Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00007/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалжтус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***-р баг, ***-р хэсэг, *** гудамж *** тоотод оршин суух *** овогт *** /регистрийн дугаар ***, утас ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** ХХК /утас ***/-д холбогдох

 

3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...*** миний бие нь ганц гишүүнтэй *** ХХК-ийн захиралаар ажиллаж байхдаа *** ХХК-ийн захирал ***ийн захиалгаар 2008 онд Дархан сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байрлах *** давхар ногоон барилгыг барьж байгуулах, хөрөнгө оруулах ажлыг хийж, уг барилгыг 1-2 давхрыг ***, 3 давхрыг *** миний бие өмчилж авахаар тохиролцсон. Барилгын ажил дуусах үед *** нь урд тохирсон тохиролцооноосоо буцаж, бидний хооронд зөрчил гарсан. ... *** нь олон янзын шалтаг, шалтгаан хэлж миний түүнээс авах авлагын хэмжээг 50 хувиар бууруулж зохих хэмжээний мөнгийг цувуулж төлсөөр байгаад 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид хоёр биеэрээ байлцаж дээрх барилгын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл өрийг тооцож, үлдэгдэл 9,600,000 төгрөгийн өр, төлбөрийг *** нь надад 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар тохирч гарын үсэг зурсан. Энэ хугацаанд *** нь увуулж, цувуулж хэдэн төгрөг өгсөөр хамгийн сүүлд 300,000 төгрөг нэхэл дагуул болж байж өгсөн. Одоо үлдэгдэл 2,000,000 төгрөгийг өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм. *** миний бие энэ хугацаанд ганц гишүүнтэй *** ХХК-ийг өөр этгээдэд бүхэлд нь шилжүүлсэн. Энэ талаар хавтаст хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдах авах гэрээ байгаа. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-т зааснаар худалдагч *** миний бие компани, хувьцаа шилжихээс өмнөх бүх өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж заасан тул *** миний бие ***тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй болно.

...Иймээс үлдэгдэл 2,000,000 төгрөгийг алданги 1,000,000 төгрөгийн хамт нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг *** ХХК-аас гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч *** ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...*** ХХК-ий захирал *** миний бие *** ХХК-ий захирал *** 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *** ХХК-ий орон сууц үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтгүүлэх, гүйцэтгэх №*** гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлж 2005 онд подваль, 1 дүгээр давхрын ажил, 2008 онд 2,3 дугаар давхрын өрлөг хучилтын ажлыг хийсэн.

*** нь барилгын гаднө, дотно засвар, цахилгаан, сантехник гэх мэт ажлуудыг хийлгүй дутуу орхиж хийсэн ажлуудынхаа актуудыг бичиж өгөөгүйгээс гадна барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хоорондын тооцоо нийлэлгүй би том ажил авсан одоо амжихгүй гээд өөрөө ажлаа дутуу орхиод явсан. Би *** ХХК-ий захирал *** гүйцэтгэсэн барилгын ажлын хөлс материалын үнэ 32,130,000 төгрөг бэлнээр өгсөн.

...*** гуай надад НӨАТ-ын падаан өгөөгүй. Энэ хугацаанд надаас эм, тарианы мөнгө гэж надаас мөнгө авсаар одоо үлдэгдэл өр төлбөр 1,740,000 төгрөг болсон.*** гуай надад уг барилгыг барьж өгчихөөд НӨАТ-ын баримт гэж ерөөсөө өгөөгүй, тэгэхээр энэ барилга зүгээр л босоод ирсэн юм шиг харагдаад байгаа юм.

... ***гуайн надад өгсөн бичиг дээр алданги тооцно гэсэн зүйл байхгүй. ***гуайгаас НӨАТ-ын падаан авах эрхтэй, ***гуай надад үүнийг өгөх үүрэгтэй. ***гуайн нэхэмжилж байгаа мөнгөнөөс увуулж, зувуулж өгсөөр одоо 1,740,000 төгрөгийг би өгөх ёстой байгаа. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***ээс барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *** ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаан дээр ...нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1000,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг 3,200,000 төгрөг болгон нэмэгдүүлж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болно.

Нэхэмжлэгч ***нь итгэмжлэгдсэн төлөөлөгч *** 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэлээр ...нэхэмжлэгч намайг бүх шатны шүүхэд төлөөлөн хариуцагч ***ээс ажлын хөлсний үлдэгдэл 3000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдлэн, үүрэг хүлээн оролцох, мөн холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулан авах эрхийг 3 жилийн хугацаатай болгосон /хх-34/ ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан баримтаар зохигчид 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны үйлчилгээний төвийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр *** ХХК нь *** ХХК-ний захиалгаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ***-р баг, ***-р хороололд орон сууц, үйлчилгээний ***-н давхар, подволтай барилгыг барьж байгуулахаар тохиролцсон байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч ***нь ганц гишүүнтэй Өгөөмөр хараа ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд тэрээр уг компанийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр бусдад бүрэн шилжүүлж, худалджээ.

Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.3-д Эрх шилжүүлэгч тал нь гэрээнд гарын үсэг зурж хувьцаа шилжих болон эрх шилжихээс өмнөх үеийн өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ, мөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.1-д Худалдагч тал нь гэрээнд гарын үсэг зурж хувьцаа шилжихээс өмнөх үеийн өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагыг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч ***нь 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны өр төлбөр, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг хариуцлагын талаар Өгөөмөр хараа ХХК-ний өмнөөс шаардлага гаргах эрхтэй байна.

Хэрэгт *** ХХК-ний захирал ***, *** ХХК-ний захирал ***нар нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохироо гэсэн 2 янзаар үйлдсэн баримт авагдсан байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан Харилцан тохироо гэсэн баримтанд *** ХХК-ний захирал ***, *** ХХК-ний захирал ***бид хоёр *** дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн ***ийн барилгыг барьсан ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл болох 9,600,000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр харилцан тохиров. Хугацаа хэтэрсэн тохиод хоногийн 0.5 хувиар алданги торгуулга гэж бичигдэж, талууд гарын үсэг зурж, компаний тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх-65/

Хариуцагч талаас гаргасан Харилцан тохироо гэсэн баримтад *** ХХК-ний захирал ***, *** ХХК-ний захирал ***бид хоёр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших иргэн ***ийн барилгыг барьсан ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл болох 9,600,000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр харилцан тохиров гэж бичигдэж, талууд гарын үсэг зурж, компаний тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна /хх-179/

Хариуцагч *** ХХК-ний захирал *** нь дээрх Харилцан тохироо гэсэн баримтанд бичигдсэн Хугацаа хэтэрсэн тохиод хоногийн 0.5 хувиар алданги торгуулга гэсэн бичвэр сүүлд бичигдсэн, энэ зүйлийг баримтанд тусгаагүй гэж маргадаг бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 708 тоот дүгнэлтээр уг бичвэрийг нөхөж бичсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд дээрх баримтыг үйлдэхдээ хоногийн 0,5 хувийн алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ***нь *** ХХК нь барилга барьсан ажлын хөлс, материалын зардалд 9,600,000 төгрөг өгөх ёстойгоос өгөөгүй үлдсэн 2000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч *** ХХК-ний захирал *** нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл болох 9,600,000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцсон Харилцан тохироо баримтанд гарын үсэг зурж, баримт үйлдснийг хүлээн зөвшөөрдөг боловч тэрээр ...дээрх баримтыг*** гуйснаар банкнаас зээл авахад нь зориулж бичиж өгсөн, ***бид хоёр гэрээ, ажлаа дүгнэвэл бид хоёрын дунд зөндөө тооцоо байгаа, би *** өглөгтэй биш, харин түүнээс авлагатай... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *** нь дээрх гаргасан тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Хэрэгт талуудын хооронд хийгдсэн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр харилцан тохироо баримтыг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул нэхэмжлэгч *** гаргасан ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл төлбөр 2.000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох алданги 1.000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-т зааснаар хариуцагч *** ХХК-иас 2.000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэлийн алданги 1.000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА