Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00059

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р баг ***-р байрны *** тоотод оршин суух, регистрийн дугаар ***,*** овогт *** нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн *** холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийг хүлээн авч 201оны 1дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газар 2014 оны 1-р сараас эхлэн мэргэжилтэн хийж байгаад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газар ажиллаж байхдаа 2014 оны 3 дугаар сарын 13-нд Төрийн Үйлчилгээний Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд орж 81 оноотой тэнцэж, нөөцөд 2 жилийн хугацаагаар бүртгэгдсэн байсан. Мөн Боловсрол соёлын газарт дэс түшмэлээр орохдоо Төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн. хууль журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэн, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Гэвч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015.12.02-ны өдрийн *** тоот захирамжаар ажлаас чөлөөлөх захирамж гаргасан. Шалтгаан нь сонгон шалгаруулалтанд ороогүй, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн байсан. Миний бие Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны нөөцөд байсан тул сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүйгээр томилогдсон. Мөн үр дүнгийн гэрээг шинээр байгуулах, өмнөх захирлын 2015 оны 1-р улиралд Аймгийн Засаг даргатай 1 жилийн хугацаагаар байгуулсан гэрээнд хүлээсэн ажил үүргийг үргэлжүүлэн биелүүлж явна.

Харин хөдөлмөрийн гэрээний хувьд тухайн үед ажлаа хүлээж авчихаад Аймгийн Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулахаар очиход АЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтэсээс амралт, наадам таарч байна, Засаг дарга эзгүй байгаа, 9 сард нөхөж байгуул гэсэн. Гэвч 9 сард Аймгийн Засаг дарга солигдсон. Шинэ даргатай нөхөж байгуулъя гэсэн хүсэлт тавихад ажлаас чөлөөлсөн байгаа. Ер нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн шууд захирагчтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлыг АЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс хариуцаж зохион байгуулдаг тул бусдын ажлын хариуцлагаас болж ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Засаг даргын хувьд сонгон шалгаруулалтгүй томилсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн боловч миний оронд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд өөр сургуулийн нэг багшийг томилсон нь зөрчигдсөн гэж үзээд байгаа алдааг засах бус өөрийн үзэмжээр асуудалд хандсан гэж үзэж байна.

Миний бие 6 дугаар сургуулийн захирлын ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан нь зөвлөлийн дүн, улирлын ажлын дүнгийн урамшуулал, хийсэн ажлын тайлан зэргээс харагдаж байсан. Иймд ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх хүсэлтүүдийг шийдэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ***, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, *** нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.Тус аймгийн Шарын гол сумын *** дугаар сургуулийн захирлын албан тушаалд Сэнгээгийн Баттулгыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна, 8.4-т сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй гэсэн заалтуудыг зөрчиж сонгон шалгаруулалтад оруулалгүйгээр шууд томилсон байх тул аймгийн Засаг даргын 2015 оны *** дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу 2015 оны *** дугаар захирамжаар хүчингүй болгосон.

2. Төрийн албан зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан байх тул тухайн ажлын байран дээр удирдах албан тушаалтныг нөөцөөс томилох эрх зүйн үндэслэлгүй.

Мөн холбогдох журмын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Иймд Шарын гол сумын *** дугаар сургуулийн захирал асан *** нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *** нь хариуцагч Дархан-Уул аймгийн *** холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтыг нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 2,25/

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот тушаалд ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн ...төрийн үйлчилгээний сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд томилсон аймгийн Засаг даргын 2015 оны *** дүгээр захирамжийг хүчингүй болгосон мөн *** нь холбогдох журмын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчтай Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч *** нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-6/

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хувийг ажилтанд өгнө гэж ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр зохицуулахаар Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид үүрэг болгосон байхад ажилтны хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-40.17-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр хуульчилсан бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч *** ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг баримтлаагүй ажлаас чөлөөлсөн нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч С*** Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдон төрийн үйлчилгээний ТҮБД-7-2 шатлалаар 679507 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот захирамж болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул 2015.12.02-ны өдрөөс 2015.02.19-ний өдөр хүртэл буюу 2 сар 13 хоногийн цалин 679507 төгрөг х 2 сар 13 хоног =1769879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *** Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 1769879 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Дархан-Уул аймгийн *** нэхэмжлэгч *** нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43268 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА