Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00041

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг ***-р хороо Ажилчны гудамжинд байрлах *** ХХК-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ***-д байрлах *** ТӨХК-д холбогдох

 

82 027 875 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2015 оны 1дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ***ТӨХК нь нэхэмжлэгч *** ХХК-тай 2013.05.23-ны өдөр №*** тоот *** ХХК-ны Дархан-Уул аймаг дахь *** маркийн асфальтбетон завод түрээслэх гэрээ байгуулж ажиллуулсан ба гэрээний үүргээ түрээслүүлэгч тал бүрэн биелүүлж үүргээ гүйцэтгэсэн боловч түрээслэгч тал үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар гэрээний үндсэн төлбөр хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 54685250 төгрөг, гэрээний 4.3-т заасны дагуу алданги 27342625 төгрөг нийт 82027875 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь 10685250 төгрөг төлсөн тул одоо гэрээний дагуу үлдэгдэл 44 сая төгрөг, алданги 22 сая төгрөг нийт 66 сая төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***ТӨХК нь 2013.05.23-ны өдөр ***маркийн асфальтбетон завод түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг 2 тал 2015.09.15-ны өдөр дүгнэн хэлэлцэж ***ТӨХК 54685250 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байгааг харилцан тохиролцсон билээ. Үүнээс хойш 2015.10.08-ны өдөр ***ТӨХК-ны зүгээс 10685250 төгрөгийг *** ХХК-ны дансанд хийсэн бөгөөд одоогийн байдлаар 44.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Энэ өр төлбөр манай ***ТӨХК-наас шалтгаалж үүсээгүй бөгөөд 2015 онд Зам тээврийн яамнаас олгогдох санхүүжилт дутуу хийгдсэний улмаас хугацааг хожимдуулсан асуудал гарсан. Гэрээний дагуу төлөх ёстой 44 сая төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Зам тээврийн яамнаас алданги тооцсон санхүүжилт 2015 оны төсөвт тусгагдаагүй, орж ирээгүй тул алданги төлөх боломжгүйг шүүх харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***ТӨХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 54685250 төгрөг, алданги 27342625 төгрөг нийт 82027875 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж түрээсийн төлбөр 44 сая төгрөг, алданги 22 сая төгрөг нийт 66 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... энэ өр төлбөр манай ***ТӨХК-наас шалтгаалж үүсээгүй бөгөөд 2015 онд олгогдох санхүүжилт дутуу хийгдсэний улмаас хугацааг хожимдуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч ***ХХК нарын хооронд 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ***маркийн асфальтбетон завод түрээслэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбар мэдүүлэгээр тогтоогдож байна.

Талууд түрээсийн гэрээндээ 2013.06.01-ний өдрөөс 2013.10.15-ны өдөр гэж хугацааг тохирсон бөгөөд түрээсийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги тооцохоор тохирсон байна.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд 2015 онд олгогдох санхүүжилт дутуу хийгдсэн бидний буруугаас болоогүй тул алдангийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч гэрээнд заасан хугацаа 2013 оны 10 сард дууссан, хариуцагч тал нь буруугүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу хариуцагч Дархан-АЗЗА ТӨХК-аас үндсэн төлбөр 44 сая+алданги 22 сая =66 сая төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар 232.6-д заасныг баримтлан хариуцагч ***ТӨХК-аас 66.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, 16 027 875 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***ТӨХК-аас 487950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА