд эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Улсын нөөцийн салбарын даргын 89 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, эрх зүйн үндэслэл, хуулийн заалтыг бариагүй байгаа. Улсын дээд шүүхийн 2008 оны ** тоот тогтоолоор хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байгаа. Тушаалдаа ямар заалтаар халсан тухайгаа тодорхой тусгах хэрэгтэй, хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагыг хангасан тушаал гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн *** шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *** гаргасан тайлбартаа: *** нь манай байгууллагад 2009 оны 12 дугаар сарын сүүлээр ажилд орсон. Энэ хугацаанд байнга зөрчил гаргадаг байсан. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу, мөн байгууллагын дотоод журамд хөдөлмөрийн хуулийн 38-40 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчвөл гэрээ дуусгавар болохоор тохиролцсон байдаг. Мөн байгууллагын дотоод журмын 3-9-1е-д заасны дагуу харуулын байрыг орхисон тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа, энэ бүх заалтуудыг зөрчсөн. 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр удирдан ажиллаж буй няравыг үүрэг өгөхөд үгэнд нь орохгүй үл хүндэтгэн хоолойг нь боож зөрчил гаргасан. 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр салбарын дарга *** ажлын байранд нь очиход хаалгаа тайлахгүй байхаар нь хашаа даваад ортол ажлын байранд унтаж байсан. Шалтгаангүйгээр ажил тасалдаг, ажлын байранд тамхи татсан энэ бүгдийг хэлэхээр байнга эсэргүүцдэг. Зөрчил гаргасан тухай бүрт нь хурлаар оруулж тэмдэглэл хөтөлж арга хэмжээ авдаг байсан. Улсын нөөцийн салбарын дотоод журмын 3-9-1е-д , 4.1.3, 4.2.7-д заасныг удаа дараа давтан зөрчил гаргасан болохоор байгууллагын ажилчдын хурлаар олонхийн саналаар энэ тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн гэрээндээ хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр ажлаас хална гэж заасан байгаа тул тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг заагаагүй байгаа. Дээрх зөрчлүүдийг гаргасан учир *** 2015 оны 05 сарын 25-ны өдрийн 44 дугаар тушаал, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар тус тус ур чадварын нэмэгдлийг хасах арга хэмжээ авсан. Иймээс удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***нь Дархан-Уул аймгийн *** холбогдуулан, тус салбарын харуулын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

***нь Дархан-Уул аймаг дахь *** харуулаар ажиллаж байсан бөгөөд тус салбарын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөр ийн тухай хуулийн 21 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.2, Дотоод журмын 3.9.1.-ийн б дэх заалтыг тус тус үндэслэл болгон *** 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч *** байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.9.1-ийн б-д зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлж, даргын тушаалаар хоёроос доошгүй удаа шийтгэл хүлээсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, мөн Хөдөлмөрийн гэрээний 5.2-т хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38-40 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмаар дуусгавар болгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай тушаалд хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг болно.

 

Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дүгээр тушаалын үндэслэл болсон заалтуудыг авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээний нөхцөл, гэрээ хүчин төгөлдөр болох зэрэг хөдөлмөрийн гэрээнд тавигдах шаардлагуудыг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг тус тус заасан байна.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.9.1-ийн б-д даргын тушаал, шийдвэрээр 2-оос доошгүй удаа шийтгэл хүлээсэн бол ажлаас халахаар заажээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалаар харуул ***нь ажлын байранд тамхи татсан тул ур чадварыг 25 хувь, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалаар ***нь зан харьцааны дутагдалтай тул ур чадварын 20 хувь тус тус хасах арга хэмжээ авсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд оногдуулах сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг хуульчилсан.

Гэтэл арга хэмжээ авсан тушаалуудад дээрх хуульд заасан сахилгын шийтгэлийн хэлбэрээс өөр арга хэмжээ авсан байна.

Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймаг дахь *** даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаар Арга хэмжээ авах тухай, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалуудад ур чадварын нэмэгдлийг 25, 20 хувиар тус тус хасах арга хэмжээ авсан байх бөгөөд энэхүү ур чадварын нэмэгдэл нь  Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасны дагуу үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд түүний ажлын үр дүнгээс хамаарч үндсэн цалин дээр нь нэмж олгогддог нэмэгдэл хөлс юм.

Иймд энэхүү ур чадварын нэмэгдлийг хассаныг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан сахилгын арга хэмжээ авагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч ***өмнө нь даргын тушаалаар хоёр удаа арга хэмжээ авагдаж байсан нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журмын 3.9.1-ийн б-д заасан даргын тушаалаар хоёроос доошгүй удаа шийтгэл хүлээсэн бол ажлаас хална гэж заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд ***нь ямар зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийн алинаар нь ажлаас чөлөөлж байгаа зэрэг нь тодорхойгүй байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т ажил олгогч нь ажилтанд энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасныг зөрчжээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь *** даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, *** тус салбарын харуулын ажилд эргүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу *** ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 26,193 төгрөг / 549,899+596,273+543,273=1,689,445/3=563,148 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 1,281,245/21,5=26,193 төгрөг/ гэж тооцож, нийт 61 хоногийн хугацааны цалин 1,597,773 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас гаргуулж, нэхэмжлэгч *** олгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцож, *** тус салбарын харуулын ажилд эргүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас 1,597,773 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ***нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 110,714 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ

 

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, парк таун *** дугаар байр *** тоотод оршин суух *** овгийн *** /РД: ****, утас: ***/ нарт холбогдох

2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдагч талтай хийх зуучлалын гэрээ-ний дагуу төлбөр 200 000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 450 000 төгрөг, хохирол 238 750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 24,050 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн ***, *** нар нь 15 дугаар баг, Их сургуулийн гудамжид байрлах орон сууцны хувийн байшин газрыг зуучлуулан худалдах гэрээ байгуулсан, энэ хөрөнгө нь *** гэж хэлдэг тул хариуцагч нараар хамтад нь гарын үсэг зуруулсан. Гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа *** өөрөө хадалдан авагчаа олоод, худалдахаар болсон тул зуучлалын зар сурталчилгааг зогсоогоорой гэж хэлсэн байсан. ***, *** нарыг биеэрээ ирж, худалдан авагч олсон тохиолдолд 0,4 хувиар зуучлагч байгууллагад төлөөд гэрээгээ цуцлаарай гэж хэлсэн байдаг. Гэтэл *** нь 8 сарын хугацаанд ажлын байран дээр ирээгүй 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд манай байгууллага дээр ирж гэрээгээ цуцлаагүй тул манай байгууллага ажил үүргээ гүйцэтгэж дууссан. Хариуцагч нарт гэрээний хугацаа дууссан учир төлбөр тооцоогоо хийхийг шаардахад, үл хөдлөх хөрөнгөө худалдаад 5,000,000 төгрөгийг авсан, үлдсэн мөнгийг аваагүй байгаа тул үргэлжлүүлэн зар явуулж өгөөч гэж хэлсэн тул бид гэрээний хугацааг 3 сараар сунгаж зарыг үргэлжлүүлэн явуулахыг зөвшөөрсөн. Харин хариуцагч нь өмнөх төлбөрөө төлж барагдуулна гэж тохиролцсон. Төлбөрөө шаардахад *** Хятад улс уруу явсан гээд ээж нь ирээд төлбөрийн хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл *** нь ирж төлбөрөө төлж барагдуулаагүй тул ***ы ээжийн гэрт нь очиж мэдэгдсэн. *** өөрөө ирж хүсэлт гаргаж байж зуучлалын гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн. 4 хоногийн дараа *** хүсэлт гаргасан. Хүсэлтийн 4 дүгээр заалтад, 06 дугаар сарын 10-ны үед *** өөрөө худалдан авагчаа олоод худалдсан бол зар сурталчилгааг зогсоолгох ёстой байсан гэж хэлдэг, гэтэл гэрээний 4.1-д зааснаар 0,4 хувийн төлбөр авна гэж заасан байгаа. Гэрэний 4.6-д 3 сарын дотор зарсан бол үнийн дүнгийн 0,3 хувь, үүнээс дээш хугацаагаар цуцалсан бол 0,4 хувиар төлж барагдуулна гэж заасан байсан тул бид тохиролцоод 400,000 төгрөгийг төлнө гэж тохиролцоод 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар сунгуулсан. Бид гэрээнд тохиролцсоны дагуу 200,000 төгрөгийг төлж барагдуулаагүй, хугацаандаа үүргээ биелүүлээгүй, илүү зар сурталчилгаа явуулсан тохиолдолд алданги төлнө гэж заасан. Бид ***аас төлбөрийг төлөхийг шаардахад гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул төлж барагдуулах боломжгүй, зар сурталчилгаг зогсоох ёстой байсан гэж хэлсэн. *** нь 400,000 төгрөг төлөх ёстойгоос 200,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Үндсэн гэрээний 4.1, 4.6-д заасны дагуу бид тохиролцсон. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 139 хоногийн зар сурталчилгааны төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байсан. Хүсэлтийн 4 дүгээр заалтад үнсэн гэрээний 4.2, 4.6-д зааснаар 400,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан. 288,000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өөрсдөө үл хөдлөх хөрөнгөө зарсан тохиолдолд төлбөрөө төлөөд зар сурталчилгааг зогсоогоод, гэрээг цуцлах ёстой байсан. Гэтэл гэрээг цуцлаагүйгээс болоод бид 191 хоног зар сурталгааг телевиз болон, сонинд зар тавьсан тул тус 191 хоногийг өдрийн 1,500 төгрөгөөр тооцоод 288,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага Дархан сумын хороолол болгонд сонин худалдаалдаг, телевизийн нэвтрүүлэг бэлддэг, өдөрт манай нэвтрүүлэг Ди Би Эс, ЛХА телевизүүдээр 3 удаа цацагддаг. Бидний телевизээр цацах мэдээллүүд явж байгаа, нэвтрүүлгийн хуваарийг хэрэгт өгсөн байгаа, зарыг интернетэд байршуулсан зургийг нотлох баримтаар авсан, ажлын байраар зар сурталчилгаа явуулдаг. Бид зах зээлийн жишгийг баримталж төлбөр гаргуулна гэж гэрээнд заасан байдаг, телевизээр 1 үгийг 500-1000 төгрөгийн үнэтэй үгэн зар явуулдаг, 1 сар телевизээр зар цацахад 70,000, 80,000 төгрөг болдог, хоёр телевизээр зэрэг зарыг цацахад 150-160 мянган төгрөг болдог. Эдийн засгийн хямралаас болоод зарагдахгүй байгааг нь бид ойлгож байгаа, эдийн засгийн худалдан авах чадвар байхгүй байгаа тал дээр манай байгууллагаас болоод зарагдахгүй байгаа мэтээр хандаж байгаа. Нэхэмжлэлийн шаардах эрх Иргэний хуулийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн 413.3-д заасныг үндэслэн бид зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлагч ямар хөлс төлбөртэй байх талаар талууд тохиролцож болдог, зуучлуулагч өөрөө худалдан авагч олсон тохиолдолд зуучлагчид төлбөр төлөхөөр хувь тохирч болдог. Иймд бид 888,750 төгрөгийг ***, Н.Сарангэрэл нараас гаргуулахаар нэхэмжилж байна. Үндсэн гэрээний 200,000 төгрөгийн төлбөр, гэрээг сунгах хүсэлттэй холбогдуулан 139 хоногийн зар сурталчилгаа явуулсны төлбөр, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зар сурталчилгаа явуулсны төлбөрийг нэхэмжилж байна Төлбөр хэн нь төлөх талаар ямар нэгэн зааг байхгүй, хэн төлбөрийн чадвартай нь төлж барагдуулах байх. Зар сурталчилгаа явуулсан хөрөнгийн өмчлөгч нь ***, *** нь давхар гэрээн дээр үүрэг хүлээлгэж гэрээ хийсэн, газрын өмчлөгч нь болно.

Зар сурталчлгааны төлбөр биш, борлуулагдсан бол үйлчилгээний хөлс авдаг, зар сурталчилгааны 8 сарын хугацаатай гэж үзэж байна. 8 сарын хугацаанд гэрээ цуцлагдах ёстой. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны зар сурталчилгааны төлбөр, зуучлуулагч биелүүлээгүйгээс учирсан хохирол нь 288,750 төгрөг болсон гэжээ.

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд аргасан хариу тайлбартаа:

Зар сурталчилгааны гэрээ хийсэн. Сунгалтын асуудлыг 2014 оны12 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэл хугацаагаар сунгаагүй байхад яагаад нэмэгдэл төлбөр нэхэмжлээд ирснийг би ойлгохгүй байна. Гэрээний 05 дугаар сар хүртэл хугацаагаар сунгаад өгөөч гэж гуйгаагүй, 5 дугаар сар хүртэл төлбөр төлөх хугацааг сунгаад өгөөч гэж л хүсээд гарын үсэг зурсан. *** ахад би 05 дугаар сард төлбөрөө төлж барагдуулах боломжтой байна гэж хэлэхэд, *** ах тэгвэл хүсэлт бичиж өгчих гэж хэлээд 05 сар хүртэл хугацаагаар сунгалаа гэж бичүүлсэн. Би яагаад гэрээг сунгалаа гэж бичүүлж байгаа юм бэ гэж асуухад телевизтэй гэрээ байгуулсан байдаг юм аа ингээд бичээд өгчих өө гэж хэлж байсан юм. Зуучлалын гэрээ нь зуучлуулагчийн зарах зүйлийг зарж өгөөгүй мөртлөө мөнгө авах гэрээ байсан байна лээ. Тус гэрээний дагуу манай байрыг зараад өгсөн бол 0.5 хувийн төлбөр буюу 500,000 төгрөг төлөх ёстой байсан гэтэл үүргээ гүйцэтгээгүй байж үүргээ гүйцэтгээд авах ёстой мөнгөнөөс илүү мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би *** ахад 400,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлсэн нь үнэн гэхдээ зар сурталчилгааг үргэлжлүүлээд явуулаад өгөөч гэж хэлээгүй. 400,000 төгрөгөөс илүү мөнгө төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ

Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*** овогтой ***ы /хашаа байшингийн/ үл хөдлөх хөрөнгө нь *** миний нэр дээр байдаг байсан ба 2014 оны 4 сард *** хашаа байшингаа зарах гэж зар өгсөн юм таныг ирж гарын үсэг зур өг гэнэ гэхэд нь би Ихэр могойн Дархан зууч гэх төвд нь очиход *** гэрээгээ хийчихсэн байсанд би үнэхээр үл хөдлөх гэрчилгээ нь миний нэр дээр байгаа нь үнэн учир гарын үсэг зурсан. Ямар нөхцөл, ямар хугацаагаар гэрээ хийснийг би огт юу ч мэдэхгүй, эзэн нь өөрөө мэдэж байгаа учир их анхаарч үзээгүй. Надад энэ гэрээний тухай ярьж өгөөгүй. Харин хэдэн сарын дараа ***ы ээж *** энэ тэртэй нь уулзаж гэрээний зараа зогсоолголоо гэж ярьж байсан ба Дархан зуучийн үүдний хавьд надтай таарч байсан. Энэхүү Дархан зууч энэхүү гэрээний учрын талаар надад ойлгуулсан зүйлгүй, зар нь утга төгөлдөр явагдаагүй. Миний хувьд надад холбогдуулсан нэхэмжлэлийг би зөвшөөрөхгүй. *** болон түүний гэрийнхэн үл хөдлөхөө зарах гэж их хичээсэн ч зарагдаагүй зар нь ч эдэнд үйлчилгээ үзүүлээгүй.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн Дархан зууч төвийн захирал *** анх зуучлалын гэрээ хийхдээ ***ы хүсэлтээр хамтран ажиллах тухайд зуучлалын гэрээ хийсэн, гэтэл тухайн үл хөдлөхийн гэрчилгээ *** миний нэр дээр байсан учир *** би гэрээ хийлээ үл хөдлөх таны нэр дээр учир таны гарын үсэг хэрэгтэй гэнэ та ирээч гэснээр би очиж ямар учиртай юун дээр гарын үсэг зурах болов, энэ тухай надад огт хамааралгүй, би ямар нэгэн хариуцлага хүлээхгүй би зурахгүй гэсэн зүгээрээ үл хөдлөх нэр дээр нь байдаг хүн гарын үсэг зурахгүй бол нэр нь зөрөөд байдаг гэхээр нь би гарын үсэг зурсан. Дараагийн удаад тэр хүсэлт дээр би оролцоогүй. Ер нь эхний удаад 2 дахин их буюу 650,000 төгрөг, дараагийн удаа 888,750 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тус зуучлалын гэрээний 4.7-д уг гэрээ хийгдсэнээс хойш 8 сарын хугацаанд үл хөдлөх хөрөнгө борлуулагдаагүй үед гэрээг шууд цуцлах болно. Ийм тохиолдолд худалдагч гол зуучлалын байгууллагад 0.3 хувиар бодож зар сурталчилгааны төлбөр төлнө гэсэн байдаг тул 100,000,000 төгрөгийн 0.3 хувь нь 300,000 төгрөг болно, тус гэрээний 4.5-д зааснаар худалдагч талын хүсэлтээр гэрээг цуцалж болно. Хэрэв худалдагч талын хүсэлтээр нэг сарын дотор гэрээг цуцалсан тохиолдолд 0.3 хувиар бодож, нэг сараас дээш хугацаанд цуцалсан тохиолдолд 0.4 хувиар бодож зар сурталчилгааны төлбөр төлнө гэснээр 400,000 төгрөг болно. *** зар сурталчилгааны төлбөрт хэсэгчлэн төлсөн 200,000 төгрөгийг хасч гэрээний заалтын дагуу бид үлдэгдэл 100,000 төгрөгийг төлөх нь зүйтэй. Үүнээс бусад гэрээнээс гадуурх торгууль ч юм уу, хүү алданги зэрэг үл ойлгогдох төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***, *** нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдагч талтай хийх зуучлалын гэрээ-ний дагуу төлбөр 200 000 төгрөг, зар сурталчилгааны төлбөр 450 000 төгрөг, хохирол 238 750 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасаны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхолын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг, Их сургуулийн гудамж *** тоот 56 м.кв хашаа байшин, 1292 м.кв газарын хамт зуучлагч *** ХХК-ийн Дархан зууч төв дээрхи үл хөдлөх хөрөнгөнд худалдан авагчийг зуучлах, худалдагч тал ***, *** нар үйлчилгээний хөлс төлөхөөр зуучлалын гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний 4.1-д худалдагч тал өөрөө худалдан авагчаа олсон тохиолодолд, 4.2-т зуучлагч тал худалдан авагч олсон тохиолдолд үйлчилгээний хөлс төлөх төлөхөөр гэрээгээр болон Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн  410.2т зааснаар зуучлалын хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцсон гэж үзнэ.

Талууд гэрээний 4.7-д зааснаар хэрэв гэрээ хийснээс хойш 8 сарын доторх хугацаанд үл хөдөлөх хөрөнгө борлуулагдаагүй үед гэрээ цуцлагдах болно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т зааснаар гэрээ дуусгавар болох эцсийн хугацааг тохиролцосон гэж үзнэ.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн Дархан зууч төв гэрээний 2.1, 2.2-т заасан үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлийг өөрийн Дархан зууч, Дархан зар веб сайт, 7 хоногт 2 дугаар гардаг Дархан биенес мэдээлэлийн Зар сонин орон нутгийн гэрээт телевиз болох Ди Би Эс ХХК, Лха ХХКд гэрээний дагуу тогтмол цагуудад давтамжтайгаар мэдээлэн үүргээ биелүүлсэн байна.

Гэрээний зүйл болсон Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар баг, Их сургуулийн гудамж *** тоот 56 м.кв *** өмчлөлийн хашаа, байшин, ***ы эзэмшлийн 1292 м.кв газар нь зуучлалын гэрээний дагуу зарагдаагүй бөгөөд худалдагч *** бусад этгээдэд зарахаар тохиролцсон гэж нөгөө талдаа мэдэгдсэн хэдий ч зохих журмаар зар сурталчилгааг зогсоогүй, мөн гэрээний 4.1-т заасан үнийн дүнгийн 0.4 хувиар тооцон төлөх үйлчилгээний хөлсний дутуу 200 000 төгрөгийг, зар сурталчилгаа үргэлжлэн явагдаж байсан тул гэрээний 4.6-д зааснаар худалдагч тал гэрээнээс татгалзсан тул үнийн дүнгийн 0.4 хувиар тооцож 400 000 төгрөгийг зар сурталчилгааны зардалд тооцон нийт 600 000 төгрөгийг хариуцагч ***, *** нараас гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч *** зуучлалын гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлийнх биш, энэ гэрээнд хамааралгүй гэж маргаж байгаа боловч Улсын бүртгэлийн лавлагаа, гэрээнд тусгагдсанаар үл хөдлөх болох хашаа, байшин *** өмч болох нь тогтоогдсон бөгөөд зуучлалын гэрээний нэг тал учир хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

Нэхэмжлэгч 238 750 төгрөг гаргуулах тухай нэхжмлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа ... Иргэний хуулийн 232.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг шаардах эрхтэй .. гэсний дагуу шаардаж байгаа боловч зар сурталчилгааг зогсоолгүй үргэлжүүлэн явуулсанаар ямар хохирол учирсан, энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1-д зааснаар хариуцагч ***, *** нараас 600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, 238,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгоусгай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *** ХХК-иас 2015оны 12 дугаар сарын 07-ны Голомт банк төрийн сан *** тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 24,050 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 1,850 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 600,000 төгрөгт төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 18,649 төгрөгийг хариуцагч *** нараас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ